Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 032

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,  

улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/,        

шүүгдэгч Т.Д , түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Д  овогт Т-ын Д-д  холбогдох эрүүгийн 1910021410677 дугаартай 187/2019/0638/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ........ оны .... дугаар сарын ......-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, .....настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Минт бааранд зөөгч ажилтай, ам бүл 3....... хамт, Дархан-Уул аймгийн ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д  овогт Т-ын Д /РД:.........../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Д  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт гэх бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 05 цагийн орчим хамт ажилладаг С.Бадралтай миний өмнөөс хог асгаад өгчих гэх шалтгаанаар маргалдан түүний хамран тус газарт толгойгоороо нэг удаа мөргөж С.Б-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Д  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт гэх бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 05 цагийн орчим хамт ажилладаг С.Бадралтай миний өмнөөс хог асгаад өгчих гэх шалтгаанаар маргалдан түүний хамран тус газарт толгойгоороо нэг удаа мөргөж С.Б-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Т.Д ийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд ажлаа тараа цэвэрлэгээ хийж байсан чинь хамт ажилладаг Т.Д  намайг удаа дараа хог асгаатах гэж хэлсэн чи хариуд нь үгүй гэсэн чинь чамд 20.000 төгрөг өгье чи асгачих гэж хэлсэн. Би чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл хамт ажилладаг Бат-Очирын хөл нь муу байсан болохоор би Бат-Очирын өмнөөс хог асгахаар гарсан. Тэгтэл Д дахин чи хог асгаад өгөөч 20.000 төгрөг өгье гэж хэлэхэд нь би дургүйцлээ илэрхийлсэн. Чи намайг доромжлоод байгаа юм уу гэж асуусан чинь Д намайг хавсаргах гэж оролдсон. Би тэр үед Дөлгөөний гараас барьсан байсан болохоор газар унаагүй. Дөлгөөнөө больцгооё чи тайвшир гээд хэлсэн чинь миний хамар луу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэр үед манай байгууллагын үйлчлэгч Алгирмаа болон менежер Сугаржав нар ирж байхад миний хамарнаас цус гарсан. Би хамраа цэвэрлэх хэрэгтэй байна гэж хамраа мурийсан байхыг харсан. Хувийн эмнэлэг улсын эмнэлгээс илүү чанартай гэж бодож байна. Хагалгааны нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8, 9-10/

            3. Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны орой 20:30 цагийн үед Минт бааранд ажлаа хийх гээд ирсэн. Тэгээд ажлаа хийж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 07-ны 5 цагийн үед баар хаах үед цэвэрлэгээ хийж дуусч байтал Д гэх залуу Бадрал гэх сүүлд ажилд орсон зөөгчтэй маргалдаад байх шиг байсан. Тэгсэн Д Бадрал гэх залуугийн хамар луу мөргөчихсөн тэгэхээр нь би болиоч чи ямар дээрэлхүү зантай юм бэ гэхэд юу ч дуугарахгүй байсан. Тухайн үед зодуулсан гэх залуугийн хамрнаас цус гарч байсан ба Дөлгөөнөөс уучлаарай хөгшөөн гээд уучлалт гуйж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10948/-ний дүгнэлт:

            -С.Б-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

            -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-20/

             5. Шүүгдэгч Т.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бадралыг миний өмнөөс хог асгаад өгөөч гэж хэлсэн чинь Бадрал чи өөрөө асга гэж хэлэхээр нь би хүүхэд өвчтэй халуураад байна гэж гуйсан чинь Бадрал өөрөө асгачих гээд байхаар нь би чамд 20.000 төгрөг өгье гэж хэлсэн чинь Бадрал өөрөө асгачих гээд байхаар нь уурандаа хамар луу нь мөргөсөн чинь хамт ажилладаг хүмүүс салгасан. Би тэр үед хэн салгасныг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.Д  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10948/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Т.Д  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт гэх бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 05 цагийн орчим хамт ажилладаг С.Бадралтай миний өмнөөс хог асгаад өгчих гэх шалтгаанаар маргалдан түүний хамран тус газарт толгойгоороо нэг удаа мөргөж С.Б-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Т.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Д ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Т.Д тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, санал хүсэлт байхгүй...” /хх-105/ гэсэн , түүний хувийн байдал /...23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Минт бааранд зөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д  овогт Т-ын Д-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Д ийг урьдчилан цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийн  нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн нийт 144 /нэг зуун дөчин дөрөв/ цагийг хасч, 96 /ерэн зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр зааж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д өөс 155.000 /зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б олгох нь зүйтэй.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж байна.

Шүүгдэгч Т.Д д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.   

Шүүгдэгч Т.Д ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д  овогт Т-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д  овогт Т-ын Д-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Д ийг урьдчилан цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийн  нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн нийт 144 /нэг зуун дөчин дөрөв/ цагийг хасч, 96 /ерэн зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр заасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д өөс 155.000 /зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б олгосугай.      

 

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.  

 

6. Т.Д д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Д д сануулсугай.   

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР