Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

 

 

 

2020           03           25                                          2020/ШЦТ/283

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б дүүргийн прокурорын газраас Арбулаг овогт Болдын Х-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005009550436 дугаартай хэргийг  2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ... -ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гар урлалын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ дүүргийн ... дугаар хороо ...... байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Арбулаг овогт Болдын Х-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Х- нь 2020 оны 03 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнийн 01 цагийн орчим Нийслэлийн Б дүүргийн ..  дугаар хорооны нутаг дэвсгэр Х байрны ... давхарт “Ж” нэртэй дэлгүүр дотор хүний сэтгэл санаанд дарамт учруулж, бие махбодид халдан хамтран амьдрагч болох О.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж нүүрэн тус газар нь шилээр цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед тархи доргилт, духны шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х- мэдүүлэхдээ: “Мартын 8 болоод хоол хийгээд торт аваад баяраа тэмлэглээд эхнэртэйгээ 1 шил архи хувааж уусан. Унтах гээд хэвтэж байгаад зөв хооллолтын талаар яриад маргалдсан. Тэгсэн манай эхнэр гарч явах гэхээр нь чи хаашаа явах гэж байгаа юм бэ гэсэн чинь гараад явчихсан. Утас руу нь залгасан утсаа авахгүй байсан. Манайх байрны хажуу буланд хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэр дэлгүүр лүүгээ орсон чинь байж байсан. Би араас нь 1 винотой орсон. Тэгээд хоёулаа виногоо ууж байгаад ахиад маргалдсан” гэв.

Шүүгдэгч Б.Х- нь 2020 оны 03 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнийн 01 цагийн орчим Нийслэлийн Б дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр Х байрны ...  давхарт “Ж” нэртэй дэлгүүр дотор хүний сэтгэл санаанд дарамт учруулж, бие махбодид халдан хамтран амьдрагч болох О.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж нүүрэн тус газар нь шилээр цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед тархи доргилт, духны шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч О.Г-ы “Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед өөрийн нөхөр Х-ын хамтаар Б дүүргийн 3 дугаар хороо 30а байрны 82 тоот гэртээ байхдаа Мартын 8 тэмдэглэж хоол унд идэж 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд шөнө 00 цаг өнгөртөл зурагт үзэж байгаад амрах гээд орондоо ороод хэвтэж байхдаа нөхөр Х-тай зөв хоололтын талаар ярилцаж байгаад тэрнээсээ болоод муудалцсан. Тэгээд би босоод уурлаад би хувцсаа өмсөөд гараад өөрийн түрээслэдэг манай байрны доор байдаг “Ж” нэртэй дэлгүүрт ороод сууж байхад нөхөр Х- араас 1 шил вино бариад орж ирээд тэрийгээ нөхөр уусан. Тэгээд хоёулаа юм ярьж байгаад дахиад хэрүүл болоод Х- намайг заамдаж авахаар нь би түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэгэхэд намайг 2, 3 удаа алгадаад газар кассны хажууд байсан Хужирт цэвэр усны шил бариад над руу ална гээд дайраад байхаар нь би арагшаа ухарч яваад лангуунд тулахад намайг уг шилээр толгой руу 1 удаа цохиод хагалсан. Тэгээд миний толгойноос цус гараад цусаа тогтоох гээд хөвөн тавиад  тогтохгүй байхаар нь өөрийн төрсөн эгч Г-ийг утсаар дуудсан. Тэгээд эгч удалгүй ирээд цусаа тогтоогоод гэртээ ороод амарсан.

“... Гэр бүлийн баталгаа байхгүй. 2000 оноос танилцаад хамт амьдарсан. Дундаасаа 11 настай 1 хүүхэдтэй. Дагавар 1 хүүхэдтэй. Манай нөхөр Х- намайг цэвэр усны шилээр цохиж уг гэмтлийг учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч О.Г-ийн “2020 оны 03 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө үүрээр 5 цагийн үед манай төрсөн дүү Г- над руу залгаад эгчээ дүү нь үхлээ хүрээд ир гэж надад хэлсэн. Би сандраад гэрээсээ гараад явж байхдаа Г-ыг хаана байгааг асуухад гэрийнхээ доод талд ажиллуулдаг дэлгүүр дотроо байна гэж надад хэлсэн. Би дэлгүүр лүү нь яваад ороход манай төрсөн дүү Г-ы духных нь зүүн дээд хэсэгт хагарчихсан, цус нь гоожчихсон, манай дүүгийн нөхөр Х- хажууд нь байж байсан. Би хөвөн аваад цусыг нь тогтоогоод байж байтал Х- тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Х- гэр лүүгээ орлоо гээд яваад өгсөн. Би дүүгийнхээ цусыг бүрэн тогтоочихоод араас нь дүүгээ дагуулаад гэр лүү нь ороход Х- гэртээ ороод унтаж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3502 дугаартай:

“1. О.Г--н биед тархи доргилт, духны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Б.Х-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Тэгээд шөнө 00 цагийн үед амрах гээд орондоо ороод хэвтэж байгаад зөв хоололтын талаар ярьж бйагаад тэрнээсээ болоод хоорондоо маргаан үүссэн. Тэгээд эхнэр уурлаад би явлаа гээд хувцсаа өмсөөд гараад явсан. Би хүлээж байгаад утас руу нь залгахад утсаа авахгүй байхаар нь манай хажуу байрны 1 давхарт байдаг өөрийн түрээслэдэг дэлгүүртээ ороход эхнэр уурлаад намайг түлхээд байсан. Тэгээд би уурлаад газар байсан Хужирт цэвэр усны шилээр эхнэрийнхээ толгой руу 1 удаа  цохисон. Тэгэхэд толгой нь хагарч цус гараад байхаар нь цусыг нь тогтоогоод байхад эхнэр төрсөн эгчийгээ дуудаад удалгүй эгч нь ирсэн.

... Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би эхнэр О.Г-аас уучлалт гуйж эвлэрсэн байгаа. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Б.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  О.Г-ы “...Миний бие өөрийн нөхөр Х-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол санал байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ...” гэсэн хүсэлт /хэргийн 64 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Х- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Арбулаг овогт Болдын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Х-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Х-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   Б.Х- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ