| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00513/И |
| Дугаар | 130/ШШ2016/00618 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2016/00618
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, ** дугаар хороо, *** дугаар хороолол, Г **** тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар ****, ****регистрийн дугаартай, ХЗТ А ХХК /захирал Х.Х/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар /дарга Х.Т/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХЗТ А ХХК-ийн захирал Х.Х, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газраас 8 км хатуу хучилттай замын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөр болох 60000000 /жаран сая/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч ХЗТ А ХХК-ийн захирал Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ХЗТ А ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын Газартай БӨА-081/2014 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын доторх 8 км хатуу хучилттай замын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан 8 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг 90000000 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон. Энэхүү гэрээний дагуу ХЗТ А ХХК нь 8 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэн 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгч гэрээг дүгнэн акт үйлдсэн. ХЗТ А ХХК нь энэхүү гэрээний ажлын хөлсөнд 30000000 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газраас хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 60000000 төгрөгийг одоог хүртэл хүлээн аваагүй байна. ХЗТ А ХХК нь БӨА-081/2014 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын доторх 8 км хатуу хучилттай замын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний үлдэгдэл 60000000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын Газраас удаа дараа нэхэмжилж төлбөр тооцоогоо дуусгахыг шаардсан боловч санхүүжилт байхгүй байна, удахгүй төлбөр тооцоогоо дуусгана гэх мэтээр шалтаг шалтгаан тоочсоор өдийг хүрлээ. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас БӨА-081/2014 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын доторх 8 км хатуу хучилттай замын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний үлдэгдэл 60000000 төгрөгийг гаргуулан ХЗТ А ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ХЗТ А ХХК-ний сум дундын иргэний хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлтэй танилцлаа. 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр аймгийн ЗДТГ-тай байгуулсан БӨА-081/2014 дугаартай Өлгий сумын доторх 8 км хатуу хучилттай замын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээгээр 90 сая төгрөг авах ёстойгоос 30 сая төгрөгийг авсан байна. ОНХсангийн зураг төсөв боловсруулах эх үүсвэрээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоол гарсан боловч одоогоор ОНХСанд мөнгө байхгүй учраас тус компанид мөнгө шилжүүлэх боломжгүй байна. 2014 онд ОНХсанд батлагдсан мөнгө төлөвлөсөн хэмжээнээс 1150,1 сая, 2015 онд 937.1 сая төгрөг тус тус дутуу ирсэн болно. Мөн 2016 оны СНХСангийн санхүүжилт өнөөдрийн байдлаар 2260,5 сая төгрөгөөр дутуу ирсэн тул эргэж төлөгдөх нөхцөлөөр хийгдсэн зураг төсвийн эх үүсвэрийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа Толбо-Ховд чиглэлийн замын ажлын магадалшгүйн зардлаар шийдвэрлүүлэхээр яригдаж байгаа. 8 дугаар сарын ОНХСангийн санхүүжилт огт ирээгүй. Иймд санхүүжилт ирсэн нөхцөлд зохих хэмжээгээр боломжоор төлөх болохыг мэдэгдье гэжээ
Нэхэмжлэгч ХЗТ А ХХК-ийн захирал Х.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэгэнт хариуцагч тал шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байсан. Улмаар 60 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг төлсөн. Одоо үлдсэн 50 сая төгрөгийг төлнө гэсэн. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХЗТ А ХХК-ний нэхэмжилсэн 60 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг 9 дүгээр сарын ОНХСангийн санхүүжилтээс барагдуулсан болно, Үлдсэн 50 сая төгрөгийг санхүүжилт нь ирмэгц төлж өгнө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХЗТ А ХХК нь Өлгий сумын доторх 8 км хатуу хучилттай замын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын газартай байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Т.М, Гүйцэтгэгч ХЗТ-А ХХК-ний захирал Х.Х, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Шолпан нарын гарын үсэг зурж тус тусын тамга дарж баталгаажуулан байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Зөвлөх үйлчилгээний гэрээ (Нийт үнэд үндэслэгдсэн гэрээ), 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Баян-Өлгий аймгийн доторх 8 км хатуу хучилттай замын зураг төсөв боловсруулах ажлын гэрээ дүгнэсэн акт, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1491/2013 дугаартай Барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төв Зураг төслийн баримт бичгийн Магадлалын Ерөнхий дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/358 дугаартай Баян-Өлгий аймгийн Дасаг даргын орлогч Н.Сийн хөрөнгө зарцуулах тухай захирамж, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаартай Баян-Өлгий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Замын сангаас хөрөнгө зарцуулахыг зөвшөөрөх тухай тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаартай Баян-Өлгий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Хөрөнгө зарцуулахыг зөвшөөрөх тухай тогтоол, уг тогтоолын хавсралт зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.
Иймээс нэхэмжлэгч ХЗТ А ХХК-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний дагуу 8 км хатуу хучилттай замын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөр болох 60000000 /жаран сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 60000000 /жаран сая/ төгрөгөөс 10000000 /арван сая/ төгрөгийг төлж өгсөн үлдсэн 50000000 /тавин сая/ төгрөгийг санхүүжилт ирмэгц төлж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХЗТ А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457950 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас 457950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХЗТ А ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ХЗТ А ХХК-ийн хатуу хучилттай замын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөр болох 60000000 /жаран сая/ төгрөг төгрөгөөс үлдсэн 50000000 /тавин сая/ төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь санхүүжилт ирмэгц төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зааснаар нэхэмжлэгч ХЗТ А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457950 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газраас 457950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХЗТ А ХХК-нд олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК