Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 147/2017/00387/И |
Дугаар | 001/ХТ2018/00919 |
Огноо | 2018-06-12 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/00919
Сүхбаатар аймгийн ЭМГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,
Сүхбаатар аймгийн ЭМГ- нэхэмжлэлтэй
М.Э-, Б.Э- нарт холбогдох,
Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 7.432.024,55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Э-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ЭМГ- шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Аймгийн ЭМГ- даргаар ажиллаж байсан Б.Э-гийн нөхөр М.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЭМГ- өмчлөлийн 53-69 СҮА улсын дугаартай Land cruiser-76 маркийн автомашиныг унаж яваад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс урагш 17 км Хар худаг гэдэг газарт автомашиныг онхолдуулж эвдсэн. Уг машиныг хөдөлгөж асаахын тулд 1.165.000 төгрөгийн үнэ бүхий засвар үйлчилгээг хийсэн. Мөн автомашиныг Улаанбаатар хотод Хэт моторс ХХКомпанид оношилгоо хийлгэхэд 1.643.543.55 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Автомашины гадаад эвдрэл гэмтлийг Мега марз ХХКомпаниар үнэлгээ хийлгэхэд 4.416.680 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж үнэлсэн. Уг үнэлгээ хийлгэх хөлсөнд Мега марз ХХКомпанид 206.800 төгрөг төлсөн. Нийтдээ 7.432.024 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Би Сүхбаатар аймгийн ЭМГ- даргаар 2017 оны 02 дугаар сар хүртэл ажилласан. Ланд-76 маркийн автомашиныг 2010 онд худалдан авч, 2017 он хүртэл ямар нэгэн их хэмжээний засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл сольж байгаагүй. Техникийн хэрэгслийн карт нь хавтаст хэрэгт ирсэн байгаа. Уг картыг үзэхэд пирда диск, ган дискийг сольж байгаагүй нь харагдана. ЭМГ- бүх тээврийн хэрэгсэл Практикал даатгалд даатгалтай ба жолооч нар нь жолоочийн хариуцлагын даатгалтай. Осол гэмтэл болоход даатгал дуудаж хариуцуулах үүрэгтэй. Тиймээс бидэнд зам тээврийн осол гаргасан бол нуух шаардлага байхгүй. Шинжээч нь дүгнэлтээ гаргаж, түүнийг нь прокурор нь хянаж үзээд зам тээврийн осол гаргасан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлтээ гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сард аймгийн Цагдаагийн газраас дуудаж, очиход Сүхбаатар аймгийн Засаг дарга Энхтөрөөс ЭМГ- Ланд-76 автомашиныг ЭМГ- дарга Эрдэнэтуяагийн нөхөр нь барьж яваад онхолдуулж, хохирол учруулсан байж болзошгүй гэсэн гомдол гаргасан байсан. Би энэ автомашиныг барьж яваад онхолдуулсан зүйл байхгүй. Энхтөр даргын зүгээс Монгол шуудан компани руу өдөр бүр ярьж, ажлаа хүлээлгэж өг гэдэг байсан. Тийм учраас би наадах чинь улс төрийн зорилго орсон юм биш үү? гэхэд цагдаа нь би гомдлын дагуу шалгаж байна гэсэн. Би анхны цас орсны дараа мал руугаа явах гээд уг автомашиныг гуйж аваад явж байгаад тоормос дартал замын хажуугийн жалга руу гулсаад орсон. Би мостондоо хийгээд ухарч гараад л явсан. Ийм л зүйл болсон гэж мэдүүлгээ өгсөн. 2017 оны 6 дугаар сарын үед Захиргааны хэргийн шүүхэд хэргийн материалтай танилцаж байгаад зам тээврийн осол гаргасан нь тогтоогдохгүй байна гэсэн прокурорын тогтоолыг харсан. Гэтэл сүүлд шүүхээс яриад танд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна гэсэн. Замын цагдаагийн байгууллага, техникийн шинжээч нь шинжилгээ хийгээд, түүнийг нь аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэсэн тогтоол гаргаж, уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах хугацааг нь тогтоолд заасан байсан. Энэ машин 7 жил замын хөдөлгөөнд оролцсон. Ган диск хий эргэх нь болсон болоод л хий эргэсэн. Үүнийг машин барьдаг захын хүн хэлнэ. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 471 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Э-, М.Э- нараас 2.295.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ЭМГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.136.074 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, ЭМГ- улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 136.500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-, М.Э- нараас 2.295.950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51.686 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 471 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...2.295.950 төгрөгийг гэснийг 883.320 төгрөгийг гэж, ... 5.136.074 төгрөгийн гэснийг 6.548.704 төгрөгийн гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...Б.Э-, М.Э- нараас 2.295.950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51.686 төгрөгийг гэснийг Б.Э-, М.Э- нараас 883.320 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25.750 төгрөгийг гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ЭМГ- давж заалдах нь гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батсанаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлээгүй, гэрчийн мэдүүлгүүдийг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсантай холбоотойгоор үүссэн автомашины энэхүү эвдрэл гэмтэлд тусгай зөвшөөрөлтэй, хууль стандартын дагуу үнэлгээний дүгнэлт гаргадаг компанийн хийсэн үнэлгээний тайлангаас шүүх өөрийн үзэмжээр гэм хорын хохирлыг хасаж тооцсон нь хуулийн үндэслэлгүй. Мега марз ХХК-ийн автомашинд хийсэн үнэлгээний тайланг бүрэн нягтлалгүй зөвхөн хохирлын тооцоолол хэсгийн үг үсгийг, тээврийн хэрэгслийн үзлэгийн тэмдэглэлтэй харьцуулан хонхойж зурагдсан, халцарсан гэсэн үгийн зөрүүгээр хэргийг шийдсэн нь нотлох баримтыг бүрэн үнэлсэнгүй гэж үзэхээр байна. Хонхойж зурагдсаныг засах нь халцарсныг засахаас ялгаатай юм. Мега марз ХХК-ийн үнэлгээний тайлангийн эвдрэл хохирлын тооцоололд “зүүн урд крыло хонхойсон засах 191.850” гэсэн байхад тээврийн хэрэгсэлд 2017 оны 01 сарын 02-нд хийсэн үзлэгийн тэмдэглэлд “зөв талын урд крылоны хаалга орчмын ирмэг” гэж бичсэнээс харвал халцарсан хонхойсон хагарсан аль нь мэдэгдэхгүй байна. Гэтэл Давж заалдах шатны шүүх “урд крылоны хаалга орчмын ирмэг будагнууд халцарсныг хэрхэн засварлах үнэлгээ хийгдээгүй учир шийдвэрлэх боломжгүй” гэжээ. Тээврийн хэрэгсэлд 2017 оны 01 сарын 02-нд хийсэн үзлэгийн тэмдэглэлд “зөв талын толины ар хэсэг хагарсан", Мега марз ХХК-ийн эвдрэл хохирлын тайланд “зүүн толь хагарсан солих 522.240 төгрөг” гэж тусгасан байна. Гэтэл Давж заалдах шатны шүүх “зөв талын толины арын суурь хэсэг хагарсан” байна гэж тогтоогоод, “үүнийг хэрхэн засварлах үнэлгээ хийгээгүй” гээд хохирлыг тооцож шийдвэрлэсэнгүй. Рулийн амартизатор 120.000 төгрөг, ферда диск, ган диск, муфьт шааригны үнэ 1.025.000 төгрөг, иргэн Мөнхболдод төлсөн 140.000 төгрөгийн засварын үйлчилгээний үнэ зэргийг анхан шатны шүүхээс хангаагүй нь үндэслэлгүй. Учир нь гэрч тухайн тээврийн хэрэгслийн жолооч ажилтай Ө.Наранбаатар өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Энхнайрамдал унаж яваад ирэхдээ хөдөлгөхгүй болгоод авчирсан, сэлбэг хэрэгсэл тавьж хөдөлгөсөн”, О.Баярбаатар “Батсанаа дарга ажлаа аваад сэлбэг хэрэгсэл захиж авчирч хөдөлгөсөн” гэрч Дамдинсүрэн “Эрдэнэтуяагийн нөхөр Энхнайрамдал нь “ланд76” маркын машин мост залгахаар тас тас гээд байна гэж Ө.Наранбатар бид 2-ыг дуудаж үзүүлж байсан” гэх зэрэг гэрчийн мэдүүлгүүдээр Энхнайрамдал эвдсэн талаар нотлож байхад анхан шатны шүүх “ослын улмаас эвдэрч гэмтсэн нь нотлогдохгүй байна” гэж дүгнэсэнийг давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн байна гэсэн нь гэрчийн мэдүүлгүүд, болон гэмтлийг засварлахад гарсан бодит зардлыг нотлох баримтын шаардпага ханган шүүхэд өгсөн байхад нотлох баримтын хэмжээнд үнэлсэнгүй. Мега марз ХХК-ийн эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэсэн 206.800 төгрөгийн ажлын хөлсийг үндэслэлгүйгээр хангахгүй орхигдуулсан. Иймд шийдвэр, магадлалд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ЭМГ- хариуцагч М.Э-, Б.Э- нараас эд хөрөнгөд учирсан гэм хор 7.432.024.55 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч “...тус газрын өмчлөлд байдаг Land cruizer-76 маркийн автомашиныг өмнөх дарга Б.Э-гийн нөхөр М.Э- унаж яваад эвдрэл учруулсан...” гэснийг, хариуцагч “..осол гаргаагүй, ...эрх бүхий байгууллага шалгаж...хэргийг хэрэгсэхгүй болгосон...” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч нараас 2.295.950 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаад 883.320 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заажээ.
а. М.Э- 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн ЭМГ- 53-69 СҮА улсын дугаартай Land cruizer-76 маркийн автомашиныг жолоодон явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчснөөс осол гаргасан үйл баримт тогдоогджээ.
Хоёр шатны шүүх хариуцагч М.Э-ын гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн автомашинд эвдрэл үүсч хохирол учирсан, хариуцагчийн гэм буруу, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.
б. Гэм хорыг хариуцагч Б.Э- хамтран хариуцна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болоогүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх Б.Э- санаатай болон болгоомжгүй ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, уг үйлдэл нь гэм хор учрахад хэрхэн нөлөөлснөөс гэм хорыг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзснээ шийдвэртээ заагаагүй байна.
Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалт нь хариуцагч Б.Э-д гэм хорыг хариуцуулах эрх зүйн хэм хэмжээ болж чадахгүй юм.
Гэм хорыг хэд хэдэн этгээд нэг санаа зорилгоор, эсхүл санамсар болгоомжгүйн улмаас хамтарч учруулсан тохиолдолд хамтран хариуцлага хүлээх бөгөөд ийм үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
в. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дээрх алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан “...гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж үзнэ.
2.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заажээ.
Нэхэмжлэгч ослын улмаас автомашинд учирсан гэм хорын хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг шаардсан ба үндэслэлдээ “...автомашиныг асаахын тулд 1.165.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн,... 1.643.543.55 төгрөгийн хөлс төлж, оношлогоо хийлгэсэн, эвдрэл засахад 4.416.680 төгрөг зарцуулна,.. үнэлгээчний ажлын хөлс 206.800 төгрөг нэхэмжилнэ” гэжээ.
Хоёр шатны шүүх гэм хорын хэмжээг өөрөөр тогтоосон байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...автомашинд учирсан гэмтлүүд нь зөрүүтэй байхад Мега марз ХХК-ийн үнэлгээгээр хохирлыг тооцсон..., зөв талын толины арын суурь хэсэг хагарсан, зөв талын хаалганы нугас орчмын, урд крылоны хаалга орчмын ирмэг, кузовын зөв талын дээд болон арын хэсгүүдийн будагнууд халцарсаныг хэрхэн засварлах тухай өөр үнэлгээ хийгдээгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй” гэж зөвхөн зөв талын урд болон арын дохио хагарснаас үүссэн эвдрэлийн зардалд 883.320 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.
Хариуцагч М.Э-ын гэм буруутай үйлдлээс автомашины зүүн талд эвдрэл учирсан нь тогтоогдсон ба тэрээр нэхэмжлэгчээс гаргасан эвдрэл гэмтэл учирсан талаар болон хохирлын үнэлгээ тогтоосон баримтуудыг үгүйсгэж чадаагүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бусад гэм хорын хохирол нь хариуцагч М.Э-ын үйлдлээс учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн энэ гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 147/ШШ2017/00471 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Э-аас 2.295.950 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн ЭМГ-т олгож, 5.136.074 төгрөг гаргуулах болон Б.Э-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтаас “...хариуцагч Б.Э-...” гэснийг, 3 дах заалтаас “...хуулийн...” гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ