Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 1520

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01613/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын Санжинт баг, ойчдын 12 дугаар гудамж 08 тоотод оршин суух, регистрийн дугаар ТЯ94032401, Боржигон овогт Сүхбаатарын Ариунзаяа

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 9-19 тоотод оршин суух, регистрийн дугаар ТА93070911, Боржигон овогт Оюуны Баярсайхан

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ариунзаяа, хариуцагч О.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ариунзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2015 оны 10 дугаар сард О.Баярсайхантай танилцаж, үерхэж байх хугацаанд жирэмсэн болсон. О.Баярсайханд жирэмсэн болсон тухайгаа хэлэхэд авахуул гэж хэлсэн. Тэгээд О.Баярсайхан өөр охинтой явж эхэлсэн. Охин Хунзаяа 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Охиноо гарсаны дараа О.Баярсайхантай уулзахад О.Баярсайхан нь охиноо эргэж тойрч байна гэсэн боловч одоо болтол ирээгүй. Би өөрийн гэсэн эрхэлсэн ажилгүй аав, ээжийн болон 2 дүүгийн хамт амьдардаг. Охин Хунзаяагийн ирээдүйн амьдралыг бодож А.Хунзаяагийн төрсөн эцэг нь О.Баярсайхан болохыг тогтоолгож, О.Баярсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид үерхээд 10 гаран хоносон. А.Хунзаяа нь миний охин мөн. Бид 2015 оны 10 дугаар сард танилцсан. Охин маань 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Хүүхдийн тэтгэлэг төлнө, ямар нэгэн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Ариунзаяа нь хариуцагч О.Баярсайханд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.Ариунзаяа, хариуцагч О.Баярсайхан нар нь 2015 оны 10 дугаар сард танилцаж, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр охин А.Хунзаяаг төрүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт, 4510000108 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эрүүл мэндийн бичиг, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, хариуцагч О.Баярсайханы шүүх хуралдаан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч О.Баярсайхан нь А.Хунзаяагийн төрсөн эцэг мөн бөгөөд тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Хунзаяаг эх С.Ариунзаяагийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг С.Баярсайханаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Хунзаяагийн төрсөн эцэг нь Боржигон овогт Оюуны Баярсайхан мөн болохыг тогтоосугай.           

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Хунзаяаг эх С.Ариунзаяагийн асрамжид үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Хунзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.Баярсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28.209 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АЛТАНТУЯА