Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0178

 

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нарыг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: “Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.2.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Б” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажлын сунгалтын НХААГ-17/0154-2 тоот гэрээний гүйцэтгэлд ногдох санхүүжилт олгох захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажлын гэрээг сунгаж баталгаажуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Хохиролд хариуцагч нараас 231,682,288 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. “Б” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа, гэрээг сунгаж баталгаажуулаагүй байгаа тухайд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас харьяа байгууллагуудаас санал авч, саналыг нэгтгэн дүгнэж, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн баталдаг. 2021 оны төсөвт уг гэрээний гүйцэтгэлд ногдох санхүүжилтийг суулгуулсан боловч хасагдсан байна. Энэ тохиолдолд нийслэлийн Засаг даргын зүгээс уг санхүүжилтийг хасаагүй болно. Иймд нийслэлийн Засаг дарга санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажлын сунгалтын НХААГ-17/0154-2 дугаартай гэрээний санхүүжилт төсөвт суугдаж батлагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын зүгээс 2021 оны төсөвт уг ажлын үлдэгдэл санхүүжилтийг тусгах санал хүргүүлсэн боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсөв батлагдахад хасагдсан байна. учир нь корона вирус цар тахлын улмаас 2020 онд нийслэлийн төсвийн орлого 15,3 хувиар тасарсан нөхцөл байдал үүссэн. Иймд анхан шатны шүүх хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.     

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан, нотлох баримтыг зөв үнэлэн шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2021 оны төсөвт уг гэрээний гүйцэтгэлд ногдох санхүүжилтийг суулгуулсан боловч хасагдсан байна. Энэ тохиолдолд нийслэлийн Засаг даргын зүгээс уг санхүүжилтийг хасаагүй болно. Иймд нийслэлийн Засаг дарга санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд өөр бусад асуудлаар маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Б” ХХК-иас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн заримыг хангаж, “ “Б” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажлын сунгалтын НХААГ-17/0154-2 тоот гэрээний гүйцэтгэлд ногдох санхүүжилт олгох захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад, гэрээг сунгаж баталгаажуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохиролд хариуцагч нараас 231,682,288 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.   

  1. Үйл баримтын тухайд:

Анх нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам, сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлыг зохин байгуулах тухай” захирамжийн хавсралтаар[1] Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажлыг хийхээр тусгажээ.

Дээрх захирамжийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ, “Б” ХХК-иуд “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажил” НХААГ-17/0154 дугаартай гэрээг[2] байгуулж, гэрээний нийт дүн 4,295,427,122 төгрөг, дуусах хугацааг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байхаар тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан баримт болох 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ дүгнэсэн протоколоос[3] үзвэл “Ажлын явц 89 хувьтай, 2017 онд 1,531,584,159, 2018 онд 1,682,800,000 төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд гэрээг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгажээ”.

2. “Санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээт ажлын үлдэгдэл 1,081,000,000 төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс шийдвэрлэх байдлаар санхүүжилт олгох захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн баталдаг. 2021 оны төсөвт уг гэрээний гүйцэтгэлд ногдох санхүүжилтийг сунгуулсан боловч хасагдсан .... гэрээний санхүүжилт төсөвт суугдаж батлагдаагүй, нийслэлийн Засаг даргын зүгээс уг санхүүжилтийг хасаагүй тул эс үйлдэхүй гаргаагүй” гэж маргасан.  

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажлыг хийж гүйцэтгэх гэрээ 2017 онд байгуулагдсан[4], гэрээг дүгнэж[5], хугацааг 2 удаа сунгаж байсан[6], ажлын гүйцэтгэл 89 хувьтай явагдаж байгаа үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ”, 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Сангийн сайдын 2021 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 3.1-д “Засаг даргын нөөц хөрөнгийг Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар зарцуулна” гэж заажээ.

Эндээс үзвэл хариуцагч нийслэлийн Засаг дарга 2017 онд байгуулагдсан гэрээний санхүүжилтийг 2021 онд батлагдсан төсөвт багтаагүй гэх үндэслэлээр олгохгүй байгаа нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажлын сунгалтын” НХААГ-17/0154-2 дугаартай гэрээний 3-т “... /Үүнээс 1,081,042,953 төгрөг/-ийг үлдэгдэл санхүүжилтийг тухайн онд батлагдсан хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлнэ[7], гэрээний тусгай нөхцөлийн 40.0-т “Ажил гүйцэтгэлээр санхүүжигдэнэ[8]” гэж тус тус заасан.

Эндээс үзвэл гэрээг 100 хувь гүйцэтгэж дуусахад 1,081,042,953 төгрөгийн санхүүжилтийн үлдэгдэл дутуу байх бөгөөд “Б” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар нийт ажлын 89 хувийг хийж гүйцэтгэжээ. Тиймээс гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэлд холбогдох хэсэгт санхүүжилт олгох захирамж гаргахыг даалган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.  

3. “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн НХААГ-17/0154 тоот гэрээт ажлын гэрээг сунган баталгаажуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн НХААГ-17/0154 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1-д “Захиалагч барилга барих эдэлбэр газрын болон барилгын талбайд орсон бүх төрлийн барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто болон төмөр замыг буулгах, зөөх, шилжүүлэх, хөдөлгөөнийг зогсоох зөвшөөрөл ... бусад холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгч ажлын талбайн бүх хэсгийг гүйцэтгэгчид ашиглуулна” гэж заасан.

Мөн хэрэгт авагдсан баримт болох “Б” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 599, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 951[9] дүгээр хүсэлтүүд, Техникийн зөвлөлийн хурлын 2018  оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18/20-3, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18/26-1[10] дүгээр тэмдэглэлүүдээс үзвэл төсөл хэрэгжүүлж буй байршилд газар чөлөөлөлтийн асуудал үүссэнээс ажлын гүйцэтгэл удааширсан нь тогтоогдож байна.  

Энэ нь нэхэмжлэгчээс шалтгаалан үүссэн нөхцөл байдал биш байх бөгөөд гэрээнд зааснаар захиалагч нь ажлын талбайг гүйцэтгэгчид ашиглуулах үүрэг хүлээсэн байх тул НХААГ-17/0154 тоот гэрээт ажлын гэрээг сунган баталгаажуулахыг хариуцагчид даалган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

4. “Учирсан хохиролд хариуцагч нараас 231,682,288 төгрөгийг гаргуулах”  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж заасан.

Тодруулбал, захиргааны байгууллага, түүний хууль бус үйл ажиллагааны улмаас хуулийн этгээдэд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой тохиолдолд хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалттай.

“Б” ХХК нь “Санхүүжилтийн асуудлыг хариуцагч нар шийдвэрлэхгүй удаашруулж, гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй байгаагаас эргэлтийн хөрөнгөгүй болж, хувь хүнээс авсан зээлийн хүү, хүний нөөцийн бүрдүүлэлт, зар сурталчилгааны зардал, олон байсан орлого буюу банкны хүү нийт  231,682,288 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжилж буй хохирол нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учраагүй буюу хохирол болон хууль бус үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэхээргүй байна.  

Хэдийгээр нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон боловч хариуцагчийн төлөөлөгч шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байх тул зохих дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийв.

Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

.

 

ШҮҮГЧ                                                               Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                Э.ЗОРИГТБААТАР

 

 

[1] 1 хавтас 120-121 хуудас

[2] 1 хавтас 123-126 хуудас

[3] 1 хавтас 143 хуудас

[4] 1 хавтас 24-34 хуудас

[5] 1 хавтас 137, 143 хуудас

[6] 1 хавтас 132-136, 141-142, 144-146 хуудас

[7] 1 хавтас 24 хуудас

[8] 1 хавтас 125 хуудас

[9] 1 хавтас 140 хуудас

[10] 1 хавтас 141-142 хуудас