| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0094/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/98 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/98
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч өмгөөлөгч Д.Дашцэрэн,
Шүүгдэгч Ж.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн Ж-ын Д-ид холбогдох эрүүгийн 1827001770082 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ баг ___ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
-Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б- овгийн Ж-ын Д-, /РД:___/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Д- нь Ж.М-тэй бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн “___” гэх газраас хохирогч Б.С-ын 1 тооны хонийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Ж.Д- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хадлангаа хадаад хадсан өвсөө ачаад гэр рүү гээ уулын оройгоор явж байсан. Тэр үед орой 19 цаг болж байсан байх тодорхой санахгүй байна. Гэр рүү гээ явж байхад нар жаргаагүй гэгээтэй байсан. Уулын орой дээгүүр явж байхад мотоциклтой 2 хүн байсан. Нэг нь мотоцикл дээрээ мордчихсон, нөгөөдөх нь мотоциклийн хажууд ууттай юм барьчихсан зогсож байсан. Мотоцикл дээр мордчихсон байсан залуу намайг хараад мотоциклтойгоо зугатаасан байх гэж бодож байна. Харин нөгөө ууттай юм барьчихсан байсан хүн ууттай юмаа бариад хадны цаагуур яваад орохоор нь яваад хонины толгойг сугандаа хавчуулаад дараад хэвтчихсэн байсан. Тэгэхээр нь сайн ажиглаж хараад эмийг нь үзтэл манай хар нүдэн эм хонь байхаар нь хонь дараад хэвтчихсэн байсан Д-г /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ чи муу яахаараа ингэдэг юм гээд чамайг цагдаад өгнө гэж хэлсэн. Миний харсанаар улаан өнгийн мотоцикл байсан байх, хальт харсан болохоор сайн санахгүй байна. Улаан хүрэн өнгийн хувцастай байсан. Дээл юмуу куртек байсан уу сайн харж амжаагүй болохоор сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх 25-30 дугаар хуудас/,
Гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын эхээр намайг гэрт байхад М-, Д- 2 улаан өнгийн мотоциклтой ирсэн. Тэгээд надад хөдөө явах гэж байгаа хэлсэн. Тэгээд улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг М- унаж явсан, түүний араар Д- сундалж явсан. Манай гэр тухайн үед Хархорин сумын ___ багийн нутаг ___-ы урд талын нүүрний гудамжинд байсан. Хархорин сумын ___ багийн нутаг ___-ы урд талын нүүрний гудамж гэдэг нь Хархорин сумын төвийн урд хэсгийг хэлж байгаа юм. М- тухайн үед улаан өнгийн дээлтэй явсан. Харин Д- хар хөх өнгийн дээлтэй явж байсан." гэсэн мэдүүлэг /хх 41-42 дүгээр хуудас/,
Гэрч Ч.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг гэрт байхад буюу 2018 оны 09 дүгээр сарын эхээр явган алхаж ирээд надаас мотоциклио өгөөч хөдөө явчихаад ирье гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би нутгийн хүн болохоор сайн санаж Д- буюу Д-ид улаан өнгийн мотоциклийг өгч явуулсан” гэсэн мэдүүлэг /хх 43-44 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 23 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ӨХ18-51 дугаартай тайлан /хх 51 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ж.Д-ийн үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Д-ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ж.Д-ийг бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ж.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Д-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шүүгдэгч Ж.Д-ийн төрсөн дүү Ж.М- 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болох нь №0000232923 дугаартай нас барсаны гэрчилгээ, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №1927000000068 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “тухайн хулгайн гэмт хэрэгт мотоциклийг ашиглаагүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж” тайлбарласан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор мотоциклтой явсан нь тогтоогддог тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Ж.Д- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж,
шүүгдэгч Ж.Д-оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 120.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хургуулснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овгийн Ж-ын Д-ийг бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Ж-ын Д-ийг 510 /таван зуун арав/ цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Д-оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 120.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хургуулснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН