Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2016/00620

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт байрлалтай, Р ХХК /захирал Н.Б/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, РД:****, утас:****, Ж овогт Хын Аэд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагч Х.А, түүний өмгөөлөгч Х.З, иргэдийн төлөөлөгч С.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Х.Аээс гэм хорын хохиролд 2550000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Р ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Х.А нь манай компанийн шатахуун түгээх 4 дүгээр станцад түгээгчээр ажиллаж байх хугацаандаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн /хуурамчаар зээлийн гэрээ үйлдэж/ байж буюу тухайн станцын шатахууны нөөцийн агуулахаас хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 5100000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хувьдаа завшиж байсан нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр илэрсэн. Энэ талаар гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага зохих шалгалтыг явуулж түүний үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа болохыг тогтоосон боловч хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарсан. Манай компани зарим иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тэдний хүсэлт болгосноор гэрээ байгуулсны үндсэн дээр нефтийн гаралтай бүтээгдэхүүнийг /бензин, шатахуун, техникийн тос... г.м/ зээлээр өгдөг бөгөөд хэрэв тэд хугацаандаа зээлээ эргүүлэн төлж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги тооцож хугацаа хожимдуулснаас үүссэн хохирлыг арилгуулдаг юм. Зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой өмнө хэд хэдэн хэргийг шүүхээр шийдвэрлүүлж байсан удаатай. Хэрэв Х.А манай компаниас шатахуун завшаагүй байсан бол тухайн 5100000 төгрөгийн үнэ бүхий шатахуунаас хамгийн багаар тооцоход 2550000 төгрөгийн ашиг олох байсан. Тухайлбал түүний шатахууныг завшихдаа ашигласан бичиг баримт болох зээлийн стандарт гэрээний дагуу тооцоолоход: Х.А нь 5100000 төгрөгийн үнэ бүхий шатахууны үнийг төлөлгүйгээр 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 365 хоног саатуулсан бөгөөд үүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөх ёстой гэж тооцоолбол (5100000 төг х 0,5%=22500 х 365 хоног = 9307500 төгрөгийн алданги төлөх ёстой. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 2550000 төгрөг болж байна. Иймд иргэн Х.Аээс гэм хорын хохиролд 2550000 /хоёр сая таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, Ж овогт Хын А миний бие Худалдаа Үйлчилгээний Р ХХК-ны нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Х.А миний бие Р ХХК-ны ШТС-ын 4 дүгээр станцад түгээгчээр ажиллаж байхад 5100000 /таван сая нэг зуун мянган/ төгрөгийн шатахууныг дутагдуулж, энэ дутагдал 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр илэрсэн бөгөөд энэ асуудлыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгаж, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Аймгийн прокурорын газрын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарч, уг тогтоол хүчин төгөлдөр болсон билээ. Р XXК-нд учирсан бодит хохирол болох 5100000 /таван сая нэг зуун мянган/ төгрөгийг тухайн үед бүрэн бүтэн төлж өгч байгууллагыг хохиролгүй болгосон юм. Харин тухайн бодит хохирол болох дутсан шатахууны үнэ болох 5100000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутмын алдагдал 0,5 хувиар хохирол тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1.Миний бие Р ХХК-ны ШТС-д түгээгчээр ажиллаж байхад хөдөлмөрлөх явцад байгууллагад учруулсан бодит хохирол болох 5100000 /таван сая нэг зуун мянган/ төгрөгийн хохирол төлж барагдуулсан учир миний гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн Р ХХК-нд учирсан хохирол бүрэн төлөгдсөн, Р ХХК-нд учирсан ямар нэгэн хохирол байхгүй болно.

2.Р ХХК-ний нэхэмжлэлд: Тус компани нь Зарим иргэн аж ахуйн нэгжид зээлээр олгосон нефтийн бүтээгдэхүүнийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлдөг байсан. Иймд алдангид 2550000 /хоёр сая таван зуун тавин мянган/ төгрөг төлүүлж өгнө үү гэжээ. А миний бие Р ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, бензин шатахуун зээл авч, зээлийг хугацаанд төлөөгүй нөхцөлд алданги төлөх талаар хоёр талын байгуулсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байхгүй учир алданги ногдуулах үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Нэр бүхий хүмүүс Зээл авсан болгож миний хийсэн гэрээ бүхэлдээ хуурамч гэрээ бөгөөд тухайн гэрээнүүд хуурамч болох нь Цагдаагийн газраас шалгасан материал, Аймгийн прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 5/75 тоот тогтоолоор батлагдсан байгаа юм.Энэхүү гэрээнүүд нь бензин тухайн үед гаргаж авах Зорилгоор хийгдсэн хуурамч гэрээ учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, хохирлыг мөнгөөр төлж өгсөн тул надтай холбоотой асуудал дууссан болно.

4.Р ХХК-ны А надтай байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээнд: хөдөлмөрлөх явцад учруулсан ажилтны гэм буруутай үйл ажиллагааны хохирол, гэм хорыг нугалж төлүүлэх, хүү, нэмэгдүүлсэн хүү алданги ногдуулах тухай заалт байхгүй учир алданги төлүүлэх тухай гаргасан нэхэмжлэл нь үндэсгүй болно.

5."Р XXК нь А надаас учруулсан хохирлын үнийн дүнгээс алданги нэхэмжлэхдээ гэм хорын хохирол гэж нэхэмжилсэн ба эд хөрөнгийн гэм хорыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заахдаа алданги тооцож төлүүлэх нөхцөл тусгаагүй байна. Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х.А Р ХХК-д 2011-2016 он хүртэл түгээгчээр ажилласан. 2015 оны 5 дугаар сард мөнгөний хэрэгцээ гараад 1650 литр түлшний үнэ болох 2850000, 2015 оны 5 дугаар сарын 24-нд бас мөнгөний хэрэгцээ гараад 1352 литр түлшний үнэ болох 2295000 төгрөгийг тус тус ашигласан. Ингээд нийт 5100000 төгрөг болсон бөгөөд энэ хохирлыг бүрэн төлж өгсөн. Өөрөөр хэлбэл Р ХХК-ийг хохиролгүй болгосон. Р ХХК-ний надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх гэрээнд алданги төлүүлнэ гэх ямар нэгэн заалт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох олох байсан орлого гэх 2550000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Р ХХК нь Х.Аээс гэм хорын хохирол 2550000 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Х.А нь манай компаниас шатахуун завшаагүй байсан бол тухайн 5100000 төгрөгийн үнэ бүхий шатахуунаас хамгийн багаар тооцоход 2550000 төгрөгийн ашиг олох байсан гэж тайлбарлажээ. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/283 дугаартай тогтоолоос үзэхэд А нь Р компанийн Шатахуун түгээх 4 дүгээр станцуудад түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1650 литр дизель түлшний үнэ болох 2805000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1352 литр дизель түлшний үнэ болох 2295000 төгрөгийг тус тус хуурамч бичиг баримт бүрдүүлэн гарган авч завшиж үрэгдүүлсэн болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн 723 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Х.А нь 5100000 төгрөгийн үнэ бүхий шатахууны үнийг төлөлгүйгээр 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 365 хоног саатуулсан бөгөөд үүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх ёстой гэж тооцоолбол 9307500 төгрөгийн алданги төлөх ёстой бөгөөд алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн Х.Аээс 5100000 төгрөгийн 50 % болох 2550000 төгрөгийн хохирол гаргуулж өгнө гэжээ.

Эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд ажилтан нь алданги төлөхөөр хууль болон ажилтантай байгуулсан гэрээнд ямар нэгэн үндэслэл тогтоогдохгүй байгаа ба Р ХХК-ийн түгээгч Х.Атэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний тавд салбарт учирсан хохирлын хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд зааснаар шууд хохирлоор тооцохоор гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлох журмыг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 136.2-т Эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно гэж заажээ. Дээрх байдлаас үзэхэд алданги тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан тайлбартаа хэрэв А нь 5100000 төгрөгийн үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг хувьдаа завшаагүй байсан бол энэхүү мөнгө эргэлтэд орж өнөөдрийн байдлаар тооцоход хамгийн багадаа 2550000 төгрөгийн ашиг олох байсан тул олох байсан орлого 2550000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ. Х.А нь хувьдаа ашигласан нефтийн бүтээгдэхүүний үнэ болох 5100000 төгрөгийг төлж өгссөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байгаа тул олох байсан орлого 2550000 төгрөг гаргуулах боломжгүй байна. Нэхэмжлэгчээс Монгол банкны Баян-Өлгий салбарын Хянан шалгагчийн хадгаламжийн хүүгийн талаарх тодорхойлолтыг ирүүлсэн боловч энэхүү баримт нь Р ХХК-ийн 5100000 төгрөг эргэлтэд орсон тохиолдолд олох байсан ашгийг тогтоох шууд нотлох баримт биш болно. Хариуцагч нь Р ХХК-ний учирсан 5100000 төгрөгийн бодит хохирлыг төлж өгсөн байх тул хариуцагчаас алданги, олох байсан орлогыг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Р ХХК-ийн Х.Аээс 2550000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамжийг буцааж төлөхийг хүссэн боловч нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл нь хуулийн дээрх заалтуудад заасан үндэслэлд хамаарахгүй тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаах үндэслэлгүй болно.

Харин нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 15521 төгрөгийг илүү төлсөн байх тул нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Р ХХК-ийн Хын Аээс 2550000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71271 төгрөгөөс 55750 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 15521 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК

К.БҮЛДИРГЕН