| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0349/Э |
| Дугаар | 648 |
| Огноо | 2017-08-31 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 648
Н.Гантулгад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор И.Аринусанаа,
Цагаатгагдсан этгээд Н.Гантулга,
Цагаагагдсан этгээдийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 366 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор И.Аринусанаагийн гаргасан улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Гантулгад холбогдох эрүүгийн 201725010101 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаандай овогт Нүрзэдийн Гантулга, 1972 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан хот, 7 дугаар баг, Сэргэлэн 9 дүгээр гудамж, 150 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:ТВ72082275/,
Н.Гантулга нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63-894б тоотод П.Багын гар утас алга болсноос үүдэн маргалдаж хохирогч П.Багын хэвлийн тус газар хутгалж түүний хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх буюу учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Н.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантулга нь энэ хуульд заасны дагуу хохиролоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цамц, футболк, хүрэм зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирогч П.Багад буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт: Хохирогч П.Багын биед учирсан хүнд зэргийн гэмтлийг шүүгдэгч Н.Гантулга учруулсан, тухайлбал хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн гэрч Г.Бямбатогтохын мэдүүлэг /хх-30/, гэрч П.Мартын мэдүүлэг /хх-32/ зэрэг шүүгдэгч Н.Гантулгыг хохирогчийн хэвлийн тус газарт хутгалж, хүнд хохирол учруулсан гэх үйлдлйин талаар мэдүүлээгүй, эдгээр гэрч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд хараагүй, тухайн нөхцөл байдлыг мэдэхгүй байна гээд шүүх дараах нотлох баримтуудыг үндэслэн Н.Гантулгыг гэм буруугүй гэх дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “...би нилээд согтуу байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна. Тэгээд явах гэхэд миний утас байхгүй байсан болохоор гар утсаа нэхэж маргалдсанаа санаж байна. Тэгээд гараад явсан, тухайн үед би хутгалуулсан гэдгээ мэдээгүй. Тэгээд замдаа дэлгүүр орж байснаа санаж байна, тэгэхэд миний халаасанд хутга байх шиг байсан, ямар хутга байсныг согтуу байсан болохоор мөн харанхуйд хараагүй шууд гаргаад хаячихсан”.../хх-ийн 27/ гэх мэдүүлэг, мөн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлсэн “...хоол хийж идээд, дахиж нэг шил архи уугаад, нилээд согтоод сандал дээр нь сууж байгаад жаахан зүйрмэглэчихээд босч ирээд утас байхгүй байна та авсан уу? гэхэд ах би аваагүй гэж хэлэхээр нь харилаа гээд гарч байснаа санаж байна. Тэгээд сайн мэдэхгүй байна, тухайн хутга нь мах идэж байсан хутга байж магадгүй гэснээс Гантулга намайг хутгалсан байж магадгүй гэж хэлээгүй” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч П.Багын өмсөж явсан хувцсанд хийсэн үзлэг зэрэг ажиллагааны тэмдэглэл, Өмгөөлөгчийн “хэргийн 78 дугаар хуудсанд байх гэрэл зургийн үзүүлэлтийн 9 дүгээр зурагт хохирогчийн өмсөж явсан хар хөх хүрэмний гэмтлийн байрлалыг сумаар зааж харуулсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт үзлэг хийхэд хүрэмний зүүн дотор талд зүсэгдсэн, мөн уг хүрэмний зүүн талын халаасны дотор тал зүсэгдсэн байна. Мөн цамцны зүүн талын хормойн хэсэгт авагдсан зүсэгдсэн урагдалт байна. Эдгээр эд зүйлийн урагдаж зүсэгдсэн байдал нь хохирогчийг халтирч унах үед түүний халаасанд байсан хутганы үйлчлэлээр үүссэн байх ч боломжтой” гэх дүгнэлт тус тус болно. Мөн “...хохирогч П.Багын мэдүүлэгт “Гантулгатай хамт мах идэж байсан цэнхэр иштэй хутгаар намайг хутгалсан байж магадгүй” гэж хэлсэн байдаг болохоос Гантулга намайг хутгалсан ч байж магадгүй, хутгалаагүй ч байж магадгүй гэж хэлээгүй” гэж гэм буруугийн талаарх дүгнэлтэндээ хэлж байгааг үндэслэн шүүх гэмт хэрэг үйлдсэн гэх боломжгүй гэж дүгнэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй, түүнчлэн хохирогч нь гэмтлийг хэзээ яаж авсанаа мэдэхгүй байхад шүүхээс шүүгдэгч Н.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоох үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл гэрчүүд угаасаа хэрэг гарсан газарт байгаагүй тул хэргийн талаарх болсон үйл баримтыг шууд нотолсон мэдүүлэг өгөх үндэслэлгүй бөгөөд харин тэдгээрийн хэргийн талаар өөрсдийн мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлснийг хэргийн болсон үйл баримтыг нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь буруу байна. Мөн шүүх “Н.Гантулга П.Багыг хутгалаагүй, түүний биед гэмтэл учраагүй” гэдэг дүгнэлтийнхээ үндэслэлийг тодорхойлох хэсэгт дэлгэрэнгүй тусгаагүй байна. Мөрдөн байцаалтын явцад хохирогчийн өмсөж явсан гэх хүрмийг хэрэг гарсан цаг хугацаанд хураан аваагүй байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатанд яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хураан авч шинжилгээ хийсэн юм. Тиймээс тухайн урагдалт хэзээ үүссэн нь тодорхойгүй, яг хэрэг үйлдэх цаг хугацаанд үүссэн гэж үзэн нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбар гаргасаар байтал шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх боломжтой гэж үзсэнийг шүүхийн дүгнэлт илт нэг талыг барьсан хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэхээр байна. Түүнээс гадна мөрдөн байцаалтын явцад хохирогч П.Бага “...Гантулгатай хамт мах чанаж, цэнхэр иштэй хутгаар идэж байсан болохоор тэр хутга байж магадгүй. Тухайн үед Гантулга намайг хутгалчихаад миний халаасанд тэр хутгыг хийсэн байж магадгүй гэж бодож байна” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд “шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...тухайн хутга нь мах идэж байсан хутга байж магадгүй гэснээс Гантулга намайг хутгалсан байж магадгүй гэж хэлээгүй” гэснийг үндэслэн “тэр хутга байж магадгүй” гэж хохирогч мэдүүлснээс биш “намайг хутгалсан байж магадгүй” гэсэн утгаар хэлж мэдүүлээгүй гэдэг агуулгаар тайлбарласан болно. Мөн хохирогч П.Бага нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт санаатайгаар болсон үйл явдлыг санахгүй дүр эсгэсэн гэж үзэж байна. Учир нь: -мөрдөн байцаалтын явцад хууль сануулан мэдүүлэг авахад хохирогч П.Бага нь “...явах гэхэд миний утас байхгүй байсан болохоор гар утсаа нэхэж маргалдсанаа санаж байна. Тэгээд гараад явсан тухайн үед би хутгалуулсан гэдгээ мэдээгүй. Тэгээд замдаа дэлгүүр орж байсан санаж байна. Тэгэхэд миний халаасанд хутга байх шиг байсан, ямар хутга байсныг согтуу байсан болохоор харанхуйд хараагүй шууд гаргаад хаячихсан. Тэгэхэд миний хэвлийн зүүн хэсгээс цус гарч байсан болохоор тэр дэлгүүрийн худалдагчийг гуйж Март эгчтэй ярьж хэлээд түргэн, цагдаад мэдэгдсэн. Тухайн үед маргаан болоход Гантулга бид хоёроос өөр хүн байгаагүй бид 2 нилээн согтуу байсан. Тэр Гантулгатай хамт мах чанаж цэнхэр иштэй хутгаар идэж байсан болохоор тэр хутга байж магадгүй. Тухайн үед Гантулга намайг хутгалчихаад миний халаасанд тэр хутгыг хийсэн байж магадгүй гэж бодож байна. Тэр хутга миний халаасанд үүнээс өөрөөр яаж орсныг хэлж мэдэхгүй байна. Миний утас олдохгүй байсан болохоор нэхэж маргалдаад салсан гэхдээ сүртэй зодолдсон зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа миний гэмтлийг тэр Гантулга гэх хүн маргалдах үед надад учруулсан. Гантулга надаас уучлал гуйж эмчилгээний зардлыг өөрөө тухай бүр бүрэн төлсөн. “...хутган дээр унаж гэмтсэн зүйл болоогүй мөн гарч явахад ямар нэг хүн таараагүй би өөр хүнд хутгалуулаагүй...” /хх-ийн 27/ гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Г.Бямбатогтохын /хх-ийн 30/ мэдүүлэг, гэрч П.Мартын /хх-ийн 32/ дахь мэдүүлгүүдээр үзэхэд хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаж байгаа төдийгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан дүгнэхэд гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх Н.Гантулгын “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг буюу хутга хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байхад шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Н.Гантулгад холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй...” гэжээ.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь үндэслэлтэй гарсан учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Прокурорын яриад байгаа зүйл өмнөх хуульд бүрэлдэхүүн томилсон асуудлыг яриад байх шиг байна. Н.Гантулгад холбогдох хэрэгт улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай баримт, цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, өвчтний түүх, хохирогч П.Багийн өгсөн мэдүүлэг, гэрч Баярсайханы мэдүүлэг, гэрч Нармандахын мэдүүлэг, гэрч Бямбатогтохын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, сэжигтэн Н.Гантулгын мэдүүлэг, ял шалгах хуудас, багын засаг даргын тодорхойлолт, Н.Гантулгын ажил хийдэг ажлын байрны тодорхойлолт, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч Ганзоригийн мэдүүлэг зэргийг шинэчлэн хэлэлцүүлсэн. Ингээд анхан шатны шүүх цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гарсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Гантулгын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч өөрөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болж чадахгүй. Энэ хэрэгтээ холбогдуулаад үзвэл зөвхөн хүнийг тэгсэн байж магадгүй, ингэсэн байж магадгүй гэсэн таамаг нөхцөл байдалд хүнийг холбогдуулж яллах нь үндэслэлгүй. Өнөөдрийг хүртэл хохирогчийн мэдүүлэгт ямар ч хутгалсан гэж шууд хэлсэн үг хэллэг байхгүй. Бид 2 хамт байсан. Энэ хүн сайн санааны үүднээс тухайн үед эх, эгч 2 нь нас барсан байсан учраас хохирогчийг өрөвдөөд гэртээ оруулж, мах чанаж, 2 шил архи хувааж уугаад, хохирогч явахдаа гар утсаа байна уу гэж асуухад байхгүй гэж хэлэхэд нь гараад явсан. Харин хохирогчийн халаасанд хутга байсан асуудал байдаг. Гэтэл хохирогч “Н.Гантулга хутга ингэж бариад, ийм хэлбэр хэмжээтэй хутгыг над руу ингэж чиглүүлээд би хутгыг нь ингэж булааж авсан” гэсэн шууд нотлох баримт байхгүй. Энэ талаар хохирогч П.Бага нь шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Улсын яллагч өөрөө анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоос “Эрүүгийн хуульд зааснаар чи хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаа асуудал байна. Энэ тохиолдолд байгаа юу, байхгүй юу. Чиний ярьсан зүйл чинь үнэн үү” гэж асуухад “би хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгээгүй. Яагаад гэвэл би энэ хүнийг хутгалаагүй гэдгийг хэлж байна. Гомдлыг би гаргаагүй, миний эгч гаргасан” гэж хэлсэн. Улсын яллагч гомдол мэдээллийг хүлээн авсан өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх хүртэл тасралтгүй хяналт тавьсан. Гэтэл энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй. Ингэснээр хэргийг бүрэн дүүрэн шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл цагаатгасан нь үндэслэл юм. Яллах хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй. Хэрэг болсон өдөр, цаг хугацаанд цагдаагийн байгууллагын ажилтнууд ирсэн. Үүнээс хойш прокурор хяналт тавьсан. Хэргийн үзлэгээр ямар нөхцөлд гэмт хэрэг үйлдэгдсэн бэ гэдгийг тогтоогоогүй. Ямар хутгаар хохирогчийг хутгалсан гэдгийг тогтоогоогүй. Хэргийн газрын үзлэг хаана болсон талаар тодорхойгүй. Одоо бол энэ ач холбогдолгүй болсон. Гэх мэтчилэн гэмтэл үүсгэсэн эд зүйлийг хурааж аваагүй. Н.Гантулга мөрдөн байцаалтын шатанд “бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Би хохирогчийг хутгалаагүй гэсэн. Энэ талаар улсын яллагчид удаа дараа хүсэлт гаргасан. Хутгалсан, хутгалуулсан гэх 2 хүний хоорондын харилцаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шалгаж өгнө үү. Хэрвээ хүн хутгалсан бол тухайн хутга нь ямар хэмжээтэй байсан бэ. Өвчитний түүх, шинжээчийн дүгнэлтэд хохирогчийг хутгалсан хутганы хэмжээг тогтоогоогүй. Мөн шархны ямар хэлбэр хэмжээтэйг тогтоогоогүй. Гүн орсон байна гэж тогтоосон болохоос ажлын хэсэг нь тийшээ харсан, гүний хэмжээ, өргөний хэмжээ нь тэд байна гэх зэргийг тогтоогоогүй. Шархыг тогтоосноор хохирогч, шүүгдэгч хоёрыг харьцуулаад үзвэл биеийн хэмжээний хувьд шүүгдэгч нь хохирогчоос том биетэй, махлаг өндөр нуруутай. Харин хохирогч туранхай, жижиг биетэй. Хэрвээ хутгалсан гэж үзвэл хутгалагдах шархны хэмжээ гүн үүсэх том хэлбэр хэмжээтэй байх байсан. Улсын яллагчийн зүгээс нотлох баримт болгож яриад байгаа Бямбатогтох, Март нарын мэдүүлэгт ямар нэгэн байдлаар хохирогчийг хутгалсан, хутгалж байгааг харсан зүйл байхгүй. Өмнө орж гарч байсан гэж хэлж байгаа. Цагаатгах тогтоол хууль зүйн үнэдэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Н.Гантулга нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63-894б тоотод П.Багын гар утас алга болсноос үүдэн маргалдаж хохирогч П.Багын хэвлийн тус газар хутгалж түүний хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх буюу учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэрэгт холбогдогч Н.Гантулга, хохирогч П.Багын болон гэрч Г.Бямбатогтохын мэдүүлгүүдийг үзэхэд:
Цагаатгагдсан этгээд Н.Гантулгын сэжигтнээр байцаагдсан: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед байх гудамжинд явж байгаад Бага гэх залуутай таарч танилцсан. Улмаар шартчихсан юм шиг болохоор нь талийгч дүү шиг минь санагдаад архи авч тэр залуутай Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх эгчийнхээ гэрт хамт уусан. Нийт 0.75 литрийн 2 архи хувааж уусан. Тэгээд би мах чанаж өгсөн, улмаар бид 2 нилээд согтож, тэр залуу 17-18 цагийн үед байх, цагийг сайн санахгүй байна, гараад явах шиг болсон. Удалгүй буцаж орж ирээд надаас миний гар утсыг өгөөч гээд нэхээд байсан. Улмаар гар утсаа надаас нэхэж бид 2 маргалдсан. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор тэр залууг хутгалсан эсэхээ санахгүй байна. Тэр залуу ч бас нилээд согтуу байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Би өөр зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 44-45/,
Н.Гантулгын яллагдагчаар байцаагдсан: “...2016 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг санахгүй байна, 10 цагийн үед байх шархадны гудамжинд явж байгаад Бага гэх залуутай таарсан. Улмаар тэр залуу шартчихсан юм шиг харагдахаар нь талийгч дүү шиг минь санагдаад архи авч тэр залуутай БЗД-ийн 9 дүгээр хороонд байх эгчийнхээ гэрт очиж хамт уусан. Бид хоёр 0.75 литрийн 2 архи хувааж уугаад би мах чанаж өгсөн.Тэгээд бид 2 нилээд согтож, одоо цагийг сайн санахгүй байна унтаж байхад тэр залуу надаас гэнэт өөрийнхөө гар утсыг өгөөч гэж нэхээд бид 2 маргалдсан санагдаж байна. Улмаар би унтаад өгсөн. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд унтаж байхад цагдаа ирээд намайг хүн хутгалсан гээд аваад явсан. Тэр залуу бид 2 нилээд согтуу байсан. Тухайн үед юу болсныг санахгүй байна. Би түрийвчтэй бичиг баримтаа тухайн үед хаяад олж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47/,
Н.Гантулга анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн : “...12 дугаар сарын 23-ны өглөө гэрээс гараад талханд явж байсан чинь дэлгүүрийн тэнд Бага гээд хохирогчтой таарсан. Би тухайн өдрөөс 2 сарын өмнө ганц дүүгээ алдчихсан байсан. Дүүтэй маань адилхан харагдаад зогд тусаад харсан чинь шартчихсан явж байхаар нь би дүү хүү дотор муу байна уу гэхэд тийм өчигдөр уучихсан харьж явна гэхээр нь би архи авч өгөөд дотрыг засахаар болоод гудамжинд уултай нь биш гээд манай эгчийнд орж ирсэн. Би нэг жилийн дотор ээж, дүү хоёроо алдчихлаа гээд эрчүүд дотроо онгойлгоод юм ярьж суусан. Тэгээд манай эгчийнх идшээ идчихсэн байсан болохоор адууны 2-3 хавирга чанаад нэг шил 0.5 архи хувааж уусан. Ах нь бас айлын бага болж байх шиг байна 1 жил 6 сарын зайтай төрсөн дүүгээ алдчихлаа гээд бага зэрэг нулимс унагаалаа ах нь тамхи татдаггүй наадхаараа тамхи аваад нэг бол таксинд суугаад харьчихгүй юу гээд 5000-6000 төгрөг өгсөн. Бага гарч яваад юу болсын өөрт нь мөнгө байсан юм уу мэдэхгүй дахиад нэг 0.5 архи аваад ороод ирсэн хоёулаа тэрийг ууж байгаад нилээд муудаад тэгээд хоёулаа унтчихсан. Нэг сэрсэн чинь Бага байж байсан ахаа миний гар утас яачих ваа гэхээр нь би чиний утсыг хараагүй ээ мэдэхгүй гэж хэлээд миний дүү харьж амар гэж хэлээд манайхаас гарч явсан. Тэгээд гэртээ амарч байсан чинь хоёр цагдаа орж ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161/,
Хохирогч П.Бага мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 09-10 цагийн үед байх БЗД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны эмнэлгийн зүүн урагшаа гэрлүүгээ алхаад явж байгаад Гантулга гэх танихгүй ахтай таарч танилцаад ойролцоо байх эгчийнх нь гэрт очиж хамт 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд мах чанаж хамт идээд согтуу тасраад унтаж байгаад сэрэхэд 17-18 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна, намайг харьж амар гээд байх шиг байсан. Би нилээд согтуу байсан болохоор болсон ядлыг сайн санахгүй байна. Тэгээд явах гэхэд миний утас байхгүй байсан болохоор гар утсаа нэхэж маргалдсан санаж байна. Тэгээд гараад явсан, тухайн үед би хутгалуулсан гэдгээ мэдээгүй. Тэгээд замдаа дэлгүүр орж байсан санаж байна, тэгэхэд миний халаасанд хутга байх шиг байсан, ямар хутга байсныг согтуу байсан болохоор мөн харанхуйд хараагүй шууд гаргаад хаячихсан. Тэгэхэд миний хэвлийн зүүн хэсгээс цус гарч байсан болохоор тэр дэлгүүрийн худалдагчийг гуйж Март эгчтэй ярьж хэлээд түргэн цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27/,
Хохирогч П.Багаг дахин байцаасан: “...миний эмчилгээний зардлыг эмнэлэгт байхад өгсөн, яг хэдийг өгсөн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед хар сааралдуу өнгийн товчлууртай жижиг нокиа маркийн хуучин гар утастай явсан, Гантулга гэх хүнтэй архидаж байгаад алга болчихсон, гэхдээ Гантулга авсан аваагүйг мэдэхгүй болохоор гар утсаа үнэлж нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63/,
Хохирогч П.Бага анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр урд өдөр нь найзуудтайгаа гадуур явж байгаад найзындаа хоночихоод шөнө нь уучихсан байж байгаад өглөө нь гэр рүүгээ явж байсан. Дэлгүүрийн үүдэнд Гантулга гэдэг ахтай танилцаад дүү шартчихсан юм уу гэхээр нь тийм гээд ах нэг архи аваад яаж шилээр нь гадаа уух юм бэ гэхэд тэгвэл манай эгчийнд очъё гээд эгчийнд нь очиж уусан. Хоол хийж идээд дахиж нэг шил архи уугаад нилээн согтоод сандал дээр нь сууж байгаад жоохон зүйрмэглэчихээд босож ирээд утас байхгүй байна та авсан уу? гэхэд ах би аваагүй юу гэж хүний утас авдаг юм би хулгайч юм уу? гэж хэлэхээр нь би харилаа гээд гарсанаа санаж байгаа. Тэгээд сайн мэдэхгүй байгаа дэлгүүрт орчихсон цагдаа, эгч, ах нар ирсэн. Нэг мэдсэн госпиталд дээшээ хараад хэвтчихсэн байж байсан. Хутга миний карманд байсныг би хүн айлгачих байх гээд хаячихсан. Хэнд хутгалуулснаа мэдэхгүй байж хүн яллуулж болохгүй байх гэх мэдүүлэг. /1 хх-ийн 148-152/,
Мөн энэ хэргийн гол гэрч болох Г.Бямбатогтох мөрдөн байцаалтад : “...2016 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг сайн санахгүй байна 17-18 цагийн үед байх БЗД-ийн 9 дүгээр хороонд байх “Бодонч гал” хүнсний дэлгүүрт ганцаараа худалдаа хийгээд хүнгүй байж байхад нэг танихгүй залуу согтуу орж ирсэн. Тэгэхэд хамт бас нэг тарган өндөрдүү согтуу залуутай маргалдсан байдалтай орж ирээд өндөрдүү залуугаас гар утсаа нэхэж, нөгөөх нь түрийвчтэй бичиг баримтаа зөрж нэхээд маргалдаж зууралдаад байхаар нь цагдаа дуудлаа гэж хөөж гаргасан. Тэгээд удалгүй 15-20 минут орчим болсны дараа туранхай залуу нь хэвлийн зүүн хэсгээс цус гарсан, түүнийгээ дарсан байдалтай орж ирээд түрүүн хамт орж ирээд маргалдаад гарсан махлаг өндөрдүү залуу намайг гэртээ хутгалчихлаа та түргэн, цагдаа дуудаад өгөөч гэж орж ирсэн ба 89850131 дугаарын утаснаас тэр залуугийн ар гэр лүү ярьж мөн түргэн цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаа, түргэн ирээд уг залууг аваад явсан...” /1хх-ийн 30/ гэх
гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүдээс дүгнэхэд Н.Гантулга нь “гэмт хэрэг үйлдээгүй”, хохирогч П.Бага нь “хэнд, яаж хутгалуулснаа мэдэхгүй”, гэрч” Г.Бямбатогтох нь “Н.Гантулга нь П.Багыг хутгалж байгааг хараагүй” гэх бөгөөд хавтас хэрэгт өөрөөр “Н.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн” талаарх нотлох баримт байхгүй байна. Мөн хэргийн эд мөрийн баримт болох “хутга” нь хохирогч П.Багын карманд байсныг П.Бага өөрөө хаяснаа хүлээн мэдүүлдэг бөгөөд Мөрдөн байцаалтын шатанд уг хутгыг хэргийн нотлох баримт болгож бэхжүүлж чадаагүй байна.
Анхан шатны шүүх нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Ганзоригийг оролцуулсан байх бөгөөд шинжээч эмч Б.Ганзориг мөрдөн байцаалтанд : “...шарханд анхдагч цэгцэлгээ хийгдэж, мэс ажилбар хийгдсэн боолттой байсан учир шархны боолтыг задлах боломжгүй. Харин өвчний түүхэд хэсэг газрын үзлэг дээр хэвлийн зүүн доод талд хутгалагдсан шархтай гэж тэмдэглэгдсэн тул шархны хэмжээг тусгаагүй, хэвлийн хөндийд нэвтэрсэн гэж тусгасан байсан. Хохирогч Бага биедээ хутга авч яваад унасан гэж үзвэл биеийн жингээр хутган дээр унаад дээрхи гэмтлийг авсан гэж үзвэл хэвлийн хөндийд нэвтрэх төдий биш илүү гүн орж эрхтнүүдийг гэмтээдэг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 67-68/,
Шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...хутга иртэй тал нь дээшээ харсан тохиолдолд том шарх үүснэ. Хутганы ир үзүүр дээшээ харсан тохиолдолд биеийн жингээсээ унахад илүү гүн шарх үүснэ. Хутган дээрээс биеийн жингээрээ унахад ийм гэмтэл үүсэх боломжгүй. Шархны гүн орох, өнгөц орох гэдэг нь хутганы биед үйлчилж байгаа хүчнээс шалтгаалдаг учир би тогтоохгүй хэрвээ саяны асуудал бол хутган дээр унасан талаар асуусан. Би ямар нэгэн хүн их хүчээр эсвэл бага хүчээр хутгалсан талаар би тогтоох боломжгүй...” гэжээ. /1хх-ийн 161/,
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2022 шинжээчийн дүгнэлтэд: “ хар хөх хүрмэнд 10мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхайнууд байна, тус уранхайнууд нь хурц ир мөртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байж болно...”, /1 хх-ийн 75/ гэжээ.
Хэргийн бусад нотлох баримт болох Шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр ч хохирогч П.Бага хэнд хутгалуулсан, эсвэл өөрөө хутгатай явж байгаад гэмтэл авсан эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.
Мөрдөн байцаагч хэрэгт байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж шүүхэд ирүүлснийг шүүх зөв бодитой үнэлж, шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гаргажээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 487 дугаар захирамж / 1 хх-ийн 99/ гаргаж Н.Гантулгад холбогдох Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн томилсон боловч 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс доош хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг шүүгч дангаар шийдвэрлэх хуулийн заалтын дагуу “ бүрэлдэхүүн өөрчлөн томилох” тухай Ерөнхий шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 757 дугаар захирамж /1 хх-ийн 126/ гарч шүүгч Д.Мөнхтуяа хэргийг дангаар шийдвэрлэхээр томилогдсон байх тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.
Иймд прокурор И.Ариунсанаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 366 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор И.Ариунсанаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯР
О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Н.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор И.Аринусанаа,
Цагаатгагдсан этгээд Н.Г,
Цагаагагдсан этгээдийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 366 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор И.Аринусанаагийн гаргасан улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Г-д холбогдох эрүүгийн 201725010101 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овогт Н.Г, 1972 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:.../,
Н.Г нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63-894б тоотод П.Б-ын гар утас алга болсноос үүдэн маргалдаж хохирогч П.Б-ын хэвлийн тус газар хутгалж түүний хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх буюу учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь энэ хуульд заасны дагуу хохиролоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цамц, футболк, хүрэм зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирогч П.Б-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт: Хохирогч П.Б-н биед учирсан хүнд зэргийн гэмтлийг шүүгдэгч Н.Г учруулсан, тухайлбал хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн гэрч Г.Б-н мэдүүлэг /хх-30/, гэрч П.М-н мэдүүлэг /хх-32/ зэрэг шүүгдэгч Н.Г-г хохирогчийн хэвлийн тус газарт хутгалж, хүнд хохирол учруулсан гэх үйлдлйин талаар мэдүүлээгүй, эдгээр гэрч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд хараагүй, тухайн нөхцөл байдлыг мэдэхгүй байна гээд шүүх дараах нотлох баримтуудыг үндэслэн Н.Г-г гэм буруугүй гэх дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “...би нилээд согтуу байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна. Тэгээд явах гэхэд миний утас байхгүй байсан болохоор гар утсаа нэхэж маргалдсанаа санаж байна. Тэгээд гараад явсан, тухайн үед би хутгалуулсан гэдгээ мэдээгүй. Тэгээд замдаа дэлгүүр орж байснаа санаж байна, тэгэхэд миний халаасанд хутга байх шиг байсан, ямар хутга байсныг согтуу байсан болохоор мөн харанхуйд хараагүй шууд гаргаад хаячихсан”.../хх-ийн 27/ гэх мэдүүлэг, мөн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлсэн “...хоол хийж идээд, дахиж нэг шил архи уугаад, нилээд согтоод сандал дээр нь сууж байгаад жаахан зүйрмэглэчихээд босч ирээд утас байхгүй байна та авсан уу? гэхэд ах би аваагүй гэж хэлэхээр нь харилаа гээд гарч байснаа санаж байна. Тэгээд сайн мэдэхгүй байна, тухайн хутга нь мах идэж байсан хутга байж магадгүй гэснээс Г намайг хутгалсан байж магадгүй гэж хэлээгүй” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч П.Б-н өмсөж явсан хувцсанд хийсэн үзлэг зэрэг ажиллагааны тэмдэглэл, Өмгөөлөгчийн “хэргийн 78 дугаар хуудсанд байх гэрэл зургийн үзүүлэлтийн 9 дүгээр зурагт хохирогчийн өмсөж явсан хар хөх хүрэмний гэмтлийн байрлалыг сумаар зааж харуулсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт үзлэг хийхэд хүрэмний зүүн дотор талд зүсэгдсэн, мөн уг хүрэмний зүүн талын халаасны дотор тал зүсэгдсэн байна. Мөн цамцны зүүн талын хормойн хэсэгт авагдсан зүсэгдсэн урагдалт байна. Эдгээр эд зүйлийн урагдаж зүсэгдсэн байдал нь хохирогчийг халтирч унах үед түүний халаасанд байсан хутганы үйлчлэлээр үүссэн байх ч боломжтой” гэх дүгнэлт тус тус болно. Мөн “...хохирогч П.Б-н мэдүүлэгт “Г-тай хамт мах идэж байсан цэнхэр иштэй хутгаар намайг хутгалсан байж магадгүй” гэж хэлсэн байдаг болохоос Г намайг хутгалсан ч байж магадгүй, хутгалаагүй ч байж магадгүй гэж хэлээгүй” гэж гэм буруугийн талаарх дүгнэлтэндээ хэлж байгааг үндэслэн шүүх гэмт хэрэг үйлдсэн гэх боломжгүй гэж дүгнэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй, түүнчлэн хохирогч нь гэмтлийг хэзээ яаж авсанаа мэдэхгүй байхад шүүхээс шүүгдэгч Н.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоох үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл гэрчүүд угаасаа хэрэг гарсан газарт байгаагүй тул хэргийн талаарх болсон үйл баримтыг шууд нотолсон мэдүүлэг өгөх үндэслэлгүй бөгөөд харин тэдгээрийн хэргийн талаар өөрсдийн мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлснийг хэргийн болсон үйл баримтыг нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь буруу байна. Мөн шүүх “Н.Г П.Б-г хутгалаагүй, түүний биед гэмтэл учраагүй” гэдэг дүгнэлтийнхээ үндэслэлийг тодорхойлох хэсэгт дэлгэрэнгүй тусгаагүй байна. Мөрдөн байцаалтын явцад хохирогчийн өмсөж явсан гэх хүрмийг хэрэг гарсан цаг хугацаанд хураан аваагүй байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатанд яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хураан авч шинжилгээ хийсэн юм. Тиймээс тухайн урагдалт хэзээ үүссэн нь тодорхойгүй, яг хэрэг үйлдэх цаг хугацаанд үүссэн гэж үзэн нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбар гаргасаар байтал шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх боломжтой гэж үзсэнийг шүүхийн дүгнэлт илт нэг талыг барьсан хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэхээр байна. Түүнээс гадна мөрдөн байцаалтын явцад хохирогч П.Б “...Г-тай хамт мах чанаж, цэнхэр иштэй хутгаар идэж байсан болохоор тэр хутга байж магадгүй. Тухайн үед Г намайг хутгалчихаад миний халаасанд тэр хутгыг хийсэн байж магадгүй гэж бодож байна” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд “шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...тухайн хутга нь мах идэж байсан хутга байж магадгүй гэснээс Г намайг хутгалсан байж магадгүй гэж хэлээгүй” гэснийг үндэслэн “тэр хутга байж магадгүй” гэж хохирогч мэдүүлснээс биш “намайг хутгалсан байж магадгүй” гэсэн утгаар хэлж мэдүүлээгүй гэдэг агуулгаар тайлбарласан болно. Мөн хохирогч П.Б нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт санаатайгаар болсон үйл явдлыг санахгүй дүр эсгэсэн гэж үзэж байна. Учир нь: -мөрдөн байцаалтын явцад хууль сануулан мэдүүлэг авахад хохирогч П.Б нь “...явах гэхэд миний утас байхгүй байсан болохоор гар утсаа нэхэж маргалдсанаа санаж байна. Тэгээд гараад явсан тухайн үед би хутгалуулсан гэдгээ мэдээгүй. Тэгээд замдаа дэлгүүр орж байсан санаж байна. Тэгэхэд миний халаасанд хутга байх шиг байсан, ямар хутга байсныг согтуу байсан болохоор харанхуйд хараагүй шууд гаргаад хаячихсан. Тэгэхэд миний хэвлийн зүүн хэсгээс цус гарч байсан болохоор тэр дэлгүүрийн худалдагчийг гуйж М эгчтэй ярьж хэлээд түргэн, цагдаад мэдэгдсэн. Тухайн үед маргаан болоход Г бид хоёроос өөр хүн байгаагүй бид 2 нилээн согтуу байсан. Тэр Г-тай хамт мах чанаж цэнхэр иштэй хутгаар идэж байсан болохоор тэр хутга байж магадгүй. Тухайн үед Г намайг хутгалчихаад миний халаасанд тэр хутгыг хийсэн байж магадгүй гэж бодож байна. Тэр хутга миний халаасанд үүнээс өөрөөр яаж орсныг хэлж мэдэхгүй байна. Миний утас олдохгүй байсан болохоор нэхэж маргалдаад салсан гэхдээ сүртэй зодолдсон зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа миний гэмтлийг тэр Г гэх хүн маргалдах үед надад учруулсан. Г надаас уучлал гуйж эмчилгээний зардлыг өөрөө тухай бүр бүрэн төлсөн. “...хутган дээр унаж гэмтсэн зүйл болоогүй мөн гарч явахад ямар нэг хүн таараагүй би өөр хүнд хутгалуулаагүй...” /хх-ийн 27/ гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Г.Б-ын /хх-ийн 30/ мэдүүлэг, гэрч П.М-ын /хх-ийн 32/ дахь мэдүүлгүүдээр үзэхэд хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаж байгаа төдийгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан дүгнэхэд гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх Н.Г-ын “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг буюу хутга хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байхад шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Н.Г-д холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй...” гэжээ.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь үндэслэлтэй гарсан учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Прокурорын яриад байгаа зүйл өмнөх хуульд бүрэлдэхүүн томилсон асуудлыг яриад байх шиг байна. Н.Г-д холбогдох хэрэгт улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай баримт, цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, өвчтний түүх, хохирогч П.Б-н өгсөн мэдүүлэг, гэрч Б мэдүүлэг, гэрч Н мэдүүлэг, гэрч Б мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, сэжигтэн Н.Г мэдүүлэг, ял шалгах хуудас, багын засаг даргын тодорхойлолт, Н.Г ажил хийдэг ажлын байрны тодорхойлолт, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч Г мэдүүлэг зэргийг шинэчлэн хэлэлцүүлсэн. Ингээд анхан шатны шүүх цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гарсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Г үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч өөрөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болж чадахгүй. Энэ хэрэгтээ холбогдуулаад үзвэл зөвхөн хүнийг тэгсэн байж магадгүй, ингэсэн байж магадгүй гэсэн таамаг нөхцөл байдалд хүнийг холбогдуулж яллах нь үндэслэлгүй. Өнөөдрийг хүртэл хохирогчийн мэдүүлэгт ямар ч хутгалсан гэж шууд хэлсэн үг хэллэг байхгүй. Бид 2 хамт байсан. Энэ хүн сайн санааны үүднээс тухайн үед эх, эгч 2 нь нас барсан байсан учраас хохирогчийг өрөвдөөд гэртээ оруулж, мах чанаж, 2 шил архи хувааж уугаад, хохирогч явахдаа гар утсаа байна уу гэж асуухад байхгүй гэж хэлэхэд нь гараад явсан. Харин хохирогчийн халаасанд хутга байсан асуудал байдаг. Гэтэл хохирогч “Н.Г хутга ингэж бариад, ийм хэлбэр хэмжээтэй хутгыг над руу ингэж чиглүүлээд би хутгыг нь ингэж булааж авсан” гэсэн шууд нотлох баримт байхгүй. Энэ талаар хохирогч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Улсын яллагч өөрөө анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоос “Эрүүгийн хуульд зааснаар чи хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаа асуудал байна. Энэ тохиолдолд байгаа юу, байхгүй юу. Чиний ярьсан зүйл чинь үнэн үү” гэж асуухад “би хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгээгүй. Яагаад гэвэл би энэ хүнийг хутгалаагүй гэдгийг хэлж байна. Гомдлыг би гаргаагүй, миний эгч гаргасан” гэж хэлсэн. Улсын яллагч гомдол мэдээллийг хүлээн авсан өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх хүртэл тасралтгүй хяналт тавьсан. Гэтэл энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй. Ингэснээр хэргийг бүрэн дүүрэн шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл цагаатгасан нь үндэслэл юм. Яллах хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй. Хэрэг болсон өдөр, цаг хугацаанд цагдаагийн байгууллагын ажилтнууд ирсэн. Үүнээс хойш прокурор хяналт тавьсан. Хэргийн үзлэгээр ямар нөхцөлд гэмт хэрэг үйлдэгдсэн бэ гэдгийг тогтоогоогүй. Ямар хутгаар хохирогчийг хутгалсан гэдгийг тогтоогоогүй. Хэргийн газрын үзлэг хаана болсон талаар тодорхойгүй. Одоо бол энэ ач холбогдолгүй болсон. Гэх мэтчилэн гэмтэл үүсгэсэн эд зүйлийг хурааж аваагүй. Н.Г мөрдөн байцаалтын шатанд “бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Би хохирогчийг хутгалаагүй гэсэн. Энэ талаар улсын яллагчид удаа дараа хүсэлт гаргасан. Хутгалсан, хутгалуулсан гэх 2 хүний хоорондын харилцаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шалгаж өгнө үү. Хэрвээ хүн хутгалсан бол тухайн хутга нь ямар хэмжээтэй байсан бэ. Өвчитний түүх, шинжээчийн дүгнэлтэд хохирогчийг хутгалсан хутганы хэмжээг тогтоогоогүй. Мөн шархны ямар хэлбэр хэмжээтэйг тогтоогоогүй. Гүн орсон байна гэж тогтоосон болохоос ажлын хэсэг нь тийшээ харсан, гүний хэмжээ, өргөний хэмжээ нь тэд байна гэх зэргийг тогтоогоогүй. Шархыг тогтоосноор хохирогч, шүүгдэгч хоёрыг харьцуулаад үзвэл биеийн хэмжээний хувьд шүүгдэгч нь хохирогчоос том биетэй, махлаг өндөр нуруутай. Харин хохирогч туранхай, жижиг биетэй. Хэрвээ хутгалсан гэж үзвэл хутгалагдах шархны хэмжээ гүн үүсэх том хэлбэр хэмжээтэй байх байсан. Улсын яллагчийн зүгээс нотлох баримт болгож яриад байгаа Б, М нарын мэдүүлэгт ямар нэгэн байдлаар хохирогчийг хутгалсан, хутгалж байгааг харсан зүйл байхгүй. Өмнө орж гарч байсан гэж хэлж байгаа. Цагаатгах тогтоол хууль зүйн үнэдэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Н.Г нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод П.Б гар утас алга болсноос үүдэн маргалдаж хохирогч П.Б-н хэвлийн тус газар хутгалж түүний хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх буюу учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэрэгт холбогдогч Н.Г, хохирогч П.Б-ын болон гэрч Г.Б-ын мэдүүлгүүдийг үзэхэд:
Цагаатгагдсан этгээд Н.Г сэжигтнээр байцаагдсан: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед байх гудамжинд явж байгаад Б гэх залуутай таарч танилцсан. Улмаар шартчихсан юм шиг болохоор нь талийгч дүү шиг минь санагдаад архи авч тэр залуутай Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх эгчийнхээ гэрт хамт уусан. Нийт 0.75 литрийн 2 архи хувааж уусан. Тэгээд би мах чанаж өгсөн, улмаар бид 2 нилээд согтож, тэр залуу 17-18 цагийн үед байх, цагийг сайн санахгүй байна, гараад явах шиг болсон. Удалгүй буцаж орж ирээд надаас миний гар утсыг өгөөч гээд нэхээд байсан. Улмаар гар утсаа надаас нэхэж бид 2 маргалдсан. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор тэр залууг хутгалсан эсэхээ санахгүй байна. Тэр залуу ч бас нилээд согтуу байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Би өөр зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 44-45/,
Н.Г яллагдагчаар байцаагдсан: “...2016 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг санахгүй байна, 10 цагийн үед байх шархадны гудамжинд явж байгаад Б гэх залуутай таарсан. Улмаар тэр залуу шартчихсан юм шиг харагдахаар нь талийгч дүү шиг минь санагдаад архи авч тэр залуутай БЗД-ийн 9 дүгээр хороонд байх эгчийнхээ гэрт очиж хамт уусан. Бид хоёр 0.75 литрийн 2 архи хувааж уугаад би мах чанаж өгсөн.Тэгээд бид 2 нилээд согтож, одоо цагийг сайн санахгүй байна унтаж байхад тэр залуу надаас гэнэт өөрийнхөө гар утсыг өгөөч гэж нэхээд бид 2 маргалдсан санагдаж байна. Улмаар би унтаад өгсөн. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд унтаж байхад цагдаа ирээд намайг хүн хутгалсан гээд аваад явсан. Тэр залуу бид 2 нилээд согтуу байсан. Тухайн үед юу болсныг санахгүй байна. Би түрийвчтэй бичиг баримтаа тухайн үед хаяад олж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47/,
Н.Г анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн : “...12 дугаар сарын 23-ны өглөө гэрээс гараад талханд явж байсан чинь дэлгүүрийн тэнд Б гээд хохирогчтой таарсан. Би тухайн өдрөөс 2 сарын өмнө ганц дүүгээ алдчихсан байсан. Дүүтэй маань адилхан харагдаад зогд тусаад харсан чинь шартчихсан явж байхаар нь би дүү хүү дотор муу байна уу гэхэд тийм өчигдөр уучихсан харьж явна гэхээр нь би архи авч өгөөд дотрыг засахаар болоод гудамжинд уултай нь биш гээд манай эгчийнд орж ирсэн. Би нэг жилийн дотор ээж, дүү хоёроо алдчихлаа гээд эрчүүд дотроо онгойлгоод юм ярьж суусан. Тэгээд манай эгчийнх идшээ идчихсэн байсан болохоор адууны 2-3 хавирга чанаад нэг шил 0.5 архи хувааж уусан. Ах нь бас айлын бага болж байх шиг байна 1 жил 6 сарын зайтай төрсөн дүүгээ алдчихлаа гээд бага зэрэг нулимс унагаалаа ах нь тамхи татдаггүй наадхаараа тамхи аваад нэг бол таксинд суугаад харьчихгүй юу гээд 5000-6000 төгрөг өгсөн. Б гарч яваад юу болсын өөрт нь мөнгө байсан юм уу мэдэхгүй дахиад нэг 0.5 архи аваад ороод ирсэн хоёулаа тэрийг ууж байгаад нилээд муудаад тэгээд хоёулаа унтчихсан. Нэг сэрсэн чинь Б байж байсан ахаа миний гар утас яачих ваа гэхээр нь би чиний утсыг хараагүй ээ мэдэхгүй гэж хэлээд миний дүү харьж амар гэж хэлээд манайхаас гарч явсан. Тэгээд гэртээ амарч байсан чинь хоёр цагдаа орж ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161/,
Хохирогч П.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 09-10 цагийн үед байх БЗД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны эмнэлгийн зүүн урагшаа гэрлүүгээ алхаад явж байгаад Г гэх танихгүй ахтай таарч танилцаад ойролцоо байх эгчийнх нь гэрт очиж хамт 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд мах чанаж хамт идээд согтуу тасраад унтаж байгаад сэрэхэд 17-18 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна, намайг харьж амар гээд байх шиг байсан. Би нилээд согтуу байсан болохоор болсон ядлыг сайн санахгүй байна. Тэгээд явах гэхэд миний утас байхгүй байсан болохоор гар утсаа нэхэж маргалдсан санаж байна. Тэгээд гараад явсан, тухайн үед би хутгалуулсан гэдгээ мэдээгүй. Тэгээд замдаа дэлгүүр орж байсан санаж байна, тэгэхэд миний халаасанд хутга байх шиг байсан, ямар хутга байсныг согтуу байсан болохоор мөн харанхуйд хараагүй шууд гаргаад хаячихсан. Тэгэхэд миний хэвлийн зүүн хэсгээс цус гарч байсан болохоор тэр дэлгүүрийн худалдагчийг гуйж М эгчтэй ярьж хэлээд түргэн цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27/,
Хохирогч П.Б дахин байцаасан: “...миний эмчилгээний зардлыг эмнэлэгт байхад өгсөн, яг хэдийг өгсөн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед хар сааралдуу өнгийн товчлууртай жижиг нокиа маркийн хуучин гар утастай явсан, Гантулга гэх хүнтэй архидаж байгаад алга болчихсон, гэхдээ Г авсан аваагүйг мэдэхгүй болохоор гар утсаа үнэлж нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63/,
Хохирогч П.Б анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр урд өдөр нь найзуудтайгаа гадуур явж байгаад найзындаа хоночихоод шөнө нь уучихсан байж байгаад өглөө нь гэр рүүгээ явж байсан. Дэлгүүрийн үүдэнд Г гэдэг ахтай танилцаад дүү шартчихсан юм уу гэхээр нь тийм гээд ах нэг архи аваад яаж шилээр нь гадаа уух юм бэ гэхэд тэгвэл манай эгчийнд очъё гээд эгчийнд нь очиж уусан. Хоол хийж идээд дахиж нэг шил архи уугаад нилээн согтоод сандал дээр нь сууж байгаад жоохон зүйрмэглэчихээд босож ирээд утас байхгүй байна та авсан уу? гэхэд ах би аваагүй юу гэж хүний утас авдаг юм би хулгайч юм уу? гэж хэлэхээр нь би харилаа гээд гарсанаа санаж байгаа. Тэгээд сайн мэдэхгүй байгаа дэлгүүрт орчихсон цагдаа, эгч, ах нар ирсэн. Нэг мэдсэн госпиталд дээшээ хараад хэвтчихсэн байж байсан. Хутга миний карманд байсныг би хүн айлгачих байх гээд хаячихсан. Хэнд хутгалуулснаа мэдэхгүй байж хүн яллуулж болохгүй байх гэх мэдүүлэг. /1 хх-ийн 148-152/,
Мөн энэ хэргийн гол гэрч болох Г.Б мөрдөн байцаалтад : “...2016 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг сайн санахгүй байна 17-18 цагийн үед байх БЗД-ийн 9 дүгээр хороонд байх “Бодонч гал” хүнсний дэлгүүрт ганцаараа худалдаа хийгээд хүнгүй байж байхад нэг танихгүй залуу согтуу орж ирсэн. Тэгэхэд хамт бас нэг тарган өндөрдүү согтуу залуутай маргалдсан байдалтай орж ирээд өндөрдүү залуугаас гар утсаа нэхэж, нөгөөх нь түрийвчтэй бичиг баримтаа зөрж нэхээд маргалдаж зууралдаад байхаар нь цагдаа дуудлаа гэж хөөж гаргасан. Тэгээд удалгүй 15-20 минут орчим болсны дараа туранхай залуу нь хэвлийн зүүн хэсгээс цус гарсан, түүнийгээ дарсан байдалтай орж ирээд түрүүн хамт орж ирээд маргалдаад гарсан махлаг өндөрдүү залуу намайг гэртээ хутгалчихлаа та түргэн, цагдаа дуудаад өгөөч гэж орж ирсэн ба 89850131 дугаарын утаснаас тэр залуугийн ар гэр лүү ярьж мөн түргэн цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаа, түргэн ирээд уг залууг аваад явсан...” /1хх-ийн 30/ гэх
гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүдээс дүгнэхэд Н.Г нь “гэмт хэрэг үйлдээгүй”, хохирогч П.Б нь “хэнд, яаж хутгалуулснаа мэдэхгүй”, гэрч” Г.Б нь “Н.Г нь П.Б хутгалж байгааг хараагүй” гэх бөгөөд хавтас хэрэгт өөрөөр “Н.Г гэмт хэрэг үйлдсэн” талаарх нотлох баримт байхгүй байна. Мөн хэргийн эд мөрийн баримт болох “хутга” нь хохирогч П.Б карманд байсныг П.Б өөрөө хаяснаа хүлээн мэдүүлдэг бөгөөд Мөрдөн байцаалтын шатанд уг хутгыг хэргийн нотлох баримт болгож бэхжүүлж чадаагүй байна.
Анхан шатны шүүх нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Г оролцуулсан байх бөгөөд шинжээч эмч Б.Г мөрдөн байцаалтанд : “...шарханд анхдагч цэгцэлгээ хийгдэж, мэс ажилбар хийгдсэн боолттой байсан учир шархны боолтыг задлах боломжгүй. Харин өвчний түүхэд хэсэг газрын үзлэг дээр хэвлийн зүүн доод талд хутгалагдсан шархтай гэж тэмдэглэгдсэн тул шархны хэмжээг тусгаагүй, хэвлийн хөндийд нэвтэрсэн гэж тусгасан байсан. Хохирогч Б биедээ хутга авч яваад унасан гэж үзвэл биеийн жингээр хутган дээр унаад дээрхи гэмтлийг авсан гэж үзвэл хэвлийн хөндийд нэвтрэх төдий биш илүү гүн орж эрхтнүүдийг гэмтээдэг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 67-68/,
Шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...хутга иртэй тал нь дээшээ харсан тохиолдолд том шарх үүснэ. Хутганы ир үзүүр дээшээ харсан тохиолдолд биеийн жингээсээ унахад илүү гүн шарх үүснэ. Хутган дээрээс биеийн жингээрээ унахад ийм гэмтэл үүсэх боломжгүй. Шархны гүн орох, өнгөц орох гэдэг нь хутганы биед үйлчилж байгаа хүчнээс шалтгаалдаг учир би тогтоохгүй хэрвээ саяны асуудал бол хутган дээр унасан талаар асуусан. Би ямар нэгэн хүн их хүчээр эсвэл бага хүчээр хутгалсан талаар би тогтоох боломжгүй...” гэжээ. /1хх-ийн 161/,
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2022 шинжээчийн дүгнэлтэд: “ хар хөх хүрмэнд 10мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхайнууд байна, тус уранхайнууд нь хурц ир мөртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байж болно...”, /1 хх-ийн 75/ гэжээ.
Хэргийн бусад нотлох баримт болох Шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр ч хохирогч П.Б хэнд хутгалуулсан, эсвэл өөрөө хутгатай явж байгаад гэмтэл авсан эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.
Мөрдөн байцаагч хэрэгт байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж шүүхэд ирүүлснийг шүүх зөв бодитой үнэлж, шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гаргажээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 487 дугаар захирамж / 1 хх-ийн 99/ гаргаж Н.Г холбогдох Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн томилсон боловч 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс доош хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг шүүгч дангаар шийдвэрлэх хуулийн заалтын дагуу “ бүрэлдэхүүн өөрчлөн томилох” тухай Ерөнхий шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 757 дугаар захирамж /1 хх-ийн 126/ гарч шүүгч Д.Мөнхтуяа хэргийг дангаар шийдвэрлэхээр томилогдсон байх тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.
Иймд прокурор И.Ариунсанаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 366 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор И.Ариунсанаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯР
О.ЧУЛУУНЦЭЦЭГ