| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0053/Э |
| Дугаар | 080 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 080
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Э.А , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн А-д холбогдох эрүүгийн 1910013240706 дугаартай 187/2020/0053/Э индекстэй хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ...дүгээр сарын ....-нд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....... мэргэжилтэй, эксковаторын жолооч ажилтай, ам бүл ....... хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Э-ийн А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Чингисийн төгөл” ХХК-ийн хангамжийн менежер хохирогч Д.Т “барилгын хэв хашмал зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.400.000 төгрөгийг залилсан,
Мөн шүүгдэгч Э.А нь зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байр түрээслүүлнэ гэж хуурамч зар тавиад 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.Н 75000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Н-аас 150000 төгрөгийг Хаан банкны 5006775817 тоот данснаар шилжүүлэн авч, 2019 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд иргэн Б.Энхчимэгээс 200.000 төгрөгийг Хаан банкны 5006775817 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
Мөн шүүгдэгч Э.А нь 2019 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт утсаар эхнэртэйгээ ярьчихаад өгье гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Х.О-ийн эзэмшлийн самсунг нөүт 4 загварын гар утсыг залилан 169.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.А нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Чингисийн төгөл” ХХК-ийн хангамжийн менежер хохирогч Д.Т “барилгын хэв хашмал зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.400.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байр түрээслүүлнэ гэж хуурамч зар тавиад 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.Н 75000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Н-аас 150000 төгрөгийг Хаан банкны 5006775817 тоот данснаар шилжүүлэн авч, 2019 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд иргэн Б.Энхчимэгээс 200.000 төгрөгийг Хаан банкны 5006775817 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан, мөн 2019 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт утсаар эхнэртэйгээ ярьчихаад өгье гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Х.О-ийн эзэмшлийн самсунг нөүт 4 загварын гар утсыг залилан 169.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Э.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай захирал Батжаргал зарын сайт дээр “Барилгын хэв хашмал төмөр худалдаж авна” гэж зар тавьсан байсан. Энэ зарын дагуу Э.А гэх нөхөр манай захирлын 99119067 дугаар руу утсаар ярьсан байсан. Манай захиралтай ярихдаа нэг ширхэг хэв хашмал төмрийг 30 000 төгрөгөөр зарна гэж ярьсан байсан. Манай захирал намайг “энэ залуу хямдхан хэв хашмал зарна гэж байна, чи холбогдоод уулзаад төмрийг худалдаад авчих” гэж хэлээд надад дугаарыг нь өгсөн. Би 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Э.А гэдэг залуугийн 99414356 дугаарын утас руу залгаж ярьсан. Би тэр залууг хэв хашмал төмрөө аваад ирээрэй гэж хэлсэн. ...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Э.А гздэг залуу над руу утсаар яриад “нөгөө хэв хашмал төмөр чинь очиж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгээд би аж ахуйн хашаагаа зааж өгчихөөд өөрөө ирэхэд манай аж ахуйн хашаанд хэв хашмал төмрүүд ирсэн байсан. Намайг ирээд хэв хашмал төмрүүдийг үзэхэд шинэ төмрүүд байсан. Тэгтэл Э.А гэдэг залуу над руу залгаад “Төмрөө үзсэн бол одоо мөнгөө дансаар хийчих” гэж хэлэхээр нь би “Одоо шууд шилжүүлэхгүй, уулзаж гэрээ хийж байгаад өгье” гэж хэлээд Нисэхийн нотариатын газарт уулзаж худалдах худалдан авах гэрээ хийгээд 2 400 000 төгрөг шилжүүлсэн юмаа. ..Тэгээд худалдан авсан төмөрнүүдээ буулгах гэхэд хэв хашмал төмөр ачиж ирсэн жолооч нь мөнгөө өг гэж хэлсэн.Тэгэхээр нь би дөнгөж сая би танай ажилтанд өгчихөөд ирлээ гэж хэлсэн...Тэгээд Э.А гэдэг хүнд залилуулсан гэдгээ мэдсэн...Одоогоор 545.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1хх-11-13, 66/
3. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би барилгын пум төмөр зардаг ажил хийдэг. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд 99414356 дугаартай эрэгтэй хүн залгаад 80 ширхэг пум төмөр худалдаж авуул хүргэж өгөх үү гэж асуухаар нь хүргэж өгнө гэхэд одоо хүргүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би манай машин хүргэлттэй явж байгаа учраас маргааш хүргэж өгөх боломжтой гэж хэлээд маргааш Яармагт хүргэхээр тохиролцсон. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 08 цаг өнгөрч байхад надруу залгаад Яармагийн 04 дүгээр хорооны хойд талд байдаг гэр хорооллын гудамжинд хүрээд ир гэхээр нь 80 ширхэг пум ачаад Яармагт манай хүмүүс буулгаад авна манай нягтлан мөнгийг чинь удахгүй хийнэ гэж хэлээд манай дансны дугаарыг аваад явсан. Тэгээд бид нар пум төмөрийг буулгачихаад мөнгө орохыг хүлээгээд байж байхад нэг эрэгтэй хүн ирэхээр нь пум төмөрний мөнгийг авах гэсийн гэхэд би сая 2 400 00 төгрөг өгчөөд ирсэн гэхээр нь бид нарт мөнгө ороогүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1хх-16-17/
4. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан барилгын хэв хашмал худалдах, худалдан авах гэрээ /1хх-31/
5. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-67х/
6. Хохирогч Э.Намхайнямбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А-д 75000 төгрөгийг 2019 оны дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн ард талын худалдааны төвийн АТМ-ээс 5027498157 дугаарын данснаасаа аваад өгсөн. ..Тус мөгийг бэлнээр өгөхдөө ямар нэгэн байр түрээслэх гэрээ хийлгүй шууд өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-11-13, 66/
7. Хохирогч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сард...байр түрээслэх шаардлагатай болоод зар харж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол .дүүрэгт байр түрээслэнэ гэсэн зар байсан бөгөөд улмаар утсаар нь холбогдоод зарын дагуу байрыг нь очиж үзээд тэр өдөртөө тухайн байр түрээслэнэ гэсэн Алтангрэл гэдэг хүний данс руу ...150 000 төгрөг шилжүүлээд тэгээд би тэр өдөртөө байрандаа орсон бөгөөд байрандаа ороод байж байтал гаднаас Б.Энхчимэг, Э.Намхайнямбуу, Х.Оюунтунгалаг гэх хүмүүс бид нар бас энэ байрыг мөнгөө шилжүүлээд түрээслэсэн юм гээд ороод ирсэн ба бид нар тэр үедээ хоорондоо ярилцаад бүгд залилуулсан байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. ..2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулгыг авч хэрэгт хавсаргаж болно...150 000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1хх-102-103/
8. Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын сүүл үед unegui.mn сайтаас хажуу өрөө байр түрээслэх зарын дагуу 99414356 гэх дугаарын утас руу холбогдоход А гэх хүн байсан. ..Баянгол дүүргийн вокзалын ард байрлах Төмөр замын хуучны 3 давхар, орц нь хойд зүг рүү харсан шар өнгийн байрны 1 давхарт байрлах 3 өрөө хажуу өрөө байсан ба А гарч ирэн байрыг үзүүлэн нэг сарын 150 000 төгрөгөөр түрээслэх саналыг надад тавьсан. ..Одоо урьдчилгаа 150 000 төгрөг авна гэсэн. Тэгээд би тэр дор нь мобайл банкаар өөрийн данснаасаа А ийн 5006775817 дугаарын дансруу шилжүүлсэн...Маргааш өглөө буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А надруу залгаад байрны мөнгөнөөсөө 50 000 төгрөг дахиад явуулчих гэж хэлэхээр нь шилжүүлсэн...Хохирлоо барагдуулж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1хх-107-108/
9. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр над руу залгаад ээжээ өөр байр олчихлоо эзэн нь яг одоо мөнгөө хий гэж байна гээд надад Хаан банкны Аптангэрэл гэдэг хүний данс явуулсан бөгөөд тэр данс руу хаан банкны мобайл банкны үйлчилгээг ашиглан 150 мянган төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1хх-123-124/
10. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн НЦГ-19-179 дугаартай “Дамно”ХХК-ний үнэлгээний тайлан /1хх-151-152/
11. Шүүгдэгч Э.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед 2 400 000 төгрөгөөс Тэрбиш-д 1 800 000 төгрөгийг буцааж өгсөн. Харин би 500 000 төгрөгийг урьд өмнө хүнээс зээлсэн мөнгөний өрөнд өгсөн ба үлдсэн 100 000 төгрөгийг үрээд дуусгасан. Одоо Тэрбиш-д 600 000 төгрөгийг өгөх ёстой. /1хх-64-65х,1хх-162х...” гэсэн мэдүүлэг /1хх-123-124/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 207/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Э.А нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Чингисийн төгөл” ХХК-ийн хангамжийн менежер хохирогч Д.Т “барилгын хэв хашмал зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.400.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байр түрээслүүлнэ гэж хуурамч зар тавиад 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.Н 75000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Н-аас 150000 төгрөгийг Хаан банкны 5006775817 тоот данснаар шилжүүлэн авч, 2019 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд иргэн Б.Энхчимэгээс 200.000 төгрөгийг Хаан банкны 5006775817 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан, мөн 2019 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт утсаар эхнэртэйгээ ярьчихаад өгье гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Х.О-ийн эзэмшлийн самсунг нөүт 4 загварын гар утсыг залилан 169.500 төгрөгийн хохирол учруулсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Э.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд Д.Т 2.400.000 төгрөг, Э.Намхайнямбуу 75.000 төгрөг, Х.Оюунтунгалагт 169.500 төгрөг, Б.Энхчимэгт 200.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан ба Г.Наранцацралд 150.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, Э.А ийн хувийн байдал /...26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эксковаторын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э-ийн А ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.А ийн 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний урьдчилан цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч түүнийг уг ялыг эдэлсэнд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.А д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А ээс 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Г.Наранцацралд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э-ийн А ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.А ийн 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний урьдчилан цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч түүнийг уг ялыг эдэлсэнд тооцсугай.
4. Э.А д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А ээс 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Г.Н-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР