Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 929

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ын М 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл: “...Гун-Аажав овогтой М  миний бие ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн архивт 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 6 дугаар тушаалаар архивчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа 2011 онд Төрийн албаны зөвлөлөөс зарласан төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 756 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж  байгаад ...  Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 01 сарын 17-ны өдрийн 63 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн  эрхийн  улсын  бүртгэгчээр  сэлгэн  томилогдон ажилласан. 

2014 оны 3 дугаар сараас тухайн дүүргийнхээ эд хөрөнгийн архивын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад улсын бүртгэгч Ц.Мөнхзаяад ажлаа хүлээлгэн өгч 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан. Тасгийн дарга М.Оюунгэрэл намайг жирэмсний амралтаа авах гэж байгааг сайн мэдэж байсан ба жирэмсний амралтаа хэзээ авах гэж байгаагаа ерөнхий гаүрын хүний нөөцийн хэлтэст утсаар урьдчилан хэлж мэдэгдэх хэрэгтэй гээд би өөрөө утсаар хэлсэн, мөн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн н.Өлзийбаасан над руу залгаж асууж байсан. 

Ингээд 2015 оны 11 сард хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл өгөхөөр очиход Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн н.Минжин өргөдлийг хүлэн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед би жирэмсний амралтаа аваад явсан учир эндүүрэл гарсан байх, учир нь олдоод холбогдох байх гээд явсан. 2016 оны 9 дүгээр сарын 14-нд хүүхэд асрах чөлөөний хугацааг 1 жилээр сунгуулах өргөдөл өгөхөөр очиход дээрх асуудал шийдэгдээгүй байсан тул мөн өдрөө Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүд хандан өргөдөл өгсөн боловч жил шахамын дараа 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Булганхүүгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Иймд та хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож дээр дурдсан тушаалын дагуу ажлын байр албан тушаалдаа ажиллах хүсэлтээ илэрхийлэх боломжтойг үүгээр мэдэгдье” гэсэн 1/4334 тоот хариуг өгсөн. Уг хариуг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2017 оны 6 дугаар сарын 19-нд гомдол гаргахад 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “танд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1/4334 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байна. Та хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож 2014 оны 936 дугаар тушаалаар томилогдсон үүрэгт ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлэх боломжтой болно” гэсэн хариуг 18 тоотоор өгсөн.

Хуулийн байгууллагад хандахаар өөрийн хувийн хэрэгтэйгээ танилцан, шаардлагатай нотлох баримт бичгийг гаргуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хүний нөөцийн  ахлах  мэргэжилтэн  н.Амаржавхлан,  мэргэжилтэн н.Үүрцайх нарт хандахад чиний хувийн хэрэг олдохгүй байна гэсэн. 

Төрийн албаны  тухай хуулийн  14  дүгээр зүйлийн  14.1.4-т  заасан  нийтлэг 

эрх, мөн хуулийн 4 дүгээр бүлэг 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар хүйсээр ялгаварлаж байна гэж үзэх үндэслэлтэй хэмээн үзэж байна. Энгийн нэг төрийн албан хаагч эмэгтэй хүний үүргээ биелүүлж жирэмсний амралтаа аваад явсан нь буруу байж гэж бодогдож байна. Дээрх үүсээд байгаа асуудлуудад үнэхээр гомдолтой байна. Төрийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг жирэмсэний амралт авч явсны төлөө ингэж түр тушаал дээр томилж болохгүй, миний хувьд хүүхэд асрах чөлөө хууль ёсны дагуу сунгагдаад явж байгаа гэж ойлгож байсан, иймд миний эрх ашиг үнэхээр зөрчигдөж байна гэж үзэж байгаа учир 2014 оны 07 сарын 10-ны өдрийн 936 дугаар тушаалыг эс зөвшөөрч өмнө нь ажиллаж байсан Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн архивын мэргэжилтний албан тушаал эсвэл бүтэц зохион байгуулалтаар тухайн албан тушаал байхгүй болсон бол түүнтэй дүйцэхүйц албан тушаал дээр эргүүлэн томилогдох бүрэн эрхтэй хэмээн үзэж тухайн тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

Жирэмсний болон амаржсаны амралт авах тухай хүсэлтээ өөрийн биеэр өгч байсан. Хэлтсийн дарга, хүний нөөцийн дарга нар жирэмсний амралтаа хэзээ авах вэ? гэж асуугаад жирэмсний, амаржсаны амралтаа аваад явж байгааг мэдэж байсан. Хүүхэд асрах чөлөө хүссэн хүсэлтээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүний нөөцийн мэргэжилтэнд нөхрөөрөө өгүүлж байсан. 

2016 оны 09 дүгээр сар хүүхэд асрах чөлөө сунгах өргөдөл өгсөн ба өргөдлийн хариу 2017 оны 05 дугаар сарын  22-ны өдрийн албан бичгээр ирсэн. Тус хариунд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936 дугаар тушаалын талаар дурдсан байсан ч тушаалыг албан ёсоор хавсаргаж өгөөгүй, танилцуулаагүй. Улмаар Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд 2017 оны 06 дугаар сард гомдол гаргасан боловч мөн дээрхтэй ижил утгатай хариуг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгсөн. Мөн миний бие 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б\556 дугаар тушаалын талаар тус тушаал шүүхэд нотлох баримтаар ирэхэд нь мэдсэн.

Би эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байгаад архивын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад жирэмсний амралт авсан. Архивын мэргэжилтэн нь тухайн иргэн, хуулийн этгээдийг үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар  лавлагаа  гаргаж  өгдөг  төрийн  захиргааны  албан  тушаалтан.  Харин 

архивч нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргүүдийг улсын бүртгэгч нарт хүлээлгэн өгөх, буцаан авч архивт байрлуулах ажлыг хийж гүйцэтгэдэг төрийн үйлчилгээний албан хаагч юм.  Одоо  архивын  мэргэжилтний  орон  тоо  чиг  үүрэг 

 

улсын бүртгэгчийн орон тоонд нэгдсэн.

Ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхэлж гаргуулах шаардлага гаргасан. Хүүхдээ 3 нас хүртэл асрах эрхтэй ба миний хүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3 нас хүрсэн...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Ажил олгогч нь нэхэмжлэгчийг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд түр гэрээт ажилтныг томилж өөрийнх нь өмнө эрхэлж байсан албан тушаалыг өөрчилсөн 936 дугаар тушаалыг 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Тус тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд албан тушаалыг буюу тухайн ажиллаж байгаа албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан заалтыг үндэслэж байгаа мөртлөө нэхэмжлэгчийн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг нь зөрчин хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан 3 үндэслэлээс бусад тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогч хүлээхээр заасан. Гэтэл тус тушаалаар нэхэмжлэгчийн үндсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон түр ажилд томилсон.

Хариуцагчийн зүгээс Б/556 дугаар тушаалыг гаргахдаа Засгийн газрын тогтоолыг баримталсан гэсэн тайлбар гаргасан. Хууль тогтоомжийн эрэмбийн хувьд хууль нь Засгийн газрын тогтоолоос дээгүүр байна. Иймд хариуцагчийн Засгийн газрын тогтоолоор орон тоо батлагдсанаас болж дээрх тушаал гарсан гэдэг нь үндэслэлгүй байна. Ажил олгогч нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгчийн ажил үүргийг нь хадгалах ёстой байсан болохоос Засгийн газрын тогтоолыг нэхэмжлэгчийг түр ажилд томилох үндэслэлээ болгож болохгүй. Иймээс энэхүү акт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй байна.

Түр томилсон тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй учраас 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хандсанаараа тус акттай маргаж эхэлсэн. Үүнээс биш нэхэмжлэгч халагдсан гэдгээ мэдээгүй байсан. Энэ талаар маргаж байгаа учраас ажилд орох хүсэлтээ гаргах боломжгүй байсан.

Хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа буюу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд тухайн актыг нөгөө талдаа мэдэгдэх ёстой  байсан.  Хэзээ,  хэний,  ямар тушаал,  хуулийн 

зүйл,  заалтаар  эрхийг  нь  хөндөж  байгаа  талаар  нэхэмжлэгчид  танилцуулсан 

тохиолдолд маргаан бүхий актыг мэдэгдсэн гэж ойлгох байсан. Гэтэл нэхэмжлэгч маргаан бүхий 936, Б/556 дугаар тушаалыг бичгийн хэлбэрээр шүүхэд  ирэхэд нь хавтаст хэргээс анх удаа танилцсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасан.  Өөрөөр хэлбэл тухайн ажилтныг өөр ажилд шилжүүлсэн буюу халсан тохиолдолд ажил олгогчоос тухайн тушаалыг гардуулан өгөх ёстой. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой. Гэтэл хариуцагчийн зүгээс энэхүү ажиллагаа хийгдээгүй. Иймд нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийн хувьд хуульд заасан хугацааныхаа дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн авч байсан сарын дундаж цалин 609.772 төгрөг тул ажилгүй байсан хугацааны 3 сар 4 өдрийн цалин болох 1.829.316 төгрөгийг хариуцагчаас гаргуулна уу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Г.М  нь 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тушаалаар архивчаар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 756 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гуйцэтгэгчээр томилогдож байсан боловч ар гэрийн гачигдал гэдэг шалтгаанаар өөрийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 63 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр сэлгэн томилогдож ажилласан байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 516 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст архивын мэргэжилтнээр томилогдсон байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөпж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” 936 дугаар тушаалаар нэхэмжпэгч Г.Мөнх-Эрдэнийг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Булганхүүгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучнаар/ нь Засгийн газрын 2015 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/304 дүгээр тушаалын дагуу Үндэсний статистикийн хороотой нэгдэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. 

Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" 2016 оны А/16 дугаар тушаалын дагуу дахин бүтэц, зохион байгуулаптын өөрчлөлт хийгдэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон зохион байгуулагдсан. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай" 936 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Булганхүүгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан тул бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр тухайн ажлын байр, албан тушаалд нь үргэлжлүүлэн томилсон болно. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай" 936 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г ын Мөнх-Эрдэнийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Булганхүүгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ын 3.2.6, 4.8, 5.2 дахь заалт, 2012 оны “Төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай" 78 дугаар тогтоолыг тус тус үндэслэн хууль ёсны дагуу гарсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана гэж заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2014 оны 936 дугаар тушаалаар түр 

Орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Ж.Булганхүүгийн ажилдаа эргэн орох хүсэлтийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалаар Г ын Мөнх-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Маргаан бүхий 2 захиргааны актыг нэхэмжлэгчид танилцуулах, гардуулж өгөх ажиллагаа хийгдээгүй.

Нэхэмжлэгч нь 2014 онд амаржсаны болон хүүхэд асрах чөлөө хүссэн тухай өргөдлөө огт гаргаж байгаагүй, чөлөө олгосон тухай эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэр байхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2014 оноос хойш ажилдаа эргэж орох талаар хүсэлтээ гаргаж байгаагүй, үүрэгт ажлын байрандаа ажиллаж байгаагүй болно. Мөн 2015 онд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон талаар мэдэж байсан боловч гурван жилийн дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1, Монгол Улсын Дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2010 оны 8 дугаар тогтоолын 20.2-т заасан өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргана гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М  нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Г.М  нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тушаалаар тус газарт архивчаар, 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 756 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 63 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр, 2014  оны  04  дүгээр  сарын  28-ны  өдрийн  516  дугаар  тушаалаар  тус  хэлтэст архивын мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байгаад 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс жирэмсний амралтаа авч 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүүхдээ төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан холбогдох тушаалууд, жирэмсний  болон  амаржсаны  эмнэлгийн  хуудас,  хүүхдийн  төрсний  гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч нь дээрх ажилд томилсон тушаалууд, ажлын байрны  тодорхойлолтод зааснаар төрийн захиргааны албан тушаалыг эрхэлж байсан, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6-д зааснаар түүний төрийн алба хашихтай холбоотой хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулиар, уг хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн үндсэн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авах, энэ хугацаанд ажил албан тушаалыг хэрхэх тухай харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй тул энэ харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт энэ тохиолдолд үйлчилнэ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д ажил олгогч нь эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгохоор, 106 дугаар зүйлийн 106.1-д ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асрах чөлөө олгохоор, 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар, 106 дугаар зүйлийн 106.2-т хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэйг, хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгөхөөр, мөн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглох талаар жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авах, энэ хугацаанд ажил албан тушаалыг хэрхэх тухай харилцааг тус тус нарийвчлан зохицуулжээ. 

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай" 936 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивын мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнийг 7 дугаар сарын 09-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт  ажлаас  нь  чөлөөлж,  тус  хэлтсийн  иргэний  бүртгэлийн  тасгийн  улсын бүртгэгч Ж.Булганхүүгийн хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нэхэмжлэгчид 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бодож олгосон атлаа мөн өдрөөс үүрэгт ажлаас нь хуульд заасан үндэслэлгүйгээр чөлөөлжээ. 

“Хуульд заасан үндэслэлгүйгээр чөлөөлсөн” гэж дүгнэсний учир нь уг тушаалд баримталсан Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх заалт нь агентлагийн даргад харьяалах албан тушаалтныг томилох, чөлөөлөх шийдвэр гаргах эрх олгосон, уг шийдвэрээ тушаал хэлбэрээр гаргахыг зааснаас бус ийнхүү томилох, чөлөөлөх үндэслэлийг зохицуулаагүй, тодруулбал төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг зохицуулаагүй, харин Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.2.6, 4.8, 5.2 дахь заалт нь жирэмсний болон амаржсаны амралттай, чөлөөтэй байгаа буюу эзгүй албан хаагчийн албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон авч хугацаа заан түр орлон гүйцэтгүүлэх, энэ хугацаанд албан хаагчид цалинг хэрхэн олгох талаар зохицуулсан байна. 

Өөрөөр хэлбэл уг тушаал хүүхэд асрах чөлөөтэй байгаа Ж.Булганхүүгийн албан үүргийг орлон гүйцэтгүүлэх асуудлыг л шийдвэрлэснээс биш төрийн жинхэнэ албан хаагч Г.Мөнх-Эрдэнийг албан тушаалаас чөлөөлсөн буюу түүний хөдөлмөрийн харилцааг ямар үндэслэлээр дуусгавар болгож буйгаа хуульд үндэслээгүй байна. 

Энэ хууль бус тушаалын үр дагавраар Ж.Булганхүүгийн хүүхэд асрах чөлөө дуусахад түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэсэн үндэслэлээр Г.Мөнх-Эрдэнийг чөлөөлөх үндэслэл болж, нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийн жирэмсний болон амаржсаны амралт авах, хүүхдээ 3 нас хүртэл асрах, энэ хугацаанд ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах хуулиар эмэгтэй албан хаагчид тусгайлан олгосон эрх, баталгааг зөрчжээ.    

Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах ба тодорхой хязгаарлалтын хүрээнд төрд жинхэнэ алба хааж буйн хувьд хуулиар тогтоосон нэмэгдэл баталгаа болох хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгааны цаана мөн хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх баталгаа хангагдана. Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.3, 23.4, 24 дүгээр зүйлээр төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлийг   тодорхой   зохицуулсан,   эдгээрээс   бусад   үндэслэлээр   төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх баталгааг эдэлнэ. 

Иймд төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд заасан ямарваа үндэслэлгүйгээр чөлөөлснийг дээрх баталгааг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа Ж.Булганхүүгийн албан тушаалыг хэвээр хадгалагдана гэж үзэж, түүний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж, хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгон үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулсан атлаа мөн адил жирэмсний болон амаржсаны амралт авсан Г.Мөнх-Эрдэнийг үүрэгт ажлаас нь ийнхүү чөлөөлөн Ж.Булганхүүг ажилдаа орох хүртэл албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь, улмаар бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 391 дүгээр тушаалаар албан хаагчдаа томилж албан тушаалд байршуулахдаа Ж.Булганхүүг тухайн албан тушаалд нь томилж, мөн өдрийн 392 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй Г.М  болон Г.Батцэцэг, Э.Мөнхзаяа нарыг Ж.Булганхүүг үүрэгт ажилдаа орох хүртэл албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр,  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 6/95, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар үргэлжлүүлэн байршуулсан нь үндэслэлгүйн дээр албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмын зорилго агуулгадаа нийцэхгүй байна. Учир нь жирэмсний болон амаржсаны амралтаа авсан, чөлөөтэй байгаа албан хаагчийн албан үүргийг тодорхой хугацаанд бодитой гүйцэтгүүлэх ёстой ч уг зохицуулалтыг баримтлан жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй буюу ажил үүрэг нь хэвээр хадгалагдах албан хаагчдыг тухайн албан тушаалд түр байршуулах байдлаар хууль тогтоомжийг буруу хэрэглэжээ. Үүнээс үүдэн ажил, албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр байршуулсан гэх нэрийдлээр жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй буюу ажил үүрэг нь хэвээр хадгалагдах албан хаагчдын ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхийг зөрчих үндэслэл болсон байна.

Хариуцагч нь 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936 дугаар тушаалаар “улсын бүртгэгч Ж.Булганхүүгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон” шийдвэрээ болон Ж.Булганхүүгийн ажилдаа эргэн орох хүсэлтийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалаар “Г.Мөнх-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” шийдвэрээ тус тус нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй, танилцуулаагүй байх бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан “хүүхэд асрах чөлөөг сунгуулах хүсэлт гаргахаар ирэхэд түр орлон гүйцэтгэгчээр  томилсон  тушаал  гарсан  байх  тул  зохих  хууль  журмын  дагуу 

шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай өргөдлийн хариуг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1/4334 тоотоор “Ж.Булганхүүгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож дээрх тушаалын дагуу ажлын байр, албан тушаалд ажиллах хүсэлтээ илэрхийлэх боломжтой”-г мэдэгдсэн, уг хариуг эс зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасны хариуг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр аваад 2017 оны 9 дүгээр сарын  14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна. 

Түүнчлэн 2015 онд хүүхэд асрах чөлөө хүсэх өргөдөл гаргахаар очиход хүний нөөцийн мэргэжилтэн хүлээн аваагүй, 2016 онд хүүхэд асрах чөлөө сунгуулах хүсэлт гаргахаар очоод түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар гомдол гаргаж маргасан байх тул нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөө хүсэж өргөдөл гаргаж байгаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүйн дээр, түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүдээр “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тэмдэглэгээтэйгээр албан тушаалд байршуулж томилж байснаас үзэхэд ажил олгогч нь Г.Мөнх-Эрдэнийг хүүхэд асрах чөлөөтэй гэж тооцож байсныг илэрхийлж байна.

Хариуцагч нь 2014 оны 936 дугаар тушаалаар Г.Мөнх-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн нь болон 2017 оны Б/556 дугаар тушаалаар түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаснаас бусад тохиолдолд ажлаас халах буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохыг хориглох заалтыг зөрчсөн төдийгүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага хангагдах үндэслэлтэй байна. 

Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, дүүргийн Бүртгэлийн хэлтсүүдийн бүтэц, орон тоог тогтоосон  Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 514 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч 11, архивын мэргэжилтэн 1 орон тоо батлагдсан, мөн өдрийн 517 дугаар тушаалаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, 518 дугаар тушаалаар архивын мэргэжилтнээр томилогдсон, мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын  14-ний  өдрийн  Б/39  дүгээр  тушаалаас  үзэхэд Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст архивын мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдаж, харин эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн орон тоо 14 болж нэмэгдсэн, нэхэмжлэгч жирэмсний амралт авах үед ажиллаж байсан архивын мэргэжилтний чиг үүрэг, албан тушаалын ангилал, зэрэглэл нь түүний өмнө нь ажиллаж байсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалтай дүйцэхүйц дэс түшмэл ангиллын ТЗ-6-2 зэрэглэлийн байх тул Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр эгүүлэн тогтоох боломжтой байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936 дугаар тушаал хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг тушаалын үр дагавар болон гарсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын  17-ны өдрийн Б/556 дугаар тушаалыг мөн хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц албан тушаал болох  Баянзүрх дүүргийн Бүртгэлд хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлтэй байна. Дээр дүгнэснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөө эдлэх эрхтэй байх тул 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүүхдийг 3 нас хүрсэн өдрийн маргааш өдрөөс буюу 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл 3 сар 4 хоногийн цалинг түүний өмнө нь ажиллаж байсан болон эгүүлэн тогтоогдсон албан тушаалын ангилал, зэрэглэлийн ТЗ-6-2 шатлалаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тооцон олгуулахаар шийдвэрлэлээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан дээрх хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн  албаны тухай  хуулийн 11  дүгээр  зүйлийн  11.6,  27  дугаар зүйлийн 27.1.11, 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн  35 дугаар зүйлийн  35.1.4,  36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын  17-ны өдрийн Б/556 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 3 сар 4 хоногийн цалинг албан тушаалын ангилал, зэрэглэлийн ТЗ-6-2 шатлалаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч энэ хугацааны эрүүл, мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурьдсугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА