Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2016/00619

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, улсын бүртгэлийн дугаар:211001008, регистрийн дугаар *****, Л ХХК /захирал Х.М, утас:****, ******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар /дарга Х.Т/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газраас ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 21303724 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Л ХХК-ийн захирал Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Баян-Өлгий аймгийн Толбо сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-038/2014 тоот барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-038/2014 тоот ажлын хугацааг сунгах гэрээний дагуу барьж дуусгаж, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын №08 тоот актаар байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн юм. Барилгын ажлын нийт төсөвт өртөг нь 88000000 төгрөг бөгөөд үүнээс 66,7 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байгаа. Үлдэгдэл санхүүжилт бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэлэлцэн тохирсон хөлсний үлдэгдэл болох 21300000 /хорин нэгэн сая гурван зуун мянган/ төгрөгийг захиалагч одоо хүртэл төлөөгүй юм. Бид аймгийн ЗДТГ-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тэдний захиалгыг өөрсдийн хөрөнгөөр чанар сайтай барьж хүлээлгэн өгсөн ба одоо барьсан Эрүүл мэндийн төвийн барилгыг Толбо сумын хөдөлмөрчдийн хэрэгцээнд ашиглаж байгаа болно. Дутуу санхүүжилтийг гэрээний нөхцөлийн дагуу хугацаанд олгох талаар аймгийн ЗДТГ-аас удаа дараа шаардсан боловч санхүүжилт олгохгүй хохироож байна. Аймгийн ЗДТГ-тай байгуулсан барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-038/2014 тоот гэрээний 5 дугаар заалтад санхүүжилтийг гүйцэтгэлийн дүнгээр санхүүжүүлэх ба үлдэгдэл санхүүжилтийг Улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээлгэн өгсөн нөхцөлд олгоно гэж заасны дагуу манай компани дээр дурдсанчлан гэрээний үүргээ биелүүлж 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр барилгыг Улсын комиссын №08 тоот актаар хүлээлгэн өгсөн боловч захиалагч маань гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Үүнээс хойш 1 жил 2 сар хугацаа өнгөрсөн тул гэрээнд заасны дагуу алданги нэмж шаардаж байна. 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жил 2 сар буюу 426 хоног хэтрүүлсний алданги тооцоход /21303724 төг х 0,01%=2130,3 х 425 хоног= 905377 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг үндэслэн аймгийн ЗДТГ-аас ажил гүйцэтгэсний дутуу санхүүжилт болох 21303724 төгрөг, алданги 905377 төгрөг, нийт 22209101 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л ХХК нь Эрүүл мэндийн яамны эрх шилжсэн хөрөнгө оруулалтаар 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-038/2014 тоот барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-038/2014 тоот ажлын хугацааг сунгах гэрээний дагуу Толбо сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын №08 тоот актаар хүлээлгэж өгсөн ба нийт төсөвт өртөг 88 сая төгрөгөөс 66,7 сая төгрөгийг авсан болно. Үлдсэн 21.3 сая төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас авах ёстой. Бид энэ талаар Сангийн яам болон Эрүүл мэндийн Яаманд удаа дараа албан бичгээр хандсан боловч тодорхой хариу ирээгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газраас ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл санхүүжилт болох 21303724 төгрөг гаргуулах, мөн гэрээгээр тохиролцсон алданги болох 905377 төгрөгийг гаргуулахаар 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч талаас манай нэхэмжлэлийн шаардлага болох 21303724 төгрөгийг төлж өгөхөөр зөвшөөрсөн тул 2 дугаар нэхэмжлэлийн шаардлага болох 905377 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаа татаж авч байна. Энэ талаар дараа нь жич нэхэмжлэх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Т аймгийн Засаг Даргын Тамгын Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон ба нэхэмжлэгч Л ХХК-ний нэхэмжилсэн ажил гүйцэтгэх гэрээний хөлс болох 21303724 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Т.М, Гүйцэтгэгч Л ХХК-ний захирал Х.М нарын гарын үсэг зурж тус тусын тамга дарж баталгаажуулан байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №БӨА-038/2014 дугаартай Баян-Өлгий аймгийн Толбо сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, засварын ажил гүйцэтгэх гэрээ", мөн 2015 оны 3 дугаар 25-ны өдрийн №БӨА-038/2014 дугаартай Баян-Өлгий аймгийн Толбо сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн хугацаа сунгах гэрээ, мөн 2015 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 8 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4 дугаартай Баян-Өлгий аймгийн Толбо сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, засварын ажлын гэрээ дүгнэсэн акт" зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Л ХХК нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, засварын ажил гүйцэтгэсэн болох нь нотлогдож байна.

Иймээс нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Баян-Өлгий аймгийн Толбо сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, засварын ажил гүйцэтгэсний төлбөр болох 21303724 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 21303724 төгрөгийг санхүүжилт ирмэгц төлж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нь гүйцэтгээгүй үүргийн хугацаа хэтрүүлсний алданги болох 905377 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татаж авах хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268950 төгрөгөөс нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд оногдох 264469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас 264469 төгрөг, мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4481 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 020000941 дугаартай данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь Л ХХК-ийн нэхэмжилсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 21303724 (хорин нэгэн сая гурван зуун гурван мянга долоон зуун хорин дөрвөн) төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268950 төгрөгөөс улсын орлогод 264469 төгрөгийг хэвээр нь үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгээс 264469 (хоёр зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун жаран есөн) төгрөг, мөн Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 020000941 дугаартай данснаас 4481 (дөрвөн мянга дөрвөн зуун наян нэгэн) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний алданги 905377 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татаж авсан болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК