Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 0008

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч  Ч.Отгонбаяр, шүүгч  Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  Д.Эрдэнэжаргал,

иргэдийн төлөөлөгч Д.Оюундэлгэр,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Ц.Т- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д- түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Сартуул овогт Цэен-Ойдовын Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 1905039141056 дугаартай хэргийг  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, эрэгтэй, ...настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ дүүргийн ... дугаар хороо ........... задгай тоотод оршин суух,

урьд Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Цэен-Ойдовын Т-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны өдөр шилжих шөнө 00 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кензо баарны 2 давхарт тамхины өрөөнд мөн бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.У-ыг хэрүүл маргаан үүсгэн зүй бус харьцлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж их, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, эрүү ясны хоёрлосон хугарал, цээжний зулгаралт, духны хуйхны цус хуралт бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т- мэдүүлэхдээ:  “Би хоёр найзтайгаа бааранд орсон. Дөрвөн шил пиво уусан. АА- тамхи татах уу гээд тамхины өрөөнд орсон. Талийгаач тамхины өрөөнд байсан. АА-ээс цэргийн алба хаана хаасан бэ гэж асууж байсан. Талийгаач бид хоёроос та хоёр цэргийн алба гэж мэдэх юм уу гээд бид хоёр луу дайраад тэгээд бид хоёр маргалдсан. Хажууд байсан баарны залуу бид хоёрыг салгасан. Би цохих гэж байна гэж бодоод нэг цохисон. Тэгээд ийм зүйл болсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Д- мэдүүлэхдээ: “Амь хохирогч миний ганц түшиж тулж байсан ах маань байсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны өдөр шилжих шөнө 00 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кензо баарны 2 давхарт тамхины өрөөнд мөн бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.У-ыг хэрүүл маргаан үүсгэн зүй бус харьцлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж их, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, эрүү ясны хоёрлосон хугарал, цээжний зулгаралт, духны хуйхны цус хуралт бүхий гэмтэл учруулан алсан нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 4-14 дүгээр хуудас/

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 14-17 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 00:38 цагт амь хохирогч тамхины өрөө рүү ганцаараа орж байгаа хэсгийг гэрэл зургаар харуулав.

00:41 цагт Ц.Т- нь тамхины өрөө рүү орж байгаа хэсгийг гэрэл зургаар харуулав. ... Амь хохирогчийг Ц.Т- нь АА-ийн хамт дамжлан өрөөнөөс гарч байгаа хэсгийг гэрэл зургаар харуулав.

... Амь хохирогчийг дамжлан баарны гадаа гарч ирж байгаа хэсгийг гэрэл зургаар харуулсанаар үзлэгээр өөр хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүйгээр оролцогч нараас гаргасан санал хүсэлтгүй гэснээр үзлэгийг 21 цаг 18 минутанд дуусав” гэсэн тэмдэглэл. /хэргийн 25-35 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн “Камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг уг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов” тогтоол. /хэргийн 36 дугаар хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн “2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг орчим ажил гарвал крантайгаа явна гэж хэлээд гараад явсан. Тэгээд  өдөр 12 цаг орчим над руу ах өөрөө залгаад дүү Нацагнямд мөнгө хэрэг болсон гэж байна, ахын дүү миний хадгалуулсан мөнгөнөөс 200.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Мөн 19 цагийн орчим ах руу ярихад би гадуур явж байна, 22 цагийн үед гэртээ харина гэсэн. Тэгээд 21 цаг орчимд ах руу залгаад гэртээ ирэх болж байна уу гэж асуухад арай болоогүй байна ахын дүү, хоолоо хийж бай гэсэн. Тэгээд би хоолоо хийчихээд 22 цагийн үед ах руу залгахад огт утсаа авахгүй байсан.

... Манай ахыг өөд болгосон хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгөөч гэж хүсэж байна. Маш их гомдолтой байна. Манай ах хүнтэй сууж хүүхэд гаргаагүй байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Батжаргалын “2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө  Баянгол дүүргийн 20 дугаар хороо Кензо бааранд ажил дээрээ байж байгаад 00 цаг өнгөрч байхад тамхи татах гээд тамхины өрөө лүү ороход эрээн цамц өмссөн эрэгтэй хүнийг нэг цэнхэр цамцтай  залуу боож унагаасан. Тэгсэн тэр эрээн цамцтай залуу босож ирээд чи муу банди гээд маргалдангуут цэнхэр цамцтай 30 гаран насны эрэгтэй залуу нь  нүүр  хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиход эрээн цамцтай залуу муужраад унах шиг болоод цэнхэр цамцтай залуу  хажуудаа дагуулж явж байсан найз нь гэх саарал цамцтай залууг юмнуудаа авчих гаръя гээд би тамхины өрөөнөөс гарахад нь хамгаалагч дуудаад наад цэнхэр цамцтай залуу хүн зодчихлоо гээд хамгаалагч Н-ын хамт гаднаас оруулж ирсэн. Тэгээд хамгаалагч Н- тэр цэнхэр цамцтай залууг наад зодсон хүнээ босго сэргээ гэж шаардлага тавьсан. Тэгсэн чинь тэр эрээн цамцтай залуу цохиулаад унасан газраа хэвтээд байсан. Ямар нэгэн юм ярих чадваргүй, тэгээд сэрэхгүй болохоор нь дотор тамхины өрөөнд манай зохион байгуулагч У- 103 дуудсан. Тэгсэн нэг мэдсэн эрээн цамцтай залууг өргөөд гадагшаа гаргаж байхад эрээн цамцтай залуугийн гар утас халааснаас нь газар унангуут би аваад цохисон гэх цэнхэр цамцтай залууд өгсөн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 42-43 дугаар хуудас/

“... Би больчихлоо гэж бодоод эргээд утсаа хальт хараад байж байхад талийгаач босч ирээд цэнхэр цамцтай залуу руу ойртоод ирэхэд нь цэнхэр цамцтай залуу ямар нэгэн үг хэлэлгүй баруун гараараа талийгаачийн шанаа хэсэгт нь нэг удаа цохиод доошоо гулжигнаад уначихсан. Дахиж нэмж цохиогүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/

 

Гэрч Б.Н-ын “... Шөнийн 12 цаг 40 минутын орчим би баарны дотор үүдний хэсэгт текний хажууд байж байхад Батжаргал намайг дуудаад тамхины өрөөнд нэг хүн, хүн цохиод гараад явчихлаа, цэнхэр өнгийн цамцтай залуу байгаа гараад явж байна гэж хэлсэн. Би тамхины өрөө рүү очоод хаалгыг нь онгойлгож хартал талийгаач улаан өнгийн буйдан, хана хоёрын завсараар толгойн дагз хэсэг нь цонх руу харсан, хөл нь хаалга тал руу жийсэн, толгой хүзүүн хэсгээрээ нугларч хана налсан байдалтай, нүүр нь ил харагдаж байсан. Нүүрний хамар, ам хэсгээс нь цус гарсан байдалтай дотор ямар нэгэн өөр хүн байхгүй байхаар нь би ухаан алдсан байна гэж бодоод дотогшоо оролгүй шууд гадаа хаалга руу гүйсэн.  ... Нөгөө цэнхэр цамцтай залуу хаалгаар гарах гэж байхад нь барьж аваад чи хүн цохьсон байна гээд тамхины өрөө лүү дагуулж орсон. Оруул ирээд чи яагаад цохиж байгаа юм бэ  гэхэд нөгөө цэнхэр цамцтай кепкэн малгайтай залуу хүн өдөөд байсан ийм залуу намайг өддөггүй юм гэж согтуурсан байдалтай хэлэхээр нь би У- зохион байгуулагчийг дуудсан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46-47 дугаар хуудас/

 

Гэрч Н.А-гийн “... тамхины өрөөнөөс нөгөө нэг цэнхэр цамцтай махлаг бор залуу нь нэг найзтайгаа цус болсон залууг дамжлаад гарч байсан. Би камераар харахад нөгөө цус болсон залууг гадаа үүдэнд тавьж байсан. Тэгээд хажууд нь зогсоод цэнхэр цамцтай махлаг бор залуу нь тэр цус болсон залууг нааш цааш нь хөдөлгөөд байх шиг байсан. Энэ бүхнийг манай зохион байгуулагч У-, хамгаалагч Молиг нар харж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49 дүгээр хуудас/

 

Гэрч С.А-ийн “... Улаанаа бид хоёр тамхи татъя гээд  Кензо баарны тамхины өрөө рүү орсон. Өрөөнд ороод тамхи татаад цэргийн алба хаасан талаараа яриад сууж байтал эсрэг талд сууж байсан залуу та нар муу сайн цэргийн алба гэж мэдэхгүй байж юундаа ярьдаг юм бэ гээд босоод ирсэн. Тэгсэн чинь Улаанаа босч ирээд нөгөө залуутай заамдалцаад боолцсон. Тэгээд Улаанаа нөгөө залууг заамдаж байгаад баруун гараараа нэг удаа нүүр лүү цохисон чинь нөгөө залуу  газар унаад өгсөн. Тэгээд дээрээс нь Улаанаа ахиад цохих гээд  байхаар нь Улаанааг хүнтэй зодолдож яах гээд байгаа юм бэ, одоо боль гээд болиулсан чинь Улаанаа хувцсаа аваад ир явъя  гэсэн. Тэгэхээр нь би тамхины өрөөнөөс гараад Батболд дээр очоод хувцсаа авчих явъя Улаанаа хүн цохичихлоо гэж хэлээд хувцсаа аваад тамхины өрөө рүү орж байхад Улаанаа мөн доороос тамхины  өрөө рүү орж таарсан. Газар унасан залууг баарны хамгаалагч босгооч гэхэд Улаанаа газраас өргөөд улаан өнгийн сандал дээр тавихад толгой хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд цохиулсан залууг Улаанаа сэрээх гэж оролдсон боловч сэрэхгүй байхаар нь гадаа гарч агаар амьсгалуулъя гээд би толгой хэсгээс нь, хөл хэсгээс нь Улаанаа өргөөд Кензо баарны гадна авч гарсан. Гадаа байж байхад цагдаа нар ирсэн юм.

...Баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход нөгөө залуу хана налаад унасан. Улаанаа дээрээс нь ахиад цохих гээд байхаар нь гараас нь бариад болио ахиж цохиж яах гээд байгаа юм бэ гэхэд Улаанаа хувцсаа аваад ир гурвуулаа гаръя гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-66 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2179 дугаартай:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, эрүү ясны хоёрлосон хугарал, цээжний зулгаралт, духны хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь амьдад нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна.

3. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

4. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас их, бага тархины аалзан хальсан доор цус харваж нас баржээ.

5. Талийгаач нь нойр булчирхайн үрэвсэл өвчтэй ба энэ нь үхэлд хүргэхгүй.

6. Талийгаачийн цус нь цусны АВО системээр О1-р бүлгийн цустай байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 85-88 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Прокуророос шүүгдэгч Ц.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрч Б.Батжаргал, Б.Н-, Н.А-, С.АА-, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2179 дугаартай дүгнэлт болон бусад баримтуудаар шүүгдэгч Ц.Т- нь иргэн Б.У-ыг хэрүүл маргаан үүсгэн зүй бус харьцлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж гараараа цохиж их, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, эрүү ясны хоёрлосон хугарал, цээжний зулгаралт, духны хуйхны цус хуралт бүхий гэмтэл учруулан алсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх үзэв.

Иймд түүнийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд  шүүгдэгч  уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

 Түүнчлэн шүүгдэгч Ц.Т-ий үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Харин гэрч С.АА-ийн “... Улаанаа бид хоёр тамхи татъя гээд  Кензо баарны тамхины өрөө рүү орсон. Өрөөнд ороод тамхи татаад цэргийн алба хаасан талаараа яриад сууж байтал эсрэг талд сууж байсан залуу “та нар муу сайн цэргийн алба гэж мэдэхгүй байж юундаа ярьдаг юм бэ” гээд босоод ирсэн” гэсэн мэдүүлгээр хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн маргааныг хохирогч өдөөсөн тул энэ хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд энэ нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн ... зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Т-ийн  эхээс хохиролд тооцож нийт 3,450,000 төлсөн бөгөөд /хэргийн 229 дүгээр хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ий  2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Шүүгдэгч Ц.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол болох оршуулгын зардлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Сартуул овогт Цэен-Ойдовын Т-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Ц.Т- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Т-ий энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 78 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ц.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

            

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ

 

                            

                             ШҮҮГЧИД                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                          Ч.ОТГОНБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Прокуророос Г.Энхбатад холбогдуулан “Хүнийг алах” гэмт хэргийг  “онц харгис хэрцгийгээр” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Мөн зүйл, хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц хэрцгий  арга  гэдэгт  хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэх өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон,  ийм үйлчилгээ үзүүлэх  бодис зориуд хэрэглэсэн эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулан ойлгоно.

Хавтаст хэрэгт “Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1183 дугаартай дүгнэлтэд “...1.Талийгаач Ч.Ганбатын цогцост хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн 150 мл цус хуралт, хуйхны  шарх, цус хуралт, зулгаралт, дух, 2 хөмсөгний голд, 2 шанаа, зүүн хацар, хамрын нуруу, 2 чихний дэлбээ, эрүү, ооч, хүзүү, зүүн тохой, нуруу, баруун өгзөгний зулгаралт, 2 сарвуу, зүүн бугалга, баруун тохойн зулгаралт, цус хуралт, цээж, зүүн эгэмт, хэвлий, 2 шилбэ, баруун шууны цус хуралт, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаач дээр хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цусан хураа, хуйхны шарх, цус хуралт, зулгаралт, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доох цусан хураа, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт, цээж, зүүн эгэмт, хэвлийн цус хуралт гэмтлүүд нь шинэ, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байх боломжтой байна. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 84-87 дугаар хуудас/ авагдсан бөгөөд амь хохирогч буюу талийгаач Ч.Ганбатад олон тооны шархыг шүүгдэгч Г.Энхбат учруулжээ.

Дээрх амь хохирогчид учирсан олон тооны шархаас үзвэл Г.Энхбатыг “Хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэж үзэх боловч  онц харгис хэрцгий гэдэг нь  эмнэлгийн ойлголт биш учраас дээрх байдал нь шүүх эмнэлгийн шинжилгээнд хамаарахгүй юм.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Г.Энхбат нь өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 10-14 дүгээр хуудас/ гэрч П.Батгэрэлийн “...Ганбат нь үхчихээр нь би адъяалаар бүтээж, тэргэн дээр түрж аваачаад өгсдөг шаттай арын гудамжинд аваачаад тавьчихсан  гэж л хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас  53 дугаар хуудас/ Г.Энхбатын сэжигтэнээр өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед сэрээд Ганбатыг хөөе босоод цай чанаадах гэж хэлсэн чинь хөдлөх хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь очоод харсан чинь Ганбат нас барчихсан байсан юм. ...” гэсэн мэдүүлгүүдээр  амь хохирогчийг нас барсан болохыг шүүгдэгч мэдсэн үедээ гэмт хэргээ нуун далдлахын тулд цогцсыг зөөвөрлөн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 25 дугаар гудамжны 1070 тоот хашааны зүүн талд аваачиж хаяжээ.

Иймд Г.Энхбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.