Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2016/00614

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын угаар багт байрлах Б ХХК (захирал Ж овогт Хы С, утас ******, ******)-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумындугаар багт оршин суух, А нэртэй дэлгүүр ажиллуулдаг, утас:********, *******, РД:********Б-Ж овогт Нгийн Кд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б ХХК-ний захирал Х.С, хариуцагч Н.К, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зарлагын баримтаар өгсөн барааны үнэ 1138925 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б ХХК-ний захирал Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Б ХХК нь дэлгүүрүүдэд 15 хоногийн хугацаатай зээлээр бараа олгодог бөгөөд энэ журмын дагуу Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах А нэртэй дэлгүүрт 3 удаагийн падаанаар 1138925 төгрөгийн барааг 2015 оны 11 дүгээр сарын 07-ноос 2015 оны 12 дугаар сарын 06-ны хооронд зээлээр олгосон юм. Гэвч А нэртэй дэлгүүр ажиллуулдаг Н.К нь заасан хугацаанд зээлийн барааны мөнгө төлөөгүй бөгөөд асууж очиход элдэв шалтгаан зааж өдий хүрлээ. Тиймээс барааны үнэ 1138925 төгрөгийг Н.Кгаас гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Б ХХК-ний захирал Х.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч Н.К нь манайхаас зээлээр бараа авчхаад 2015 оноос хойш мөнгийг нь өгөөгүй. Үеэр ус, гамшигт авагдсан гэж тайлбарт өгсөн байна. Н.Кг өнөөдөр танхимд орж ирээд харж байна. Урьд нь өөрөө гүйж ирээд ийм зүйл боллоо, намайг харж үзээч гэж юу ч хэлээгүй. Зээлийг бол 2015 онд авсан. Үеэр бол 2016 онд болсон. Бид нар ч гэсэн банкнаас асар их зээл авч үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил авсан зүйлээ цаг тухайн үед нь яагаад төлдөггүй юм вэ? Хүн бол гамшигт өртөгдөж болно. Хэрэв хүсвэл үнэхээр мөнгөний боломжгүй бол манайд ажилд ороод хөдөлмөр хийгээд сар болгон цалингаас нь бага хэмжээгээр суутгал хийгээд төлбөрөө төлж болно. Үүнээс өөр боломж өгч чадахгүй. Иймд барааны үнэ 1138925 төгрөгийг Н.Кгаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.К шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие өөрийн ажиллуулдаг А нэртэй дэлгүүрт Баян-Өлгий аймаг дахь Б ХХК-наас 2015 оны 11 дүгээр сарын 07-оос 2015 оны 12 дугаар сарын 06-ны хооронд төлж өгөхөөр зээлээр хүнсний бараа авсан билээ. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр болсон байгалийн гамшигт байдлаас болж ажиллуулж байсан А нэртэй дэлгүүрийн дотор их хэмжээний ус орсны уршгаар бүрэн нурж, дотор нь байсан хүнсний бараа авах зүйлгүй болж, мөн 12х11 хэмжээтэй сууцны байшин, зуны байр, хашаа, бүрэн нурж оршин суух гэр оронгүй болсон билээ. Гэр оронгүй болсон тул улсаас Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс газар, эсгий гэр олгосон билээ. Одоогийн байдлаар шинээр байшин барих бололцоогүй тул эсгий гэрт амьдарч байгаа болно. Иймд Б ХХК-ний нэхэмжилсэн 1138925 төгрөгийг одоогоор төлж барагдуулах боломжгүй байна. Мөн байгалийн гамшигт байдлаас болж 87171400 төгрөгийн хохирол амсаж амьдралын хэцүү байдалд амьдарч байгаа болно гэжээ

Хариуцагч Н.К шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б ХХК-наас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр юм уу, 15-ны өдөр юм уу зээлээр бараа авсан. Би урьд нь 5, 6 жил дэлгүүр ажиллуулж ирсэн. Би энэ хүмүүсээс бараа авахдаа мөнгө төгрөгийг нь цаг тухайд төлж өгдөг байсан. Би 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэнэт ухаан алдаж унаад эмнэлэгт хэвтсэн. Улмаар Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэсэн. Намайг эзгүйд хоёр жаахан охин маань худалдаа хийж чадаагүй. Өнгөрсөн жил хямралаас болж хүмүүсийн худалдан авах чадвар буурч бараа сайн зарагдаагүй. Уг нь энэ зээлээ өгье гэж бодож байсан. Дараа нь бараагаа хөдөө явуулж заръя гэж бодоод хүнд өгч явуулсан. Тэр хүн маань холбоо барилгүй алга болсон. Дараа нь надаас бараа авсан хүн ноолуураа зарж байгаад өгье гэсэн боловч өгч чадаагүй. Ингээд явж байхад 86 настай хадам аав маань нас барсан. Тэгээд энэ зун үеэр болж миний байшин, дэлгүүр маань нурчихсан. Дэлгүүрийн барилга байгаа нь үнэн. Гэхдээ хоёр нуруу болон доторх тааз, лампер гээд бүх зүйл нь нурчихсан. Дэлгүүрийн доторх бүх бараанууд хэрэглэх боломжгүй болсон гээд Онцгой байдлын газраас хүмүүс ирж хурааж аваад хогт хаясан. Саяхан Х.Стай уулзъя гэж бодоод очиход хашаа нь өндөр хаалгатай, онгойлгох боломжгүй байсан учраас уулзаж чадалгүй явсан. Иймд мөнгө ар гэрийн хүнд нөхцөл байдлаас болоод барааны үнэ 1138925 төгрөгийг Б ХХК-нд төлж чадахгүй байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б ХХК-наас 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, мөн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 ширхэг зарлагын баримтаар нийтдээ 1138925 төгрөгийн барааг хариуцагч А нэртэй дэлгүүр ажиллуулдаг Н.Кд олгосон нь талуудын гарын үсэг зурсан эдгээр зарлагын баримтаар нотлогдож байгаа ба үүнийг хариуцагч Н.К мөн хүлээн зөвшөөрч байна.

2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр болсон байгалийн гамшигт байдлаас болж ажиллуулж байсан А нэртэй дэлгүүрийн дотор их хэмжээний ус орж ирсний уршгаар бүрэн нурж, дотор нь байсан хүнсний бараа авах зүйлгүй болсон гэх боловч үүнийг нотлох баримтаар нотолж чадаагүй ба усанд нурсан дэлгүүр дотор тухайн үед Б ХХК-наас авсан бараа байсан гэдгийг нотлох баримт байхгүй байна.

Мөн хариуцагч Н.К нь тухайн үед авсан бараагаа хөдөө заруулахаар хүнд өгч явуулсан, тэр хүнд мөнгөө өгч чадахгүй гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Н.Кгаас падаанаар авсан барааны үнэ 1138925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Кгаас улсын тэмдэгтийн хураамжид 31884 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Б-Ж овогт Нгийн Кгаас барааны үнэ 1138925 (нэг сая нэг зуун гучин найман мянган есөн зуун хорин таван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31884 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, хариуцагч Н.Кгаас 31884 (гучин нэгэн мянга найман зуун наян дөрвөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-нд олгосугай.

3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК