Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 727

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Энхжинг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга 

Гуравдагч этгээд: “А” ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжийн  “А” ХХК-д 3590 м.кв газрыг  орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ч.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 тоот газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчид “А” ХХК-ийг үүсгэн байгуулж тус компанийн нэр дээр газар эзэмших захирамжийг гаргуулж, улмаар “А” ХХК-тай барилга бариулах гэрээ хийх байсан. Гэтэл “А” ХХК-ийг байгуулах эрхийн талаар манай “Б*******” сууц өмчлөгчдийн холбоо хуралдаж “А” ХХК-ийн ажилтан н.М******* гэх хүнд итгэмжлэлээр эрх олгосон. Гэтэл “А контсракшн” ХХК-ийг байгуулсан атлаа бид бүхний өмнөөс Газрын албанд албан бичиг хүргүүлээгүй. “Б*******” сууц өмчлөгчдийн холбооноос өгсөн хүсэлтийг засварласны үндсэн дээр “А” ХХК-д биш “А” ХХК-д газар эзэмших захирамж гарсныг бид эсэргүүцэж нэхэмжлэл гаргасан. “А” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр биднээс олгосон итгэмжлэлээр эрх бүхий газар бүртгүүлж, тамга тэмдгээ авсан. Бид итгэмжлэл олгож газрын гэрчилгээ, болон газар эзэмших эрхийг өгсөн байхад тэр итгэмжлэлээр компани байгуулсан учраас сууц өмчлөгчдийн холбоо үүнийг дэмжиж 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр албан тоотоор хүсэлт өгсөн. Тухайн хүсэлтийг “А” ХХК газрын албанд өгөлгүйгээр тухайн бичгийн утга санааг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болгон өөрчилж, мөн дахин бичиг хийсэн болгож Нийслэлийн Газрын албанд хүсэлт өгснөөр эдгээр асуудлууд буруу шийдвэрлэгдсэн. “А” ХХК-ийн захирал н.О******* биднийг төлөөлж Газрын албанд тухайн иргэдийн газар ашиглах захирамжийг эзэмших захирамж болгож өгөх хүсэлтийг өгөх ёстой байсан. Гэтэл өөрийн нөхрийн компани болох “А” ХХК-д газрын гэрчилгээг гаргуулсан нь нийт оршин суугч бидний итгэлийг алдаж, 2 жил гаруй хугацаанд нийт оршин суугчдыг хохироож байгаа учраас нэхэмжлэл гаргасан. 

Хариуцагч талаас ямар нэгэн эрх ашиг хөндөгдөөгүй гэж тайлбарлаж байна. Хэрвээ бид 12 айлын иргэдийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гараад,  солилцооны гэрээ хийсэн компани нь гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байсан тохиолдолд бид дараагийн боломжоо сонгох байсан. Одоо болохгүй байгаа шалтгаан нь бид бүхний газар өөр компанийн нэр дээр шилжсэн байгаа учраас шүүхээр явж эрхээ сэргээлгэхээс өөр арга байхгүй юм. Хэрвээ газрын гэрчилгээ бидний нэр дээр гарсан байсан бол бид тухайн газраар барилга бариулахгүй гэсэн маргаан гаргаагүй гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А  2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК, “А” ХХК гэж 2 компани байгаа. “А” ХХК нь 12 гишүүнтэй, “А” ХХК нь 1 гишүүнтэй 2 өөр компани байгаа. 12 гишүүнтэй компани нь өөрсдийнхөө сууц өмчлөгчдийн холбоог байгуулж эзэмшиж байгаа газар дээр компанийнхаа захирамжийг гаргуулах хүсэл зорилготойгоор итгэмжлэл олгоход тухайн итгэмжлэлийг буруугаар ашиглаж өөрийнхөө нэр дээр захирамж гаргасан байдаг. Тэгэхээр Нийслэлийн захирагчийг хариуцагчаар татаж байгаа гол үндэслэл нь газрын захирамж гарахын өмнө Газар барилгажилтын хурал гэж зохион байгуулагддаг. Нийт 2 удаагийн хурал зохион байгуулагдсан. Нэг удаагийн хурал нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болсон хурлаас орон сууц өмчлөгчдөөс зөвшөөрсөн өргөдлийг нотариатаар батлуул гэсэн шийдвэр гарсан. Гэтэл ямар ч өргөдөл оршин суугчдаас аваагүй байж өмчлөгчтэй хийж байсан гэрээгээ  хавсаргасан. 

2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дахин хуралдсан ба компанийн нэр дээр 12 оршин суугч багтсан эсэхийг нягтлан шалгаж захирамжлахыг зөвшөөрч байна гэж дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийг биелүүлэхгүйгээр Нийслэлийн Засаг даргын захирамжид нэг хүний газар гээд гарчихсан. Ингээд Газар барилгажилтын 2 удаагийн шийдвэр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 тоот захирамжтайгаа зөрчилдсөн асуудал дээр гомдолтой байгаа учраас нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлээ дэмжиж байна. Тийм учраас хүсэлт болон хийсэн гэрээг үндэслэж газар шилжүүлэх эрх байхгүй юм. 

Мөн энэ “Б*******” сууц өмчлөгчдийн холбоо газар ашиглах эрхтэй боловч хуулийн этгээд биш юм. Тийм учраас Газрын тухай хуулиар газрыг захиран зарцуулах эрхтэй субъект биш юм. Тэгэхээр энэ 12 иргэд энэхүү эрхийг авахаар компани байгуулсан. “А” ХХК-ийн захирал н.Пү******* нь эхнэр н.О*******ийг гүйцэтгэх захирлаар томилсон. Мөн компаниа 2016 оны 06 дугаар сард байгуулсан атал 2016 оны 07 дугаар сар хүртэл ямар ч бичиг баримт, тамга зэргийг хүлээлгэж өгөөгүй. Мөн компанийн гэрчилгээ, дүрэмд н.Загд-Очир гэх хүний нэрийг хасаж н.О*******ийн нэрийг оруулсан. “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/13 тоот албан бичгийг “А” ХХК-иар дамжуулж өгсөн. Үүнд “Манай газрыг гаргуулж өгөөч” гэсэн утга санаа бүхий албан бичгийг өөрчлөөд “Манай нэр дээр гаргаж өгөөч” гэж  өөрчлөөд, газрын гэрчилгээ гаргуулсан байсныг мэдэгдээгүй. Албан  бичгийг өөрчилсөн асуудлыг компанийн зүгээс хүлээн зөвшөөрсөн. Энэ тал дээр мөн утга санааг өөрчилсөн байна гэх шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.  

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч. Э  2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н.Пү*******ийн өөрчилсөн энэ үйлдэл оршин суугчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Мөн ойролцоо нэрийг сонгож үйл ажиллагаа явуулсан. Бидний амьдарч байгаа газар хэзээ мөдгүй нурж магадгүй нөхцөл байдалд хүрээд байна. Ийм учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар хэлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д нэхэмжлэл гэж юу болохыг тодорхой заасан байгаа. Гэтэл “А” ХХК-ийн хувьд хөндөгдсөн болон хөндөгдөж болзошгүй хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах өргөдөл гаргах ёстой. Гэтэл өнөөдөр “А” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй. Мөн энэ захиргааны актыг хүчингүй болгосноор ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй байна. Тийм учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ёстой гэж үзэж байна. Мөн итгэл эвдсэн, компани байгуулсан зэргээр ярьж байна. Энэ захиргааны хэргийн хянан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг нягталж үзэх шаардлагатай. Манай зүгээс энэ асуудлыг захиргааны хэргийн маргаан биш гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс “А” ХХК болон газар эзэмших эрхтэй байсан “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны 12 иргэний хооронд хийсэн Орон сууц барьцааны гэрээ, газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслээд удаа дараагийн хурлыг хийсэн. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор утга санааны хувьд асуудалтай байна. Зөөвөрлөж хийх боломжтой эсэх гэсэн байна. Зөөвөрлөж хийх боломжтой, гарын үсэг бодитоор зурагдсан байна гэсэн атлаа гарын үсэг зөөвөрлөсөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй. Тухайн үеийн газар эзэмших эрхтэй байсан “Б*******” “Б*******” сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөөд гарын үсэг зурах эрхтэй этгээд зурсан. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга, болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс энэ хүний гарын үсэг үнэн зөв эсэхийг нотлох үүрэг хүлээхгүй. Газрын тухай хуулиар бүрдүүлбэр бүрдсэн эсэхийг шалгаж, хэрвээ бүрдсэн бол тухайн материалуудыг цуглуулсны үндсэн дээр шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхэд Нийслэлийн Засаг даргын гарын үсгийг үнэн зөвийг тогтоогоогүй, хэн нэгэн дундуур орж итгэл алдсан гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйл, 107 дугаар зүйлүүдэд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд шүүх шийдвэрлэнэ гэж байгаа. Тэгэхээр “А” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Тав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.А******* 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд эзэмших эрх шилжүүлэх тухай заалтыг дурдсан байдаг. Энэ хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрх шилжүүлж байгаа 2 тал хүсэлтээ өгсөн байх ёстой. Хүсэлтэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан материалыг бүрдүүлсэн байх ёстой гэж заасан. Тэгэхээр 2 тал хүсэлтээ өгсөн, бүрдүүлэх ёстой баримтыг бүрдүүлсэн байсныг шүүх үүнийг анхаарах нь зүйтэй байх. Мөн энэхүү захиргааны акт нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашгийг зөрчсөн талаар тодорхой ярихгүй байна. Анх “Б*******” СӨХ нь “А” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдаад, энэ компаниар орон сууц бариулъя гэж хэлэлцэж тохиролцоод, 12 иргэн газрын албанд тухайн газрыг “А” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэж хүсэлтээ өгсөн. Мөн эдгээр баримтууд хэрэгт нотлох баримтаар ирсэн байгаа. Тэгэхээр энэхүү захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг заасан байдаг. 

Шинжээчийн дүгнэлтээр тухайн 10/13 дугаар бичгийг хуурамчаар бичсэн гэх зүйлийг ярьж байна. Гэтэл энэ шинжээчийн дүгнэлт нь 10/13 дугаар бичгийг хуурамчаар үйлдсэн эсэх нь тогтоогдохгүй байгаа. Газрын алба хууль зүйн үндэслэлийнхээ дагуу нотлох баримтыг үндэслэж гаргасан байгаа. Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12 өрх гарын үсэг зурж энэ газрыг “А” ХХК-д шилжүүлж өгнө үү гэсэн. Мөн “Б*******” сууц өмчлөгчдийн холбоо нь “А” ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийсэн нь бүгд нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ гэрээ хүчин төгөлдөр болмогц газар эзэмших эрхийг “А” ХХК-д шилжүүлнэ” гэж заасан. Тэгэхээр энэ газар нь “А” ХХК-ийн нэр дээр шилжсэн байгаа нь хэн нэгний эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжийн  “А” ХХК-д 3590 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүйд тооцуулах” гэж тодорхойлжээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

          Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/471 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Мебелийн 12 дугаар байрны “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны орон сууцны орчны 3590 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ. 

          Нэхэмжлэгч тал Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтад байгаа 3590 м.кв газрыг орон сууцны зориулалтаар олгох асуудлыг хэлэлцэж, тухайн компанийн дүрэмд нийтийн орон сууцанд амьдарч байгаа бүх хүн багтаж байгаа эсэхийг шалгасны дараа зөвшөөрөл олгохоор дүгнэлт гаргасан байхад түүнийг нягтлан шалгахгүйгээр “А” ХХК-ийн нэр дээр захирамж гаргасан гэж, хариуцагч тал Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар ““Б*******” сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч иргэдтэй “А” ХХК нь орон сууц солилцооны гэрээ байгуулж, “А” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хэлэлцэж, “Орон сууц өмчлөгчдөөс зөвшөөрсөн өргөдлийг нотариатаар батлуулан авах” гэж шийдвэрлэсний дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжаар “А” ХХК-д 3590 м.кв газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсан” гэж маргажээ.  

           “А” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15/248 дугаар албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Мебелийн 12 айлын нийтийн орон сууцны барилгын газар дээр  шинэ орон сууцны барилга барихаар тус барилгын нийт оршин суугчидтай тохиролцож гэрээ байгуулсан тул тус барилгын оршин суугчдын байгуулсан “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтад байдаг 3590 м.кв талбайг манай компанийн нэр дээр баталгаажуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг, мөн “Б*******” сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар албан бичгээр “Манай “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны ашиглаж байгаа  Мебелийн 12 айлын  нийтийн байрны орчны газар болох 3590 м.кв газрыг “А” ХХК-д баталгаажуулж өгнө үү” гэсэн  албан бичгийг тус тус ирүүлжээ. 

            Эдгээр хүсэлтүүдийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газраас  2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар “А” ХХК-д орон сууцны зориулалтаар “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны орчны газрын зориулалтаар ашиглаж байсан 3590 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцүүлж, тус хурлаас “Орон сууц өмчлөгчдөөс зөвшөөрсөн өргөдлийг нотариатаар батлуулж авах, хойшлуулав” гэсэн шийдвэр гарч, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “А” ХХК-ийн Ерөнхий захирал С.Пү*******ид 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5/8436 дугаар албан бичгээр “Орон сууц өмчлөгчдийн  нотариатаар гэрчлүүлсэн өргөдөл, хорооны тодорхойлолт зэрэг материалыг ирүүлэх”-ийг хүссэн албан бичиг явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “А” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15/248 дугаартай албан бичиг, “Б*******” СӨХ-ийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаартай албан бичиг, Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “А” ХХК-ийн  Ерөнхий захирал С.Пү*******ид 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Баянгол дүүргийн 03 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаар албан бичгээр тус хорооны Мебелийн 12 дугаар байрны оршин суугчдын бүртгэлийн тодорхойлолт, Мебелийн 12 айлын оршин суугчдаас “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны нэр дээрх ашиглалтын гэрээтэй тус газрыг барилга барихаар төлөвлөж буй “А” ХХК-ийн нэр дээр баталгаажуулах хүсэлтийг ирүүлсэн тул Газар барилгажилтын  зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар хурлаар маргаан бүхий газрыг “А” ХХК-д шинээр баталгаажуулж эзэмшүүлэхийг зөвшөөрчээ. 

            Дээрхи дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/284 дүгээр захирамжаар “А” ХХК-д “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны орчны газрын зориулалтаар ашиглуулж байсан 3590 м.кв газрыг  орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.2.4-д “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэжээ. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг, 32 дугаар зүйлд заасан газар эзэмших тухай хүсэлт гаргах журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

           Хэдийгээр “Б*******” сууц өмчлөгчийн холбооны гишүүд “А” ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэж, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлж, энэ компанийн нэр дээр орчны газраа эзэмших хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/13 дугаартай албан бичгээр гаргаж байсан гэх боловч “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 15-03 дугаар хурлаар “А” ХХК-иар орчин үеийн тохилог орон сууц бариулах саналыг 100 хувь дэмжин шийдвэрлэж, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн  Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин 12 айлын нийтийн байрыг дахин төлөвлөн шинэчлэх талаар “А” ХХК-“Б*******” сууц өмчлөгчдийн холбоо нь 15/01 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Тус гэрээний 3.2.8-д “Б тал энэхүү гэрээг байгуулж хүчин төгөлдөр болсноос хойш барилга баригдах, талбайн газрын эзэмших эрхийг А талд шилжүүлэх”-ээр үүрэг хүлээж, “А” ХХК 2015 оны 04 дүгээр сараас эхлэн оршин суугчидтай Орон сууц солилцооны гэрээ байгуулж, энэхүү гэрээнүүд одоог хүртэл хүчин төгөлдөр байгааг хүлээн зөвшөөрч байгаагаас харахад “А” ХХК-д хууль бусаар газар эзэмших эрх олгосон гэж үзэх боломжгүй байна. 

            Мөн нэхэмжлэгч талаас “А” ХХК нь “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны  2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаартай албан бичгийн утга санааг засаж, хуурамчаар үйлдсэн гэж тайлбарлаж, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, үүгээр сууц өмчлөгчдийн холбооноос “А” ХХК-д  газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа боловч, Мебелийн 12 айлын оршин суугчдаас 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт “А” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлэх хүсэлт гаргасныг няцаах боломжгүй байна. 

            Өөрөөр хэлбэл  “Б*******” сууц өмчлөгчдийн холбооноос “А” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлэхийг хүссэн албан бичиг хуурамч гэдэг нь тогтоогдож байгаа боловч Мебелийн 12 айлын оршин суугчид “А” ХХК-иар  барилга бариулах хүсэл зоригоо илэрхийлж, Орон сууц солилцооны гэрээ хийж, “Б*******” сууц өмчлөгчдийн холбоо хамтран ажиллах гэрээ хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар тогтоогдож  байна. 

             Мөн “Б*******” сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг хуурамч гэдгийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн  “Шинжээчийн дүгнэлт”-ээр тогтоосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамж гарах үед мэдэх боломжгүй байсан бөгөөд нэхэмжлэгч нар тухайн үед энэ талаар дурдаж байгаагүй байна. 

Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй боловч, “Б*******” сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугчид “А” ХХК-тай байгуулсан гэрээнүүдээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-д зааснаар орон сууцны барилга ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоох, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргуулах, гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулах эрхтэй болно.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжийн  “А” ХХК-д 3590 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                       Д.ЧАНЦАЛНЯМ