| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00558/и |
| Дугаар | 1415 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00558/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сум, ****** дугаар баг, *** тоотод оршин суух Б*** Б*** /РД: *** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймгийн ****** сум, ****** дүгээр баг, *** тоотод оршин суух Б*** Б*** /РД: ***/-д холбогдох,
"Зээлийн төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*** , хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Б*** би Н.Б*** д мөнгө зээлүүлээч гэсэн удаа дараагийн хүсэлтийн дагуу түүнтэй аман хэлцэл хийж 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр түүний *** дугаар дансанд 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр шилжүүлсэн. Үүнээс хойш эргүүлэн төлөх хугацаа өнгөрсөн боловч өгөхгүй явсаар 2014 оны 07 сарын 14-нд төлнө гэсэн баталгаа хийж өгсөн боловч төлөлгүй өдий хүрлээ. Иймд түүнээс 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Б*** хариуцагч Н.Б*** д холбогдуулан 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байдаг. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг зээлүүлэх аман хэлцэл хийгдсэн байдаг. Н.Б*** ы эзэмшлийн хаан банкин дахь *** дансаар 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлүүлэхээр шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш мөнгөө төлөх хугацаа өнгөрч, өгөхгүй явсаар 2014 оны 7 дугаар сарын 14-нд мөнгө төлнө гэсэн баталгааг 2014 оны 6 дугаар сарын 15-нд бичиж өгсөн байдаг. Иймээс Н.Б*** аас төлөгдөөгүй байгаа 5.530.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг тулгаж үзэхэд нийт 5,490,000 төгрөгийг буцаан авсанаа хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 4,510,000 төгрөгийг аваагүй тул гаргуулах үндэслэлтэй байна” гэв.
Хариуцагч Н.Б*** шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн дансны хуулгыг шүүж үзэхэд 2013 оны 02 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2013 оны 03 сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2013 оны 05 сарын 08-ны өдөр 470,000 төгрөг, 2014 оны 01 сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2014 оны 01 сарын 13-ны өдөр 800,000 төгрөг, 2014 оны 01 сарын 15-ны өдөр 1,122,800 төгрөг, 2014 оны 04 сарын 03-ны өдөр дүү ******* нь миний гуйлтаар өөрийн алтан г инжийг ломбарданд тавьж 500,000 төгрөгийг ******* нэрээр шилжүүлсэн. 2014 оны 11 сарын 08-ны өдөр Б*** ийн дансруу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Миний эгч Н*** миний өмнөөс түүний дансруу 500,000 төгрөг шилжүүлсэн. Мөн ээжийн дэргэд 2,650,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Найзыгаа явууллаа гээд найзад нь 450,000 төгрөг өгсөн. Ийм байдлаар би түүний мөнгийг бүрэн төлж дууссан юм” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Б*** , Н.Б*** нарын мөнгө төгрөг өгөлцөж авалцаж байхад би хажууд нь бол байгаагүй. Ямар үндэслэлээр хоорондоо тохиролцоо хийснийг бид мэдэхгүй. Нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараас хэн нь үнэн ярьж байна вэ гэдгийг бид өнөөдөр нотлох албагүй. Талуудын хооронд 10.000.000 төгрөг өгсөн гэдэг дээр маргаан байдаггүй. 10.000.000 төгрөг авсан гэдгээ миний үйлчлүүлэгч Н.Б*** хүлээн зөвшөөрч байгаа. Маргаан үүсгээд байгаа үндэслэл нь Н.Б*** зээлж авсан 10.000.000 төгрөгийг төлсөн байхад мөнгө нэхээд байгаа асуудал дээр байгаа юм. Нотлох баримтаар үнэлээд үзэхээр 13.312.800 төгрөг төлсөн баримт хавтаст хэрэгт цугларсан байдаг. Н.Б*** анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Гэтэл Н.Б*** шүүхийг төөрөгдөлд оруулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа зөв гаргах ёстой байсан. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар мөнгөн дүн нь гараад ирэхээр зөвхөн 4.550.000 төгрөгийн баримт нотлогдож байна бусад мөнгийг би аваагүй гэдэг асуудлыг үгүйсгэж байна. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаар юу харагдаж байна вэ гэвэл 13.000.000 төгрөг өгсөн гэх баримт хангалттай нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл гарч ирж байна. Бид хариуцагчийн гаргаж байгаа тайлбар дээр 2, 3 зүйлийг анхаарах ёстой. Энэ нь хариуцагч Н.Б*** тайлбартаа Н.Б*** ийн хэлснээр өөр хүний нэрээр мөнгийг шилжүүлж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Хариуцагч Н.Б*** *******, ******* гэж хүмүүсээр мөнгө тушаалгадаг байсан. Н.Б*** ы эгч Н*** нь мөнгө шилжүүлэхдээ юмыг яаж мэдэхэв гэдэг байдлаар урд нь Ба гэж бичдэг байсан. Н.Б*** хариуцагчийн ээжээс 2.650.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж хэлээд авсан асуудал байдаг. Маш олон нотлох баримт байгаа болохоор хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б*** нь хариуцагч Н.Б*** аас зээлийн төлбөр нийт 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Б*** болон түүний өмгөөлөгч нь Н.Б*** ээс 10,000,000 төгрөг авсан нь үнэн боловч нийт 13,312,800 төгрөгийг буцаан төлсөн байх тул одоо төлөх төлбөргүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргадаг болно.
Энэхүү үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч Н.Б*** нь гэрээний зүйл болох 10,000,000 төгрөгийг хариуцагч Н.Б*** д шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны 2012 оны 09 сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Н.Б*** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан гэсэн тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж, маргаагүй болно.
Хариуцагч Н.Б*** нь зээлийн төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төлж барагдуулахаар баталгааг гаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан Н.Б*** ы гарын үсэг бүхий 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн баримтаар тогтоогдож байх бөгөөд ийнхүү баталгаа гаргаж өгснөөр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар Н.Б*** ийн гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
Өөрөөр хэлбэл Н.Б*** ийн 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дээрх хуульд зааснаар 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоологдохоор байх тул Н.Б*** ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Б*** нь хариуцагч Н.Б*** аас гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Н.Б*** болон түүний өмгөөлөгч нь дээрх зээлийн төлбөрөө Н.Б*** т нийт 13,312,800 төгрөг болгон буцаан төлсөн гэж, нэхэмжлэгч Н.Б*** шүүхэд гаргасан тайлбартаа Н.Б*** аас 4,470,000 төгрөгийг буцаан авсан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*** шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан баримтуудаас үзээд нийт 5,490,000 төгрөгийг буцаан авсанаа хүлээн зөвшөөрч байна гэж тус тус тайлбарладаг болно.
Хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч Н.Б*** ийн Хаан банкны *** тоот дансанд 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* тоот данснаас 500,000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 470,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Энхтөр гэсэн нэрээр 500,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөн Энхтөр гэсэн нэрээр 520,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* гэсэн нэрээр 500,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 5,490,000 төгрөгийг хариуцагч Н.Б*** шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч Н.Б*** болон түүний өмгөөлөгч нь 2,650,000 төгрөгийг өөрийн эх Ж.Д*** гаас авч түүний хажууд Н.Б*** т өөрт нь өгсөн, мөн найз З.Д*** д нь Н.Б*** ийн хэлснээр 450,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбар нь гэрч Ж.Д*** гийн “... Тэрнээс хойш бараг жилийн дараа би тэтгэврийнхээ цуглуулсан мөнгөнөөс хүүгийн өрнөөс жаахан багасгая гэж бодож Н.Б*** т 2,650,000 төгрөг өгсөн. Н.Б*** манайд ирсэн. Манай хүү Н.Б*** бид хоёр байсан” гэсэн мэдүүлэг, гэрч З.Д*** гийн “... Б*** надад байшингийн дээврийн материалын үнийн үлдэгдэл мөнгө өгөх ёстой байсан. Б*** намайг Б*** гэж хүнээс аваарай гэсэн. Тэгээд би Б*** гэдэг хүнээс 450,000 төгрөг авсан нь үнэн” гэсэн мэдүүлэг зэргээр хариуцагчийн дээрх тайлбар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*** шүүх хуралдаан дээр гэрч Ж.Д*** гийн хувьд хариуцагч Н.Б*** ы төрсөн эх бөгөөд хүүгийнхээ талаар ямар ч мэдүүлэг өгөх эрхтэй тул түүний мэдүүлгийг үндэслэн 2,650,000 төгрөгийг төлсөн гэж үзэх боломжгүй гэж тайлбарладаг боловч энэхүү гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, дээрх төлбөрийг төлсөн гэж үзэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр орлого гэж бичигдэж нэхэмжлэгч Н.Б*** ы дансанд орсон 500,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А.А*** ын *** тоот дансанд Н.Б*** аас шилжүүлсэн 800,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр М.Б*** н *** тоот дансанд Н.Б*** аас шилжүүлсэн 1,122,800 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ц.Г*** гийн *** тоот дансанд Б*** гаас шилжүүлсэн 1,800,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Эрдэнэцэцэг нэрээр нэхэмжлэгч Н.Б*** ийн дансанд шилжүүлсэн 500,000 төгрөгийг тус тус хариуцагч Н.Б*** нэхэмжлэгч Н.Б*** ийн хүсэлтээр өөр хүний нэр, дансаар өөрийн зээлийн төлбөрөө буцаан шилжүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Н.Б*** ийн дансруу орсон 500,000 төгрөгийн орлогыг Н.Б*** шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч *******ийн Н.Б*** ийн дансруу Н.Б*** аас өөр 500,000 төгрөг хийх хүн байхгүй, Н.Б*** нь сар бүр хүү гэж 500,000 төгрөг төлдөг байсан нь үүнийг нотолж байна гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Мөн дээр дурдсан мөнгө шилжин орсон дансны эзэмшигч болох А.А*** , М.Б*** , Ц.Г*** нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрх хариуцагч талд байсан хэдий ч энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар хариуцагч Н.Б*** болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цүглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н.Б*** ыг зээлийн төлбөрт нийт 8,590,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б*** т буцаан төлсөн байна гэж үзэж, төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 1,410,000 төгрөгийг Н.Б*** аас гаргуулж, нэхэмжлэгч Н.Б*** т олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* нь Н.Н*** гаас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4253 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааны явцад өмгөөлөгч ******* нь энэхүү хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.
Хариуцагч Н.Б*** нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд өмгөөлөгчөө оролцуулан хийх талаар хүсэлт гаргасан байх тул түүний эзгүйд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Б*** аас 1,410,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б*** т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8,590,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Б*** ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б*** аас улсын тэмдэгтийн хураамжид 37,510 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б*** т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ