Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/103

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Энхжин, 

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч Ч.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б- овгийн Ч-гийн Д-д холбогдох эрүүгийн 1927002570110 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарыг 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёл судлаач мэргэжилтэй, Бат-Өлзий суманд Соёлын төвд орон нутаг судлах танхимын ажилтан, ам бүл 8, эх, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн Ч-гийн Д- /РД: ___/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Д- нь 2019 оны 11 дүгээр сарын 25-26-ны шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутагт байрлах Соёлын төвийн байран дотор хохирогч Э.У-гийн нурууны зүүн доод хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Ч.Д- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны  11 дүгээр сарын 24-ний орой ажил дээр маргааш үйл ажиллагаатай гээд байр засаж байсан. Маргааш нь 2 дугаар цэцэрлэгийн албан хаагчдын дууны тэмцээнтэй гээд зарим албан хаагч нар нь бэлдэх гэж орж ирсэн.  У- надаас аяга байна уу гэсэн тэгэхээр би байхгүй гэсэн. Гэтэл намайг өрөөнөөсөө олоод ир гэхээр нь өрөө рүү гээ орж аяга авч ирж өгсөн. Архи гаргаж ирээд, хүнд захьсан байсан аваад ирсэн байна гэсэн. Орой 11 цагийн үед харих гээд явж байсан чинь Б- гэдэг хүн над руу залгаад байхаар нь яах гэж байгаа юм бол гэж бодоод буцаад соёлын төв рүү явсан. Гэтэл Б- надаас онгорхой дэлгүүр байна уу гэсэн. Би таньдаг дэлгүүр рүү гээ О-, Ж- гээд 2,3 хүнтэй хамт явсан. Тэгээд архиа нилээд ууж сууж байгаад одоо би болсон шүү гэсэн чинь за за гээд намайг архиар шахаад хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд би цонх нь дээр хутга байсныг санаад хутгалсан” гэв.

Хохирогч Э.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагийн үед ажлын Г-, Б-, Д-, Н-, Т-, Ж- нарын хамт сумын Соёлын төв рүү тэмцээнд бэлдэх гээд дуу давтах гэж орсон. Тэгээд 2-3 дуаа бэлтгэж байгаад би цүнхнээсээ нэг шил Хар Чингис гэсэн шошготой 0.75 граммын архи гаргаж ирээд дарга Т-гээс нуугаад нэг шил архийг Б-,  Г-, Н-, Д-, Ж-, Д-, Т, О- нартай хувааж уусан юм. Тэгээд надтай хамт орж ирсэн ажилчид маань даргатай хамт бүгдээрээ харих гээд гараад явсан. Тэгээд би Соёлын төвөөс утсаар Г- руу залгаад ороод ир гэсэн. Тэгээд Б-, Д-, Г- гурав орж ирсэн. Тэгээд Г-, Д-, Б-, Д- нарт хамт архи авахаар дэлгүүр явсан...хүмүүст огтолж өгөөд байж байгаад гарч бие засах гээд Д-тэй тайзны арын бэлтгэлийн өрөөнд орсон. Тэгээд би бэлтгэлийн өрөөнд Д- надад ахархаад байх шаардлагагүй шүү гэж хэлэхээр би Д-г шанаа руу нь алгадсан. Тэгсэн удалгүй О- нэгнийгээ хутгалчихлаа ш дээ гээд орилохоор нь нуруу хүйт оргиод байхаар нь гараа хийгээд үзсэн чинь цус гарсан байсан. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан....Д- миний нурууны зүүн бөөр хэсэгт нэг удаа хутгаар хутгалсан. Би зүүн шанаа хэсэгт 2 удаа баруун гараараа цохьсон....Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 5-7/

Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтын өгсөн: “...Тэгээд ирээд архи ууцгааж байтаад У-, Д- 2 арын өрөөнд орж уулзаад байх шиг байсан юм.  Тэгээд Т, Б- нар унтчихсан байсан. Тайзны арын өрөөнд У-, Д- барилцаад авах шиг болсон. Тэгсэн У- сандал дээр суугаад Д- намайг хутгалчихлаа гэхээр нь харсан чинь Д- хутга барьчихсан сандал дээр сууж байсан. Тэгээд хутгыг булааж газар хаяуулаад Г-г дуудаад У-гийн шархыг даруулсан." гэсэн мэдүүлэг /хх 12-13/,

Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “1.Үзүүлэгч Э.У-гийн   биед бүсэлхий нурууны зүүд доод шарх гэмтэл тогтоогдлоо. ...4.5.Дээрх   гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн  гэмтлийн  зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар  гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн 591 дугаартай дүгнэлт /хх 33/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/

Ч.Д-гийн хохирогч Э.У-г хутгалахдаа ашигласан хутгыг хураан авсан тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 44-47/,

Шүүгдэгч Ч.Д-гийн хувьд ногдох хөрөнгөнөөс 1.500.000 төгрөгний үнэлгээ бүхий   Тоёота Чезэр маркийн автомашиныгбитүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх 48-53/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Д-гийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.  

Иймд шүүгдэгч Ч.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Д- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

шүүгдэгч Ч.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож,

шүүгдэгч Ч.Д- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

шүүгдэгч Ч.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, болохыг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш устгах,

шүүгдэгч Ч.Д-гийн эзэмшлийн 1.500.000 төгрөгний үнэлгээ бүхий ___ улсын дугаартай “Тоёота Чезэр” маркийн тээврийн хэрэгслийг бимүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Д-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэв.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овгийн Ч-гийн Д- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Ч-гийн Д-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ч.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, болохыг тус тус дурдсугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш устгах,

 шүүгдэгч Ч.Д-гийн эзэмшлийн 1.500.000 төгрөгний үнэлгээ бүхий ___ улсын дугаартай “Тоёота Чезэр” маркийн тээврийн хэрэгслийг бимүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН