Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0638/з |
Дугаар | 221/МА2021/0334 |
Огноо | 2021-06-23 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2021/0334
“А” ХХК-ийн гомдолтой,
Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн
татварын улсын байцаагч нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Г.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “А” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 271 дүгээр шийдвэрээр: ”Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Г.Г нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0294834 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо “ ... маргааны үйл баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын 13679525, 13679526,14684192 дугаар падааныг “Ав” ХХК нь “А” ХХК, “Н Х” ХХК-аас авч татвар ногдох орлогоо бууруулсан, “Ав” ХХК, “Н Х” ХХК-ийг Баянгол дүүргийн прокурорын 82 дугаар тогтоолоор “бусдад падаан тарааж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосоныг шалгаж тогтоосон”, мөн ... “А” ХХК-ийн бараа материал худалдан авсан тухай анхан шатны баримтгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй зэргээс зөрчил нь ил тодорхой байсан тул хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан болно.
... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн 1 дэх талд 2012 оны 8 дугаар сард “С С” ХХК, “Б” ХХК, “Ав” ХХК-аас ... падааны 199,341,866.00 төгрөгийн зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай тусгасан байсныг шүүх тэмдэглэлд тусгаагүй гэж дүгнэсэн нь хэргийг тал бүрээс нь дүгнэж үнэлэлт өгөөгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх гомдол гаргагч “А” ХХК-аас гаргасан “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 294834 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 350000162 дугаар дүгнэлт[1]-ээр “А” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар “2012, 2013 онд “Н Х” ХХК, “Ав” ХХК, “С С” ХХК, “Б” ХХК, “Ё” ХХК-уудаас 364,287,393 төгрөгийн хий бичилттэй падаан худалдан авч, төсөвт төлөх татварыг бууруулсан” үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй үндэслэл тогтоогдсон бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх боломжтой.
Хариуцагч албан тушаалтнууд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 82 дугаар тогтоолыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 хэсгийн 2-т заасан “татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон” гэж үзэн хялбаршуулсан журмаар маргаан бүхий захиргааны актаар “А” ХХК-д 4,947,165.81 төгрөгийн торгууль, 3,298,110.50 төгрөгийн алданги, 16,490,552.70 төгрөгийн нөхөн татвар төлөх шийтгэл ногдуулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл улсын байцаагчийн шийтгэлийн хуудаст үндэслэл болгосон гэх Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 82 дугаар тогтоол[2]-д гомдол гаргагч “А” ХХК-ийн нэр дурдагдаагүй,
мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10д/27 дугаар албан бичгийн хавсралт[3]-д “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн дүгнэлтийн хүрээнд эрүүгийн хэрэг бүртгэлт явуулж, үүсгэсэн 2014260006305 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар Баянгол дүүргийн прокурорын газарт 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн”,
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11и-8/6937 дугаар албан бичиг[4]-т “Татварын улсын байцаагчийн 2015 оны 350000162 дугаар дүгнэлт бичиж ирүүлсэн “А” ХХК-д холбогдох 2014260006305 дугаар хэрэгт мөрдөн байцаалтын хэрэг явагдаж байгаа” талаар дурдагджээ.
Хариуцагч албан тушаалтнууд дээрх тодорхойгүй нөхцөл байдал болон “А” ХХК зөрчил үйлдээгүй гэж маргаж байгаатай холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтөө тайлагнахдаа зөрчил үйлдсэн эсэх, үйлдсэн бол түүнд шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэхийн тулд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зайлшгүй явуулах байжээ.
Цагдаагийн байгууллага татварын улсын байцаагч нарын дүгнэлтийн дагуу “А” ХХК-ийн тухайн үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа энэ тохиолдолд үүнийг тодруулан шалгах ажиллагааг шүүхээс гүйцэтгэх боломжгүй, тухайн нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах зүйлийн цар хүрээнээс хэтэрсэн асуудал тул хариуцагч албан тушаалтнууд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох ажиллагааг явуулж, дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзэв.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах”-аар, 2-т “зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг ... удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болох”-оор зохицуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гартал зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулах 58 хоногоор түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийг “1. Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т тус тус заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 294834 дүгээр шийтгэлийн хуудсыг улсын байцаагч нараас хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч албан тушаалтнууд шинэ акт гаргаагүй бол Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 294834 дүгээр шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР