| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0043/Э |
| Дугаар | 072 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 072
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Н.Нарангэрэл,
хохирогч Б.Л ,
шүүгдэгч Д.П , С.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х овогт Д-ын П , Я овогт С А нарт холбогдох эрүүгийн 1910024790862 дугаартай 187/2020/0043/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....оны... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ...... тоотод оршин суух, Х овогт Д-ын П /РД:.........../
Монгол Улсын иргэн, .... оны .. дүгээр сарын .....-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл ......... нарын хамт Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, ........ тоотод оршин суух, Я овогт С А /РД:............/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.А , Д.П нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорейт конвейншн төвийн ресторанд хохирогч Б.Л той гар утас олохоос болж маргалдан улмаар түүнийг зодож баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хараа бууралт 0,3 бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.А , Д.П нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорейт конвейншн төвийн ресторанд хохирогч Б.Л той гар утас алга болчлоо олж өг гэж маргалдан улмаар түүнийг зодож баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хараа бууралт 0,3 бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч С.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч Д.П гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Б.Л ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хүлээн авалтанд оролцож байгаад үйл ажиллагаа дуусах үед миний ширээн дээр хамт байсан хүн утсаа алдсан гэхээр нь зөөгч нарыг дуудаж энэ талаар хэлэхэд зөөгч нар мэдэхгүй гээд байсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул бухимдсан. Манай ширээн дээр 8-9 хүн байсан ба 3 ширхэг 0.75 граммын архи хувааж уусан. Би өөрийн үйлдлээ удирдах чадваргүй болтлоо архи уусан асуудал байхгүй. Би гар утас олоод өг гэтэл зөөгч нар хүлээж авахгүй байсан. Бид үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ үгийг хүлээн авах ёстой гэж бодсон. Би хүний биед гэмтэл учруулах хэмжээний үйлдэл гаргаагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Хохирогч Б.Л ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 00:30 минутын үед арга хэмжээ дуусаад тус газраас гарч явах гэж байхад Бук нэртэй залуугийн утас нь алга болчихлоо гэхээр нь “зөөгчийг утас олоод өгөөч” гэж хэлэхэд зөөгч нь би аваагүй гэж хэлж байсан. Тэгээд нэг зөөгчийг нь заамдаж аваад “утас олж өг” гэж хэлэхэд миний баруун нүдний хэсэг рүү 3-4 удаа гараараа цохиход нь зөөгч нар салгаад цагдаа дуудсан. Тэр үед миний хөмсөг сэтэрч цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/
5. Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Лхагвадорж гэх хүн орж ирээд А , П хоёр луу очоод юм ярьж байснаа П гийн шилэн хүзүүн дээрээс барьж авснаа “утас олж ир хулгайч нараа” гэж хэлээд орилоод байхад нь А ирснээ салгаж байхад нөгөө ах уурлаж А луу дайраад байхаар нь зөөгч нар холдуулаад шилэн хаалганы цаана гаргахад нөгөө ах араас нь орж А ыг мөргөхөд А эргүүлээд нөгөө ахыг цохиод байхаар нь би салгаж холдуулах гэтэл болохгүй болохоор нь нуруу хэсэг рүү гараараа нэг удаа цохиод цуг явж байсан найз нь салгасан...П рүү дайрч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12883/-ний дүгнэлт:
-Б.Л ийн биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хараа бууралт 0.3 гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид баруун нүдний хараа бууралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна /хх-39/
7. Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шинэ гэмтлүүд ба тухайн гэмтэл нь нэг ба түүнээс дээш ...тодруулбал 1-2 удаагийн цохилтоор үүснэ. ...тухайн гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байгаа юм...” /хх-45/
8. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмлэглэл /хх-48-49/
9. Мөнгөнгүүр эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-52/
10. Осол гэмтлийн тохиодлыг бүртгэх хуудас /хх-56/
11. Шүүгдэгч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би баруун гараараа нөгөө ахыг 3-4 удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохьсон. Тэгээд тонгойхоор нь цээж рүү өшиглөхөд бусад хамгаалагч нар ирээд намайг доош буухаар нь би хамгаалагчид согтуу агсам тавиад байна гээд хэлээд явсан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71/,
12. Шүүгдэгч Д.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тэвчээр алдаж гараараа цохьсон. ...Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А , Д.П нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12-128/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12883/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.А , Д.П нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорейт конвейншн төвийн ресторанд хохирогч Б.Л той гар утас алга болчлоо олж өг гэж маргалдан улмаар түүнийг зодож баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хараа бууралт 0,3 бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч С.А , Д.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.А , Д.П нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийн хувьд хохирогчид 250.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Б.Л ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…миний бие эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн /хх-22/, Д.П гийн хувийн байдал /...23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг.../, С.А ын хувийн байдал /...22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт Д-ын П , Я овогт С А нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А , Д.П нарт тус бүр оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тустогтоож шийдвэрлэсэн болохыг тэмдэглэе.
Шүүгдэгч С.А , Д.П нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.Л нь 417.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхээс С.А , Д.П нараас нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан 249.800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба С.А , Д.П нар нь хохирогч Б.Л ид 250.000 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-ын П , Я овогт С А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт Д-ын П , Я овогт С А нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А , Д.П нарт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. С.А , Д.П нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.А , Д.П нарт сануулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.А , Д.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР