Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 084

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,      

улсын яллагч Ш.Алтанцэцэг,           

хохирогч Ч.О , түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа,

шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Б.Зулбаяр /ҮД:1979/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын Г холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810018750872 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны ....дүгээр сарын ....-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, айти инженер мэргэжилтэй, ......-ийн захирал ажилтай, ам бүл .... хамт, Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, .....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Г   /РД:................/  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр вилла” хотхоны 116-03 тоот байрыг иргэн Ч.О  худалдан авахдаа түүний данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 100 сая төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр вилла хотхоны 116-03 тоот байрыг иргэн Ч.О  худалдан авахдаа түүний данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 100 сая төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... Би хохирогчид нийт 65.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Үүнээс 50.000.000 төгрөгийг нь өгсөн. Харин үлдэгдэл 15.000.000 төгрөгийг төлнө...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

          2. Хохирогч Ч.О ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 онд Гэрэлт-Одтой “Тэнгэр Вилла” хотхоны хаусыг худалдаж авахаасаа өмнө эхэлж амьдарч байгаад хэрэв манай гэр бүлд таалагдсан тохиолдолд худалдаж авна гэж тохиролцож байсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сард тухайн хаусыг 1.780.000.000 төгрөгөөр худалдаж авахаар Гэрэлт-Одтой тохиролцож Голомт Банкнаас хаусны төлбөрийг төлөхийн тулд зээл авч байсан. Дараагаар нь бид хоёр тооцоо нийлж Гэрэл-Од байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл 2018 оны 6 дугаар сард би Г   руу илүү 100.000.000 төгрөг шилжүүлсэн  гэдгээ мэдсэн. Учир нь тухайн үед манай нөхөр эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ руу эмчилгээнд явж байсан бөгөөд манай гэр бүлийн сэтгэл зүй унаж миний хувьд бусад зүйлд анхаарал хандуулдаггүй байсан. Иймд би Г   руу хэдэн төгрөг шилжүүлсэн гэдгээ анхаараагүй, тооцоо хийгээгүй байсан. Дараа нь би шүүгдэгчээс илүү шилжүүлсэн мөнгө нэхэмжлэхэд шүүгдэгч “би дансаа харж байгаад хэлье” гэж хэлээд уддаг байсан тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/  

          3. Хохирогч Ч.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр анх Гэрэлт-Одоос байр худалдан авахдаа намайг анх түрээсийн гэрээ хийчихээ та худалдан авахаар бол авна биз харин 10 сая төгрөг тооцоонд нь өгчих та худалдан авхаар болбол үндсэн мөнгөнөөсөө хасчихна биз гэж тохирч гэрээн дээр 2017 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр бэлэн 10 сая төгрөгийг өгч өөрөө гэрээн дээр гарын үсэг зурсан байгаа. Ингээд бодохоор нийтдээ би 100 сая төгрөг шилжүүлсэн байна. Гэрэлт- Одод бэлэн 10 сая төгрөгийг өгснийг зуучлагч залуу Мөнх-Оч харсан. Түрээсийн гэрээ хийхдээ нотариат руу орж батлуулаагүй өөрсдөө гэрээн дээр 17/00061 гэсэн огноо бичиж өгсөн. Ингээд бодохоор би Г 100 сая төгрөгийг илүү шилжүүлсэн байна. Тухайн үедээ би 04 дүгээр сарын 13-ний өдрийн 100 сая төгрөгийг л илүү шилжүүлчихсэн байна лээ, би тухайн үедээ байнга ашигладаггүй данс болох Голомт банкны харилцах данснаас 1 удаа шилжүүлчихсэн байсан. Энэ дансыг ашигладаггүй байсан болохоор нөгөө данснуудынхаа хуулгыг хараад дараа дараагийн мөнгийг шилжүүлээд байсан юм байна лээ. Миний дансны хуулгийг харах юм бол Голомт банкны харилцах данснаас би нэг удаа л шилжүүлэг хийсэн байгаа...Би Гэрэлт-Одоос нийт 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байна, мөнгөө авъя гэж ярихад эвтэйхэн байж байгаад мөнгөө авбал ав үгүй бол 5-н жилийн дараа аваарай гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/  

         4. Гэрч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1 тэр бум 800 сая төгрөгөөр хувь лизинг хийж авъя гэхээр би Г энэ байдлыг хэлхэд за тэгье гээд зөвшөөрсөн. Тэгээд энэ Оюунчулуун гэх хүнд байрыг үзүүлсний маргааш нь Гэрэлт-Од, Оюунчулуун 2 уулзаад эхний удаад 10 сая төгрөг өгч байя эхний ээлжинд түрээсийн гэрээ хийе 11 дүгээр сард 500 сая төгрөгийг өгье гээд худалдах, худалдан авах гэрээгээ хийе гэж хоорондоо тохиролцоод салцгаасан. 10 дугаар сарын эхээр Оюунчулуун байрандаа орсон Гэрэлт- Од 1 том хөргөгч, бурхны эд зүйл. 5 ширхэг том хивс зэргийг авна шүү гэж хэлж байсан. Эдгээр эд зүйлүүдээ Г   нь авчихсан байгаа. ...Оюунчулуун нь 2018 оны 8 дугаар сард над руу залгаад манайх засвар хийх гэж байна амралтын өдөр ирээд бүх тавилгаа аваарай гэж залгахаар нь би Гэрэл-одод хэлж байгаад шийдье гэж хэлээд утсаа салгасан. Г   Оюунчулуун 2 нь 2 уулаа л надруу залгаад тавилга ав гээд байсан би хүний тавилгыг аваад хаана хадгалах юм бэ дээ дараа нь өөрөө өрөнд орчих байх гээд энэ асуудлыг орхисон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/   

           5. Хохирогч Ч.О , Б.Г  нарын мөнгө шилжүүлсэн, авсан дансны хуулга /хх-105-113/

          6. 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах /хх94-95-р тал/, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ /хх 93-р тал/, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийсэн баримтууд /хх-114-117-р тал  

          7. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ч.О , Б.Г  нарын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээ /хх133-135-р тал/,

8. Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оюунчулуун нь анхнаасаа 50.0 сая төгрөгт тавилга авна гэж хэлчихээд миний мөнгийг өгөхгүй одоо шууд 100 сая төгрөгөө нэхэж байгаа нь зүй бус асуудал байна. Надад Оюунчулуунаас байрны төлбөрт илүү 70 сая төгрөг шилжиж орж ирсэн. Энэ мөнгөнөөс би 50 сая төгрөгийг тавилгын мөнгө юм байх гэж бодсон. Би Оюунчулуунтай 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ хийсэн бөгөөд энэ гэрээнд 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 1 сарын 5.500.000 төгрөгөөр хөлслөхөөр гэрээнд тусгаж бэлнээр 10 сая төгрөг авсан. Энэ гэрээн дээр орон сууц худалдах, худалдан авах хүртлээ хөлслөх хэлбэрээр явагдана гэж бид хоёр амаар тохирсон, гэрээнд бичигдээгүй байгаа. Оюунчулуун нь би энэ байрыг худалдан авъя гэж надтай тохирч 10 дугаар сарын 05-ны өдөр 50 сая төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 30 сая төгрөг, 12 дугаар сарын 08-ны өдөр 20 сая төгрөгийг дансаар байр худалдаж авах мөнгөний баталгаа гэж өгсөн. 2018 он 12 дугаар сарын 13-ны өдөр Оюунчулуун надаас үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1.800.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж тухайн өдрөөр өмнөх орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон. Дараа нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ хийсэн. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Оюунчулуун нь үлдэгдэл төлбөрийг Голомт банкнаас зээл авч өгье, өөрөө төлж чадахгүй юм байна гэсэн. Гэтэл Голомт банк нь 1.200.000.000 төгрөгийг Оюунчулуунд өгөх боломжтой гээд нэмэлт гэрээн дээр графикийг өөрчилж, 1.200.000.000 төгрөгөн дээр 480.000.000 төгрөгийг нэмэлт гэрээн дээр 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл төлөгдсөн гэж бичсэн байгаа. Гэхдээ Оюунчулуун нь нэмэлт гэрээ хийсний дараа надад 190.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үндсэн гэрээний 2.2, 2.3, 3.6 дэх хэсгүүд нэмэлт гэрээн дээр өөрчлөгдсөн байгаа. Түүнээс өмнөх гэрээн дээр байгаа үндсэн төлбөрийн талаар нэмэлт гэрээн дээр өөрчлөлт ороогүй. Энэ нэмэлт гэрээ нь ер нь бол Голомт банкинд зориулсан гэрээ байгаа юм. Үндсэндээ Оюунчулуун 380.000.000 төгрөг надад өгсөн байсан. Гэхдээ Голомт банкинд харагдах байдлаар 480.000.000 төгрөг төлөгдсөн гэж нэмэлт гэрээн дээр бичсэн. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх түрээсийн мөнгө болох 27.500.000 төгрөг, ашиглалтын зардлыг дундажлаад бодвол 2.500.000 төгрөг, ингээд нийт 30.0 сая төгрөг болж байгаагаас эхний надад өгсөн 10 сая төгрөгийг хасаад үлдэх 20.0 сая төгрөг Оюунчулуунтай тохиролцож зарахаар болсон тавилгын 50.0 сая төгрөг зэрэг нийлээд 70.0 сая төгрөгийг надад өгч байгаа юм байх гэж бодсон. 5 дугаар сарын 18-ны өдөр 190 сая төгрөг шилжүүлсэн гээд нийтэд нь бодож үзэхээр 680.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд үндсэндээ Оюунчулуун нь надад нийт 1.800.000.000 төгрөг бэлнээр болон шилжүүлж өгсөн байна. Үүнээс 1.200.000.000 төгрөгийг Голомт банкнаас зээл авч өгсөн. 600.0 сая төгрөг нь байрны үлдэгдэл төлбөр, 30.0 сая төгрөг нь түрээсийн 5 сарын ашиглалтын зардалтайгаа, 50.0 сая төгрөг нь тавилга худалдах авах төлбөр нь байна гэж би тооцож байна. Дараагийн 10.0 сая төгрөг хасагдана гэсэн заалт нь худлаа, ингэж тохироогүй. Тэгэхээр би Оюунчулуунд одоо ямар ч мөнгө өгөх үндэсгүй. 50.0 сая төгрөгийн тавилга зарахдаа гэрээ хийгээгүй, харин амаар тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 149/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Б.Г  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/-аар тогтоогдлоо.  

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”-ы улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2 дахь хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол” гэж заасан байна.

Хохирогч Ч.О  нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр алдаатай гүйлгээ хийж 100.000.000 төгрөгийг илүү шилжүүлснээ 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мэдэж, Б.Г  нь мэдсээр байж завшсан гэсэн гомдлыг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г ыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр вилла” хотхоны 116-03 тоот байрыг иргэн Ч.О  худалдан авахдаа түүний данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 100.000.000 төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр вилла” хотхоны 116-03 тоот байрыг иргэн Ч.О  худалдан авахдаа түүний данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 100 сая төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсныг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад ноцтой их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Мэдсээр байж гэдэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу бусдын эд хөрөнгийг авсан болохоо мэдсэн атлаа санаатай үйлдлээр завших тухай ойлголт бөгөөд Б.Г  нь Ч.О ыг 100.000.000 төгрөг илүү шилжүүлснийг Оюунчулуун түүнд хэлж мэдэгдсэн өдрөөс хойш мэдсээр байж авч завшсан гэж үзэхээр байна.   

Шүүгдэгч Б.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохирогчид нийт 65.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Үүнээс 50.000.000 төгрөгийг нь өгсөн. Харин үлдэгдэл 15.000.000 төгрөгийг төлнө...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Ч.О ы шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт гаргасан болохыг дурдъя.     

Иймд шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад ноцтой их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Г ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байгаа, хохирогч Ч.О ы шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт, Б.Г ын хувийн байдал /...33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, айти инженер мэргэжилтэй, Түшигт хур ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б-ын Г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.       

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Г од албадлагын арга хэмжээг зайлшгүй авах шаардлага үүсээгүй гэж үзэв.        

            Шүүгдэгч Б.Г , хохирогч Ч.О  нар нь 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №1 дугаартай төлбөр барагдуулах гэрээ “...Талуудын хоорондын тохиролцоо болох 65.000.000 төгрөгийн 50.000.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 15.000.000 төгрөгийг төлбөр төлөгч нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үл маргах журмаар төлж барагдуулахаар харилцан тохиролцов...” байгуулсан байх ба хохирогч Ч.О  нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтээ шүүхэд илэрхийлснийг тэмдэглэе.          

            Шүүгдэгч Б.Г од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.      

            Б.Г ын  Г-1423001370 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй Төв аймаг Эрдэнэ сум 3 дугаар багийн Баянтуул суурин 4 дүгээр хэсэг 1 дүгээр гудамж 130а тоот газрыг бусдад шилжүүлэх шилжилт хөдөлгөөнийг, Хаан банкны 5007429913, 5007546740, 5007550712, 2007554274, 5123001599 дугаартай данс, Худалдаа хөгжлийн банкны 47012818 дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг прокурорын зөвшөөрлөөр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б-ын Г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

            3. Б.Г од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            4. Б.Г ын Г-142300**** дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй Төв аймаг .... сум .... дугаар багийн ...... дүгээр хэсэг .... дүгээр гудамж ..... тоот газрыг бусдад шилжүүлэх шилжилт хөдөлгөөнийг, Хаан банкны 50074*****, 50075*****, 50075*****, 20075*****, 51230***** дугаартай данс, Худалдаа хөгжлийн банкны 4701**** дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг прокурорын зөвшөөрлөөр  2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Г  сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Г од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

  

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР