| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01347/и |
| Дугаар | 1421 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 1421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01347/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сум, ****** дүгээр баг, ****** тоотод оршин суух ****** ****** /РД: ******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймгийн ****** сум, ****** дугаар баг, ****** тоотод оршин суух ****** ****** /РД: ******/-д холбогдох,
"Зээлийн төлбөр болох 11,000,000 төгрөг, хүү, алданги 3,200,000 төгрөг, нийт 14,200,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С*** , хариуцагч О.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие О.Б*** тай зээлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Газар партнерс ББСБ-аас 2 өрөө байраа барьцаалж 13,000,000 төгрөгийг зээлж аваад, 11,000,000 төгрөгийг О.Б*** д зээлж, 2,000,000 төгрөгийг би өөрөө авсан. О.Б*** нь 11,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх ёстой байсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Зээлийг авахдаа эргэн төлөх хуваарийн дагуу төлнө гэж хэлж байсан боловч төлөхгүй хугацаа хэтрүүлсэн учир ББСБ нь миний 2 өрөө байрыг маань хураана гэж шаардсанаар миний бие найдваргүй зээлдэгч болж хохирч байна. Б*** зээл авахуулахдаа эхнэр Нарантуяагийн зээлийг хааж, хашаа байшингаа миний нэр дээр шилжүүлнэ гэж тохирсон боловч хашаа байшин нь өөр хүний нэр дээр болохыг сүүлд мэдсэн. Иймд О.Б*** аас дээрх нэхэмжилсэн мөнгийг гаргаж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 11,000,000 төгрөгийг О.Б*** д зээлсэн. Би энэхүү мөнгийг *** ББСБ-аас 13,000,000 төгрөгийн зээл авч, 11,000,000 төгрөгийг О.Б*** д өгч, би 2,000,000 төгрөгийг авсан. Зээлийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр, мөн ББСБ-ын зээлийг О.Б*** хүүтэй нь графикийн дагуу төлөхөөр тохирсон юм. О.Б*** нь зээлээ төлөхгүй, удаа дараа графикийн дагуу төлөөгүй зөрчил үүссэн байсан. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа О.Б*** нь 10,000,000 төгрөгийг миний өмнөөс ББСБ-д төлсөн байсан. Одоогийн байдлаар миний нэр дээрх зээл, хүүнд нийт 13,031,500 төгрөг төлөгдсөн байгаа бөгөөд үүнийг бүгдийг О.Б*** төлсөн нь үнэн. Одоо миний зээлийн үлдэгдэл 5,766,630 төгрөг байгаа бөгөөд анх зээлээс 2,000,000 төгрөгийг би өөрөө авсан тул түүнийхээ хүү алдангийг тооцоод нийт 3,000,000 төгрөгийг би өөрөө төлөх ёстой. Иймээс зөрүү 2,766,630 төгрөгийг О.Б*** аас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч О.Б*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх бид тохирохдоо миний хашаа байшинг С.С*** авах, би эдний байрыг авахаар ярьж байсан юм. Тэгээд тохиролцоо бүтээгүй тул С.С*** ын *** ББСБ-аас авсан 13,000,000 төгрөгийн зээлээс 11,000,000 төгрөгийг би авсан нь үнэн. ББСБ-ын сарын хүү нь 3,5 хувь байсан бөгөөд би хүүг нь төлөхөөр тохирсон нь үнэн. Ингээд одоогийн байдлаар би хүүнд 3,031,500 төгрөг, үндсэн зээлэнд 10,000,000 төгрөг төлөөд байна. Одоо миний хувьд 1,203,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Түүнээс С.С*** ын нэхээд байгаа 3,000,000 төгрөгийг төлөхгүй. Учир нь С.С*** анх зээл авахдаа 2,000,000 төгрөгийг нь өөрөө авсан бөгөөд түүнийхээ хүүг огт төлөөгүй. Мөн миний зүгээс ББСБ буруу тооцоо гаргаж байна гэж үзэж байгаа. Хэт өндөр үлдэгдэл гараад байна. Энэ бол С.С*** өөрөө тухайн байгууллагатайгаа ярих асуудал юм. Иймээс одоо үлдэгдэл 1,203,500 төгрөг төлөхийг зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С*** нь хариуцагч О.Б*** аас үндсэн зээлийн төлбөр 11,000,000 төгрөг, хүү, алданги 3,200,000 төгрөг, нийт 14,200,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Б*** нь С.С*** ын “*** ” ББСБ-аас авсан зээлээс 11,000,000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд одоогийн байдлаар нийт 13,031,500 төгрөг төлөөд байгаа тул одоо С.С*** ын *** ББСБ-д төлөх төлбөрөөс 1,203,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.
Хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр С.С*** нь О.Б*** д 11,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүүгүйгээр зээлэхээр тохирчээ.
Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч С.С*** нь гэрээний зүйл болох 11,000,000 төгрөгийг хариуцагч О.Б*** д шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байна.
Зээлийн гэрээгээр талууд зээлийн хүүгүй байхаар тохирч, мөн гэрээний хариуцлага болох алданги тохиролцоогүй байх тул хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч С.С*** нь хүү, алданги гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Хариуцагч О.Б*** нь нийт 13,031,500 төгрөгийг С.С*** ын “*** ” ББСБ-тай байгуулсан зээлийн төлбөрт төлсөн болох нь хэрэгт авагдсан тус байгууллагын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн С.С*** ын зээл төлөлтийн жагсаалт, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн үндэсний хөрөнгө оруулалтын банкны дотоод шилжүүлгийн маягт болон нэхэмжлэгч С.С*** ын шүүх хуралдаан дээр гаргасан “...13,031,500 төгрөгийг О.Б*** төлсөн нь үнэн. Би зээл авснаасаа хойш огт төлбөр хийгээгүй...” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талууд зээлийн гэрээгээр хүү тохироогүй боловч хариуцагч О.Б*** нь С.С*** ын “*** ” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу сарын хүүг 3,5 хувиар бодож тус ББСБ-д төлөхөөр амаар тохирсны дагуу нийт 3,031,500 төгрөгийн хүү төлсөн, үүнийгээ С.С*** д төлөх зээлийн төлбөрөөс хасуулахгүйгээр тооцохыг зөвшөөрч байна гэж тайлбарладаг бөгөөд үүн дээр нэмж 1,203,500 төгрөгийг нэхэмжлэгч С.С*** д төлөхийг хүлээн зөвшөөрдөг болно.
Өөрөөр хэлбэл О.Б*** нь С.С*** аас авсан зээлийн төлбөрийг гэрээнд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч С.С*** д “Газар партнерс капитал” ББСБ-д төлөх хүүгийн зардал гарсан бөгөөд энэхүү зардлыг хариуцагч О.Б*** төлсөн байна гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч С.С*** нь хариуцагч О.Б*** аас шүүх хуралдааны явцад түүний төлсөн төлбөрийг хасч, “*** ” ББСБ-д төлөх ёстой төлбөрөөс 2,766,630 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, учир нь О.Б*** нь хугацаандаа зээлийн төлбөрийг төлөөгүй учраас тус ББСБ-д хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан гэж тайлбарлаж байгаа боловч С.С*** нь “*** ” ББСБ-аас нийт 13,000,000 төгрөгийн зээл авсан, түүний 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө хувьдаа зарцуулсан боловч огт төлөлт хийгээгүй зэрэг нь түүний тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд түүний бусдын өмнө хүлээсэн үүргийг хариуцагч О.Б*** бүхэлд нь хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээр дурдсанаар хариуцагч О.Б*** ы тайлбарын дагуу түүний “*** ” ББСБ-д нэхэмжлэгч С.С*** ын өмнөөс хүүнд төлсөн 3,031,500 төгрөгийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан хариуцагч О.Б*** нь зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлснээс нэхэмжлэгч С.С*** д учирсан хохирол гэж тооцсон тул үндсэн зээлээс 10,000,000 төгрөг буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэж, төлөгдөөгүй үлдэгдэл 1,000,000 төгрөгийг О.Б*** нь С.С*** д төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч О.Б*** нь шүүх хуралдаан дээр нийт 1,203,500 төгрөгийг С.С*** д төлөхийг зөвшөөрсөн тул түүний зөвшөөрсөн хэмжээгээр энэхүү төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч С.С*** д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 12,996,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч О.Б*** аас 1,203,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.С*** д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 12,996,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.С*** аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б*** аас улсын тэмдэгтийн хураамжид 33,434 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.С*** д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ