Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 087

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,     

улсын яллагч Б.Алтанцэцэг,      

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Д-ийн  Б-д  холбогдох эрүүгийн 1910028660050 дугаартай, 187/2020/0086/Э индекстэй хэргийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.       

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны..... дугаар сарын ....-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, радист мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ......., Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо ...... тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ....дугаар байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн  Б /РД:........../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн Дэнжийн 3 дугаар гудамжны 29 тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн тэжээж байсан нохойг зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн Л.Ө урд биед нь баруун шилбэний эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, зүүн гуяны хазагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн Дэнжийн 3 дугаар гудамжны 29 тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн тэжээж байсан нохойг зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн Л.Ө урд биед нь баруун шилбэний эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, зүүн гуяны хазагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хохирогчид хохиролд 1.000.000 төгрөг төлж барагдуулсан. Цаашид нохойгоо сайн харж хандана...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Л.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хороон дээр үнэгүй эмчилгээ хийж эмч нар эм тарааж байсан. Тэндээс ээждээ хуянгийн наалт аваад гэррүүгээ явах замдаа Д.Б  ахтай таарсан. Бид хоёр 0,5 граммын архи, надад сэнгүүр 0,5 граммын лаазтай пиво аваад Д.Б  ахын гэр рүү явсан. Гэрт нь очиход нохой нь сул байсан. Та нохойгоо уячих гэхэд би 20-н жил цагдаа хийсэн хүн ганц нохой дийлэхгүй юм гэж юу байхав гээд түрүүлж ороод болсоон гэж намайг дуудахаар нь ортол Д.Б  ах нохойгоо дарцан байсан. Намайг гэрийн хаалга татаад орох гэтэл Д.Б  ах нохойгоо дарж дийлэхгүй алдахад би орж амжилгүй нохойд нь хазуулсан. Гэрт нь ороод хартал миний баруун хөлийн эрээн булчин хууларсан байсан. ...Д.Б  архиа ууж дуусаад нохойгоо хорьж өгөхгүй байхаар нь би дэгээ төмөр бариад тэдний гэрээс гарахад нохой нь дахин дайрсан би барьж байсан төмрөө савчуулан ухарч явахдаа унахад миний шилбэнээс хальт зуугаар дахиж дайрах үед нь гарт байсан төмрөө савчуулан ухарч явсаар хашааны хаалганд тулаад онгойлгох гэтэл зүүн хөлний гуяны араас зуухаар нь буцаж харан төмрөө саваад дахин хаалга онгойлгож гарахдаа дахин зүүн хөлийнхөө тахимд хазуулаад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/

            3. Гэрч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....би өвөө Д.Б-ийн гэрт явж ороход манай өвөө нилээн согтуу байдалтай гэрийнхээ орон дээр сууж байсан ба харин сандал дээр үл таних эмэгтэй баруун талын хөлийн хойд шилбэний хэсгийг гараараа бариад эгчийн дүү гараад нохойгоо барьж байгаач намайг хазчихлаа гээд уйлаад байсан. Тухайн үед би тэр эмэгтэйн хөлнөөс цус гарсан эсэхийг анзаарч хараагүй. Би өвөөгийн гэрээс гараад нохойгоо хорьж барьж өгөхөөр очиход манай бондок дуудлагатай банхар нохой над руу архираад дайрах гээд байхаар нь би айгаад гэртээ орсон. ...манай нохой уг нь байнга уяатай байдаг юм. Тухайн өдөр ээжтэйгээ утсаар ярихад нохойгоо сул тавьчих гөлөгнүүд нь хөлдөж үхээд байгаа гэж хэлэхээр нь би нохойгоо сул тавьсан......” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/

            4. Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бондок дуудлагатай банхар нохой нь манай аавын нохой бөгөөд 1 жилийн өмнө хашаандаа авчирч тэжээсэн юм. Уг нохойг манай аав дүү Ганчимэгээс авсан. Манай 6 сарын өмнө аавын хашаанд нүүж ирсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/  

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№182/-ний дүгнэлт:

            -Л.Ө-ын биед баруун шилбэний эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, зүүн гуяны хазагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

           -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 18/

            6. Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манайх нохойгоо байнга уядаг. Тухайн үед гадаа хүйтрээд гөлөгнүүдээс нь 2 гөлөг хөлдөөд үхчихээр нь нохойгоо 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сул тавьсан байсан. Тухайн өдөр нилээн согтуу явж байгаад орой 19 цагийн үед танил Өлзийжаргалтай гудамжинд тааралдаад дэлгүүрээс очиж дахин 1 шил архи авч хувааж уухаар болоод манай гэрт очсон. Тухайн үед би эхэлж ороод нохойгоо хориглож байсан ба Өлзийжаргалыг орох үед нохой маань дайрч надаас алдуурч түүний баруун шилбэнээс хазсан. Тэгээд манай гэрт орж байгаад гарахдаа дахин зүүн гуяны хэсгээс хазуулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№182/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн Дэнжийн 3 дугаар гудамжны 29 тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн тэжээж байсан нохойг зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн Л.Ө урд биед нь баруун шилбэний эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, зүүн гуяны хазагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсныг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.     

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр  торгох ялыг  хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Л.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн авсан, эвлэрсэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/, түүний хувийн байдал /....62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, радист мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1 амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д-ийн  Б-г  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ. 

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.        

Д.Б-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Б овогт Д-ийн  Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д-ийн  Б-г  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Д.Б-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Б-д  сануулсугай.      

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

  

   

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР