| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2020/0012/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/17 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/17
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Энхжин,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч Д.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х- овгийн Д-гийн Х-эд холбогдох эрүүгийн 1927002600002 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсыи иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг Од хороолол 02 дугаар гудамж 02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Х- овгийн Д-гийн Х-, регистрийн дугаар:___,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн Эрдэнэзуугийн гудамжинд байрлах “___" нэртэй арьс шир, ноос ноолуур авдаг түүхий эдийн төвд О-ийг зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, түлхэж унаган эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Д.Х- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул улсын яллагчийн саналаар түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг уншиж сонсгов.
Хохирогч Р.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн Эрдэнэзуугийн гудамжинд байрлах “___” нэртэй арьс, шир, ноос, ноолуур авдаг түүхий эдийн төвд буюу ажлын байрандаа байж байсан чинь манай талийгаач нөхөр Д.О-ийн төрсөн ах Д.Х- улаан өнгийн приус машинтай залуутай хамт манай ажлын хашаагаар орж ирсэн. Тэгээд Д.Х- машинаас бууж ирээд Р.О- чи миний талийгаач дүү Д.О-ийн ___ багийн ___ хорооны ___ гудамж ___ тоотод байрлах хашаа байшингийн гэрчилгээг аваад ир гэж хэлсэн. Харин би тухайн үед Д.Х- ахын хажууд очоод ах аа би хашаа байшингийн бичиг баримтаа банкны зээлэнд тавьчихсан гэж хэлсэн чинь Д.Х- согтуурхаж чи яагаад манай талийгаач дүүгийн хашаа байшингийн гэрчилгээг банкны зээлэнд тавьчихдаг юм гэж хэлээд гараараа миний зүүн шанааны орчим нэг удаа цохиж намайг газар унагаасан. Тэгээд би Д.Х-эд цохиулаад газар унаад буцаад босоод ирсэн чинь дахиад миний баруун гарнаас барьж аваад түлхэж унагаасан. Тэгээд байж байсан чинь Д.Х-тэй хамт явсан залуу мөн манай ажилчин А- нар салгасан” гэсэн мэдүүлэг /хх 14-19/,
Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Нэг харсан чинь тэр улаан машинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд манай захирал Р.О-ийн зүүн шанааны орчим гараараа нэг удаа цохиж унагаасан. Тухайн үед би юу болоод байна гээд гүйгээд очсон чинь Д.Х- Р.О-ийн заамнаас нь барьчихсан зогсож байгаад түлхээд газар унагаасан. Д.Х- Р.О-ийг ална гээд хашигчаад байсан. Маргаан болох үед Р.О-ийн хувцас нь нэлээд шороо болчихсон байсан. Мөн толгой өвдөөд байна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх 20-21/,
Гэрч Х.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…“___" нэртэй арьс, шир, ноос, ноолуур авдаг газар хүргээд өг. Би Р.О-тэй уулзах гэсэн юм гэж хэлсэн....Тэгээд Д.Х-, Р.О- нар хоорондоо маргалдаж байгаад удалгүй Д.Х- Р.О-ийн нүүр орчим газар гараараа нэг удаа цохиж газар унагаасан. Тэгээд Р.О- босоод ирсэн чинь Д.Х- Р.О-ийн заамнаас барьж байгаад дахиад газар түлхэж унагаасан. Тэгээд маргалдаад байхаар нь Б.А- бид хоёр салгаж Д.Х-ийг миний машинд суулгасан” гэсэн мэдүүлэг /хх 22-23/
Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №592 тоот дүгнэлтэд: “1.Р.О-ийн биед тархи доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар болон гоо сайханд нөлөөлөхгүй. 5.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 36/,
Шүүгдэгч Д.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн Эрдэнэзуугийн гудамжинд байрлах “___" нэртэй арьс шир, ноос ноолуур авдаг түүхий эдийн төвд О-ийг зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, түлхэж унаган эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Х-ийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Х-эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Д.Х-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Шүүгдэгч Д.Х- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Х-эд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Д.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овгийн Д-гийн Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овгийн Д-гийн Х-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-эд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН