Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 222

 

Монгол Ардын нам,

Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын

хорооны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа,  П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацаг, өмгөөлөгч Б.Баясгалан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 143 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 286 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Монгол Ардын нам, Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус намын хорооны барилгын өмчлөх эрхтэй холбоотой маргаантай асуудал шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэгдсэн боловч “Шинэ барилга” ХХК нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, Сүхбаатар гудамж 24б байр, 1, 2 дугаар давхар тоот хаягт байрлах 327,68 мкв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар гаргуулан авсан байна.

Хууль бусаар гэрчилгээ олгогдсонтой холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хороо нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.Бат-Уянгын гаргасан захиргааны хууль бус акт, шийдвэр, үйлдлийг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авах боломжгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүл гэсэн хариуг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 8/8698 албан бичгээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороонд өгсөн болно.

Иймд иргэн Г.Нацаг, Н.Андсайхан нарын нэр дээрх улсын бүртгэлийн Ү-2203031421 дугаарт бүртгэгдсэн, 000414662 тоот гэрчилгээний дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, мөн уг гэрчилгээг олгосон Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.Бат-Уянгын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн улсын бүртгэлийг илт хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруу, Сүхбаатар гудамж 24б байр, 2 дугаар давхарт байрлах 327,68 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхдээ "Шинэ барилга" ХХК-ийн бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, итгэмжлэл, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 1/12194 тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 10217 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2015 оны 865 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2014 оны 2659/с тоот Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэр, 2014 оны 689 тоот Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал, 2014 оны 605 тоот Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Дүүргийн МАХН-ын хорооны дарга, "Шинэ барилга" ХХК-ийн ерөнхий захирал Ө.Дорждэрэм нарын байгуулсан Сүхбаатар дүүргийн намын хорооны контор, үйлчилгээний газрын барилгын ажлыг гүйцэтгэх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах хэлцлийн гэрээ, мөн 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны конторын барилгын санхүүжилтийн тухай хэлцэл, "Шинэ барилга" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, иргэний үнэмлэхний хуулбар, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, техникийн нөхцөлүүд, Ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон албан ёсны хаяг, план зураг, фото зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22030031421 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000414621 тоот гэрчилгээ олгосон байна.

Мөн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 109 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар “Шинэ барилга” ХХК-ийн албан бичиг зэргийг үндэслэн иргэн Н.Андсайхан, Г.Нацаг нарын өмчлөлд шилжүүлсэн байна. "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйлийг үндэслэн бүртгэсэн байх бөгөөд дээрх бүртгэлийн архивын хувийн хэрэг, нотлох баримтыг хянаж үзэхэд эрхийн улсын бүртгэл нь холбогдох хууль дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтэс шүүхийн шийдвэрийг биелүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны барилгын нэг, хоёрдугаар давхрын конторын зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр "Шинэ барилга" ХХК-ийг бүртгэж гэрчилгээ олгожээ.

"Шинэ барилга" ХХК нь хуулийн дагуу Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн өөрийн хууль ёсны өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн Сүхбаатар дүүргийн иргэн Г.Нацаг, Н.Андсайхан нарт Худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн юм. Монгол Улсын иргэн Г.Нацаг, Н.Андсайхан бид "Шинэ барилга" ХХК-аас дээрх Үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан нөхцөл журмын дагуу худалдах-худалдан авах гэрээ хийж шилжүүлэн авах үед Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ нь ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан учраас иргэн Г.Нацаг, Н.Андсайхан бид шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгө юм. "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу энэхүү улсын бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд Монгол Ардын нам, Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан улсын бүртгэлийн Y-2203031421 дугаарт бүртгэгдсэн, 000414662 тоот гэрчилгээний дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, мөн уг гэрчилгээг олгосон Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.Бат-Уянгын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн улсын бүртгэлийг илт хууль бусад тооцуулах Монгол Ардын нам, Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 286 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 03-ний өдрийн 47 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан дүрмийн 1.6, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 он 5 дугаар сарын 06-ны өдрийн 560 тоот тушаалыг үндэслэл болгож, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан ерөнхий зүйл заалтыг хэт өргөжүүлж буруу тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт дурьдагдаагүй, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, агуулгын хувьд хууль зөрчсөн, хуулиас давсан дүрэм, журам, тушаалыг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Монгол улсын нутаг дэвсгэр дээр нийтээр дагаж мөрдөхөөр заасан хууль, тогтоомж, дүрэм журмыг Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага түүнчлэн шүүх нь нэг мөр ойлгож хэрэглэх ёстой байтал анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж алдаатай буруу шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Монгол ардын нам болон Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хороо нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, бүртгэлийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий улсын бүртгэлийн гэрчилгээгээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, Сүхбаатар гудамж, 24б байрны 1, 2 дугаар давхрын 327,68 мкв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.Андсайхан, Г.Нацаг нарыг бүртгэсэн байна.

Захиргааны байгууллагаас ийнхүү улсын бүртгэл хийж, гэрчилгээ олгохдоо Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 605 дугаар тогтоолыг гол үндэслэл болгосон байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1 дэх хэсэгт нийцжээ.

Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн 1, 2 дугаар давхрын өмчлөгчөөр “Шинэ барилга” ХХК-ийг тогтоосон, уг хуулийн этгээдээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн байгаа нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Шүүхээс улсын байцаагчийн гарын үсгээр бүртгэл баталгаажих зохицуулалттай холбогдуулан тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэм батлах тухай дүрмийг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байхаас гадна энэхүү дүрмийн ямар заалт нь хууль зөрчсөн тухай нэхэмжлэгчээс тодорхой тайлбарлаагүй байх тул нэхэмжлэгчийн “хуулиас давсан дүрэм, журам хэрэглэж шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, алдаатай шийдвэр гаргасан” гэх гомдлын тухайд ч хуулийн ямар заалтыг ямар учраас хэрэглэхгүй байсан талаар үндэслэл бүхий гомдол гаргаагүй тул гомдлын энэ хэсэгт шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 143 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 286 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ