Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/105

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Энхжин, 

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч П.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б- овгийн П-гийн Э-д холбогдох эрүүгийн 1927002240111 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин сумын ___ ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин Сумын ___ баг ___ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн П-гийн Э- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.Э- нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн нутаг дэвсгэрт байрлах “___” хадгаламж зээлийн хоршооны үүдний орчимд хохирогч Д.О- нь Samsung J-6 маркийн гар утсаа гээсэн байсныг олж авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Д.О-д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч П.Э- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цайны цагаас өмнө буюу 12 цагаас өмнө Хархорин сумын Арвижих дэлгүүрийн урд талд байдаг “___" ХЗХ-ээс гараад машиндаа суухдаа цүнхнээсээ өөрийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Мобиком ХХК-ий Хархорин дахь салбараас 839.900 төгрөгөөр худалдаж авч байсан гар утсаа унагааж гээгдүүлсэн. Би ажлын газрын үүдэнд унагаасан утсаа 15 минутын дараа авахаар эргэж ирэхэд миний утас байхгүй байсан” Мэдүүлэг /хх 8-9/

Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би 2019 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-ны үеэр Хархорин суманд гэртээ ирсэн. Намайг ирэх үед манай аав ажил дээрээ гараатай, ээж Бат-Өлзий сум руу түлээний модонд явчихсан эзэнгүй байсан. Манай гэрт эрээн гэртэй улаан өнгийн дэлгэцтэй гар утас байсан. Би Улаанбаатар явахдаа тухайн гар утсыг авч явсан. Улаанбаатар хотод очоод мобикомын сим карт аваад уг утсанд хийж асаагаад барьсан. Манай аав, ээж нар эзэнгүй байсан учир асуугаагүй...... Улаанбаатар хотод очоод ээж рүү утсаар яриад уг утсыг авсан талаараа хэлсэн чинь манай ээж наад гар утсыг чинь олсон юм гэж надад хэлсэн. Facebook рүү орсон чинь О- гэх хүний нэр гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 13/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ӨХЦ19-34 дугаартай: “Тус  үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлгээгээр нийт 639.920 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн мэдүүлэг /хх 22-28/,

Эрүүгийн  хэрэг  үүсгэж,   яллагдагчаар  татах  тогтоол,   дуудан   ирүүлэх хуудас, тогтоол танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх 1-2/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч П.Э-гийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч П.Э- нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган- Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооны үүдний орчимд хохирогч Д.О-ийн “Samsung J-6” маркийн гар утас гээсэн байсныг олж авч бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч П.Э-гийн үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

Иймд шүүгдэгч П.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.Э- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тотгоогдоогүй болно.

шүүгдэгч П.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож,

шүүгдэгч П.Э- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

шүүгдэгч П.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Э-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэв.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овгийн П-гийн Э-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн П-гийн Э-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч П.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХ-АМГАЛАН