Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00528

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00528

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 36.062.308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* эмийн сангийн эрхлэгч ******* овогтой ******* 2013 оны 1 дүгээр сарын 01-нд Эм эмнэлгийн хэрэгслээр хангаж, хамтран ажиллах гэрээг дараах нөхцөлүүдээр харилцан тохиролцож хийсэн байдаг. Үүнд:

-Нийт 140 сая төгрөгийн худалдан авалт хийх

-Зээлийн хугацаа 14-21 хоног

-Өмнөх зээлээ 100 хувь барагдуулсны дараа зээл авах эрх нь үүсэх

-Хугацаандаа зээлийн төлбөрөө төлөхгүй бол хугацааны алданги үний дүнд 0.5 хувиар тооцож бодох.

Дээрхи гэрээний хэрэгжилтийн биелэлтийг 2014 оны 5 дугаар сарын 10-нд дүгнэж үзэхэд нийт 50.292.745 төгрөгийн өр төлбөртэй гарсан тул яаралтай төлж барагдуулах талаарх шаардлагаа амаар тавьсан.

2015 оны 9 дүгээр сарын 30-нд үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж, тооцоо нийлсэн актаар 31.999.999 төгрөг 87 мөнгө гарч, харилцан баталж, манайхаас төлбөр тооцоогоо яаралтай төлж барагдуулах шаардлага тавьсан бөгөөд тус эмийн сангийн бизнес хэцүү байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж бага хэмжээний захиалга хийхийг зөвшөөрсөн.

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актаар 38.116.388 төгрөг 64 мөнгөний төлбөртэй байсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 36.062.308 төгрөгийн тооцоо нийлж, 2016 оны хагас жилдээ багтаан төлөхийг шаардсан боловч өр төлбөрөө барагдуулахгүй, утсаа авахгүй байна.

Иймд ******* ******* ХХК-ийн эмийн сангаас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актын дүнгийн дагуу 36062308 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 36.062.308 төгрөгийн өр төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. ******* ХХК-тай олон жил хамтран ажиллаж жил бүрийн топ харилцагчаар манай эмийн сан шалгарч байсан.

Зөвхөн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар бэлэн мөнгөөр 28.000.000 төгрөгийн эм барааны татан авалтыг хийсэн.

Нэхэмжилсэн 36.062.308 төгрөгийн 6.602.308 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж, үлдсэн 30.000.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр улиралд багтааж буюу 1 дүгээр сарын 20-нд 10.000.000 төгрөг, 2 дугаар сарын 20-нд 10.000.000 төгрөг, 3 дугаар сарын 20-нд 10.000.00 төгрөгийг төлж барагдуулна. Харилцагч байгууллагаасаа авсан эм барааны үнийг төлж барагдуулаагүй удаасандаа ******* ХХК-иас хүлцэл өчиж байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ******* ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 36062308 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, хариуцагч 6.602.308 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж, үлдсэн 30.000.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр улиралд багтааж, 1 дүгээр сарын 20-нд 10.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 20-нд 10.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-нд 10.000.00 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 36.062.308 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, хариуцагч 6.602.308 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж, үлдсэн 30.000.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр улиралд багтааж буюу 1 дүгээр сарын 20-нд 10.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 20-нд 10.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-нд 10.000.00 төгрөгийг төлж барагдуулахаар, зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340963 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 170481 төгрөг 5 мөнгийг улсын төсвөөс, хариуцагч ******* ******* ХХК-иас 170481 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА