Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 968

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С” ХХК 

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Д.М. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц , хариуцагч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Д.М******* 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Д.М нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэний А******* Д******* өргөдлийг хүлээн авч хяналт шалгалт явуулж манай “С” ХХК-д холбогдуулж 17******* дугаартай зөрчлийн хэрэг үүсгэж, 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасаны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулж компанийн нэр хүндэд халдаж сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргасныг эс зөвшөөрч гомдлын нэхэмжлэл гаргаж байна.

Манай компани 2014 онд гадаад худалдаа, сургалтын чиглэлээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан Хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгсөн явдал байхгүй болно.

Бид АНУ-ын Техас мужийн Аlivemax компаниас албан ёсны гэрээтэйгээр “Veratol plus”, “Multivitamin”, “Vitality”, “SLIM” нэрийн нано техонологиор үйлдвэрлэн гаргасан 4-н төрлийн хүнсний бүтээгдэхүүн болох жимсний өтгөрүүлсэн шүүсийг импортлон оруулж ирдэг. Тухайн бүтээгдхүүнүүд нь гарал үүсэл, чанар, дүн шинжилгээний болон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх үйлчлэлгүй болохыг гэрчилсэн гэрчилгээ, олон улсын чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай JМР чанарын гэрчилгээтэй. Мөн Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн төвөөс тодорхойлохдоо Хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах бүтээгдэхүүны тодорхойлолттой, Монгол улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 4-н удаагийн шинжилгээний дүнг үндэслэн олгосон хүнсний бүтээгдэхүүн, жимсний өтгөрүүлсэн шүүсний ангилалд хамаарах кодтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлттэй худалдаалагдаж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийг зохих зааврын дагуу хэрэглэхэд хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй, олон хүний итгэлийг хүлээсэн бүтээгдэхүүн юм.

Зөрчлийн хэрэг үүсгэсэн шалтгаан нь гомдол гаргагч иргэн А******* гэгч нь иргэн Э******* 2 ширхэг бүтээгдэхүүн худалдан авч хэрэглээд 7 хоноход явж чадахаа больсон, бие өвдөж эхэлсэн.... тус компани өвчтэй хүмүүсийн зовлонг ашиглаж бизнес хийж байна, хохирлыг барагдуулж өгнө үү гэж гомдол гаргаснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч манай компанид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж шийтгэл ногдуулсан. “ ... “С” ХХК нь өөрийн импортлон худалдаалдаг Хүнсний бүтээгдхүүний ангилалд хамаарах 4-н нэр төрлийн бүтээгдэхүүнийг “эсэд мэдээлэл дамжуулснаэр эрүүл эсийг нөхөн төлжүүлж, өвчтэй эсийг эмчилнэ, 2500 гаруй төрлийн өвчнийг эдгээнэ, хорт хавдрын эсийг дарангуйлна, тархинд дус харвасан саажилттай хүнийг эдгээнэ, хараагүй хүнийг хараа оруулна гэх мэтчилэн хэрэглэгчдэд хуурамч мэдээлэл өгч байгаа Өлзий, UBS телевизээр оролцсон шууд ярилцлагын нэвтрүүлгийн бичлэг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн төвөөс гаргасан тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа тул зөрчлийн шийтгэл оногдуулсугай” гэжээ.

Дээрх нөхцөл байдлаас харахад 2 иргэний бие биедээ бүтээгдэхүүн худалдсан, худалдан авснаас үүдэлтэй гомдлоор манай компанид Зөрчлийн хэрэг үүсгэн шалгахдаа манай бүтээгдэхүүний мөн чанарын нөхцөл байдлыг зөв судлан тотоогоогүй, тухайн иргэний худалдан авсан бүтээгдэхүүн нь манай компаний бүтээгдэхүүн мөн эсэх, харьцуулж шинжээчийн дүгнэлтийг зохих байгууллагаар гаргуулаагүй, иргэн Д******* ямар суурь өвчтэй байсныг өвчний түүхээр нь судлан тогтоож дүгнэлт гаргаагүй зэрэг зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журмын дагуу нотолвол зохих ажиллагааг хийхгүйгээр манай компаний импортоор оруулж ирж худалдаалж байгаа АНУ-ын дэлхийд тэргүүлэгч Alivemax компаний бүтээгдэхүүний нэр хүндэд халдан, манай компаний хэвийн

үйл ажиллагаанд саад учруулж, компанийн бүтээгдэхүүн сурталчилгаа, мэдээллийг зогсоохыг шаардсан бичгийг тухайн телевизүүдэд хүргүүлсэнд, мөн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй шийтгэл оногдуулснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компаниар борлуулагдаж байгаа Alivemax компаний бүтээгдэхүүнийг бид зохих зааврын дагуу ард иргэдэд мэдээлэл өгдөг, мөн уг бүтээгдэхүүнийг авч хэрэглээд эрүүл мэндэд нь сайн үр нөлөө үзүүлсэн, бодитой үр дүн гарсан хүмүүс телевизээр ярилцлагад орж байсан энэ нь бодитой мэдээлэл юм.

Шийтгэл ноогдуулсан байцаагчийн тухайд: Улсын байцаагч хяналт шалгалт явуулахдаа тухайн аж ахуйн нэгжид урьдчилан мэдэгдэж удирдамжаа танилцуулсны дараа удирдамжинд заасан үндэслэлээр хяналт шалгалтыг хийх ёстой. Гэтэл урьдчилан мэдэгдэж удирдамжаа танилцуулалгүйгээр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Тухайн ирсэн гэх гомдлыг шалгуулагч этгээдэд үзүүлэлгүйгээр хувь хүний нууцтай холбоотой хэмээн тайлбарлаж, авч байгаа мэдүүлгээ бичиж чадахгүй, ярьж байгаа зүйлийг бичиж амжихгүй байна утсаар бичлэг хийгээд дараа нь мэдүүлгээ бичнэ гэж уурлаж харьцсан зэрэг нь төрийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадвар, төрийн албан хаагч мэргэшсэн байна гэдэгтээ нийцэхгүй байна. Энэхүү зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ илт хайнга хандсан, нарийн нягт бүрэн гүйцэт судлаагүй, хуульд заасан хийвэл зохих ажиллагаануудыг хийгээгүй зөвхөн торгууль оногдуулахыг урьтал болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг  хамгаалах газрын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн манай компанид торгууль оногдуулсан 01 дугаартай зөрчлийн шийтгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: “...“С” ХХК-ийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай тус компанид ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэн Аюуш овогтой Д******* нь “Тархинд цус харвасан, саажилттай” учраас 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Alivemax компанийн бүтээгдэхүүнийг тархинд цус харвасан хүн, саажилттай хүнийг эдгээнэ” гэсэн агуулгатай Өлзий болон UBS телевизээр гарсан сурталчилгаанд итгэж, 9******* дугаарт захиалга өгч тус компанийн зөвлөх Ц.Э******* худалдан авч, улмаар хэрэглээд үр дүн өгөхгүй байсан тул “хуурамч мэдээлэл өгч, өвчтэй хүмүүсийн зовлонгоор бизнес хийж байна" гэсэн гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу Нийслэлийн прокурорын газарт хянуулан 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 17******* дугаартай зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан.

Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хяналт шалгалтыг хийж “С” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж үзээд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан. 

Шүүхэд гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1. “Манай бүтээгдэхүүний мөн чанарын нөхцөл байдлыг зөв судлан тогтоогоогүй, нотолбол зохих ажиллагааг хийгээгүй” гэсэн тухайд:

“С” ХХК нь АНУ-аас “Alivemax" нэрийн Verotrol Plus resveratrol-Вератроп плас, Multi Vitamin Spray-Мултивитамин спрей, Vitality spray-Виталити спрей, S.L.I.M Healthy Weight-Слим спрей  зэрэг тус бүр 30 мл (1 fl oz)-аар савлагдсан бүтээгдэхүүнийг өөрийн борлуулалтын суваг болон гар дээрээс худалдаа эрхлэгч, гэрээт борлуулагчдаар дамжуулан худалддаг.

Тухайн компанийн борлуулдаг бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон шинж чанарыг тодорхойлох зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагуудаас шаардлагатай дүгнэлт, шийдвэрийг авч хэрэгт бүрдүүлж ажилласан. Ингэхэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн гаргасан дүгнэлтүүдээр “хүнсний бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон байдаг. Харин “эсэд мэдээлэл дамжуулснаар эрүүл эсийг нөхөн төлжүүлж, өвчтэй эсийг эмчилнэ, 2500 гаруй төрлийн өвчнийг эдгээнэ, хорт хавдрын эсийг дарангуйлна, тархинд цус харвасан болон саажилттай хүнийг эдгээнэ, элэгний В,С вирусыг устгана, хараагүй хүнийг хараа оруулна” гэх талаар нэг ч мэргэжлийн байгууллага болон шинжлэх ухааны байгууллага тогтоогоогүй байна.

2. “Alivemax” нэрийн бүтээгдэхүүнийг 2 иргэн бие биедээ худалдсан, худалдан авснаас үүдэлтэй гомдлоор манай компанид хариуцпага ногдуулсан” гэх тухайд:

“С" ХХК нь өөрийн бүтээгдэхүүнээ гэрээт борлуулагч /зөвлөх/ нараар дамжуулан худалдаалдаг, тус компанид Ц.Эг гэрээт борлуулагч /зөвлөх/-аар мөн зөвлөх гэх Г.Б*******р дамжуулан элсүүлсэн, мөн Өлзий төлевизээр гарах Alivemax компанийн бүтээгдэхүүний сурталчилгааны доод хэсэгт Ц.Эн утасны дугаарыг байршуулсан, гэрээт борлуулагчийн гэрээ, мэдүүлэг болон иргэн А.Д******* захиалга бодитойгоор хэрэгжсэн нөхцөл байдлуудаар тогтоогдож байгаа юм.

Мөн “С” ХХК-иас хяналт шалгаптын явцад 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч А.Д******* гэрийн хаягаар очиж бүтээгдэхүүний төлбөр болон эмнэлгийн зардлыг хохирлын мөнгө хэмээн өгсөн, мөн “UBS" ТВ-д сурталчилгааны төлбөр болох 770.000 төгрөг төлсөн баримт нь “2 иргэний бие биедээ бүтээгдэхүүн худалдсан, худалдан авснаас үүдэлтэй” гэсэн тайлбарыг няцааж байна.

3. “С” ХХК нэхэмжлэлдээ “урьдчилан мэдэгдэж удирдамжаа танилцуулалгүйгээр зөрчлийн хэрэг нээсэн. Ярьж байгаа зүйлийг бичиж амжихгүй байна утсаар бичлэг хийгээд дараа нь мэдүүлгээ бичнэ гэж уурласан” гэсэн тухайд:

Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар улсын байцаагчийн хяналт шалгалт хийх үндэслэлийн дагуу удирдамжгүйгээр хийсэн тул танилцуулагдаагүй болно. Мөн урьдчилан мэдэгдэх талаар хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй байх тул зөрчлийн хэрэг нээсэн даруйд мэдэгдсэн байдаг.

Хяналт шалгалтын явцад “С” ХХК-д хандан тайлбар, мэдээлэл өгөхийг удаа дараа мэдэгдсээр байхад зөрчлийн хэрэг бүртгэлтэд саад учруулж шаардлагатай тайлбар, мэдээллийг гаргаж ирүүлээгүй тул тайлбар, шаардлагатай баримт материалыг гаргуулахаар улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 7/40 тоот албан шаардлага хүргүүлсэн, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу холбогдогч мэдүүлэг авах явцад улсын байцаагчийн зүгээс дуу хураагуур ашиглах талаар мэдэгдэхэд татгалзсан тул дуу хураагуураар бичлэг хийхийг зогсоосон, мөн холбогдогч нь бухимдаж мэдүүлэг өгөхөөс зайлсхийж гарч явсан байдаг.

Түүнээс гадна 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ит эрх үүргийг нь танилцуулан шийтгэлийн хуудсыг биечлэн танилцуулж хүлээлгэн өгсөн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5-ын 2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн авснаас хойш сайн дураар биелүүлэх 15 хоногийн дотор биелүүлэх хугацаа хэтэрсэн байх тул шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Шийтгэврийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж гарсан. 

Түүнээс гадна эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн авснаас хойш сайн дураар биелүүлэх 15 хоногийн дотор биелүүлэх хугацаа хэтэрсэн, мөн улсын байцаагчиЙн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд 5 хоногийн дотор дараагийн шатанд гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн байгааг тус тус анхааран үзэх нь зүйтэй байна.

4. “С” ХХК нэхэмжлэлдээ “тус компанийн бүтээгдэхүүний сурталчилгаа, мэдээллийг зогсоохыг шаардсан бичгийг тухайн телевизүүдэд хүргүүлсэн. Энэ нь компанийн нэр хүндэд халдсан үйлдэл болсон” гэсэн тухайд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хяналт шалгалтыг явуулж, энэ хугацаанд хэвлэл, мэдээллийн байгууллагуудад “С” ХХК-ийн “Аlivemах” нэрийн бүтээгдэхүүнийг сурталчилсан мэдээлэл гаргахгүй байх талаар нэг ч албан бичиг хүргүүлээгүй. Мөн энэ талаар улсын байцаагчийн зүгээс нэг ч үйлдэл хийгээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин Прокурор болон Эрүүл мэндийн яамны зүгээс тухайн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч өгөх талаар тус агентлагт шаардлага ирүүлсээр байгаа юм.

Иймд “С” ХХК-ийн захирал С.С аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “ Зөрчлийн хэрэгт бүртгэлтийн ажиллагааг прокурорын хяналтад явуулсан, хэрэг бүртгэлтийн ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн бол тухайн үедээ хуульд заасан хугацаанд нь прокурорт гомдлоо гаргаад шалгуулах эрхтэй байсан. Тухайн үед бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч бүтээгдэхүүний  чанар эрүүл ахуй аюулгүй байдлын хувьд маргаан байгаагүй, Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргасан байсан. Харин хэрэглэгчийг төөрөгдүүлж хүнсний бүтээгдэхүүнийг олон төрлийн өвчнийг эдгээх эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж сурталчилгаа явуулсан тухай гомдол байсан тул шинжилгээ хийх шаардлагагүй байсан. Оролцогчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хүндрэл учлуулсан тул албадлагын журмаар ирүүлж тайлбар авч, албан шаардлага явуулж баримтуудыг авсан. Б.И гэх хүн нь С.С ын гэр бүлийн хүн бөгөөд компанийг төлөөлөх эрхтэй захирлаар ажилладаг учир дуудаж тайлбар авсан. Бүтээгдэхүүнээ хүнсний бүтээгдэхүүн гэдгийг нэхэмжлэгч өөрөөр хүлээн зөвшөөрч байна. эрх бүхий байгууллагаас ч хүнсний бүтээгдэхүүн гэж тодорхойлсон. Гэтэл хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн, олон төрлийн өвчний үед   эмчилгээнд хэрэглэнэ, өвчнийг эдгээнэ гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хууль зөрчиж байна. Хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн импортлох, борлуулах нь тусдаа эрх зүйн зохицуулалттай, тусгай зөвшөөрөл шаарддаг. Хэрвээ эрүүл мэндийн бүтээгдэхүүн байсан бол шинжлэх ухаанаар батлагдсан, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх ёстой. Эрүүл мэндэд ашиг тустай байхыг үгүйсгэхгүй, гэхдээ өвчний үед эмчилгээний журмаар хэрэглэнэ гэж сурталчилж болохгүй. Хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний бүтээгдэхүүн гэж сурталчилж худалдахыг л шаардсан. Тодорхой өвчний үед эмчилгээ хийлгэхдээ хавсарч хэрэглэвэл эмчилгээний үр дүн сайжрах бол энэ талаараа үнэн бодит мэдээлэл өгөхийг л шаардсан. Түүнээс биш өвчнийг эдгээнэ, хорт хавдрын эсийг дарангуйлна, элэгний вирусыг устгана, саажилтыг эдгээнэ гэж сурталчилж болохгүй.

Бид хуульд заасан журмын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэж торгох шийтгэл ногдуулсан. Харин уг компанийн сурталчилгаа хийх эрхийг хязгаарласан ямарваа шийдвэр гаргаагүй.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

“С” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байх ба 17******* дугаартай зөрчлийн хэргийн материалууд, талуудын тайлбарыг үндэслэн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэн А.Д******* 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Alivemax” компанийн бүтээгдэхүүний талаар хуурамч сурталчилгаа хийж байгаа тухай гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Нийслэлийн прокурорын газрын хяналтад 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 17******* дугаартай зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, “С” ХХК-ийг хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчийн эрх, ашигт хохирол учруулсан зөрчил үйлдсэн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулжээ.

“С” ХХК нь АНУ-аас “Alivemax" нэрийн Вератрол плас /Veratrol Plus/, Мултивитамин спрей /Multi Vitamin Spray/, Виталити спрей /Vitality spray/, Слим спрей /S.L.I.M Healthy Weight/ гэсэн 4 төрлийн шингэн цацлага хэлбэрээр савлагдсан бүтээгдэхүүнийг импортлон худалдаалжээ.

Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 335 тоот тодорхойлолтоор дээрх 4 төрлийн бүтээгдэхүүнийг найрлагандаа олон төрлийн жимс, хүнсний ургамлыг  агуулсан, хандалж шингэн хэлбэрт оруулан савласан, шууд болон усанд найруулан уух зориулалттай “хүнсний бүтээгдэхүүн”-ий ангилалд хамаарахыг тодорхойлсон, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Үндэсний лавлагаа лабораторид дээрх 4 төрлийн хүнсний бүтээгдэхүүн болон 2 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг нян судлал, хор судлал, хөгц мөөгөнцөр, биотуршилтын лабораторийн шинжилгээнд хамруулаад улсын ахлах байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 02-09-09-191/89 тоот дүгнэлтээр нян, хөгц мөөгөнцөр илрээгүй, чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн, Гаалийн ерөнхий газрын төв лаборатори 2015, 2016 онд дээрх 4 төрлийн бүтээгдэхүүнийг шинжлээд ургамлын ханд агуулсан хүнсний бүтээгдэхүүн гэж дүгнээд барааны ангиллын 2106.90.90 кодод хамруулан ангилсан байна. 

Тодруулбал “С” ХХК-ийн импортлон худалдаалдаг 4 төрлийн бүтээгдэхүүн нь жимс, ургамлын ханд бүхий “хүнсний бүтээгдэхүүн” бөгөөд хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын хувьд шаардлага хангасан болохыг тодорхойлж, импортлох, худалдаалахыг зөвшөөрчээ. 

Гэтэл “С” ХХК нь эдгээр бүтээгдэхүүнийг худалдаалахдаа “эсэд мэдээлэл дамжуулснаар эрүүл эсийг нөхөн төлжүүлж, өвчтэй эсийг эмчилнэ, зүрх судасны өвчин, чихрийн шижин, бөөр давсагны үрэвсэлт эмгэг, бөөрний архаг дутагдал, тархинд цус харвасан болон саажилт, хараа муудах, нүдний даралт, нүдний болор цайх зэрэг 2000 гаруй төрлийн өвчнийг эдгээнэ, элэгний вирусыг устгана, хеликобактер, бүх төрлийн хавдрын эсийг дарангуйлна” хэмээн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж ойлгогдохоор сурталчилж, үүнээс үүдэн ийм агуулга бүхий сурталчилгааг телевизийн Өлзий болон UBS сувгаар үзсэн тархинд цус харвасан, саажилт өвчтэй хэрэглэгч сурталчилгаанд тавигдсан утасны дугаараар захиалга өгч худалдан авч хэрэглэж хохирсон тухай гомдол, мэдээлэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирснээр зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар дээрх зөрчил тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл “С” ХХК нь жимс, ургамлын ханд бүхий “хүнсний бүтээгдэхүүн”-ийг олон төрлийн өвчний үед хэрэглэх эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж сурталчлан худал мэдээлэл хэрэглэгчдэд өгч төөрөгдүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 6-д заасныг зөрчсөн үйлдэл болжээ.

 “Alivemax" компанийн олон төрлийн жимс, ургамлын ханд агуулсан шингэн цацлага хэлбэрт савлагдсан Вератрол плас /Veratrol Plus/, Мултивитамин спрей /Multi Vitamin Spray/, Виталити спрей /Vitality spray/, Слим спрей /S.L.I.M Healthy Weight/ гэсэн 4 төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын хувьд шаардлага хангасан болох нь тогтоогдсоны дээр хүний эрүүл мэндэд ашигт чанартай байхыг үгүйсгэхгүй ч эмчилгээний журмаар хэрэглэхэд зориулагдсан эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй байна. 

Учир нь Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар “хүнс”, “хүнсний бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны ус, савласан ус, бүх төрлийн ундаа, бохь, хүнсний нэмэлтийг ойлгох бөгөөд түүнийг импортлох, худалдаалахад хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын хувьд шаардлага хангасан байхыг л шаардана. 

Харин Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагаа буюу эмчилгээнд хэрэглэгдэх Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд тодорхойлсон хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, дархлаажуулах зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэл буюу эм, хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүн буюу биологийн идэвхт бүтээгдэхүүн нь үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардагдах хязгаарлалт бүхий үйл ажиллагаа байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар бараа, ажил, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах зарчим баримтлах ба, хэрэглэгч нь барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэйн дээр, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно. 

Иймд “С” ХХК нь хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой өвчний үед хэрэглэх эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж сурталчилсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан “... худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно” гэж заасныг болон “барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах” хэрэглэгчийн эрхийг зөрчсөн байх тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий улсын байцаагч энэ талаарх гомдол мэдээллийн дагуу зөрчлийг шалган Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Хэдийгээр гомдол гаргагч иргэн хохирлоо барагдуулсан, гомдол, саналгүй гэсэн боловч энэ нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд зөрчлийн үр дагаврыг арилгах нь зайлшгүй юм. 

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар бүтээгдэхүүний талаарх сурталчилгааг хийсэн телевизийн сувгууд болон холбогдох эрх бүхий байгууллагууд болох Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газраас тодруулга авч, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 7/40 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагаар “гомдол мэдээллийн талаарх тайлбар, холбогдох баримтыг гаргаж өгөх”-ийг тус компаниас шаардан гаргуулж, дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхээр зөрчлийн хэрэгт бүртгэлт явуулах хугацааг сунгуулсан, энэ хугацаанд хэргийг шийдвэрлэсэн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар тухайн үед эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй байна. 

 “С” ХХК нь “бүтээгдэхүүнийг гомдол гаргагч А.Д*******д худалдсан Д.Эг тус компанид ажилладаггүй” хэмээн маргасан ч бүтээгдэхүүний талаарх сурталчилгааг хийсэн телевизийн сувгууд мэдээллийн үнэн бодит байдлыг “С” ХХК хариуцна гэх бөгөөд сурталчилгааны төлбөрийг “С” ХХК төлсөн, А.Д******* “уг нэвтрүүлэгт тавигдсан утасны 95513615  дугаараар холбогдож бүтээгдэхүүнийг захиалж авсан” гэж,  Ц.Э “Alivemax компанийн борлуулагчаар ажилладаг, өөрийн нэвтрэх эрхээр бүтээгдэхүүнээ захиалж авдаг, телевизийн сурталчилгаанд мөнгө төлж утасны дугаараа байршуулсан” гэж тус тус мэдүүлсэний дээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3.1.2-т “худалдагч” гэж зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид бараагаа борлуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүнийг ойлгохоор тодорхойлсон тул бүтээгдэхүүний талаарх сурталчилгааны үнэн бодит байдлыг “С” ХХК хариуцахаар байна.

 

              Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА