Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0186

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х, Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Б.Ү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: “Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгчМ ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасанЮ ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч Д.Х нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0041 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гарсаныг мэдэгдсэний дагуу гардан авч, шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.  

Гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг буруу ойлгож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус гаргаагүй шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагад огт дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар дараахь гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт: Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр хуудас дахь үндэслэх хэсэгт “... хариуцагчийн үйл ажиллагааг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан захиргааны байгууллагын хуулиар хүлээн үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан эс үйлдэхүй хэмээн үзэх боломжгүй байна..." гэжээ. Нэхэмжлэгч нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учир Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах зээд дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнө Улсын дээд шүүхээс 2020 оны 303 дугаар тогтоолоор хэргийг буцааж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс эс үйлдэхүй гаргасан гэж маргаж байгаа эсэх, эсхүл шийдвэр гаргахаас татгалзаж байна гэж маргаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байна гэж буцаасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг анхан шатны шүүхэд буцсаны дараа тодруулсан бөгөөд шүүгч бүрдүүлбэр хангуулан буцааж дахин гаргахад улмаар хүлээж авсан байдаг. Гэтэл шүүх дээрх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн огт гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэж, гаргасан нэхэмжлэлийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй мэтээр ойлгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гаргах шалтгаан болжээ. Үүнээс үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан шүүгч хэргийг огт ойлгоогүй, шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчид хэргийг буруу ойлгож хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэхээр байна. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан төдийгүй, нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагын хүрэнд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна

Хоёрдугаарт, Нэхэмжлэгч нь “Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүхээс гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоолгох шаардлагын талаар дүгнэлт огт хийлгүйгээр 41 дүгээр шийдвэрийг гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийнэ гэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4-т “... Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна ... гэсэн хуулийн заалтыг зөрчиж, энэхүү шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэлт хийсэнгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-т “ ...шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол... гэж заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт огт дүгнэлт хийгээгүй байх тул энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Гуравдугаарт. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээг кабелийн, хиймэл дагуулын, Ай Пи Ти Ви болон хөдөлгөөнд зэргээр технологийн төрлөөр ялгах боломжгүй гэж үзсэн хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг шүүх хуулийн хязгаарыг хэтрүүлсэн хэмээн үзэж буруутгах боломжгүй байна гэжээ.

1. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлд “... Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч...” гээд 5.2-д “...Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ ... 5.3-д “...Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэстэн давамгай байдалтай гэж үзэж болно... гэж заасан байдаг бөгөөд Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1.1-д “бараа бүтээгдэхүүн " гэж зах зээлд худалдах, солилцох, эргэлтийн өөр нэг хэлбэрт оруулах зориулалттай бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, ажил, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг, хэлнэ гэж заасны дагуу бараа бүтээгдэхүүн мөн.

2. Түүнчлэн Зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 2.2-д Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараах үе шаттайгаар тогтооно: 2.2.1. бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, 3.2-т Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ зориулалтаар нь ангилж, тэдгээрийн харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг тодорхойлоход чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд дараах үе шаттай байна. 3.2.2-т сонгосон ангиллын бараа бүтээгдэхүүний хэрэглээ болон нийлүүлэлт талаас нь орлох бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг судлан харилцан орлох бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох ” гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо журмын 3.2-д заасан хүчин зүйлүүдийг харгалзан үзэж, тодорхойлохоор заасан байтал шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ технологийн төрлүүдээр ангилж зах зээлийн судалгаа хийхээр зохицуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна .

3. Мөн Ю ХХК-ийн радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээ нь тодорхой бараа бүтээгдэхүүн болохын хувьд тухайн бүтээгдэхүүнийг харилцан орлох бүтээгдэхүүн нь “Скаймедиа” ХХК-ийн радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээ байна. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь бараа бүтээгдэхүүний хүрээг үндэслэлгүйгээр, буруу тогтоож Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах 22 гэр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогоогүй нь хууль бус байтал шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

4. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “...Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа ...үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу тунээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ...” гэж зааснаар Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээ нь тодорхой бараа бүтээгдэхүүн үйлчилгээ болохын хувьд борлуулалт, худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ гэж заасны дагуу Ю ХХК нь давамгай байдалтай аж ахуй нэгж болох нөхцөлийг хангасан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 45-53, 51-63, 182-191 дүгээр хуудсанд тус тус авагдсан. Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгжүүдийг тогтоох судалгаа, хавтаст хэргийн 192 дугаар хуудсанд авагдсан Улаанбаатар хотод үйлчилгээ эрхлэгчдийн зах зээлийн мэдээлэлд телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамлуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний эрхлэгч “Ю ХХК болон Скаймедиа ХХК-иудын зах зээлийн мэдээлэл зэргээс үзвэл “Ю” ХХК нь Монгол улсын 17 аймагт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээг дангаараа эрхэлж зах зээлийн 100 хувийг, 4 аймагт нь телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах зээлийн 66,6 хувиас дээш хувийг, Улаанбаатар хотод тус үйлчилгээний зах зээлийн 75 хувийг эзлэж байгаа болох нь тодорхой харагддаг.

Дээрхээс дүгнэвэл нэгдүгээрт: Олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах зээл нь тодорхой төрлийн зах зээл болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч ч өөрөө тодорхой төрлийн зах зээл гэж үздэг. Түүнчлэн тухайн зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг нэг этгээд дангаар эзэлж байхад давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхлыг хамгаалсан аливаа төрлийн үйлдлийг хариуцагч гаргаж , үйл ажиллагаа явуулдаг гэж хардахаар байна.

Дөрөвдүгээрт. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийн интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргаж, улмаар давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоолгохыг хүссэн. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс гаргасан судалгааг гомдолд дурдсан ...Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг гомдолд хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь судалгааг хийсэн интернет протокол ашигтан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай...” аж ахуйн нэгжээр тогтоох талаар судалгааг хийгээгүй бөгөөд зөвхөн ерөнхий ангилалаар телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл олж авч үзэн судалгааг хийсэн байдаг. Хэрэв гомдолд дурдсан телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээлд тулгуурлан судалгааг хийвэл “Ю” ХХК зах зээлийн 15 хувийг эзэлж байгаа тул шууд давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогдох юм. Түүнчлэн хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар гаргахдаа технологийн хувьд ялгаж зах зээлийг авч үзэхгүй, телевиз радиогийн олон сувгийг зах зээл гэж бүхэлд нь авч үзнэ гэж тайлбарладаг. Гэтэл бодит байдал дээр телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээл нь өөрөө тодорхой төрлийн зах зээл бөгөөд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 111 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Монгол Улсад Интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээ /IPTV/-г нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”. Уг чиглэлд “...Монгол улсад интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээг эрлэх эрхийг тухайн газар нутагт 4 хүртэл оператор компанид олгоно...эрхийг олгохдоо холбогдох хууль, тогтоомжийн дагуу уралдаанд шалгаруулалтын аргаар үйлчилгээ эрхлэгчийг шалгаргуулна... Ай Пи Ти Ви үйлчилгээ нь Video on Demand /VOD/, live Tv8, төрөл бүрийн интерактив үйлчилгээнүүдтэй...” гэсэн байдаг. Үүнээс үзвэл Монгол улсад интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээг эрхлэх эрхийг одоогийн байдлаар “Ю ХХК, Скаймедиа ХХК-д олгосон байх бөгөөд цаашид сонгон шалгаруулалтын журмаар 2 оператор компанид эрх олгох боломжтой байх ба телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь бараа бүтээгдэхүүний нэг зах зээл гэдгийг уг баримт бичгээр тодорхойлсон байна Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь бодлогын баримт бичигтэй тусдаа зах зээл юм. Иймд бодлогын баримт бичигтэй, тодорхой төрлийн зах зээлд эзлэх хувь нь 33 хувиас дээш давсан аж ахуй нэгжийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу шүүх давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгах нь хуульд нийцэхээр байгаа болно.

Тавдугаарт, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Үүнтэй холбогдуулан хэрэгт нотлох баримтаар авагдсан, Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 02/1422 дугаар албан бичигт “...манай улсын хувьд ч мөн сүүлийн 10-аад жилийн хугацаанд технологиос үл хамаарсан зарчмыг баримтлан зохицуулалтыг хийж байна” хэмээн тэмдэглэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна... гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2 дугаар хавтаст хэргийн 209 хуудсанд авагдсан 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 01 дүгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тогтоолд “Сансар KaTB кабелийн телевизийн үйлчилгээний зах зээлд давамгай байдлаа алдсаныг тухайн зах зээлд “ДДЭШ ТВ” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгаа болохыг тус тус тогтоосугай гэсэн байдаг. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 242 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 09 сарын 20 ны өдрийн 05 дугаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн тогтоолд “...ДДЭШ ТВ " ХХК телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдлаа алдсан болохыг Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд “ДДЭШ ТВ" ХХК-ийг тухайн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосугай” гэсэн, 2 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудсанд авагдсан 2015 оны 03 сарын 31-ний өдрийн 06 дугаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн тогтоолд “ДДЭШ ТВ ХХК телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд зүй есны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосугай” гэсэн байдаг. Дээрх хариуцагч байгууллагын гаргаж байсан тогтоолуудад телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ, кабелаар дамжуулах үйлчилгээ гэх зэргээр бараа бүтээгдэхүүний хүрээг нь тодорхойлж хэрэглэгчийн тоон судалгааг хийж зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй нэгжүүдийг тогтоож байсан байна. Үүнээс үзвэл Монгол улсад Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар, кабелаар, мобайл тв-ээр, Ай Пи Ти Ви-ээр дамжуулдаг бөгөөд энэ бүхнийг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тодорхой төрлийн тус тусдаа зах зээл гэж үздэг нь дээрх тогтоолуудаар тодорхой харагддаг. Мөн тогтоолуудаар хиймэл дагуулын зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгжийг тогтоосон, Кабелийн сувгийг зах зээлд мөн л давамгай байдалтай аж ахуй нэгжийг тогтоосон байна. Дээрх зах зээлүүдийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тус тусдаа хэн гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч иржээ. Гэтэл дээрх 4 төрлийн зах зээлээс 2нь давамгай байдалтай аж ахуй нэгжийг тогтоосон атлаа Ай Пи Ти Ви, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас зах зээлийн 75 хувийг эзэлж байгаа Ю ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-т заасан нөхцөл бүрдчихээд байхад тогтоохгүй байгаад гомдол гаргаж, тогтоолгоё гэхээр өмнөх хиймэл дагуул, кабелын сувгийн зах зээлийг тодорхой төрлийн зах зээл гэж үзэх давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоосон тогтоолуудаа үгүйсгэж, телевиз радиогийн олон сувгийн зах зээл нь нэг зах зээл гэх шүүхэд тайлбар ойлголтыг өгч, нийт зах зээлийн 75 хувийг эзэлж байгаа компанийг давамгай байдалтай аж ахуй нэгж болоогүй мэтээр гүрийж мэтгэлцээд байгаа нь цаанаа давамгай байдалтай аж ахуй нэгжийг төрийн байгууллага бамбай барин хамгаалж буйтай агаар нэг үйлдлийг гаргасаар байна. Давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогдох нь чөлөөт өрсөлдөөний зах дээр байдаг хэвийн эрүүл үзэгдэл бөгөөд, тодорхой бараа, бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран борлуулалт, эсхүл худалдан авалтын 33 ба түүнээс дээш хувийг эзэлж байвал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, Засгийн газрын 2010 оны 298 дугаар зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмын дагуу Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоож, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэгтэй. Гэтэл уг үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль зөрчиж байна. Түүнчлэн телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээлийн тоон судалгаагаар Ю ХХК нь Монгол улсын 17 аймагт 100 хувь, Улаанбаатар хотод 75 хувийг дангаар эзэлж байна. Энэ судалгааг хариуцагч байгууллага хийсэн. Бодит нөхцөл байдал дээр ч “Ю” ХХК-ийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээ нийслэлийн дүүрэг бүрийн орон сууцны айл өрх, 21 аймгийн төвийн орон сууцны айл өрхүүдэд хүрсэн болохыг бид мэддэг. Иймд хариуцагчийн гаргаж буй хуулийг хэрэглэхгүй байгаа, хууль зөрчиж буй үйлдлийг шүүх таслан зогсоож, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0041 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдол, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд ... хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав.

Нэхэмжлэгч “М” ХХК-иас анх тус шүүхэд хандан “Ю” ХХК-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз радиогийн олон сувгийн интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “...Ю ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлжээ.

Хэдийгээр анхан шатны шүүхээс “...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч “...шийдвэрлэлээ гэж дурьдсан боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгыг зөрүүтэй ойлгож шийдвэрээ гаргажээ.

            Дээрх байдлын улмаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад 1-рт захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус, эсхүл 2-рт захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэсэн 2 нөхцөлийг заажээ. Улмаар “...түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол “...дараах шийдвэрийн аль нэгийг шүүх гаргахаар заажээ. Үүнд шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эсвэл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох.

Нэхэмжлэгчийн зүгээс 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтын эхний хэсэг буюу “...захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус...” гэж маргажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтын “...захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус...” гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэмээн буруу ойлгож шийдвэрлэжээ. Улмаар “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “...эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор заасан бөгөөд “Өмгөөллийн төв консалтинг” ХХН-өөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18-12/178 дугаартай албан бичгээр гаргасан өргөдөлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Зах зээл судалгааны газраас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6/1680 дугаартай албан бичгээр хариу өгч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/802 дугаар албан бичгээр “Өмгөөллийн төв консалтинг” ХХН-нд хүргүүлж, Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлын танилцуулга-ыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч н.Билгүүнд танилцуулсан хариуцагчийн үйл ажиллагааг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан эс үйлдэхүй хэмээн үзэх боломжгүй байна” хэмээн буруу дүнэлт хийсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд “эс үйлдэхүй” гэж маргаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-т “...шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол...” гэж заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иймд “...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус гаргаагүй шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагад огт дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар дараахь гомдлыг гаргаж байна” гэсэн нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Гэвч анхан шатны шүүхээс түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагад огт дүгнэлт хийгээгүй байхад, шийдвэрийг хчингүй болгоод улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй.

Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, энэ үүднээсээ нэхэмжлэл гаргах боломжгүй, манайх үнэгүй нэвтрүүлгийг нь дамжуулж өгдөг гэсэн агуулгаар давж заалдах гомдолд тайлбар гаргадаг. Гэвч нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн үйлчилгээг хэрэглэгч, түүгээр үйлчлүүлэгч болохынхоо тухайд ШӨХТГ-т гомдол хүсэлт гаргах, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүхээс үнэлж дүгнэсэн байдал болон хэргийн үйл баримтын талаар үгүйсгэсэн, эсхүл зөвтгөсөн ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                   Э.ЗОРИГТБААТАР