Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1489

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2016/01570/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ******* сумын ****** дүгээр баг, ****** дугаар айлын ****** дугаар гудамж ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******н

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* хорооны хүний их эмчийн салбарт асрагчаар ажилласан. 1989 оны 11 дүгээр сард ар гэрийн гачигдлын улмаас ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон учраас архивын лавлагаа авсан юм. Архивын лавлагаа авсан боловч ажилд орсон тушаал байгаад ажлаас гарсан тушаал байхгүй байгаа юм. Иймд намайг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ******* хорооны хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.*******н ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч С.******* нь ******* хорооны Хүний их эмчийн салбарт 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь ******* хорооны Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай тушаал, Дархан хотын ******* хорооны их эмчийн салбарын эрхлэгчийн 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаар тодорхойлолт, фото зураг, гэрч *******ийн “...Би 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд ажилд орох үед С.******* нь ******* хорооны хүний их эмчийн салбарт асрагч ажилтай байсан. 1989 онд нөхрийнх нь бие муудаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “...Намайг 1985 оны 06 дугаар сард ажилд орох үед С.******* асрагч ажил хийдэг байсан, нилээн хэдэн жил ажилласан. 1989 онд ажиллаж байгаад гарсан, тасралтгүй асрагчийн ажлаа хийж байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ийн ******* /РД: *******/-г ******* хорооны Хүний их эмчийн салбарт 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА