| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0048/Э |
| Дугаар | 026 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 026
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М Э т холбогдох эрүүгийн 1910017200715 дугаартай 187/2020/0048/Э индекстэй хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ....-нд Баянхонгор аймагт төрсөн, ....настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл ...... хамт, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт М Э /РД:................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Э нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 1891 УБМ улсын дугаартай Corolla Fielder маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа С.Г-ыг Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр спорт цогцолборын автобусны буудал дээр хүргэж өгчихөөд түүний машинд гээгдүүлсэн байсан хэтэвчтэй Хаан банкны виза картыг олж аван картнаас нь 1.300.000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Э нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 1891 УБМ улсын дугаартай Corolla Fielder маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа С.Г-ыг Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр спорт цогцолборын автобусны буудал дээр хүргэж өгчихөөд түүний машинд гээгдүүлсэн байсан хэтэвчтэй Хаан банкны виза картыг олж аван картнаас нь 1.300.000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт учруулсан болох нь:
1. Шүүгдэгч М.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Говь-Алтай аймгийн Бигэр суманд өрмийн компанид ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 07 цагт Улаанбаатар хотод автобусаар ирсэн. Автобуснаас буугаад Хархорин захын ойролцоо байрлах айлд очиж ажлынхаа хүмүүстэй архи уусан. Уг айлаас 13 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн 21 хороолол руу алхаж явж байгаад замдаа такси бариад Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр спорт цогцолборын автобусны буудал дээр хүргүүлээд төлбөрөө төлөх гэхэд бэлэн мөнгө байхгүй байсан учир Хаан банкны картаа, картны нууц үгийг таксины жолоочид өгсөн. Таксины жолооч АТМ-с 10.000 төгрөг авсан. Өлзийт хороолол руу явах унаа хүлээж байхдаа унтсан байсан. ...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3 удаагийн үйлдлээр нийт 1.300.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Согтуудаа картаа машин дотор унагаасан байсан. Өөр эд зүйл алпаагүй. Хохирлын мөнгийг бүрэн хүлээж авсан, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12/
3. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / /хх-ийн 6/
4. СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/
5. Хаан банкны депозит дансны хуулга, Хаан банкны албан бичиг /хх-28, 29/
6. Шүүгдэгч М.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Учруулсан хохирлоо төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Э нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч шүүгдэгч М.Э нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 1891 УБМ улсын дугаартай Corolla Fielder маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа С.Г-ыг Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр спорт цогцолборын автобусны буудал дээр хүргэж өгчихөөд түүний машинд гээгдүүлсэн байсан хэтэвчтэй Хаан банкны виза картыг олж аван картнаас нь 1.300.000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсныг гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч М.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Э ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хохирол төлбөрийг хүлээн барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-9-12/, түүний хувийн байдал /...35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Алтай хүдэр ХХК-нд инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч М.Э ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч М.Э т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт М Э ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э т оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. М.Э т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.Э т сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР