Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 476

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Т холбогдох эрүүгийн 2006 00954 0374 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймаг Сайнцагаан   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Сум дундын 11-р шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 251 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Т .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 2 сарын 4-ний шөнө Баянзүрх дүүргийн 4-р хороо 11-р байрны 62 тоод байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байрны эзэн Д.Дэмбэрэлтэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн

ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Дэмбэрэлийн өгсөн мэдүүлэг /хх 6-11/, гэрч Н.Дүүрэнбаярын өгсөн мэдүүлэг /хх 14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 сарын 5-ны өдрийн 2289 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 18-19/, Б.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 28-29/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол /хх-35/, шүүгдэгч Б.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-23/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 2 сарын 4-ний шөнө Баянзүрх дүүргийн 4-р хороо 11-р байрны 62 тоод байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байрны эзэн Д.Дэмбэрэлтэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дэмбэрэлийн өгсөн: "...2020 оны 2 сарын 4-ний шөнө 01 цагийн орчим том өрөөг түрээслэдэг үл таних залуу найзуудтайгаа архи уугаад амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь “чимээгүй бай одоо явцгаа” гэж хэдэн удаа шаардлага тавихад “одоо болилоо, гарлаа” гээд дахиад шуугилдаад байхаар нь том өрөө рүү ороод “одоо явчих” гэхэд түүний нэг найз уурлаад миний нүүр рүү нэг удаа цохисон. Миний уруул сэтэрч үүдэн шүдний дээд талын 3 шүд хөдөлсөн." /хх 6-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Дүүрэнбаярын өгсөн: "2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 23 цагийн үед миний төрсөн өдрийг тэмдэглэлэхээр найз Мөнх-Оргил эхнэр Болороотойгоо манай гэрт ирсэн. Манай гэрт эхнэр Нямсүрэн найз Түвшинбаяр бид 3 байсан. Бид нар миний төрсөн өдөр болж байсан учир архи уусан. Тэгтэл 1 цагийн дараа найз Отгонболд, Нараа 2 нэмж ирсэн. Тэгээд бид нар архи ууж байхад хажуу өрөөний үл таних залуу эхнэртэйгээ орж ирээд томроод байсан. Хажуу өрөөний залуу “аятайхан байж чадахгүй бол зайлцгаа” гэсэн утгатай зүйл яриад би сайн санахгүй байна. Би түүний өөдөөс нь очоод бас юм ярьсан байх. Би юу ярьсанаа сайн санахгүй байна. Нэг мэдэхэд манай найзууд алга болсон. Би орондоо ороод хэвтэж байхад гаднаас цагдаа орж ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Хажуу өрөөний залуу орж ирээд томорч байхад найз Б.Т түүнийг цохисон юм шиг байсан. Би цохихыг нь хараагүй, нэг харахад хажуу өрөөний залуугийн шүднээс нь жаахан цус гарсан байсан." /хх 14-15/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 сарын 5-ны өдрийн 2289 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Д.Дэмбэрэлийн биед дээд уруулд цус хуралт, зулгаралт, доод уруулд зулгаралт, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." /хх 18-19/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т яллагдагчаар өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Дундговь аймгаас ирээд найз Дүүрэнбаярын гэрт байж байсан ба Дүүрэнбаярын төрсөн өдөр болоод гэрт нь найзуудаараа архи уусан. Манай найзын байгаа байранд нь 3 айл байдаг. Өрөө болгоныг нь хөлслөн амьдардаг. Тэгтэл хажуу айлын залуу орж ирээд “одоо больцгоо зайлцгаа” гээд хашгираад найз Дүүрэнбаяртай маргалдаад байхаар нь хохирогч Дэмбэрэлийг дагуулж коридорт гараад “ахаа одоо бид нар гарлаа уучлаарай” гээд юм яриад зогсож байсан чинь “намайг холд” гээд түлхээд дагзруу цохих шиг болсон. Тэгэхээр нь түүний зүүн хацарны шанаа орчимд нэг удаа цохисон. Тэгээд би тэр чигээрээ гараад явсан. ”/хх 28-29/ гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

 

Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол /хх-35/,

 

Шүүгдэгч Б.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-23/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Т нь 2020 оны 2 сарын 4-ний шөнө Баянзүрх дүүргийн 4-р хороо 11-р байрны 62 тоод байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байрны эзэн Д.Дэмбэрэлтэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Түвшинбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Дэмбэрэл нь гомдол, саналгүй болсон ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Д.Дэмбэрэл нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч Д.Дэмбэрэл нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,

хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС