Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 516

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч О.Баярсайхан,

Шүүгдэгч Б.Э ,

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э , Ч.М нарт холбогдох эрүүгийн 2006 01143 0587 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Чулуут суманд 1961 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 59 настай, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо,   тоотод оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-урьд 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар 126.2.3, 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хассан.

- 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Э .

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт 1965 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо   тоотод оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ч.М .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Э  нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 43-2196а тоотод 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Ч.М тай маргалдан улмаар харилцан зодолдож хамарт зүсэгдсэн шарх, уруулд зулгаралт, сарвуунд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.М нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 43-2196а тоотод 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Б.Э тай маргалдан улмаар харилцан зодолдож баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод үүдэн баруун 2 дугаар шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.М өгсөн мэдүүлэг /хх-9-12/, хохирогч Б.Э өгсөн мэдүүлэг /хх-13-15/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1473 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1335 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26-27/, Ч.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-38-39/, Б.Э ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-43-44/, Б.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 603 дугаар шийтгэх тогтоол /хх-48-53/, Ч.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, хохирогч, яллагдагч Ч.М , Б.Э  нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-69-70/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Э  нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 43-2196а тоотод 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Ч.М тай маргалдан улмаар харилцан зодолдож хамарт зүсэгдсэн шарх, уруулд зулгаралт, сарвуунд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.М нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 43-2196а тоотод 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Б.Э тай маргалдан улмаар харилцан зодолдож баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод үүдэн баруун 2 дугаар шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.М өгсөн: "2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 16 цагийн уед охин болох Болорцэцэгийн гэрт манай эхнэр гадуур хувцсаа улдээсэн аваад ирээрээ гэхээр нь би авах гэж орсон юм тэгтэл Эрдэнэбатын найз гэх нэг залуутай архи уугаад байж байсан. Намайг орох үед манай охин цай хийж өгөөд дараа нь Эрдэнэбатын найз нэрээ хэлээд надад нэг хийж өгсөн би уугаад бид дөрвүүлээ юм яриад хэсэг суусан. Манай охин гараад явсан. Тэгээд манай зээ охин Дөлгөөн өвөө гээд хүрээд ирсэн. Тэр үед Эрдэнэбат өвөөдөө хүрээд ир Дөкөө гээд дуудахад зээ охин Эрдэнэбат дээр очоогүй. Тэгээд Эрдэнэбат зээ охин очсонгүй гээд наад хүүхдээ аваад яв гээд агсарч эхэлсэн. Би “Эрдэнэбатаа чи тэр хувийн асуудлаа эрүүл, саруулдаа хоорондоо учраа ол” гэсэн тэгтэл “одоо чи зайл” гээд намайг хөөсөн Эрдэнэбатын найз хэрүүл болох үед “явлаа” гээд яваад өгсөн. Тэгээд намайг “чи гар” гээд заамдаад үүд рүү чирсэн. Тэгээд би барилцаад авсан. Тэгээд миний нүүрний баруун нүд хамар гэх мэт газарт гараараа цохиод байхаар нь ноцолдоод байсан. Намайг газарт унагаагаад үүдний коридорт чирээд гаргасан. Тэгээд хартал баруун гартаа лом барьсан байхаар нь би ноцолдож байгаад лоомыг булаагаад авах үед намайг орхиод нийтийн байрны 8 тоот өрөөнд ороод гарч ирээд “чи яасан овоо гар вэ” гээд надад ойртож ирээд гараа далайх үед гар руу нь хартал хутга барьсан байсан. Тэгээд би зог тусаад хойш болох үед миний хамар хэсэгт шүргэх шиг болсон. Тэгээд би зугтаагаад дунд охин болох Болортуяагийн гэрт очиход манай охин Болортуяа цагдаа болон түргэн дуудсан.” /хх-9-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э өгсөн: "Би 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр найз болох Пэрэнлээгийн хамт гэртээ Хараа нэртэй архи хувааж уусан ба ууж дуусгаад унтсан. Орой нь 19 цагийн үед манай хадам аав болох Ч.М нь гэрт орж ирээд архи нэхсэн бөгөөд би та нөгөө өрөөнд оруулах гээд гартал надтай маргалдаад миний нүүрэн хэсэгт олон удаа цохисон. Би тэр үед Ч.М ыг болиулах гэхэд салахгүй байхаар нь хамарнаас нь хазсан бөгөөд Ч.М гараад явсан ба оройн 22 цагийн үед манай эхнэр цагдаа дагуулаад намайг авч явсан." /хх-13-15/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1473 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Э ын биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод үүдэн баруун 2-р шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдпоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүх нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-20-21/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1335 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Ч.М биед хамарт зүсэгдсэн шарх, уруулд зулгаралт, сарвуунд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-26-27/ гэх дүгнэлт,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.М яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 1 дүгээр сарын 8-ны оройн 20 цагийн үед охин Болорцэцэгийн гэрт орсон. Намайг гэрт нь ороход Б.Э  гэртээ архи уугаад сууж байсан бөгөөд манай зээ охин болох Дөлгөөнийг Б.Э  дуудахад манай зээ очоогүй болохоор Б.Э  согтуу агсараад байсан. Түүнээс болж маргалдаж муудалцсан бөгөөд үүдний коридорт гаргаж зодолдож эхэлсэн бөгөөд нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Дараа нь Б.Э  гэр рүүгээ ороод явсан бөгөөд би ч гараад явсан.”/хх-38-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э ын яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 1 дүгээр сарын 8-ны орой 21 цагийн үед хадам аав болох Ч.М манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд надаас архи нэхээд байсан бөгөөд би өгөхгүй гээд чи хажуу талын өрөөнд орж унт гэхэд миний нүүрэн хэсэгт гараараа олон удаа цохисон бөгөөд би аргагүйн эрхэнд хамрыг нь хазаж гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Удалгүй салаад манайхаас гарч яваад эргэж ирээгүй бөгөөд тэр шөнө цагдаагийн байгууллагаас ирж намайг авч явсан.”/хх-43-44/ гэх мэдүүлэг,

 

Б.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 603 дугаар шийтгэх тогтоол /хх-48-53/,

 

Ч.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/,

 

Хохирогч, яллагдагч Ч.М , Б.Э  нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-69-70/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Э  нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 43-2196а тоотод 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Ч.М тай маргалдан улмаар харилцан зодолдож хамарт зүсэгдсэн шарх, уруулд зулгаралт, сарвуунд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.М нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 43-2196а тоотод 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Б.Э тай маргалдан улмаар харилцан зодолдож баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод үүдэн баруун 2 дугаар шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

   Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э , Ч.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Э , Ч.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Б.Э , Ч.М нар нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Э , Ч.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ч.М , Б.Э  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Э , Ч.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Э , Ч.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Э , Ч.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э , Ч.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Э , Ч.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Э , Ч.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э , Ч.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС