Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 231

 

Б.Пүрэвжамц, А.Ууганбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

хохирогч В.Чимэдцэрэн, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

шүүгдэгч А.Ууганбаярын өмгөөлөгч А.Дулмаа,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 338 дугаар магадлалтай, Б.Пүрэвжамц, А.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 2014260003210 дугаартай хэргийг хохирогч В.Чимэдцэрэн, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тахилт овогт Баярболдын Пүрэвжамц нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д заасан “Бүлэглэж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтансүхийн Ууганбаяр нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д заасан “Бүлэглэж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Ууганбаяр, Б.Пүрэвжамц нарт Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, А.Ууганбаяр, Б.Пүрэвжамц нарыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй зориуд орхисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар А.Ууганбаяр, Б.Пүрэвжамц нарт тус бүр 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, А.Ууганбаяр, Б.Пүрэвжамц нарын цагдан хоригдсон 374 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, А.Ууганбаяр, Б.Пүрэвжамц нарт оногдуулсан 2 жил хорих ялыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг СD-ийг хэрэгт үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.820.605 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хар хөх өнгийн “Тоёота кроун” загварын 46-67 УНР дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгон, эзэмшигч А.Ууганбаярт буцаан олгож, А.Ууганбаяр, Б.Пүрэвжамц нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч А.Ууганбаяр, Б.Пүрэвжамц нарт холбогдох Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 5 дахь заалтыг “Шүүгдэгч А.Ууганбаяр, Б.Пүрэвжамц нар тус бүр 374 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Чимидцэрэн, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож А.Ууганбаяр, Б.Пүрэвжамц нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, шүүгдэгч А.Ууганбаярын өмгөөлөгч А.Дулмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч В.Чимидцэрэн нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... би хэзээ ч гомдлоо буцаахгүй. Амгаланболд эмчийн хийсэн үнэн нотолгоог буруутгаж болохгүй, хэрэг хэзээ ч хуучрахгүй, яаж ичихгүй хөгшин эхийн нь өөдөөс хараад инээж явж чадаж байна. 3.820.605 төгрөг талийгаачийг гаргаж байхад өгөөгүй, нэг нь 8 сар болж, нөгөө нь жил гаран болж өгсөнөө юу гэж бодоод байгаа юм. Санаа сэтгэлийн 50 сая, өмгөөлөгч авсны 500.000 төгрөг яаралтай гаргаж өгүүл. Миний хүү тэр борооноор гэртээ ирэх гээд амь нь их тэмцэж зовсон байх. Хүү маань муудсан байшиндаа амьдарч хааяа “ээж минь байшинд орж дулаац, би гал түлсэн зурагт харах юмуу” гээд их санаа нь зовж суудаг. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д заасан нь үнэн байхад дахин дахин өөрчлөөд байдаг нь сонин. Гэрч Мөнхцэцэгийн хэлснээр 2, 3 удаа орж, гарч байгаа нь камерт маш тодорхой харагдаж байсан гэсэн. Тэр бичлэг харах гэхээр ердөө гарахгүй, давхцсан өөр бичлэг үзүүлээд байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чимээ гаргана гэж байдаггүй юм билээ. Яасан гэж өршөөл үзүүлэх гээд байгаа юм. Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсгийг хэзээ ч зөвшөөрөхгүй, сэтгэцийн өвчтэй биш болохоор чадвартай, их арын хаалгатай хүмүүс юм. Эд мөрийн баримтаа устгасан. Талийгаачийг алаагүй юм бол цамцыг нь яагаад үгүй хийсэн юм. Өөрийнхөө хувцсыг яагаад шатаасан юм, ойлгомжтой байгаа биз дээ. 19-ний орой шүүх эмнэлэг дээр очиход хүүгийн минь царайг зассан нэртэй гэдсийг нь оёоогүй энэ тэнд хөх шалбархай зөндөө байсан. Хөргөгч нь дүүрэн гээд хийх газаргүй хагас хугас янзалж, цэнхэр юмаар хучаад ороосон нэртэй л байсан. Эмч дахин задланд орчихсон, завтай хүн байхгүй их л орой болгож ирсэн. Их эмч Амгаланболдын шүүх эмнэлгийн магадлагаа тодорхой гарсан байхад үгүйсгэх ёсгүй. А.Ууганбаяр санаатай үйлдсэн, зөөхдөө Пүрэвжамц өөр нэг хүн бас авчирч 1 км гаран газар аваачиж хаясан. Мөрдөн байцаагч нар нь эд мөрийн баримтуудыг нэхэж аваагүй борооноор далимдуулж орхисон. Тэр үеийн газар цэвэрлэгдэж дахин шалгах боломжгүй гэж хүүхэд хуурч байгаа юм шиг юм битгий хийгээд бай. Амийг нь хөнөөчхөөд хулгайчаас илүү эрх мэдэлтэй хүмүүс яваад байх юм. Болсон үйл явдлууд хавтас хэрэгт тодорхой байгаа болохоор дахин бичсэнгүй, гомдолтой” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… мөрдөн байцаалтын явцад хэргийн газрын үзлэг, нотлох баримт цуглуулах ажиллагааг дутуу хийсэн. Нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэд хийх хүсэлт тавьсан боловч боломжгүй гэсэн хариуг өгдөг. Нотлох баримтыг анхнаасаа дутуу цуглуулсан. Мөн цугларсан нотлох баримтдаа бодитой дүгнэлт хийгээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад шүүгдэгч нар энэ гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Ууганбаярын өмгөөлөгч А.Дулмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг “... шүүгдэгч Б.Пүрэвжамц, А.Ууганбаяр нар нь бүлэглэж, “MЖ” зочид буудлын өрөөнд Батбаатарыг зодож, цонхоор түлхэж, унагаан санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж дүгнэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй шүүгдэгч Б.Пүрэвжамц, А.Ууганбаяр нар нь бүлэглэн, 2014 оны 7 дугаар сарын 19-ний шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, "МЖ" зочид буудлын 312 тоот өрөөнд хамт архи уусан хохирогч Л.Батбаатар цонхоор унаж амь биед нь аюултай нөхцөл байдал үүссэн байхад нь туслах бололцоотой байтал тусламж үзүүлэлгүй гудамжинд зориуд орхисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Шүүх хүнийг санаатай алах гэмт хэргийн талаар мэдүүлсэн гэрч Б.Сайнчимэгийн “... Л.Батбаатар над руу 2014 оны 7 дугаар сарын 18-ны шөнө 23 цаг 30 минутын үед видео дуудлага хийж залгаад “Ууганбаяртай муудалцсан, буудлын 3 давхрын цонхоор түлхэж унагасан” гээд газар мөлхөөд байх шиг байсан” гэх мэдүүлэг нь хохирогч Л.Батбаатар, шүүгдэгч Б.Пүрэвжамц, У.Анхбаяр нарын гар утасны холболтод үзлэг хийж “... 18-ны өдрийн 23 цаг 18 минутад мессеж бичсэнээс өөр дуудлага, яриа байхгүй, 19-ний өдрийн 10 цаг хүртэлх хугацаанд гадагш ямар нэгэн дуудлага, video call хийгдээгүй” гэсэн нөхцөл байдлыг тогтоосон мөрдөн байцаагчийн тэмдэглэлүүд, Б.Пүрэвжамц, А.Ууганбаяр, Л.Батбаатар нар “МЖ” зочид буудал руу 23 цаг 46 минут тортой зүйл бариад орж байгааг бэхжүүлсэн камерын бичлэг, “талийгаач залуу шөнө 1 цагийн үед орж гараад ганцаараа явж байхыг камераар хараад өрөөнд нь оруулсан” тухай зочид буудлын эзэн Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг, хохирогчийн үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтэл буюу “дагзны зүүн хэсгийн цөмөрсөн хугарал, дагз, суурь ясны их биеийг дайрсан шугаман хугарал, бага тархины эдийн няцрал” зэрэг гэмтлүүд нь өндрөөс унах үед үүсэх боломжтойг баталсан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж, нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заасныг баримтлан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлж хэрэглэх ёстой хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын үйлдсэн хүндэвтэр ангилалын гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд бүрэн хамаарч байх бөгөөд давж заалдах шатны шүүх Б.Пүрэвжамц, А.Ууганбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн алдааг засч, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн нь зөв байна.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд хохирогч В.Чимэдцэрэн болон түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын “... шүүгдэгч нар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул шийтгэх тогтоол магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 338 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч В.Чимэдцэрэн, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

              ДАРГАЛАГЧ,

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                   Т.УРАНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                                           Б.ЦОГТ