| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0420/Э |
| Дугаар | 027 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 10.5., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 027
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б-ийн М-д холбогдох эрүүгийн 1910002640313 дугаартай, 187/2019/0420/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, .....настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ........ ажилтай, ам бүл ....... хамт, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ..... тоотод оршин суух, урьд Говь-Алтай аймгийн сум дундын шүүхээр 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, У овогт Б-ийн М /РД:........................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр фермерүүд захын баруун талд байрлах эзэнгүй хашаанд дөнгөж төрсөн нярай хүүхдээ гадаа бие засах газарт хаяж, алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.М нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр фермерүүд захын баруун талд байрлах эзэнгүй хашаанд дөнгөж төрсөн нярай хүүхдээ гадаа бие засах газарт хаяж, алсан болох нь:
1. Шүүгдэгч Б.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хэргийн газрын үзлэг, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-5-14/
3. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед М нь төрөх өвдөлтөө мэдэрсэн боловч эмнэлгийн байгууллагад хандаагүй, хүмүүсээс тусламж гуйгаагүй, жирэмсэн болсноо мэдсээр байж эмчийн хяналтад ороогүй зэргээс үзэхэд анхнаасаа төрөх хүүхдээ хүн болгож авах хүсэл зорилго байгаагүй гэж үзэж байна. Нас барсан нярайн өмнөөс маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38, 84-85/
4. Гэрч Б.Б-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед бие засахаар ажлын хажууханд байдаг 1 давхар цагаан байшинтай эзэнгүй хашааны дотор байдаг жорлонд хүүхдийн ураг байхаар нь тэндээс гарч ажил дээр очоод няравт хэлсэн. Нярав цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
5. Гэрч Б.Ч-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Вива сити хорооллын СӨХ-д үйлчлэгч ажилтай бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны орой 17 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэр рүүгээ явах гээд автобусны буудлын орчим явж байхад 50 орчим насны согтуу бололтой нэг эмэгтэй явж байгаад хашлага даваад зүүн хөлний цахилгаантай түрийтэй гутлыг тайлаад хүрэн улаан өнгийн зүйл шидчихсэн. Тэгээд бид нар ойртоод очиход тухайн эмэгтэйгийн хоёр гар нь цус болсон байхаар нь түргэн дуудах уу гэж асуухад үгүй ээ би хүнд хутгалуулчихсан юм, санаа зоволтгүй намайг хүн ирж авна гэж хэлээд удалгүй автобусны буудлаас хойшоо чиглэлтэй Ханбогд хороолол руу явж байгаад алга болчихсон. Явсны дараа шидсэн зүйлсээс нь уур савсаад байсан. Би бодохдоо 2-3 сартай хүүхдээ эм уугаад зулбуулсан байх гэж бодсон. Нилээд цус алдсан харагдаж байсан. Салтаа, хөлийг нь дагаад уур савсаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/
6. Насанд хүрээгүй гэрч Г.Д-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ээж Чимгээ, эгч Чулуунчимэг нарын хамт Вива ситигийн автобусны буудал дээр ирэхэд нэг эмэгтэй хүний хөлийг дагаад цус урсаж байсан бөгөөд тэр эмэгтэйн хажуу талд ууттай, түүхий мах шиг зүйлээс уур савсаж байсан. Манай ээж уг эмэгтэйг та зүгээр үү, танаас цус гараад байна, 103 дуудаж өгөх үү гэхэд би зүгээрээ хутганд хөлөө зүсүүлчихсэн юм, одоо намайг машин ирж авна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/
7. Насанд хүрээгүй гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн охин Дэлгэрбуян, эгч Чулуунчимэг нарын хамт ажлаа тараад Вива ситигийн автобусны буудал дээр ирэхэд автобусны буудлын ард нэг эмэгтэйй хүн зогсож байсан бөгөөд манай эгч Чулуунчимэг энэ эмэгтэй өмдний шуумагнаасаа нэг зүйл татаж гаргаад шидчихлээ гэж хэлсэн. Тэгээд гайхаад очоод хартал тэр эмэгтэйн хөлийг дагаад цус урсаж байсан бөгөөд гаргаж хаясан гэх зүйлээс нь уур савсаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/
8. Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би Приус-11 маркийн автомашинтай Яармагийн гүүр гарч зүүнээс баруун тийш чиглэн Хүннү Молл худалдааны төв орчимд явж байтал нэг эмэгтэй гар өргөсөн. Хаашаа явах уу гэхэд Нисэх явна гэж хэлсэн. Тэр эмэгтэйг машинд суух үеэс цус мэт эхүүн ч гэх юм уу, муудсан махны үнэр ч гэх юм уу, ер нь л цусны үнэр их үнэртэж байсан. Нисэхийн эцсийн буудал орчим Монополь захын орчим буулгасан. ...машины хойд талын шалан дээр нойтон цус тунарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/
9. Насанд хүрээгүй гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж маань 2017 оны 8 дугаар сард ааваас салаад Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн. Би 2018 оны 9 дүгээр сард их сургуульд ороод хотод ирсэн. Ээж бид хоёр хамтдаа амьдарч байгаа. Нийтийн байр түрээсэлж амьдардаг. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 07 цаг 30 минутын орчим ээжийн хамт гэрээсээ гарсан ба орой би 21 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг ирэхэд ээж гэртээ ирчихсэн орон дотроо хэвтэж байсан. Их ядруу харагдаж байсан бөгөөд бие өвдөөд байна гээд намайг эмийн сан руу өвчин намдаах эмэнд явуулсан. Тэгээд миний авчирсан эмийг уучихаад унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 343 тоот дүгнэлт
-Нярайн цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх механик гэмтэл тогтоогдоогүй болно.
-Уг нярай нь 40 долоо хоногтой гүйцэд нярай байна.
-Нярай нь төрлөгийн хүндрэл болох амьсгалын замд ураг орчмын шингэн орсноос механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ.
-Уг нярай нь төрөлхийн ямар нэг эмгэггүй, хэвлий дэх хөгжил хэвийн явагдаж байсан байна.
-Уг нярай нь эмийн бодисын нөлөөгөөр төрсөн эсэхийг тогтоох боломжгүй.
-Нярай нь I бүлгийн цустай байжээ /хх-61-62/
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1340 тоот дүгнэлт
-Уг нярай нь амьд бүтэлттэй төрсөн байна.
-Уг нярай төрлөгийн явцад амьсгалын замд ураг орчмын шингэн орсноос амьсгал бүтэлтэд орж нас баржээ.
-Эмнэлгийн нөхцөлд төрж, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж авсан бол амь насыг аврахыг үгүйсгэхгүй /хх-180-181/
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 162 тоот дүгнэлт
“…Дээрх эд нь хүний ихэс болно. Хүйн төгсгөл нь ирмэг тэгш байсан ба хурц иртэй зүйлээр таслагдсан байна…” /хх-65-66/
13. Шүүгдэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийгөө 2018 оны 6, 7 дугаар сарын үед жирэмсэн гэдгээ мэдсэн. Эмнэлгийн байгууллагын хяналтад ороогүй. 2018 оны 9 дүгээр сар хүртэл ганцаараа амьдарсан. Манай том охин 2018 оны 9 дүгээр сард ирээд хамтдаа амьдрах болсон. Би жирэмсэн болсноо охиндоо хэлээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад миний гэдэс базалж эхэлсэн. Тэгээд би ажлаасаа 16 цагийн орчим чөлөө аваад гэр рүүгээ явахаар болсон. Тэгээд Нисэхийн автобусанд суугаад явж байхад миний өвдөлт маш их болоод би Вива сити хорооллын буудал дээр буусан. Тэгээд би өвдөлтдөө болоод эзэнгүй байшин руу явсан. Тэнд хэсэг сууж байгаад буцаад явах гэж байсан. Дөнгөж тэр байшин руу очиход хүүхэд доошоо гарсан. Би өөрийн өмсөж байсан улаан өнгийн хантаазанд боож авсан. ...Тэр үед хүүхдийнхээ эцгийг нь ч сайн мэдэхгүй, сэтгэл санаа маань үнэхээр хэцүү, дээрээс нь надаас төрсөн хүүхэд уйлахгүй байхаар нь тааралдсан бие засах газарт хийчихээд цаашаа гүйгээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-102/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь урьд Говь-Алтай аймгийн сум дундын шүүхээр 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107, 112-113/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.М нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр фермерүүд захын баруун талд байрлах эзэнгүй хашаанд дөнгөж төрсөн нярай хүүхдээ гадаа бие засах газарт хаяж, алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийгөө 2018 оны 6, 7 дугаар сарын үед жирэмсэн гэдгээ мэдсэн. Эмнэлгийн байгууллагын хяналтад ороогүй. 2018 оны 9 дүгээр сар хүртэл ганцаараа амьдарсан. ...Би жирэмсэн болсноо охиндоо хэлээгүй. ...Тэр үед хүүхдийнхээ эцгийг нь ч сайн мэдэхгүй, сэтгэл санаа маань үнэхээр хэцүү, дээрээс нь надаас төрсөн хүүхэд уйлахгүй байхаар нь тааралдсан бие засах газарт хийчихээд цаашаа гүйгээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-102/
Насанд хүрээгүй гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж маань 2017 оны 8 дугаар сард ааваас салаад Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн. Ээж бид хоёр нийтийн байр түрээсэлж амьдардаг. Манай аав ээжийг байнга зодож дарамталдаг байсан. ...Ээжийн бие их ядруу харагдаж байсан бөгөөд бие өвдөөд байна гээд намайг эмийн сан руу өвчин намдаах эмэнд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/,
Гэрч Т.Тунгалагмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.М нь том охинтойгоо Нисэхийн эцэст нийтийн байр түрээсэлж амьдардаг, бага 3 хүүхэд нь хөдөө нөхөр дээр нь байдаг гэсэн. Зан байдлын хувьд их нийтэч, төлөв даруу зантай, хамт ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 343 тоот дүгнэлт: “…уг нярай нь 40 долоо хоногтой гүйцэд нярай байна. ...уг нярай нь төрөлхийн ямар нэг эмгэггүй, хэвлий дэх хөгжил хэвийн явагдаж байсан байна. ...” гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1340 тоот дүгнэлт: “...Уг нярай нь амьд бүтэлттэй төрсөн байна... Эмнэлгийн нөхцөлд төрж, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж авсан бол амь насыг аврахыг үгүйсгэхгүй...” гэсэн зэргээс үзэхэд Б.М нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ дөнгөж төрсөн нярай хүүхдээ гадаа бие засах газарт хаяж, алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй, сэтгэл санааны гүнзгий хямралтай байсан, түүний хувийн байдал /...41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Хан хур ХХК-нд барилгын туслах ажилтай, ам бүл 5, 6-20 насны 4 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт Б-ийн М-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дуръя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт Б-ийн М-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Б.М д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР