Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 735

 

Д.Ут холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Бадрал,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 764 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Хосбаярын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Ут холбогдох 1711003580044 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овогт Д.У, 1989 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит шонхор” захад махны лангуу ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............. тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 20.. оны .. дугаар сарын ...-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ..... дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2  жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан,   /РД: ...................../;

Д.У нь 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Нуурын 17 дугаар гудамжинд Б.Э-тэй маргалдсаны улмаас түүнийг зодож,  эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Д.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.У нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хохирогчийг нэг л удаа цохисон гэж мэдүүлжээ. Гэтэл хохирогч Н.Э “намайг хэд хэдэн удаа цохисон” гэж мэдүүлснээс гадна шинжээч Н.Э-н мэдүүлэгт “уг гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ” гэжээ. Хавтаст хэргийн материалд Д.Уын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, эсвэл зөвшөөрөөгүй талаар мэдүүлсэн зүйл байхгүй, түүнээс энэ талаар асуусан баримт мөн байхгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д заасан нөхцөл байдал болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна гэж үзлээ. Мөн шүүгдэгч Д.У нь прокурорын 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэх санал гаргасныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх боловч, шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялаар шийтгүүлэх саналтай байна гэж мэдүүлж байх тул түүнийг прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байна гэж үзэхээр байна. Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Л хэргийн материалтай танилцан “гар утсаа төлүүлж авмаар байна” гэсэн байх боловч үүнийг төлсөн талаар баримт хэрэгт байхгүй. Мөн хавтаст хэргийн материалд шүүгдэгч Д.Уын гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-д учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн талаарх баримт байхгүй байна. Дээрх нөхцөл байдлын улмаас уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлэн, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Д.Ут холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, Д.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Хосбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгаж, уг бүлэгтээ дээрх хянан шийдвэрлэх ажиллагаа нь хоёр өөр хэлбэрээр явагдахаар хуульчилжээ. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд: Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хэзээ, ямар болзол шаардлага хангасан тохиолдолд гаргах эрхтэйг заасан. Өөрөөр хэлбэл,

17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно”, 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасан нь хорих ялын дээд хэмжээг найман жилээс доош хугацаагаар ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагыг тусгасан байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд: Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг буюу тус зүйлд шууд заасан 16 төрлийн гэмт хэргийг яллагдагч хүсэлт гаргах шаардлагагүйгээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан байна. Дээрх заалтуудыг хангасан тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хоёр хэлбэрээр, яллагдагчийн эрх хоёр өөр байхаар зохицуулсан байна. Тухайлбал,

2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хорих ялын дээд хэмжээг найман жилээс доош ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дараах хэлбэрээр явагдахаар байна.

- 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана” гэсэн нь яллагдагч мөрдөн байцаалтын болон прокурорын шатны аль ч үед гаргах эрхтэй байна.

- 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт дээрх шаардлагыг хангасан яллагдагч хялбаршуулсан журмаар хүсэлт гаргасан тохиолдолд прокурор түүнийг хэрхэн шийдвэрлэхийг журамлажээ.

- 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна” гэж заасан нь мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах хугацааг зааж өгөхөөс гадна прокурор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийх эрхийг олгосон байна.

- 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан нь хэрэв яллагдагч хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх гаргасан прокурорын саналыг зөвшөөрөөгүй тохиолдолд ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх, яллагдагч өөрт оногдуулах ял дээр санал солилцох эрхийг тусгаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг даруй шүүхэд шилжүүлэх хугацааг буюу боломжит хугацааг заасан байна.

- 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шүүх тухай хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж,

- 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно” гэж заасан нь шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч, шүүгдэгчийг заавал оролцуулахаар хуульчилсан байна.

- 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “... шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурор буцаах шийдвэр гаргана” гэж зааснаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан яллагдагч, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлтээсээ татгалзах, өөрт оногдуулах эрүүгийн хариуцлага болон гэм буруугаа зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх эрхийг олгожээ.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд: Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам буюу тус зүйлд заасан 16 төрлийн гэмт хэрэгт яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргахыг шаардаагүй байна. Учир нь:

- 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл ... заасан гэмт хэргийг сэжигтний эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж прокурорт хэргийг шилжүүлнэ” гэснээс дүгнэхэд яллагдагч заавал хүсэлт гаргах шаардлагагүйгээр сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсан үеэс хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхийг ойлгохоор байна.

- 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлнэ” гэж,

- 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ” гэж,

- 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэж зааснаас үзэхэд хэргийг даруй танилцаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг даруй шилжүүлж, яллагдагчаас хүлээлгэх хариуцлага болон бусад зүйлийн талаар зөвшөөрөл авахыг шаардах бус харин яллах дүгнэлтийг 24 цагийн дотор хянаж, яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулж, түүний зөвшөөрлийг шаардахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна.

- 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж,

- 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзах эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж,

- 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “... шүүхийн тогтоол нь цагаатгах эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж зааснаас үзэхэд шүүх Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан тодорхой төрлийн гэмт хэргийг 72 цагийн дотор хянан шийдвэрлэж, шийтгэх эсхүл цагаатгах тогтоолын аль нэгийг гаргахаар байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагчаас нэгэнт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан /хохирогчид хөнгөн гэмтлийг учруулсан гэм буруугийн хувьд маргаан байхгүй, хохирол нөхөн төлсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн/ бөгөөд түүнийг хүлээн авч шийдвэрлэсэн. Уг нөхцөл байдлаас үл хамаарч түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хянан шийдвэрлэх зохицуулалттай билээ. Д.Ут холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмаар хэргийг хянан шийдвэрлэхгүйгээр Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмаар хэргийг хянан шийдвэрлэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж байна.

2. Шүүх захирамжиндаа “... иргэний нэхэмжлэгч Ч.Л хэргийн материалтай танилцан “гар утсаа төлүүлж авмаар байна..” гэсэн байх боловч үүнийг төлсөн талаар баримт хэрэгт байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-д учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн талаарх баримт байхгүй байна” гэж дурджээ. Хэргийг хянахад хохирогч Б.Э-с учирсан хохирлын талаар гаргаж өгсөн баримт үгүй, тэрээр гэмт хэрэг гарсан даруйд Д.Уын хамтаар эмнэлгийн байгууллагад хандаж, эмчилгээ оношилгоо хийлгэж гарсан төлбөрийг шүүгдэгч төлсөн нөхцөл нь хэрэгт авагдсан тэдний мэдүүлгүүдээр тогтоогдсон. Өөр бусад Б.Э-с нэхэмжлэл гаргаагүй билээ. Харин хохирогч Б.Э-н эхнэр Ч.Л нь тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэхэд нь гар утсыг нь Д.У авч эвдэлсэн байдаг. Гэвч түүний дээрх үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан бөгөөд гэмт хэрэгт тооцогдохооргүй байна. Иймээс Ч.Л-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх шаардлага тавьж байгаа хүн гэж иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн” тухай гэж заасанд иргэний нэхэмжлэгчийн шаардлагын талаар тусгаагүй байна. Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 764 дүгээр шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч Д.У гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул прокурор Ш.Хосбаяр хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх тогтоол үйлдэж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тохиролцон шүүхэд шилжүүлсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар хохирогч мэдүүлсэн байдаг. Хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нотлогдсон. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг төлсөн байх талаар дурдаагүй. Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Ут холбогдох хэргийг прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 764 дүгээр  шүүгчийн захирамж хууль зүйн шаардлага хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Д.У нь 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Нуурын 17 дугаар гудамжинд Б.Э-тэй маргалдсаны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд уг хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгасан байна.  

 Анхан шатны шүүхээс Д.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна. Мөн прокурорын 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэх санал гаргасныг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялаар шийтгүүлэх саналтай талаараа мэдүүлж байх тул прокурорын санал болгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байна гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хоёр өөр хэлбэрээр явагдахаар хуульчилсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялын дээд хэмжээг найман жилээс доош хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэргийг шүүхэд  шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж болохоор;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг буюу тус зүйлд шууд заасан 16 төрлийн гэмт хэргийг яллагдагч хүсэлт гаргах шаардлагагүйгээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан байх ба дээрх заалтуудыг хангасан тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хоёр хэлбэрээр, яллагдагчийн эрх хоёр өөр байхаар зохицуулсан байна.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаас нэгэнт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, гэм буруугийн хувьд маргаан байхгүй, хохирол нөхөн төлсөн, төлөхөө ирлэрхийлсэн, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлээр дээрхи нөхцөл байдлаас үл хамаарч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зохицуулалттай байна.

Прокуророос Д.Ут холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэх зохицуулалттай нийцэж байна гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал бичнэ”, 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэж зааснаас үзэхэд хүлээлгэх хариуцлага болон бусад зүйлийн талаар яллагдагчаас зөвшөөрөл авахыг шаардахгүйгээр түүнд хүлээлгэх хариуцлагын талаар зөвхөн танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна.

 Дээрхи заалтуудыг үндэслэн дүгнэхэд Д.Ут холбогдох энэ хэргийн хувьд прокурор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж, үүнийгээ танилцуулсан байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Нөгөөтэйгүүр яллагдагч Д.У нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан   шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан хэдий ч түүний ял сонсож байгаа хэргийн зүйлчлэл болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамд заасан хуулийн дээрхи зохицуулалтаас үзэхэд хүсэлт гаргасан байхыг шаардахгүй байх тул түүнийг “... хүсэлтээсээ татгалзаж байна ...”  гэж үзсэн нь үндэслэлгүй юм.  

 Иймд прокурор Ш.Хосбаярын бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 764 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 764 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Ут холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧИД                                                                   Б.ЗОРИГ

                                                                                   Д.ОЮУНЧУЛУУН