| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 477 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Б холбогдох эрүүгийн 1906 07084 0138 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторын машинист мэргэжилтэй, хувиараа хөдөпмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-уул дүүргийн тоотод түр оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Т.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачин 7-116 тоот хашааны гадна иргэн Ж.Гансэлэмийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ж.Гансэлэмийн өгсөн мэдүүлэг /хх-7-14/, гэрч Х.Жаргалсайханы өгсөн мэдүүлэг /хх-15-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн №14414 дугаартай дүгнэлтэд /хх-25/, Т.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-90-91/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, шүүгдэгч Т.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-47/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачин 7-116 тоот хашааны гадна иргэн Ж.Гансэлэмийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Гансэлэмийн өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачин 7-116 тоот гэртээ 21 цагийн орчим аав, ээж, дүүгийн хамтаар байж байтал хашааны хаалга цохисон. Би гэрээсээ гараад "хэн бэ" гэтэл нэг эрэгтэй хүн "аавтай чинь уулзъя” гэсэн "аав унтаж байна" гэж хэлэхэд “аавтай чинь яаралтай ярих юм байна” гэсэн. Би нөгөө хүнд хандаж хашааруу ойртоод хашааны завсраар царайг нь харж байгаад “аав унтаж байна. Одоо сэрэхгүй байх” гэж дахин хэлтэл намайг “гараад ир чамд нэг юм хэлье” гэсэн. Тэгэхээр нь би хашаагаа даваад гартал 2 залуу зогсч байсан. Тэгсэн зүс таних залуу нь миний баруун нүдэн тус газар гараараа нэг удаа цохисон, тэгсэн би тархиараа хойшоо хашаа мөргөчихсөн. Тэгээд миний хувцасны захнаас заамдсан чигээрээ намайг газраар чирээд хашааны булан хүрсэн. Хашааны буланд очоод намайг газар унагааж байгаад нөгөө зүс таних залуу намайг өшиглөөд байсан. Яг хаашаа яаж өшиглөснийг санахгүй байна. Намайг мөргөснөөс хойш миний ухаан балартаад зарим зүйлсийг нь санахгүй байна. Тэгээд надад хандаж манай аав бид хоёрыг ална гэж сүрдүүлж байгаад тэр хоёр залуу яваад өгсөн. Тэгээд гэртээ ороод цагдаад дуудлага өгсөн.” /хх-7-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Жаргалсайханы өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачин 7-116 тоот гэртээ 20 цагийн орчим унтаж байхад манай гэрийнхэн “хүүе яачихав аа гээд орилсон”. Би цочиж сэрээд хартал манай хүү Гансэлэмийн нүүр нь нил цус болчихсон хана түшээд зогсч байсан. Би Гансэлэмээс юу болсон талаар асуухад “Баярхүү намайг зодчихоод явчихлаа” гэж надад хэлсэн. Би гэрээс гараад гүйтэл Баярхүү байхгүй явчихсан байсан. Тэгээд би Баярхүүгийн ээжийнх нь гэр рүү очтол гэр нь цоожтой байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд би цагдаагийн машинд суугаад цагдаад нартай Баярхүүг хайгаад олоогүй.” /хх-15-17/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн №14414 дугаартай дүгнэлтэд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Б яллагдагчаар өгсөн: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй.” /хх-90-91/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Шүүгдэгч Т.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-47/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачин 7-116 тоот хашааны гадна иргэн Ж.Гансэлэмийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Т.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Гансэлэм нь гомдол, саналгүй болсон ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Ж.Гансэлэм нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Б 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Т.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Ж.Гансэлэм нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,
хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС