Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 0024

 

 

 

 

 

 

 

 

 2020           01           06                                         2020/ШЦТ/24

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.З- түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр,

иргэний нэхэмжлэгч Ч.Алтанхуяг,

хохирогч Ү.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Шавь овогт Болдын З-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1903011300514 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ....... оны ...  дугаар сарын ... -ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группэд байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......... аймгийн ...... сум ...  дүгээр баг ............. тоотод оршин суух бүртгэлтэй,  урьд ял шийтгэлгүй, Шавь овогт

 

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.З- нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 00 цаг 35 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо  Толгойтын замд Тоёота Королла маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч  хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны  байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” 2 дугаар хавсралт 1.4-д заасан “1.3, тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс Ү.А-ын жолоодон явсан Хеосунг Комет 250 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг мөргөж, Ү.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З- мэдүүлэхдээ: “09 дүгээр сарын 27-ны өдрийн шөнө найзынхаа ажлаас гараад харьж явах замдаа юмаа мартчихаад ойр орчимынхоо байдлыг харалгүй эргэснээс болж осол гаргасан. Ийм осол гаргасандаа үнэхээр харамсаж байна” гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ү.А- мэдүүлэхдээ: “Мотоцикл жолоодоод явж байтал автомашин орж ирээд гэнэт гялбах шиг болсон. Тэгээд эмнэлгийн автомашинд гар хугарсан байсан тул өвдөлтөндөө сэрсэн. Дараа нь эмнэлэгт үүрээр сэрсэн. Тэрнээс цааш санахгүй байгаа. Эмчилгээний төлбөр 1.270.000 төгрөгийг надруу шилжүүлсэн. Гомдол санал байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ч.Алтанхуяг мэдүүлэхдээ: “09 дүгээр сарын дундуур мотоциклиа аваад гаалийн бичиг аваагүй байсан. Тухайн үед 3.000.000 гаран төгрөгөөр авч байсан. Үнэлгээгээр 2.000.000 төгрөг болсон. Тэрийг төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.З- нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 00 цаг 35 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын замд Тоёота Королла маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч  хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны  байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” 2 дугаар хавсралт 1.4-д заасан “1.3, тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс Ү.А-ын жолоодон явсан Хеосунг Комет 250 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг мөргөж, Ү.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 4-10 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн “... 1. Хэрэг бүртгэлтийн 190301130 дугаартай хэрэгт “1 ширхэг CD”-г эд мөрийн баримтаар тооцсугай” тогтоол /хэргийн 16 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... 01:23:42 цагт нэгдүгээр эгнээнд явж байсан автомашин хурдаа хасч зүүн гар тийш буцаж эргэх үйлдэл хийж байна. 2 дугаар эгнээнд явж байгаа мотоциклийн гэрэл харагдаж байна.

01:23:43 цагт 1 дүгээр эгнээнд явж байсан автомашин бүтэн эргэж 2 дугаар эгнээнд явж байсан мотоцикль харагдахгүй болж байна.

01:23:44 цагт эргэлт хийж байгаа автомашин огцом тооромслон зогсож байна. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Хохирогч Ү.А-ын “2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд ногоо хурааж байгаад 27-ны өдрийн үдээс хойш 19 цаг өнгөрч байхад гараад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Монос эмийн сан дээр буугаад Тахилтад байдаг гэртээ ирээд хэсэг байж байгаад 23 цаг өнгөрч байхад манай найз Мөнх-Эрдэнэ утсаар дуудаад би ахынхаа гаалийн бичигтай Солонгос улсад үйлдвэрлэсэн нэг мотоциклийг жолоодоод Толгойт орохоор гарсан. Тэгээд Толгойтын Баянсэлэнгэ гээд нэг дэлгүүрийн урд очтол Тэмка, Мөнх-Эрдэнэ нар нэлээд согтуу байсан ба дэлгүүр хаахаас өмнө нэг том 2,5 литрийн Нийслэл пиво аваад түүнийгээ гурвуулаа хувааж уусан. Тэгээд тамхи байхгүй байсан учраас тэндээсээ өөр газар луу тамхи авахаар явж байгаад нэг машинтай мөргөлдсөн.

... Намайг дээшээ өгсөөд явж байхад гэнэт нэг машин урдуур ороод ирсэн санагдаж байна. Түүнээс хойшхийг бол санахгүй байна. Замын гэрэл ассан байсан гэсэн. Үзэгдэх орчин бол чөлөөтэй байсан. Миний эмчилгээ бүрэн дуусаагүй байгаа. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Өвчний №12940 дугаартай түүх. /хэргийн 25-35 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ү.А-ын “Би 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Бигэр моторс ХХК-аас 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тэгээд тэр өдрөөс хойш хүйтэн байсан тул би өөрөө огт унаагүй байсан. Оройдоо асааж нормальддаг байсан.

... Ер нь унаад л яваад байдаг байсан. Бид хоёр  ээлжилж унадаг байсан. ... Би дүүгийн эрүүл мэндэд болон мотоцикльд учирсан хохирлыг гаргуулан авах хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Даваадагвын “... Болдын З- гэдэг залуу нь манай эмэгтэй дүүтэй гэр бүл болсон бөгөөд манай хүргэн дүү байгаа юм. З- нь хөгжлийн бэрхшээлтэй учраас ямар нэгэн орлого олох, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болохоор нь дээрхи автомашиныг хувийн хэрэглээндээ хэрэглэж мөн таксинд явж орлого олж амьдралдаа нэмэр болог гэж л би дээрхи автомашиныг түр хэрэглэж бай гэж өгсөн юм. ... Би ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 58-59 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11757 дугаартай:

“1. Ү.А-ын биед зүүн дух ясны урд хэсэгт 0.6 см гүн зузаан цөмөрсөн хугарал, зүүн духны урд хэсгээс доош духын гадна, дотор ялтас, 2 талын нүдний ухархайн дээд хана, баруун шүдний ухархайн доод хана руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн духны урд хэсэгт хатуу хальсан дээрхи цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас үүссэн байх боломжтой байна” дүгнэлт. /хэргийн 67 дугаар хуудас/

 

Итгэлт эстимэйт ХХК-ны “Нyosung Comet 250 GTR” мотоциклийг 2.126.000 төгрөгөөр үнэлсэн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 77-81 дүгээр хуудас/

 

Тээврийн цагдаагийн албаны  2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №469 дугаартай:

“1. Т.Королла маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Болд овогтой З- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны  байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” 2 дугаар хавсралт 1.4-д заасан “1.3, тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Хеосунг Комет 250 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Үнэнбаяр овогтой А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг бариттай байна.

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/

б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ,

в/ жолоочийн даатгалын баталгаа

3.2 Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь  дараахь бичиг баримттай байна.

а/ замын хөдөлгөөний тухай Вений конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ,

3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно.  

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь Т.Королла маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Болд овогтой З- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч  хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны  байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс шалтгаалан гарсан гэх үндэслэлтэй байна.

4. Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

5. Тухайн замд давуу эрхтэй хөдөлгөөнд оролцогч Хеосунг Комет 250 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Үнэнбаяр овогтой А- нь  бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйдлийг гэж заасан тул Т.Королла маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Болд овогтой З- нь мотоцикльд зам тавьж өгөх үүрэг хүлээнэ” гэсэн дүгнэлт /хэргийн 96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.З- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.З-ын буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас Ү.А-ын жолоодон явсан Хеосунг Комет 250 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

          Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хохирогч Ү.А-т эмчилгээний зардал нийт 1.270.833 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Ү.Алтанхуягт мотоциклийн эвдрэлд 1.835.000 төгрөгийн хохирол тус тус учиржээ.

          Шүүгдэгч Б.З-аас хохирогч Ү.А-т 2.000.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Ү.Алтанхуягт 1.103.000 төгрөг төлсөн тул шүүгдэгчээс нотлох баримтаар нэмж гаргуулах төлбөргүй байна.

          Гэхдээ хохирогч Ү.А- нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.З-ын жолоочийн В ангилалын 678045 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

          Шүүх, шүүгдэгч Б.З- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахгүйгээр шийдвэрлэв.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шавь овогт Болдын З-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь зааснаар Б.З-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.З-ын жолоочийн В ангилалын 678045 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.З- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хохирогч Ү.А- нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ