Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/102

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга:Т.Энхжин

Улсын яллагч:Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө- овогтой Д-ийн М-д холбогдох эрүүгийн 1927002170093 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, армотурчин, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ө овгийн Д-ийн М- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.М- нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн “___” гэх газар хохирогч П.Б-ын толгойн тус газарт чулуугаар цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М- нь мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 28-ны  өдөр миний буруугаас болж Б-ийн бие хохирол учирсан надад өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч П.Б- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Маргаан болох үед Д.М- миний толгой руу чулуугаар цохиж миний толгойны ар хэсэгт хэсэг газар язарчихсан цус гараад байсан юм. Тэр үед миний толгой жаахан өвдөж байсан. Харин тэр оройноос хойш толгой өвдөж нүд бүрэлзээд байхаар нь гэртээ хэвтэж байгаад 4 хоногийн дараа Улаанбаатар хот ороод эмчид үзүүлсэн чинь миний толгойны зүүн талын зулай ясны хугаралтай байна гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод 4 хоног эмчлүүлж гэртээ ирсэн. Маргаан болох үед Д.М- миний нүүр лүү цохиогүй. Харин чулуугаар миний толгойны ар хэсэгт нэг удаа цохьсон. Мөн нуруу руу модон шилбүүрний үзүүрт байсан сураар ороолгосон. Мөн миний барьж явсан модон уурганы бөгсөөр миний баруун гарын булчин хэсэгт  нэг удаа цохьсон. Маргаан болох үед М- миний толгойн ар хэсэгт чулуугаар нэг удаа цохиж миний толгойд гэмтэл учруулсан юм. Харин Д.М- миний гар луу модон уурганы бөгсөөр цохих мөн шилбүүрний үзүүрт байсан сураар ороолгоход миний биед гэмтэл учраагүй. Д.М- миний толгой руу жижиг аяганы хэмжээтэй чулуугаар цохьсон. Одоо тэр чулуу хаана байгаа эсэхийг мэдэхгүй байна. Одоо тэр чулууг олох боломжгүй байх. Маргаан болох үед миний хамар болон нүүр хэсэгт Д.М- цохиогүй. Миний хамарт шинэ гэмтэл байхгүй. Одоогоор миний толгой бага зэрэг өвдөх юм. Надад одоогоор 700.000 төгрөгний эмчилгээний зардал гарсан. Би Д.М-д гомдолгүй. Заримдаа толгой жаахан өвдөөд байх юм. Өөр ямар нэгэн өвдөж байгаа зүйл байхгүй. Миний эмчилгээний зардал 700.000 төгрөгийг Д.М- бүрэн өгсөн. Одоо болон цаашид Д.М-гээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоо болон цаашид  Д.М-д гомдолгүй...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 29-35 дугаар хуудас/

Гэрч Л.С- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Маргаан болох үед Д.М-, П.Б- нар хоорондоо маргалдаж байгаад П.Б- морьтой зугтаасан чинь араас нь Д.М- зөндөөн олон чулуу аваад шидээд байсан. Тэр үед Д.М-гийн шидсэн зөндөө олон чулууны нэг нь П.Б-ын толгойг оночихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч Т.Г- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...П.Б-ын нуруу хэсэгт 2 удаа ороолгож байгаад барьж явсан хугархай уургаа газар шидчихээд газраас чулуу аван П.Б-ын араас шидэж, шидсэн чулуу нь П.Б-ын толгойг онсон. Харин бусад хүмүүсийг оноогүй. Тэр үед П.Б- миний толгой руу М- чулуугаар цохьчихлоо толгой өвдөөд байна гээд байхаар нь харсан чинь П.Б-ын толгойн ар хэсэг буюу дагз орчим газар хавдчихсан цус гараад байсан. Маргаан болох үед Д.М-, П.Б- нар хоорондоо маргалдаж байгаад П.Б- морьтой зугтаасан чинь араас нь Д.М- зөндөөн олон чулуу аваад шидээд байсан. Тэр үед Д.М-гийн шидсэн зөндөө олон чулууны нэг нь П.Б-ын толгойг оночихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч Б.О- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд Д.М-, П.Б- нар хоорондоо маргалдаж байгаад П.Б- морьтой зугатаасан чинь Д.М- мориноосоо буучихсан П.Б-ын араас зөндөө олон чулуу шидээд байсан. Тэр үед Д.М-гийн шидсэн чулуу П.Б-ын толгойг оночихсон. Тэгээд би П.Б- дээр очиж толгойн цусыг нь цэвэрлэж өгсөн. Тэр оройноос эхлээд П.Б- толгой өвдөөд байна гэж гэртээ 3-4 хоног байж байгаад Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1321 дугаартай дүгнэлт: “...1.2 П.Б-ын биед зүүн зулай, зүүн чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи доргилт, хуйханд сорви гэмтлүүд тогтоогдлоо.З.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчид тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.М-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/,зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно. Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М-г гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Д.М- нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн ___ гэх газар хохирогч П.Б-ын толгойн тус газарт чулуугаар цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Б-ын ... “...Маргаан болох үед Д.М- миний толгой руу чулуугаар цохиж миний толгойны ар хэсэгт хэсэг газар язарчихсан цус гараад байсан юм. Тэр үед миний толгой жаахан өвдөж байсан. Харин тэр оройноос хойш толгой өвдөж нүд бүрэлзээд байхаар нь гэртээ хэвтэж байгаад 4 хоногийн дараа Улаанбаатар хот ороод эмчид үзүүлсэн чинь миний толгойны зүүн талын зулай ясны хугаралтай байна гэж хэлсэн... мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-35 дугаар  хуудас/, гэрч Л.С-... “...Маргаан болох үед Д.М-, П.Б- нар хоорондоо маргалдаж байгаад П.Б- морьтой зугатаасан чинь араас нь Д.М- зөндөөн олон чулуу аваад шидээд байсан. Тэр үед Д.М-гийн шидсэн зөндөө олон чулууны нэг нь П.Б-ын толгойг оночихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/ гэрч Т.Г-... “...П.Б-ын нуруу хэсэгт 2 удаа ороолгож байгаад барьж явсан хугархай уургаа газар шидчихээд газраас чулуу аван П.Б-ын араас шидэж, шидсэн чулуу нь П.Б-ын толгойг онсон. Харин бусад хүмүүсийг оноогүй. Тэр үед П.Б- миний толгой руу М- чулуугаар цохьчихлоо толгой өвдөөд байна гээд байхаар нь харсан чинь П.Б-ын толгойн ар хэсэг буюу дагз орчим газар хавдчихсан цус гараад байсан. Маргаан болох үед Д.М-, П.Б- нар хоорондоо маргалдаж байгаад П.Б- морьтой зугатаасан чинь араас нь Д.М- зөндөөн олон чулуу аваад шидээд байсан. Тэр үед Д.М-гийн шидсэн зөндөө олон чулууны нэг нь П.Б-ын толгойг оночихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Б.О- ... “...Тэгээд Д.М-, П.Б- нар хоорондоо маргалдаж байгаад П.Б- морьтой зугатаасан чинь Д.М- мориноосоо буучихсан П.Б-ын араас зөндөө олон чулуу шидээд байсан. Тэр үед Д.М-гийн шидсэн чулуу П.Б-ын толгойг оночихсон. Тэгээд би П.Б- дээр очиж толгойн цусыг нь цэвэрлэж өгсөн. Тэр оройноос эхлээд П.Б- толгой өвдөөд байна гэж гэртээ 3-4 хоног байж байгаад Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан...” гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.М-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.М- нь хохирогч П.Б-ын  толгойн тус газарт чулуугаар цохисны улмаас хүнд гэмтэл учруулсан болох нь Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1321 дугаартай дүгнэлт: “...1.2 П.Б-ын биед зүүн зулай, зүүн чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи доргилт, хуйханд сорви гэмтлүүд тогтоогдлоо. З.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...”гэсэн дүгнэлтээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.М- нь хохирогч П.Б-ын толгойн тус газарт нь чулууугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.М-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хэргийн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. Хэргийн нөхцөлд хохирогч П.Б-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь тухайн гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Хохирогч П.Б-а нь гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 700 000 төгрөгийг авсан. Мөн Хужирт рашаан сувилалд амарсан төлбөр 450 000 төгрөгийг авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч Д.М-гөөс гэмт хэргийн хохирол, хор уршгийн төлбөрт тооцож гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Хэргийн 95 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн нь шүүгдэгч Д.М- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болохыг нотлох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч П.Б-ад эмчилгээний зардлын төлбөрт 1 150 000/ нэг сая нэг зуун тавин мянган/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлсэн баримттай тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж дүгнэхээр байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 10.000 тооцох нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.М- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн Д.М-гийн хувьд ногдох хөрөнгөнөөс 12 250 000 төгрөгийн үнэ бүхий 150 тооны хонь, ямааг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө- овогтой Д-ийн М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө- овогтой Д-ийн М-г 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Өөлд овогтой Д-ийн М-д оногдуулсан 10 000 000 төгрөгийн торгох ялыг гурван жилийн хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 278 000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Өөлд овогтой Д-ийн М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.М-гийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шүүгдэгч Д.М-гийн 75 тооны хонь, 75 тооны ямаа битүүмжилсэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэрэгүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолыг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.ДАГИЙМАА