Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 0014

 

 

 

 

 

 

 

 

 

  2019           12           25                                        2020/ШЦТ/14

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  О.Бямбасүрэн,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Ц.М-, Д.О- тэдгээрийн өмгөөлөгч Ж.Давааням,

хохирогч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Хар Адуут овогт Даваасүмбэрийн О-, Авжин овогт Цэрэндуламын М- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905041361149 дугаартай хэргийг  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ...  дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, командын офицер, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа газар тариалангийн бизнес эрхэлдэг, ам бүл 2, 1 хүүхдийн хамт ....... дүүргийн ... дүгээр хороо .... хотхон ... дүгээр байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хар адуут овогт Даваасүмбэрийн О-

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, .......... дүүрэг ... дүгээр хороо .. дугаар хороолол, ... дугаар байр ... тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 382 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 150.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Авжин овогт Цэрэндуламын М-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.М- нь бусадтай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүрэг ...  дүгээр хороо О- хотхоны ... дүгээр байрны ... тоотод согтуугаар иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж биед нь баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.О- нь бусадтай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүрэг ... дүгээр хороо О- хотхоны ... дүгээр байрны ... тоотод согтуугаар иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж биед нь баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.О- мэдүүлэхдээ: “Тэр өдөр бид нар юм яриад инээлдээд сууж байсан чинь хажууд Б- архины шил цохисон. Тэгсэн хагараагүй ахиад хоёр дахь удаагаа цохихоор нь би жаахан ууртай, хүүе чи болиоч гэсэн. Тэгсэн ахиад гурав дахь удаагаа цохиход нь архины шил хагарч ширээн дээр байсан аяга тавагнууд хагарсан. Би сандарсандаа болоод Б-ыг цохиод авсан. Б- ахиад архины шил цохих гээд байсан. Тэгсэн хажуунаас М- бид нар өдий олон жил найзлахдаа найзынхаа гэрийг хүндлээд найзыгаа хүндлээд маргаан үүсгэж байгаагүй. Тэгтэл чи яаж байгаа юм гээд уур нь хүрчихсэн босч ирээд Б-ыг цохиж авсан. Сүүлд нь Б- нүүрээ дарчихсан сууж байхад нь би Б-ыг босгож ирээд чи манай хүүхдээс уучлалт гуй гээд хүүхдийнхээ өрөөнд оруулаад уучлалт гуйлгуулсан. Би өөрийнхөө гэм бурууг ойлгож байгаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М- мэдүүлэхдээ: “Б-ад өмнө нь бусадтай хэрүүл маргаан үүсгэхгүй байх талаар хэлсэн. Б- нь бусадтай жаахан таарамж муутай байдаг юм шиг байсан. Асуудал болохоос өмнө би өөрт нь хандаж хэлж байсан. Миний дүү бусадтай муудах гээд байна, эртхэн гайгүй байгаа дээрээ харьвал яасан юм бэ гэхэд миний үгийг үл тоосон. Манай найз хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Тэгээд бид хэд гэрт нь чанга дугаралгүй л сууцгааж байсан. Тухайн үед миний уур хүрээд Б-ыг цохисон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б- мэдүүлэхдээ: “Тухайн үед Даваа гээд найзтайгаа ажил дээр нь ажлаа яриад сууж байсан. Тэр үед бид хоёр гурван пиво уугаад байж байтал О-, М- ах хоёр намайг дуудаад ширээн дээр ирж суугаад виски уу гэсэн. Тэгээд ууж сууж байгаад О- ахын гэр лүү явж ууя гээд гэр лүү нь явцгаасан. Гэрийнх нь гаднах дэлгүүрээс архи аваад гэрт нь орсон. Би хуурай ах нар гээд хүндлээд тэд нарт үйлчилсэн. Тэгээд байж байтал бид нар байхгүй байсан бол чи ингэж явахгүй байх байсан гэсэн ахархсан үг хэлсэн. Хажуунаас баахан юм яриад байхаар нь би яриаг нь болиулах гээд архины шил хагалаад зүгээр байгаарай, би та нарыг ална шүү гэсэн. Тэр үед М- ах миний баруун гар талд сууж байсан ба босч ирээд гараараа миний баруун нүд рүү цохисон. Тэгтэл О- ах босч ирээд намайг чи яагаад байгаа юм, би чамд хэлсэн шүү гээд нүд рүү цохиж мөргөсөн. Тэгээд манай хүүхдээс сөгдөж уучлалт гуй гэхээр нь сөгдөж уучлалт гуйсан. Чамайг энд алчихъя гэхээр нь би айгаад гэр лүүгээ шалдан зугтааж явсан. Маргааш өглөө нь гэр лүү нь очиж куртикаа авсан. Хохирлын хувьд мэс засалд орохгүйгээр хэвтрийн дэглэм сахиж болно гэсэн болохоор ажлаас нэг сар чөлөө аваад гэртээ байсан учир ажилгүй байсан хугацааны мөнгийг нэхэмжилж байгаа. Мөн шүд цуурсан тул шүдний зураг авхуулсан. Шүд хийлгэх шаардлагатай гэсэн. Нийтдээ 4.300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Одоо нүдний доод талын гэмтэл арилахгүй байгаад маш их санаа зовж байна” гэв.

 

Шүүгдэгч Ц.М-, Д.О- нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүрэг 4 дүгээр хороо О- хотхоны 19 дүгээр байрны 52 тоотод согтуугаар иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж биед нь баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Б-ын “Би тэр өдөр Гранд хилл нэртэй ресторанд найзтайгаа уулзаад пиво уугаад сууж байтал гаднаас О-, Т-аа, Нами нар орж ирсэн. Тэгээд хэсэг сууж байтал гаднаас М- орж ирсэн. М-ыг орж ирэхээс өмнө бид нар хамт суугаад 1 шил виски уугаад сууж байсан. Ингээд М- ах ирээд үлдсэн вискиг ууж дуусгаад уг газраас гарсан. Ингээд шөнө 00 цаг болсон байсан учир О- ахын гэрт очихоор болоод манай найз Сүүгий, Даваа нар нийлээд бүгдээрээ гэрт нь очсон. О-ын гэрт архи ууж байхад надад М- ах хандан рестораны чиглэлээр юу сурч мэдчихээд юу яриад байгаа юм бэ, чи сүнгээ түшээд аятайхан наад уух юмаа уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуугүй сууж байтал М- ах над руу харах харц нь өөрчлөгдөөд муухай харсан. Мөн О- надад бааварлаад ах нь та нар шиг байж үзсэн гэх зэргээр эрэмбэ гаргаад байсан. Тэгэхээр нь би найз Сүүгийн, Даваа нартай юм яриад чимээгүй сууж байгаад гэнэт уур хүрээд ширээн дээр байсан архины шилийг ширээн дээр 3 удаа цохиж хагалаад зүгээр байгаарай та нарыг ална шүү гэж хэлсэн. Тэгтэл О- ах шууд  миний зүүн нүдний хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэр үед М- ах миний баруун урд сууж байсан бөгөөд босч ирээд гараараа баруун нүдний хэсэгт 2 удаа цохисон. Тэгтэл Даваа, Сүүгийн 2 салгаад М- ах буцаад суудал дээрээ суусан. Тэр үед О- ах надад хандан босоод ир гэж хэлээд өмсөж явсан фудволкноос татаж босгоод чи яагаад байгаа юм бэ, би чамд хэлсэн шүү аятайхан байгаарай гэж хэлсэн. Тэгтэл Сүүгий, Даваа 2 салгаад намайг буйдан дээр суулгасан. О- ахыг салгаад миний сууж байсан буйдангийн ард аваачсан. Би өмнөх мэдэүүлэг дээрээ М- ахыг цохисон гээд андуураад хэлчихсэн байна. Яалтчгүй О- ах эхлээд цохисон юм байна лээ. Би эхэндээ М-ыг эхэлж цохисон гэж бодож байсан юм. Тэгээд сүүлд сайн санахад эхлээд О- цохисон болохыг санасан. Тэгтэл М- ах буйдан дээр сууж байснаа босч ирээд баруун нүдний хэсэгт гараараа 1 удаа цохиод  1 удаа баруун хацар хэсэгт мөргөсөн. Тэр үед Т-аа гэх залуу М-ыг салгаад холдуулсан. Би нүүрээ дараад сууж байтал О- намайг чи босоод ир, чи яагаад манайд шил хагалж байгаа юм бэ, чи манайхыг хүндлэхгүй байна уу гэж хэлээд дуудсан. Манай 2 найз бас боль гээд болиулж байсан. Тэгээд би О-ыг дагаад хүүхдийнх нь өрөөнд орж хүүхдээс нь уучлалт гуйсан. Ингээд би өрөөнөөс гарсан. Тэр үед М- дахиж босч ирээд баруун нүд орчимд гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Даваа, О- ахын хажууу талаас хүрч ирээд намайг хамгаалаад тэврээд буйдан дээр гараараа  дарчихсан байхад баруун хацар луу 1 удаа өвдөглөсөн. Даваа М-ыг аваад цаашаа холдуулсан. Тэр үед миний 2 нүд хавдаад толгой эргээд уучлаарай гэж хэлээд буйдан дээр суусан. Тэгтэл М- надад хандан манай найзын гэрийг хүндлэхгүй байна уу гэж хэлсэн. Тэр үед би ардаас нь уучлаарай, миний буруу гэж хэлээд куртикээ үлдээгээд гараад явсан. О- миний зүүн нүд рүү цохиход зүүн нүдэнд оч манрах шиг болоод тэр дороо хавдсан. М- бол миний зүүн нүд орчимд огт цохиогүй.

...Би Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчээс эмчилгээ бичүүлж авсан. Цаашид хэвтрийн дэглэм бариад саяны эмээ дахиж авч уухаар байгаа. Одоогоор надад 364.000 төгрөгний баримт байгаа. Цаашид дахиад эмчилгээ хийлгэхээр байгаа. Тийм учраас би эмчилгээний зардалд холбогдох бүх баримтаа шүүх дээр гаргаж өгөх болно. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-34 дүгээр хуудас/

 

Гэрч Ч.Т-ын “...Нэг ухаан ороод сэрэхэд хоорондоо хэрэлдчихсэн М- Б-ыг барьж аваад нэг удаа гараараа баруун нүдний хэсэгт цохиод 1 удаа мөргөсөн. Би очиж салгаад М-ыг барьж аваад холдуулсан. Намайг бие засах өрөөнд орох гэж байхад М- Б- руу дайраад дарчихсан байсан. Нэг мэдэхэд бүгд салаад гарах нь гараад явчихсан байсан. Ингээд би унтаад өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Н.Цэрэннадмидын “...Б- гэж залуу  архины шилээр ширээ цохиод хагалсан. Тэгтэл О- очоод зүүн нүд хэсэгт нь цохиод авсан. Тэгтэл М- очоод цохиод авсан.

... М- Б-ыг 1 цохиод мөргөөд авч байсан. Би М- дээр очоод одоо боль гэтэл үгэнд орохгүй Б- гэж залуу руу  дайраад байсан. Тэгээд хэсэг байж байтал Б-ыг М- буйдан дээр дарчихсан өвдөглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-22 дугаар хуудас/

 

Гэрч Г.Д-гийн “...Б- нилээн согтсон байсан. Тэгээд байж байтал Б- гэнэт уурлаад архины шил ширээн дээр цохиж хагалаад босоход О- очоод зүүн нүдний хэсэгт нь цохиод авсан. Тэр үед М- ах очоод нүүр хэсэгт /баруун шанаа, нүд орчим/ 2 удаа цохиод авсан. Тэгээд хэн нь салгалаадаа тэд нарыг салгаад байж байтал М- ах очоод дахиад баруун шанаа хэсэгт нь цохиод 1 мөргөөд авч байсан. Ингээд салгаад байж байтал О- ах Б-ыг дагуулаад хүүхдийнхээ өрөө рүү орсон. Араас нь М- ороод Б-тай барилцаад гараад ирсэн. Би салгаад Б-ыг орон дээр дараад хэвтсэн чинь М- ах ирээд нүүр хэсэгт нь өвдөглөөд байсан. Тэгээд бүгд салцгаагаад явах нь явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Сүрэнхүүгийн “...Тэгтэл гэрийн эзэн О- уурлаад Б- руу очоод  зүүн нүдний хэсэгт нь нэг удаа цохиод авсан. Тэгтэл М- ах очоод 2 удаа цохиод авсан. Тэгээд байж байтал О- ах босоод ир гээд Б-ыг дуудаад байсан.

...Тэгтэл нөгөө хэд гараад ирсэн чинь М- ах Б- руу дайрсан. Д- Б-ыг салгаж аваад буйдан дээр дараад хэвтсэн. Тэр үед М- ах очоод цохиод байсан. Яг хаана нь цохиод байсан нь  миний зогсож байсан өнцөгөөс харагдахгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Шинжээч Н.Энхцолмонгийн “ Зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт болно. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12444 дугаартай:

“...1. Б.Б-ын биед баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 36 дугаар хуудас/

 

Д.О-ын яллагдагчаар өгсөн “...Тэр үед Б-тай юм ярьж байтал ширээн дээр байсан архины шилийг ширээн дээр 2 удаа цохиод 3 дахь удаагаа цохиход нь архины шил хагарсан. Тэгэхээр нь би уурлаад шууд очоод Б-ын зүүн нүдний хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэр үед хажууд сууж байсан М- хүрч ирээд бид нар найзынхаа гэрт ингэж байгаагүй, чи яахаараа ингэдэг юм гэж хэлээд баруун нүдний хэсэгт нь 1 удаа цохиход мөргөсөн.

...М- бид хоёр Б-ыг цохиж биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Баримтаар гарсан бодит зардал, хохирлыг барагдуулах болно. Б-, М- бид хоёртой уулзаад эвлэрье гэтэл би өмгөөлөгч авахаа болилоо, өмгөөлөгчийн хөлсөө хасаад 7.350.000 төгрөг өгчих гэсэн. Их мөнгө байсан учир өгөхөөс  татгалзсан.

...Би Б-ын хохирлыг төлж барагдуулах болно. Энэ хэрэгт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44 дүгээр хуудас/

 

Ц.М-ын яллагдагчаар өгсөн “...Би хажуунаас нь очоод гараараа баруун нүдний хэсэгт нь 1 удаа цохиод авсан. Тэр үед Даваа, Сүүгий 2 ирээд салгасан. Тэгээд дахиж очоод баруун шанаа хэсэгт нь 1 удаа мөргөсөн. Тэр үед  Т-аа ирээд салгасан. Даваа Б-ыг дараад хэвтэхээр нь би хажуунаас нь очоод өвдөглөж байсан. Хаана нь өвдөглөснөө санахгүй байна. Нэг мэдэхэд Б- гараад явсан байсан бөгөөд би шууд гэр лүүгээ явсан.

...О- түрүүлж цохисон. Тэр үед хажуунаас нь очоод цохисон. ...Би Б-ын хохирлыг төлж барагдуулах болно. Энэ хэрэгт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         

Шүүгдэгч Ц.М-, Д.О- нар бүлэглэн иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд тэдгээрийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол нэхэмжлэхдээ мөрдөн байцаалтад “ ... Одоогоор надад 364.000 төгрөгний баримт байгаа. Цаашид дахиад эмчилгээ хийлгэхээр байгаа. Тийм учраас би эмчилгээний зардалд холбогдох бүх баримтаа шүүх дээр гаргаж өгөх болно. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-34 дүгээр хуудас/ өгчээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б- нь “... Хохирлын хувьд мэс засалд орохгүйгээр хэвтрийн дэглэм сахиж болно гэсэн болохоор ажлаас нэг сар чөлөө аваад гэртээ ажилгүй байсан учир ажилгүй байсан хугацааны мөнгийг нэхэмжилж байгаа. Мөн шүд цуурсан тул шүдний зураг авхуулсан. Шүд хийлгэх шаардлагатай гэсэн. Нийтдээ 4.300.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэжээ.

Шүүгдэгч Ц.М-, Д.О- нар нь хохирогч Б.Б-ад “618.000 төгрөг төлсөн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер” хэрэгт хавсаргажээ. /хэргийн 128 дугаар хуудас/

Хэрэгт  цуглуулж, бэхжүүлсэн хохирлын талаарх нотлох баримтуудаар дээрх хохирол тогтоогдсон бөгөөд энэ хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан байна.

Харин хохирогч Б.Б- нь ажилгүй байсан хугацааны цалин, шүдний эмчилгээний зардал нийт 4.300.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч түүний цалингийн тодорхойлолтоор 2.000.000 төгрөгийн цалин авдаг гэж /хэргийн 87 дугаар хуудас/ харин нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар 1.000.000 төгрөгийн цалин гэж хоорондоо зөрүүтэй  баримт авагдсан байна.

Мөн ажлаас удаан хугацаагаар чөлөөлсөн тухай эмнэлгийн магадлагаа хэрэгт байхгүй, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд шүдний гэмтэл учирсан талаар дүгнэлт байхгүй тул хохирогчийн нэхэмжилсэн цалин, шүдний эмчилгээний зардал зэргийг шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй байна.

Иймд хохирогч Б.Б- өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний болон бусад хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.М-, Д.О- нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.М-, Д.О- нарын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хар Адуут овогт Даваасүмбэрийн О-, Авжин овогт Цэрэндуламын М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.О-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар,

Ц.М-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О-, Ц.М- нар нь торгох ялыг 4 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д.О-, Ц.М- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.О-, Ц.М- нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О-, Ц.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ