Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 0022

 

 

 

 

 

 

 

 

  2020          01           06                                         2020/ШЦТ/22

 

 

 

                                

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Б. Ц- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогч Д.Даваабаяр  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Булагт овогт Батгэрэлийн Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  1905028800856 эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....   оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...... дүүргийн ... дугаар хороо, ...... дугаар гудамж .... тоотод оршин суух бүртгэлтэй,  ........... дүүргийн ... дугаар хороо ....... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Булагт овогт Батгэрэлийн Ц-.

 

Шүүгдэгч Б.Ц- нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийн хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэди” гар утас худалдааны төвд байрлах иргэн Д.Даваабаярын эзэмшлийн гар утасны тасагт худалдагчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан 30 ширхэг гар утсыг завшиж 7.840.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б. Ц- мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Даваабаяр мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Цэцэгдарийг сонгож худалдагчаар ажиллуулахаар болсон. Эхний сар сайн ажиллаж байсан. Би эхний 7 хоногт урагшаа яваад  7,8 хоног байгаагүй. Тэр үед манай утасны газар дээрээс нь ус алдаад засвар хийнэ гээд 1, 2 хоног амарсан. Намайг байхгүй байх үед Ц- бүх утаснуудыг дүүтэйгээ хамт автомашиндаа хийгээд гэр лүүгээ авч яваад дараа нь буцааж авчраад ажлаа үргэлжлүүлээд хийж байсан. Би ирээд утаснуудаа тоолоход бүгд бүрэн байхаар нь энэ хүүхдэд итгэж болох юм байна, цаашид үргэлжлүүлж ажиллахад болох юм байна гэж бодсон. Эхний 1 сар болоод цалин буух болсон чинь би цалин авахгүй автомашин авах гэж байгаа юмаа, тэрний урьдчилгааг хиймээр байна та надад бөөгнүүлж байгаад дараа нь өгчих гээд цалин аваагүй. Тэгээд байж байгаад Хөвсгөл рүү хэсэг хугацаанд таг алга болчихсон. Хөвсгөл рүү алга болох хугацаанд нь би ажил дээрээ очоод утаснуудаа шалгаж үзэхэд 25 утас алга болсон байсан. Тэгээд facebook-р намайг блоклосон байсан учир гар утас руу нь мессэж бичээд орхисон. Тэгэхэд хариу бичээгүй. Би мессэж бичихдээ цагдаа сэргийлэхэд хэлээгүй байгаа, чи хүрч ирээд ахтайгаа учраа олчихоо гэж хэлээд нэлээн их мессэж бичсэнээс хэд хоногийн дараа хариу өгсөн. Ахаа намайг уучлаарай хуучин ажиллаж байсан газраа зээлээр өгчихсөн байгаа очоод аваад өгье гэж хэлэхээр нь би итгээд ахиад ажиллуулсан. Тэгээд ажиллаж байх хугацаандаа нөгөө ажиллаж байсан газрынх нь цалин маргааш бууна, нөгөөдөр бууна гэж байна гэж явж байгаад 07 дугаар сарын 02-ны өдөр алга болсон. Нийт алга болсон утаснууд 8.000.000 гаран байсан үнэлгээний газраар 7.840.000 төгрөг гарсан. Тэр мөнгөө нэхэмжилж байна” гэв.

              

Шүүгдэгч Б.Ц- нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийн хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэди” гар утас худалдааны төвд байрлах иргэн Д.Даваабаярын эзэмшлийн гар утасны тасагт худалдагчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан 30 ширхэг гар утсыг завшиж 7.840.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч  Д.Даваабаярын “... Батгэрэл овогтой Ц- гэдэг эмэгтэй 2019 05 дугаар сарын 06-ны өдрөөс лангуу дээр ажиллахаар тохиролцоод ажиллаж эхэлсэн. Эхний нэг сарын хугаацанд маш сайн ажилласан учраас би маш итгэлтэй байсан ба 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тооллого хийхэд ойролцоогоор 25 орчим тооны утас дутчихсан байсан ба тухайн үед Ц- нь өөрийнхөө facebook-г устгачихсан, утас нь холбогдохгүй байхаар нь би мессэж бичээд үлдээсэн. Үүний дараа ирж надтай уулзаад “Дүү нь дахиж тэгэхгүй, таны утсыг таниас зөвшөөрөл авалгүй хуучин ажиллаж байсан “Сайн электроникс”  компаний ажилтнуудад зээлдүүлчихсэн байгаа, удахгүй цалингаас нь мөнгийг нь авна, гэж хэлэхээр нь би итгээд буцаад ажиллуулсан. Тэгээд 07 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед Ц- нь надаас манай аавын төрсөн өдөр, бид нар гэр бүлээрээ салхинд гарах гэж байна, та чөлөө өгөөч гэж утсаар хэлэхээр нь би итгээд чөлөө өгөөд эрт явуулчихсан. Тэгээд маргааш өдрөөс нь ажилдаа ирэхгүй, утас нь холбогдохгүй, facebook хаяг нь идэвхгүй болоод алга болчихсон. Ингэж алга болохдоо дээрхи утаснууд дээр нэмээд Samsung Galaxy S8 гар утас /хайрцаг савтай нь/ 2 ширхэг, Samsung Galaxy S7 гар утас 3 ширхэг гээд 5 утас аваад явчихсан байсан. Ингээд нийтдээ 30 ширхэг утас аваад алга болоод бүх холбогдох зүйлсээ устгаад алга болсон...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Гэрч Б.Энх-Амгалангийн “... Тухайн үед Ц- эгч би ажиллаж байсан лангуун дээрээсээ 1, 2 гар утас авсан юм. Миний цалинг өгөхгүй байхаар нь авчихсан юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь би цагдаагаас яриад байна, та очиж уулз гэж хэлэхэд “би өөрөө зохицуулчихнаа, би Хөвсгөл рүү явж ирээд мөнгийг нь өгчихнө, цагдаагаас ярьвал намайг мэдэхгүй, байхгүй гэж хэлээрэй гэж хэлсэн юм. Энэ хороонд цагдаагаас удаа дараа залгаж байсан боловч би эгч Цэцэгдарийг 1,2 утас авсан гэж яриад байхаар нь за за би төлж болох байх гээд цагдаад худлаа хэлж аргалж байсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Гэрч У.Нандинцэцэгийн “ ...Эгч Ц- нь 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр буюу манай гэрт нүүж ирээд удаагүй байхад Москва рестораны ар талд байх гар утас худалдааны төвд гар утасны худалдагчаар  ажилдаа 1 сарын хугацаанд ажилласны дараа ажлаасаа гараад  Хөвсгөл аймаг руу явсан юм. 3-4 хоногийн дараа ирээд хуучин лангууны эзэнтэйгээ уулзсан талаараа хэлээд манай дарга ажилдаа буцаад ор гэж байна, цалинг чинь нэмж өгнө гэж байна гэсэн зүйл ярьж байсан юм. Үүний дараа маргааш  өдрөөс нь эхлээд Ц- нь ажилдаа буцаад ороод 20 орчим хоног ажилласан ба тухайн лангууны эзэн нь цалингаа өгдөггүй, маш муухай ааштай, урьд нь ажиллаж байсан эмэгтэйчүүд нь лангуунаас нь утас аваад ажлаас гардаг байсан юм. Би лангуунаас нь цалинтайгаа тэнцэх хэмжээний гар утас авчих уу гэж надаас асууж байсан ба би тэр үед нь сайн бодоорой, тухайн хүнээсээ цалингаа нэхээд үз гэж зөвлөсөн. Тэгээд хэд хоног энэ талаараа ярьж байгаад нэг орой ажлаасаа өөрөө барьж байсан Samsung galaxy S 8 маркийн гар утсан дээрээ  нэмээд I phone 6 маркийн гар утас 1 ширхэгийг аваад ажлаасаа гарсан талаараа хэлсэн юм.

...Ингээд 3-4 хоногийн дараа мөн гэрт ирчихсэн байсан ба дүүтэй нь маргалдсан байсан учраас надтай их зүйл яриагүй. Ц- нь тухайн гар утасны лангуун дээр ажиллаж байх хугацаандаа дор хаяж 100.000 орчим төгрөгтэй  явж байсан ба энэ талаар нь асуухад би зарж байгаа гар утсаа зарах үнээс нь бага зэрэг илүү зарж дундаас нь мөнгө олдог, мөн гар утасны дагалдах хэрэгслүүд зарж мөнгө олдог гэж хэлж байсан юм. Би өөр зүйл  мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

          Гэрч Б.Дуламсүрэнгийн “... бид хоёр Сэлэнгийн вокзал дээр уулзсан ба тэгээд  бид хоёр гол орохоор тохиролцоод гол руу явахад  “ар гэрийн асуудалтай байгаа, мөн миний сууж байсан лангууны эзэн нь 1.000.000 төгрөгний цалингаа өгөхгүй болохоор нь би цалинтайгаа тэнцэх хэмжээний гар утсыг тухай лангуунаас нь аваад гараад ирсэн юм” гэхээр нь  би “чи яаж байгаа юм бэ, болж байгаа юм уу” гэхэд Ц- нь ямар хамаатай юм бэ цалингийнхаа оронд л авсан юм. Миний 2 сарын цалинг өгөөгүй” гэж хэлж байсан юм. Мөн би тухайн лангуунаас Samsung Galaxy S8 гар утас нэг ширхэг, I phone 6 гар утас нэг ширхэгийг авч гарч ирсэн ба I phone 6 гар утсаа Сэлэнгэд  ломбардад тавиад буудалд хоносон гэж хэлж байсан ба Samsung Galaxy S8 гар утсаа тухайн үед барьж байсан юм. Тэгээд энд түрээсийн байр байдаг уу гэж асуухаар нь би Ц-д яахав чи найзтайгаа хамт амьдарч болно” гэж хэлж байсан ба манай гэр лүү явсан. Манайд Ц- нь 1 хоносон ба тухайн үед би өөрийн удмын юмаа бөөгөөр хийлгэж байсан юм. Тэгэхэд тухайн бөө нь “наад хүүхэнтэйгээ нийлсэний хэрэггүй,  хурдан явуул, муу муухай зүйл шингэчихсэн байна” гэж хэлэхээр нь би Цэцэгдарийг гэрээсээ явуулах талаар худлаа үнэн зүйл хэлээд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 11 цагийн автобусаар хот руу явуулсан юм ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

          

Ашид Билгүүн ХХК-ийн “12 төрлийн 30 ширхэг гар утсыг нийт 7.840.000 төгрөгөөр”  үнэлсэн, үнэлгээний дүгнэлт. /хэргийн167-169 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.Цэцэгдарийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын 01-ний  өдөр Даваабаяр гэх хүний Үнэгүй.мн сайтад тавьсан байсан зарын дагуу холбогдож Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас худалдааны төвийн 22 дугаар лангуун дээр худалдагчаар ажилд орсон юм. Тэгээд 2019 оны 06 сарын эхээр манай найз Дуламсүрэн, Уянга нар нь надтай хорооллын  “Tse” гэх нэртэй пабад уулзаад “Миний лангуун дээрх утсыг хямдаад зараад өгье” гэж хэлэхээр нь би  “За тэгье “ гээд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тухайн 22 дугаар лангуун дээрээс Samsung Galaxy S8 гар утас  1 ширхэг , Samsung Galaxy S7 гар утас  2 ширхэг,  I phone 6 гар утас 1 ширхэг, Grand 2 гар утаснаас 1 ширхэгийг тус тус Дуламсүрэнд  “Сайн интернэшнл” компаний гадаа уулзаад өгсөн.  /тухай үед баримт бичиг үйлдээгүй/ Дараа нь ойролцоогоор 7-8 хоногийн дараа барагцаагаар арваад гар утсыг  /би маркийг сайн санахгүй байна, миний дэвтэр дээр байгаа юм, дэвтэр Хөвсөлд байгаа/ Дуламсүрэнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 507 байрны хажууд байрлах  сааданд хүлээлгэн өгсөн. Би Даваабаяр гэх хүний лангуу болох 22 дугаар лангуун дээрээс 17-20 ширхэг гар утаснуудыг авсан юм ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Цэцэгдарийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Б.Ц- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Ингэж шийдвэрлэхдээ хохирогч Д.Даваабаярт гэмт хэргийн улмаас учруулсан 7.840.000 төгрөгийг Б.Цэцэгдариас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, ягаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, улбар шар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг зэрэгт хэрэгт ач холбогдолтой баримт, мэдээлэл байхгүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Цэцэгдарийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Цэцэгдарийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Булагт овогт Батгэрэлийн Цэцэгдарийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цэцэгдарийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Цэцэгдарийн баривчлагдсан, цагдан хоригдсон 48 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож  384 цагийг хасч 216 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, ягаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, улбар шар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Ц-д олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэцэгдариас 7.840.000 /долоон сая найман зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Баянмонгол хороолол 418 дугаар байр 148 тоотод оршин суух Хэрээдэй овогт Давхарбаярын Даваабаярт /РД:ТЗ78030215/ олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ