Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0187

 

 

Х.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х хариуцагчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч Н.Б, гуравдагч этгээд А.М нарыг оролцуулан, Говь-алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.М-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн /2017 он/ 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Х.М-ын “Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай “А.М-д ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд Х.М-ыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, орон тоонд Х.М-ыг томилохыг хариуцагчид даалгах, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хэлтсийн хяналт шалгалтын байцаагчийн үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2017 он/ 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 62 дугаар зүйлийн 62.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай “А.М-ыг ажилд томилох тухай” тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаанд түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрт заасан 2 сарын хугацаанд багтаан хариуцагч сонгон шалгаруулалт явуулж шалгалтын дүнг үндэслэн нэхэмжлэгч Х.М, гуравдагч этгээд А.М нарын хэн нь илүү шаардлага хангаж буйг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчаар томилох шийдвэр гаргаагүй тохиолдолд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаал хүчингүй болж, нэхэмжлэгч Х.М-ыг хяналт шалгалтын байцаагчаар томилохыг мэдэгдэхээр” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Зохигч нар хяналт шалгалтын байцаагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгах талаар маргаагүй, харин Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасны дагуу шууд шилжүүлэн ажиллуулах талаар маргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар буюу хяналт шалгалтын байцаагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгаж шийдвэр гаргасан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор цомхтголд орсон албан хаагчдаас нэхэмжлэгч Х.М-ыг хяналт шалгалтын байцаагчийн орон тоонд томилох хууль зүйн боломж байсан эсэх нь маргааны гол зүйл юм.

Тухайн үед хэлтсийн хяналт шалгалтын байцаагчийн орон тоонд ажиллах боломжтой цомхтголд орж ажлаасаа чөлөөлөгдсөн тангараг өргөсөн хэдэн төрийн жинхэнэ албан хаагч байсан болохыг хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоох нь хэрэгт ач холбогдолтой.

А.М цомхтголд орж ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхийг тус хэлтсийн даргын тухайн үед гаргасан тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргийг харьцуулан үзэж тогтоох ёстой байтал А.М-ын орон тоо хасагдсан мэтээр хийсвэрээр дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай А.М-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай А.М-ыг ажилд томилох тухай тушаалууд, мөн түүнд чөлөө олгосон тушаал зэргээс үзэхэд А.М-ыг “Төлөвлөлт судалгаа шинжилгээ нэрийн данс хариуцсан байцаагч” гэж орон тоонд ажиллуулж байгаад хяналт шалгалтын байцаагчийн ажлыг нэмж хавсруулсан байгаа нь орон тоо нэгтгэгдсэний улмаас ажлаас чөлөөлөөгүй болохыг харуулж байна.

Ажлын байрны тодорхойлолтоос үзвэл төлөвлөлт судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан байцаагчийн ажлын чиг үүрэг нь шинээр  нэгтгэгдэж бий болсон төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлын чиг үүрэгтэй давхацсан байгаа бөгөөд үйл ажиллагааны хянтлан бодогчийн чиг үүрэг нэмэгдэж нэг орон тоо болсон байхад тухайн нэг орон тоонд Б.Г, А.М нар хоёулаа зэрэг ажиллаж байгаа гэж үзэж болохоор байна.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын гаргасан А.М-тай холбоотой тушаал болгон дээр түүнийг төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн гэсэн байгаа. Яг энэ хугацаанд Б.Гантулгыг ямар тушаалаар, ямар орон тоон дээр ажиллаж байсан болохыг шинээр батлагдсан бүтэц орон тоотой харьцуулан тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлэлгүй, Б.Гантулгыг нэгтгэгдсэн орон тоонд ажиллаж, А.М тухайн чөлөөлөгдсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд А.М шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хяналт шалгалтын улсын байцаагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах эсэх асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, цаашид тодруулах шаардлагатай нөхцөл байдал биш. Анхан шатны шүүх хуулиар өөрт эрх олгогдоогүй асуудлаар захиргааны эрх хэмжээнд халдсан шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчиж байна.

Учир нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж буй өөр төрлийн жинхэнэ албан хаагч сонгон шалгаруулалтад өрсөлдөж, А.М, Х.М биднээс илүү үнэлэгдэх боломжтой.

Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүснэ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Х.М-ын хяналт шалгалтын байцаагчаар томилуулахыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа 3 дахь заалтаар Х.М-ыг хяналт, шалгалтын улсын байцаагчаар томилох боломжтой мэтээр заасан нь агуулгын зөрчилтэй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2,3 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс гаргасан гомдлыг үндэслэн бүхэлд нь  хянав. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дэмжсэн, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр шийдвэрийн Тогтоох  хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч Х.М-лыг Хяналт шалгалтын байцаагчаар томилсон тушаалд өөрчлөлт оруулах боломжгүй байна гэж үзэв.  

Энэхүү хэргийн тухайд анх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар Шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 294 дүгээр Магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 294 дүгээр Тогтоол гарсан байна. Мөн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 29 тоот Шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар Магадлал, үүний дараа “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай”  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 07 тоот Тогтоол, уг тогтоолыг хүчингүй болгосон тус шүүхийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 807 тоот Тогтоол зэрэг гарч байжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалтай нотлох баримт цугларсан, энэ талаар оролцогчид маргаагүй, нэмж цуглуулах нотлох баримт үгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Нэхэмжлэгч Х.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай А.М-д ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай А.Мажилд томилох тухай тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах; 2. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд Х. М-ыг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон тоонд Х.М-ыг томилохыг хариуцагчид даалгах; 3. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагуудаа дахин тодруулсан, энэ хүрээнд нь анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хянав.

Шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 62 дугаар зүйлийн 62.1.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 02 дугаартай “А.М-ыг ажилд томилох тухай” тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Гуравдагч этгээд А.М нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “Төлөвлөлт судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан бөгөөд тэрээр 2009 онд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь  бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болж өөрчлөгдөн зохион байгуулагдсантай холбоотойгоор аймаг, нийслэл дэх хэлтэс тасгууд мөн адил өөрчлөгдөн зохион байгуулагджээ.

Өмнө нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 тоот Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалын Зургаадугаар хавсралтаар Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан байх бөгөөд Санхүү бүртгэл, хамралт, орлого, хяналтын тасаг нь нийтдээ 10 орон тоотой, Үүнээс Хяналтын шалгалтын байцаагч 2, Орлого шимтгэлийн байцаагч 3, Үйл ажиллагааны нягтлан бодогч 1, Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан байцаагч 1  гэсэн орон тооттой байжээ.

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн а/22 тоот Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын  “Бүтэц орон тоот батлах тухай” тушаалын Зургаадугаар хавсралтаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан байх бөгөөд  Санхүү бүртгэлийн тасаг 7 орон тоотой, Хяналт шалгалт, дотоод аудитын тасаг 4 орон тоотой байхаар тусгагджээ.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлагдсанаар Санхүү, бүртгэлийн тасаг гэсэн хэсэгт Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч 1, Орлого шимтгэлийн байцаагч 1, харин Хяналт шалгалт, дотоод аудитын тасагт Хяналт шалгалтын байцаагч 2 орон тоотой ажиллахаар батлагдсан байна.

Ингэснээр Үйл ажиллагааны нягтлан бодогч, Төлөвлөлт судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 орон тоо нэгтгэгдсэн талаар хэргийн оролцогчид тайлбарлаж байна. Энэ талаар ч гэсэн хэргийн оролцогчид тайлбарлаж байна. Энэ нэгдсэн орон тоонд Төлөвлөлт судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн А.М үйл ажиллагааны нягтлан бодогч С.Г нар өмнө нь ажиллаж байжээ.  Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэгтгэгдсэн орон тоо нь  Төрийн жинхэнэ албан хаагч ажиллах ёстой Мэргэжилтний орон тоо байжээ. Гэтэл С.Г нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш байхад төрийн жинхэнэ албан хаагч болох А.М-тай өрсөлдүүлсэн, улмаар С.Гантулгыг нь томилсон нь буруу болсон байна. Дээрх байдлаас шалтгаалан А.М-ыг ямарваа нэгэн орон тоонд ажиллуулах шаардлага үүсч, улмаар Х.М-ын ажиллах боломжтой байсан орон тооны асуудал хөндөгдсөн байна. Тухайн үед Х.М-ын ажиллах боломжтой Хяналт шалгалтын  байцаагч гэсэн орон тоо сул байжээ. Тодруулбал Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Бадрахын Анхтуяаг Тасгийн дарга, дотоод аудитороор томилсноор Хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоо гарсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох  хэсгийн 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 62 дугаар зүйлийн 62.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай А.М-ыг ажилд томилох тухай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаанд түдгэлзүүлж, 3 дахь заалтаар :  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрт заасан 2 сарын хугацаанд багтаан хариуцагч сонгон шалгаруулалт явуулж шалгаруулалтын дүнг үндэслэн нэхэмжлэгч Х.М, гуравдагч этгээд Х.М нарын хэн нь илүү шаардлага хангаж буйг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчаар томилох шийдвэр гаргаагүй тохиолдолд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаал хүчингүй болж, нэхэмжлэгч Х.М-ыг Хяналт шалгалтын байцаагчаар томилохыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэсэн орон тоо нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан төрийн захиргааны албан тушаал юм гэсэн лавлагааг шүүхэд ирүүлжээ. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэсэн төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан иргэнийг томилсон нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн байна. Гэвч А.М нь өөрөө албан тушаалын орон тоог нэгдсэнтэй холбоотойгоор явуулсан сонгон шалгаруулалт, томилгооны талаар маргаагүй бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй тул анхан шатны шүүх энэ байдлаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Иймд гуравдагч этгээд А.М-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо : “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаангүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахгүй гэснийг анхан шатны шүүх зөрчсөн учир нь Зохигч нар хяналт шалгалтын байцаагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгах талаар маргаагүй, харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д /2002/ заасны дагуу шууд шилжүүлэн ажиллуулах талаар маргасан билээ. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар буюу хяналт шалгалтын байцаагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгаж шийдвэр гаргасан” гэснийг хүлээн авах боломжгүй. Тухайн орон тоонд одоо А.М ажиллаж буй бөгөөд дээрх төрийн албан хаагчийг хуульд заасан ямар нэгэн үндэслэлгүйгээр  чөлөөлөх замаар Х.М-ыг томилох боломжгүй. Энэ тохиолдолд анхан шатны шүүхээс тухайн 2 төрийн албан хаагчийн тухайд хариуцагч сонгон шалгаруулалт явуулж шалгаруулалтын дүнг үндэслэн нэхэмжлэгч Х.М, гуравдагч этгээд Х.М нарын хэн нь илүү шаардлага хангаж буйг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчаар томилох ... агуулгатай шийдвэр гаргасан нь үндэслэлтэй.

Одоо тухайн орон тоо буюу Хяналт шалгалтын байцаагч нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 122 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан Хяналт шалгалтын байцаагч-ийн албан тушаалын тодорхойлолтод Дэс түшмэл ТЗ-6 гэсэн ангиллаар дээр дурдсан мэргэжилтнээс /ТЗ-5/ 1 шатлал дээгүүр байхаар батлагдсан байна. Иймд Х.М-ыг А.М-аас илүү шаардлага хангаж байгаа, шууд томилох ёстой гэж  анхан шатны шүүх дүгнэх боломжгүй байжээ. Нэгэнт түүнийг шууд томилох шийдвэр гаргаагүй тул, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжих боломжтой, гомдол гаргаагүй гэдгээ тайлбарлаж байсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                   ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА

                   ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР