Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00918

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/02336 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 361 дүгээр магадлалтай,

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

ХНХЯ-д холбогдох,

Олгогдоогүй цалин 1.444.590 төгрөг, ээлжийн амралтын олговор 1.903.647 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10.112.130 төгрөг, нийт 13.460.367 төгрөг  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие ХНХС-ын дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/41 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халагдсаныг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс үндэслэлгүй халсан болохыг тогтоож эргэн ажилд нь томилох шийдвэрүүд гарсан. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.593.834 төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийх шийдвэр хүчин төгөлдөр болсон. Миний бие сайдын орон тооны зөвлөх байгаагүй зөвхөн ажлын албаны дарга байсан гэдгийг шүүх баримтаар нотолсон тул цалин зогсоосон 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс халагдах тушаал гаргасан 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нэг сарын цалинг нөхөн олгох ёстой гэж үзэж байна. Энэ нь Хөдөлмөрийн яаманд тухайн орон тоонд ажилласан сүүлийн 6 сарын дундаж болох 1.444.590 төгрөгөөр бодогдож зохих татвар шимтгэл хасагдан тооцогдох учиртай. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.5.6-д зааснаар ажлын 29 хоногоор амралтын хоногийг тооцож нөхөн олговор олгох ёстой. Ингэхдээ одоо мөрдөгдөж буй Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар баталсан "Ээлжийн амралтын олговор тооцох журам"-ыг баримтлан Хөдөлмөрийн яаманд бүтэн сараар ажилласан 2015 оны 10 дугаар сараас 7 дугаар сарыг дуусталх 10 сарын цалингийн дунджаас бодож олгоно. Цалингийн тооцоогоор дээрх 10 сарын дүн 14.113.230 төгрөгийг 10 сард хуваахад сард 1.411.323 байх ба сарын фонд өдөр 21,5-д хувааж өдрийн цалин 65.643 төгрөг болно. Ээлжийн амралтын хоног 29 хоног* 65.643=1.903.647 төгрөгтэй тэнцэх нөхөн олговрыг яамнаас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нь ажилд буцаан томилох хугацааг хойшлуулах зэргээр цаг хожиж чирэгдүүлэх замаар асуудлыг шийдүүлэх хөөн хэлэлцэх хугацааг дуусгах эрсдэл байгааг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалж шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Дээрх хугацааны цалин нь 2017 оны 2 дугаар сарын цалин 16,5 өдрөөр бодоход 1.444.590 төгрөг болно. 2017 оны 3 сараас 9 capыг дуусталх 7 сарын цалин 10.112.130 төгрөг, нийт 13.460.367 төгрөгийг яамнаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Д.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг илтгэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/02336 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 9.360.358 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нэг сарын цалин 1.444.590 төгрөгийг нөхөн олгуулах, ээлжийн амралтын 1.903.647 төгрөгтэй тэнцэх олговрыг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Б-гийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагад үүрэг болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 164.715.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 361 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/02336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9.360.358 төгрөг гэснийг 11.216.870 төгрөг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 8 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 1.320.730 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ээлжийн амралтын олговорт 1.903.647 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагчаас 164.715,73 төгрөгийг гэснийг хариуцагчаас 215.551,6 төгрөгийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 105.770 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Д.Р нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан хөөн хэлэлцэх зохицуулалтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт нь цалин олгоогүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйгээс хойш гарсан бие даасан захиргааны акт бөгөөд энэ актын эрх зүйн үндэслэлээс үл хамаарч цалин олгоогүйтэй холбоотой үйл баримтыг шүүх дүгнэсэн, дүгнэх боломжтой юм. Түүнчлэн нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг үзвэл уг шаардлагыг гаргаж байсан. Гэтэл шүүх уг асуудалд дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч талаас уг асуудлаар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон юм. Өөрөөр хэлбэл цалин хөлсийг олгоогүй үеээс нэхэмжлэгч эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хугацааг өөрөөр тогтоохтой холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байсан. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэмж шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл шүүх хуульд заасны дагуу нотлох баримтад үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой байтал уг асуудлар үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч ХНХЯ-д холбогдуулж, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нэг сарын цалин 1.444.590 төгрөг, ээлжийн амралтын олговор 1.903.647 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10.112.130 төгрөг, нийт 13.460.367 төгрөг  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.Б- ХНХС-ын дэргэдэх Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд Хөдөлмөрийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ХНХС-ын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/41 тоот тушаалаар ажлаас халагдсан, уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох гомдлыг шүүхэд гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 104 дүгээр шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажлаас халагдсан өдрөөс, шүүхийн шийдвэр гаргасан өдөр хүртэлхи ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлсийг олгож шийдвэрлэсэн, энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б- ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэйг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан “....эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор  хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэсэн хуулийн хэм хэмжээг нэхэмжлэгч зөрчөөгүй байна.

Нэг талаас нэхэмжлэгч Д.Б-г ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр, магадлалыг  2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянаж, хэвээр үлдээснээр тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ханджээ.

Нөгөөтэйгүүр ажилтан ажлаас халагдсанаар үүнтэй холбоотой цалин хөлс авах эрх  хязгаарлагдаж зөрчигдөх боловч, зөвхөн энэ үеэс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлгүй, ажил олгогчийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдвол ажилтанг ажилд нь эгүүлэн томилогдох хүртэл цалин хөлсийг олгох үүргийг ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн байна.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлсийн хэмжээг тооцоолохдоо өмнөх буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 104 дүгээр шийдвэрт заасныг үндэслэж, сарын цалинг 1.205.080 төгрөг гэж үзснийг нэхэмжлэгч, алдаатай гэж зөвшөөрөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дундажаар сарын цалинг бодож, нэг өдрийн цалинг 69.670 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч, ажлаас халагдахаас өмнөх буюу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, цалин олгоогүй гэж 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлхи цалинд 1.444.590 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон бол, давж заалдах шатны шүүх 1.320.730 төгрөгийг хангаж, энэ  үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу байна.

Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч, захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй холбоотой дагнасан шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан гаргасан бөгөөд захиргааны акт үндэслэлтэй эсэх талаар шүүх шийдээгүй байхад үүнээс өмнөх нэг сарын цалин олгоогүйтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх асуудлаар нэхэмжлэл гаргах боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэж үзсэн нь үндэслэлгүйгээс гадна хоорондоо зөрчилтэй дүгнэлтийг хийжээ.

Ажлаас халагдахаас өмнөх үеийн цалин олгоогүй эс үйлдэлтэй Д.Б-г ажлаас халсан захиргааны акт хэрхэн холбоотой, өөрөөр хэлбэл тухайн акт хууль ёсны эсхүл хууль бус болохыг тогтоосны дараа уг олгогдоогүй цалин нэхэмжлэх буюу үүнээс шалтгаалсан гэх үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгч өөр нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандсаныг “цалин гаргуулах” нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх өмнөх олгогдоогүй 1.444.590 төгрөг гаргуулах шаардлага нь ажлаас халагдсантай холбоотой бус бие даан гаргах боломжтой нэхэмжлэл гэж үзэж, хэрэгсэхгүй болгохдоо шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагчаас 1.320.730 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрийн 2 дах заалтад өөрчлөлт оруулсан магадлалыг холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин ээлжийн амралтын олговорыг нэхэмжлэгч нэхэмжилсэн боловч түүнд ажилгүй байсан хугацааны цалин олгож шийдвэрлэсэн тул олговор гаргуулах үндэслэлгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 361 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 8 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 1.320.730 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ээлжийн амралтын олговорт 1.903.647 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,” гэснийг хүчингүй болгож, “...хариуцагчаас 215.551.6 төгрөгийг” гэснийг “...хариуцагчаас 164.716 төгрөгийг” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлүийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ