| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0054/Э |
| Дугаар | 049 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 049
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр /ҮД:13-0677/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Г овогт Б-ны Н-д холбогдох эрүүгийн 1910025830931 дугаартай 187/2020/0054/Э индекстэй хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн дизайнер мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ....... тоот хаягт бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ........ тоотод оршин суух, Г овогт Б-ны Н /РД:................/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 01-02-нд шиилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо белла виста хотхоны 200 дугаар байрны 205 тоотод хохирогч Э.Т-ийн хоолойг боож нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 01-02-нд шиилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо белла виста хотхоны 200 дугаар байрны 205 тоотод хохирогч Э.Т-ийн хоолойг боож нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Э.Т-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зурагнууд /хх-42-44/
3. Хохирогч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болон 31-ний орой нь Н надтай маргалдаж хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би орой 2019 оны 11 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчим Н над руу утсаар залгаад байхаар нь утсаа аваагүй ба би аавынхаа гэрээс гараад Н ийн гэр лүү нь очсон. ...Тэгээд вино ууж байгаад бага зэрэг маргалдсан. Маргалдаж байгаад би 00-ийн өрөө рүү орсон бөгөөд араас Н 00-ийн өрөөний хаалга эвдэж орж ирээд намайг 00-ийн өрөөнөөс гаргаад орон дээр унагаагаад миний дээр гарч суугаад миний нүүр лүү гараараа 4 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13307/-ний дүгнэлт:
-Э.Т-ийн биед тархи доргилт, зүүн дээд зовхи, хацар шанаа, доод уруулын дотор салст, зүүн эгэмний доод хэсэг, зүүн хөх, зүүн мөр, баруун зүүн бугалга, 2 далны гол хэсэг, баруун дал, баруун өвдөг, зүүн шилбэний хянга, баруун зүүн шуу, баруун бугуй, зүүн тохойн гадна хэсэг, зүүн хөхөнд зулгаралт тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг улаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
-Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-38/
5. Шүүгдэгч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөөрч байгаа. ...Тэмүүлээ өөрийн найз Сугармаа гэх эмэгтэйтэй намайг хардаж маргаан гарсан юм. Тэгээд маргалдаж байхдаа чи одоо боль чи уухаараа дандаа хэрүүл хийж байх юм гэж хэлсэн. Тэгтэл Тэмүүлээ виноны хундгийг шал руу шидэж хагалсан. Тэгэхээр нь би чи одоо болиоч ээ яаж байгаа юм бэ гэж хэлээд гараас нь бариад авсан чинь миний нүүр лүү гараараа нэг удаа алгадсан. 00-ийн өрөө рүү явсан ба би араас нь дагаад явсан чинь 00-ийн өрөөний үүдэнд ирээд миний нүүр лүү нулимчихаад 00-ийн өрөө рүү орчихоор нь би 00-ийн өрөөнийхөө хаалгыг өшиглөж онгойлгоод Тэмүүлээг гаргаж ирээд хоёулаа одоо Сугармаа руу залгаад надтай ямар нэгэн харилцаа холбоотой эсэхийг нь үзье гэж хэлсэн. Тэгтэл над руу ахиад дайрахаар нь шилэн хүзүүн дээр нь дарсан чинь миний эмзэг эрхтнээс базаад дотуур өмд урагдтал татсан. Тэгээд би цаашаа түлхчихээд шорт өмссөн. Тэгтэл Тэмүүлээ би танайхаас зайлна гэж хэлээд гарах гэхээр нь би гаргаагүй бөгөөд Тэмүүлээ өмнө нь согтуу машин барьж байгаад осол гаргаж байсан мөн тухайн өдөр бас машинаа бариад явна гэхээр нь би гаргаагүй. Тэгээд би Тэмүүлээг орон дээр дарж хэвтүүлээд архиа гаргачихаад яв гэж хэлсэн ба над руу маш олон удаа нулимсан. Тэгээд Тэмүүлээ 00-ийн өрөө рүү орж шээмээр байна чам руу нулимсаар байгаад шүлс гарахаа байлаа, ам цангаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 00-ийн өрөөнд ганцааранг нь оруулсан чинь 00-ийн өрөөнд байсан эд зүйлийг хэмхлэж хаясан. Тэгээд би болиоч гэж болиулаад том өрөөнд дагуулж оруулсан. Тэгтэл Тэмүүлээ над руу дайрахаар нь би түлхчихсэн чинь хивс гулгаад толгой хэсгээрэ хана мөргөсөн. Тэгээд босож ирээд ахиад дайрахаар нь хивсэн дээр дарсан ба би гарыг нь атгаж байгаад хоёр удаа түлхэж савхад гар нь толгойных нь зүүн тал буюу чих орчим нь цохигдож байсан ба тухайн үед Тэмүүлээ чих толгой өвдөж байна гэж хэлж байсан. Тэгээд би тайвшруулж байгаад буйдан дээр суулгаад унтуулсан. 06 цагийн орчимд Тэмүүлээ сэрсэн бөгөөд босоод явна гэхээр нь би тэг тэг гэж хэлээд гаргаж өгсөн ба удалгүй буцаж орж ирээд утсаараа бичлэг хийгээд чи намайг айлган сүрдүүлсэн, намайг зодсон тэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах нь чиний дур өөрөө мэд гэж хэлээд гэрээсээ гаргаж явуулсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13307/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 01-02-нд шиилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Белла виста хотхоны 200 дугаар байрны 205 тоотод хохирогч Э.Т-ийн хоолойг боож нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний биед тархи доргилт, зүүн дээд зовхи, хацар шанаа, доод уруулын дотор салст, зүүн эгэмний доод хэсэг, зүүн хөх, зүүн мөр, баруун зүүн бугалга, 2 далны гол хэсэг, баруун дал, баруун өвдөг, зүүн шилбэний хянга, баруун зүүн шуу, баруун бугуй, зүүн тохойн гадна хэсэг, зүүн хөхөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Н ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Э.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн /хх-23/, түүний хувийн байдал /...29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн дизайнер мэргэжилтэй, Алтан Дарь экспорт ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1 амьдардаг.../ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Н д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б-ны Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Б-ны Н ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.Н д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Н д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР