| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00539/И |
| Дугаар | 130/ШШ2016/00615 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2016/00615
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар баг Цагаан түнгэ гэдэг газарт оршин суух, утас ****, ****, РД:****, У овогт Кийн Шын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр баг Хаш гэдэг газарт оршин суух, утас ****, *****, РД:*****Н овогт Хы Бад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Шын өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 65 толгой ямааны үнэ 3300000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч К.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Х.Б гэгч нь өөрийгөө манай сумын 2 дугаар багийн харьяат хэмээн танилцуулан ямаа худалдан авах сонирхолтойгоо хэлэв. Би ч гэсэн тухайн үед аймгийн төв орж мал зарах бодолтой байсан боловч эхнэр маань жирэмсэн бага насны хүүхдүүдтэй учраас малаа зарж чадахгүй байсан. Харин Х.Б нь надад хандаж хэлэхдээ малаа аймгийн үнэ ханшаар авч түүний хэлснээр нь 35 ямааг тоолж өгсөн ба Х.Б нь төлбөрийг дараа өгөхөөр болж баримт бичиж өгөөд яваад өгсөн. Улмаар 2 цаг орчмын дараа тэр надад дахин буцаад ирж би нийтдээ 65 ямаа авах ёстой байсан юм. Одоо надад 30 ямаа дутаад байна. Би өөр хүнээс ямаа авмааргүй байна. Нэг хүнээс л авч, нэг л хүнд тооцоо хийх нь амар байдаг, чи одоо надад 30 ямаа нэмж зээлээр өгөөч гэсэн. Урьд өмнө бусдад зээлээр мал өгч байгаагүй болохоор нь нэг талаараа түүнээс болгоомжил байсан боловч нөгөө талаас тэр хүн өөрийгөө Цөгцийн бурхад хэмээх компанийнхаа тамга тэмдгийг гаргаж баримт бичиж өгч итгэл төрүүлсэн учраас нийтдээ 65 толгой ямаа тоолж өгч байсан юм. Гэтэл түүний өгөх ёстой хугацаа нь болсон ба түүнээс хэд хэдэн удаа шаардсан боловч өгөхгүй зугтаад байна. Сүүлийн үед миний залгасан дуудлагыг авалгүй зайлж зугтдаг болов. Иймд Х.Баас 3300000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч К.Шын өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Өмгөөлөгч А.С миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд үйлчлүүлэгч болох К.Шын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар оролцож байна. 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Х.Бын Би танайхаас мал авах сонирхолтой байна. Та мал худалдах уу гэдэг саналыг нэхэмжлэгч К.Ш хүлээж аваад тухайн өдөр том сэрх 6 ширхэг нэг бүр нь 75 000 төгрөг, 1 сэрх 60 000 төгрөг, эм ямаа 24 ширхэг нэг бүр нь 45 000 төгрөг, эм ямаа 4 ширхэг нэг бүр нь 30 000-45 000 төгрөг, нийтдээ 1710 000- 770 000 төгрөгийн үнэ бүхий малыг Х.Бад худалдсан байна. Дараа нь нэг удахгүй 2 цагийн дараа Х.Б буцаж ирээд Би дахиад танайхаас мал авъя, өөр газраас авах байснаа болчихлоо. Нэг мөсөн нэг газраас авъя. Тийм учраас дахиад 30 толгой мал авъя гэж хэлээд үүнийг нэхэмжлэгч К.Ш зөвшөөрөөд 24 ямаа, нэг бүр нь 45000 төгрөг, 6 сэрх нэг бүр нь 75000, нийтдээ 1530000 төгрөгийн малыг нэмж худалдсан байна. Ингэхдээ Х.Б нь худалдан авсан малын үнийг дараа төлөхөөр гараар баримт бичиж өгч, компанийн тамга тэмдэг гаргаж баталгаажуулан гарын баримтаа өгсөн байна. Нэгэнт компанийн тамгыг дарж өгснөөр К.Ш Х.Б нь мөнгө төлөх чадвартай хүн гэж итгэсэн ба үүргийн гүйцэтгэлийн хувьд 2016 оны 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 01-ний хүртэл энэхүү мөнгийг өгнө гэж тохирсон байсан. Энэхүү 2 баримтыг 4 сарын дараа 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Төлбөр төлөгдөх үүргийн гүйцэтгэл хийх хугацаа болоод төлөх ёстой байсан боловч ямар нэгэн шалтгаан заагаад төлөхгүй яваад байсан. Ийм учраас К.Ш нь өөрийнхөө зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Өнөөдрийн байдлаар хариуцагч Х.Б эхний баримтаар авсан 1710000 төгрөгийн малыг авсан. 35 ямаа авсан маань үнэн. Үүнийг төлж өгнө гэдгийг илэрхийлж байна. Хоёр дахь баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Тийм учраас шүүхээс дотоод итгэлээр үнэн зөвөөр шийдвэрлэж нэхэмжлэгч К.Шыг хохиролгүй болгож өгнө гэв.
Нэхэмжлэгч К.Шын өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Нэхэмжлэгч К.Шын хувьд ямар үндэслэлээр хоёр баримттай болсон юм вэ гэвэл нэхэмжлэгч ямаагаа хоёр хувааж өгсөн болохоор хоёр баримт өгсөн гэж ойлгосон. Х.Б гэдэг хүн дээд боловсролтой, компанийн захирал хүн байсан. Ямар баримт бичиж өгөхөө тэр хүн сайн мэдэж байсан байх. Нэг баримтыг 2 удаа бичиж өгнө гэж байхгүй. Хэрэв нэг баримтыг буруу бичээд дараагийн баримтаа өгөх юм бол өмнө нь өгсөн баримтаа буцааж авах боломжтой байсан. Гэтэл тэгж эсэргүүцсэн зүйл байгаагүй. Харин энэ бол залилангийн шинжтэй болох юм гэж хэлж байсан. Үүнээс хойш нэлээн хугацаа өнгөрсөн. Өгсөн ямааны ихэнх нь эм ямаанууд байсан. Харин өгөөгүй байсан бол өөрөө өсгөн үржүүлээд 100-аад ямаа болох байсан гэж хэлж байсан. Гэхдээ үүнийг нэхэмжлэхгүй. Зөвхөн гэрээний дагуу мөнгө, төгрөгөө авмаар байна гэсэн. Энэ хүн өөрөө бас хөдөө хол газар оршин суудаг, бага насны хүүхэдтэй. Тийм учраас Өлгийн төвд ороод байдаггүй учраас өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй. Өөрөө түүний эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтээ гаргаж өгсөн гэв.
Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр К.Шын хотноос дараа тооцоогоор 7 толгой сэрх, 28 толгой эм ямаа бүгд 35 толгой ямаа авсан ба нийт үнэ нь 1710000 төгрөг төлөхөөр гарын баримт (тамгатай) өгсөн. 65 толгой гэдэг нь худлаа. 28\XI-ны өдөр ямаа авах өдрийн баримт өөр хотноос авсан 5 ямааны баримт (Ш авч өгсөн)-ын хамтаар нийлүүлж нэг баримт болгож 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Өлгийгөөс Цэнгэл сумын таксигаар өгч явуулсан баримт болно. Энэ хоёр баримтын анхных нь 30 толгой ямааных 5 ямаа нэмэгдээгүй, сүүлийнх нь 1 сэрх, 4 ямаа нэмж бичсэн. Нийт авсан малын тооцоо үнийг тооцсон миний гарын баримт. Баримтыг нотариатаар өөрөө батлуулсан байна. Иймд миний бие 35 толгой ямааны үнэ 1710000 төгрөгийг төлж өгөх болно гэжээ.
Хариуцагч Х.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие өнгөрсөн 2015 оны намар Цэнгэл сумын нутгаар 5-6 удаа төмс худалдахаар очиж байсан. Нэг удаа Цэнгэл суманд төмс худалдаад явж байхад Уаз машинтай залуу тааралдсан. Төмсөө худалдахын хажуугаар төмсөө малаар сольж байсан. Зарим хүмүүс малаа зээлээр өгч байсан. Тэгээд зээлээр мал худалдах хүмүүс байна уу гэж сурагласан. Тэгэхэд К.Ш гэдэг залуу намайг төмс худалдаж байсан газарт хүрээд ирсэн. Надад олон тооны мал байгаа, та хэдий хэмжээний мал авах уу гэсэн. Ингээд ямаа, хонь авахаар тохиролцсон. Тохиролцсоны дагуу 11 дүгээр сарын 28-ны өдөр Өлгийгөөс Майти машинтай залууг 260000 төгрөгөөр хөлсөлж аваад ачсан ачаа ч байхгүй шууд орой нь гарсан. Би шөнөжингөө буцаж ирэхийг бодсон. Шөнө харанхуй болж байхад арай гэж очсон. Гэрээсээ 24 эм ямаа, 6 сэрх өгөөд газар дээр нь баримт бичиж өгсөн. Хол газраас 260000 төгрөгөөр машин хөлсөлж ирлээ. Олон тооны мал өгнө гэхээр чинь ирсэн. Одоо нэмж өгөх мал өгөх боломж байна уу гэхэд доод талын айлд дагуулж ирээд өөрөө хариуцахаар болоод 4 эм ямаа,1 сэрх авч өгсөн. Эхэндээ олон тооны мал өгнө гэж байсан боловч сүүлд эхнэр нь зөвшөөрөөгүй. Бүгд 35 толгой ямаа ачаад тэр шөнөдөө буцаж ирсэн. Орой очоод үүрээр 4 цагийн орчимд ирсэн. 35 ямааны нэг бүрчлэн тохирсон үнэ бол 1710000 төгрөг байсан. Тэр мөнгийг өгөх ёстой. Хавар 6 дугаар сарын 01-нд өгнө гэж амласан боловч өгч чадаагүй. Өөр бас өр төлбөр, өглөг байсан учраас өгч чадаагүй. Би тэр ямаанаас ашиг олоогүй. Дараа нь намар хадлангийн үеэр хадлангаасаа өгөхөөр болж тохирсон. Зун охиноо нөхөрт гараад түүний найрт оролцохоор Цэнгэл суманд очиход К.Штай тааралдсан. Гэтэл тэр өвс авсан хүн өвстэйгөө, машинтайгаа шатчихсан байсан. Тэр хүмүүс машин тэрэгтэйгээ, өвстэйгөө шатчихсан болохоор одоо хүртэл миний мөнгийг өгөөгүй. Гэхдээ өгөхгүй биш өгнө гэдгээ хэлж байсан. Би 1710000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна. Өнгөрсөн 7 хоногт бид хоёр шүүхэд ирээд тохирч чадаагүй. Тэр анхны баримтаараа 1 710 000 төгрөг авъя, бусдыг нэхэмжлэхээ больё, тохиролцъё гэсэн байна. Маргааш үдээс хойш зах дээр уулзъя гэсэн. Тэгвэл тэгье зах дээр уулзчихаад шүүх дээр очоод асуудлаа дуусгая гэж хэлсэн. Би 4 цагийн үед гэрээс гараад явж байхад гэнэт утастсан. Би гэнэт явахаар боллоо. Такси хүлээхгүй гэхээр нь явчихлаа. Ямар ч байсан таны бичсэн баримтаар хохирлоо авъя гэсэн. Та болбол шинэ жилээс өмнө миний хохирлыг барагдуулж өгөхийг хичээгээрэй гэсэн. Тэгэхэд чи яагаад илүү нэхэмжилсэн юм вэ гэхэд өмгөөлөгч нарт миний хэлснээр бичсэн. Зориудаар тэгж бичсэн гэсэн. Яагаад хоёр баримт байгаа юм вэ гэхээр тэр бол угаасаа утга нэгтэй, ганц баримт байгаа. 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн баримтыг 2016 оны хавар утастаад таны баримтыг нотариатаар батлуулмаар байна. Миний аав таны гарын баримтыг нотариатаар батлуул гэж байна. Тийм учраас би сумынхаа Засаг даргын Тамгын газрын нотариатчид ирсэн байна гэсэн. Тэгсэн чинь нотариатчаас таны баримт чинь шаардлага хангахгүй байна, баримтаа шинэчлэх хэрэгтэй байна гэхээр надад очих боломж байхгүй. Баримтаа дахин бичээд тамга тэмдгээ дараад гарын үсгээ зураад таксигаар явуулчихъя гэсэн. Тэгж болно гэхээр нь баримт бичээд Цэнгэл сумын таксигаар өгөөд явуулсан. Тэгээд баримтыг аваад маргааш нь батлуулж аваад цаашаагаа явсан юм шиг байна. Урьдах баримтыг урж хаях ёстой байсан боловч ураагүй байна. Хоёуланг нь зэрэг батлуулж авсан болохоор хоёр баримт болчихсон гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч К.Шт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр өмгөөлөгч нараа оролцуулан хийх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн хүсэлтээр хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, хариуцагч Х.Бын өөрөө бичиж гарын үсгээ зурж, Цөгцийн бурхад ХХК-ний тамгыг дарж, улмаар нотариатаар гэрчлүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2 ширхэг гарын баримтаар нэхэмжлэгч К.Шаас
1) Том сэрх 6 х75000 = 450000 төгрөг,
Том сэрх 1 х 60000 = 60000 төгрөг,
Эм ямаа 24 х 45000 = 1080000 төгрөг,
Эм ямаа 4 х (30000-45000) = 120000-180000 төгрөг,
Нийт үнэ 1710000-1770000 төгрөгөөр
2) Нэг бүрийн үнэ 45000 төгрөгөөр 24 толгой ямаа,
Нэг бүрийн үнэ 75000 төгрөгөөр 6 толгой сэрх
Нийт 1530000 төгрөгөөр тус тус худалдан авч үнийг нь 2016 оны 5 дугаар сарын 20-аас 6 дугаар сарын 01-ний дотор бэлнээр төлөхөөр тохиролцон авсан болох нь нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар хариуцагч Х.Б нь нэг бүрийн үнэ 75000 төгрөгөөр 12 сэрх, 60000 төгрөгөөр 1 сэрх, нэг бүрийн үнэ 30000 /доод ханшаар/ төгрөгөөр 4 ямаа, нэг бүрийн үнэ 45000 төгрөгөөр 48 ямааг тус тус үнэлж нийт 65 толгой малыг 3240000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч К.Штай 1710000 төгрөгөөр тохиролцсон гэх боловч үүнийг шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Иймд хариуцагч Х.Баас 65 толгой малын үнэ 3240000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Шт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 60000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч К.Шын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67750 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 66790 төгрөгийг хариуцагч К.Шаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243-ийг баримтлан хариуцагч Н овогт Хы Баас 65 толгой малын үнэ 3240000 /гурван сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Уах овогт Кийн Шт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 60000 /жаран мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч К.Шын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67750 \жаран долоон мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Баас 66790 /жаран зургаан мянга долоон зуун ерэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Шт олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК