Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

2020        03          20                                   2020/ШЦТ/217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч Ж.Ч /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Норманд овогт Ж.Ч-д холбогдох эрүүгийн 1911 02819 0216 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эмэгтэй, 26 настай, дээд боловсролтой, Франц хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа багшийн ажил хийдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар байрны 55 тоотод оршин суух хаягтай боловч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс трейд гудамжны 48 дугаар байрны 9 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Норманд овогт Жакироландын Ж.Ч, регистрийн дугаар /............................./.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ж.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Ийст Ийгл" ББСБ-ийн ажилтан О.Энхжаргал "500 Еврог Монгол төгрөгөөр арилжаа хийхдээ 1.490.000 төгрөг өгөх" байсныг алдаж, 2.490.000 төгрөгийг түүнд өгөн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийснийг буюу тухайн илүү өгсөн 1.000.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас "ИйстИйгл" ББСБ-д бага хэмжээнээс дээш хохирол учруулан завшсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Анх илүү мөнгө авсан гэдгээ мэдээгүй. Валют арилжааны хүн надад мөнгө өгөхдөө мөнгө тоологч машинаар тоолж өгсөн. Би машинаар тоолж өгсөн болохоор шууд аваад тоололгүй өөрийн дансанд хийсэн. Дансанд хийсний дараа валют арилжааны хүнээс надад мессэж ирснийг мэдсэн. Тэр хүнийг мессэж бичихэд нь намайг хуурч мөнгө авах гэж байна гэж бодсон. Яагаад гэвэл мөнгөний машинаар тоолж өгсөн. Дараа нь дансны хуулга авахдаа илүү мөнгө авсан гэдгээ мэдсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

-Монгол банкнаас зарласан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Евро” буюу ханшийн лавлагаа /хх-11/,

-“Ийст Ийгл” ББСБ-ын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 500 еврогийн арилжааны баримт /хх-12/,

-“Ийст Ийгл” ББСБ-ын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг, 18 минутын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-16/,

-Үүрэн холбооны Мобиком ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны 18/7469 дугаарын лавлагаа,

-Жакироландын Ж.Чын Хаан банкны 5753565139 тоот харилцах дансны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сар хүртэл хугацааны лавлагаа болон дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-48-53/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ийст Ийгл” ББСБ-д ажил дээрээ байхад 25-28 орчим насны эмэгтэй орж ирж 500 Еврог Монгол төгрөгөөр солиулсан. Тэгээд би евроог аваад тухайн өдрийн ханш болох 2980 төгрөгөөр тооцож, нийт 1.490.000 төгрөг өгөх байсан. Тэгээд би 98 ширхэг 5000 дэвсгэрт буюу нийт 490.000 төгрөг өгсөн ба, мөн 10.000 төгрөгийн 100 ширхэг дэвсгэрт өгөх байснаа андуурч 20.000 дэвсгэртээс 100 ширхэгийг буюу 2.000.000 төгрөг өгсөн байсныг ажил дууссаны дараа тооцоо хийх үед мэдсэн. Тэр эмэгтэй валют арилжаа хийсэн тооцооны хуудас дээр гарын үсэг болон утасны дугаарыг бичсэн байсан. Тэгээд би тухайн утасны дугаар болох 99223296 дугаар луу залгахад аваагүй, мөн мессэж бичихэд хариу бичээгүй...” гэх мэдүүлэг /хх-19-20/,

Шүүгдэгч Ж.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...миний бие 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй Дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ийст Ийгл” ББСБайгууллагад 500 евро солиулахаар үйлчлүүлсэн. Ингээд үйлчлүүлж дуусаад мөнгө бэлнээр аваад өөрийн данс руугаа шууд хийсэн. Тухайн үед хэдэн төгрөг хийсэн гэдгээ би огт анзаараагүй бөгөөд валют арилжааны газрын ажилтан нь мөнгөө үнэн зөв өгсөн байх гэж бодоод явсан. Ингээд мөнгөө солиулж авснаас хойш нэг хоногийн дараа тус газрын ажилтан нь над руу утсаар залгасан эсэхийг одоогоор санахгүй байна. Гэхдээ таньд өчигдөр илүү мөнгө өгсөн байна, мөнгийг маань буцааж өгөөрэй гэсэн утгатай мессэж илгээж байсныг санаж байна. Гэхдээ би тус мессэжийг ирэхэд огт итгээгүй бөгөөд намайг хуурч байна хэмээн бодсон. Миний хувьд 500 евро солиулж авахаар тус байгууллагад орж үйлчлүүлж байсан. Тухайн үеийн ханшаар 1.490.000 төгрөг орчим төгрөг авна гэж тооцож байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 57/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 62/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 55/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар тогтоол /хх 70/, шүүгдэгч Ж.Чын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 62/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхжаргалын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 63/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Ийст Ийгл" ББСБ-ийн ажилтан О.Энхжаргал "500 Еврог Монгол төгрөгөөр арилжаа хийхдээ 1.490.000 төгрөг өгөх" байсныг алдаж, 2.490.000 төгрөгийг түүнд өгөн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийснийг буюу тухайн илүү өгсөн 1.000.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас "ИйстИйгл" ББСБ-д бага хэмжээнээс дээш хохирол учруулан завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Монгол банкнаас зарласан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Евро” буюу ханшийн лавлагаа /хх-11/, “Ийст Ийгл” ББСБ-ын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 500 еврогийн арилжааны баримт /хх-12/, “Ийст Ийгл” ББСБ-ын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг, 18 минутын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-16/, үүрэн холбооны Мобиком ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны 18/7469 дугаарын лавлагаа, Жакироландын Ж.Чын Хаан банкны 5753565139 тоот харилцах дансны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сар хүртэл хугацааны лавлагаа болон дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-48-53/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би “Ийст Ийгл” ББСБ-д ажил дээрээ байхад 25-28 орчим насны эмэгтэй орж ирж 500 Еврог Монгол төгрөгөөр солиулсан. Тэгээд би евроог аваад тухайн өдрийн ханш болох 2980 төгрөгөөр тооцож, нийт 1.490.000 төгрөг өгөх байсан. Тэгээд би 98 ширхэг 5000 дэвсгэрт буюу нийт 490.000 төгрөг өгсөн ба, мөн 10.000 төгрөгийн 100 ширхэг дэвсгэрт өгөх байснаа андуурч 20.000 дэвсгэртээс 100 ширхэгийг буюу 2.000.000 төгрөг өгсөн байсныг ажил дууссаны дараа тооцоо хийх үед мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-19-20/, шүүгдэгч Ж.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...мөнгө бэлнээр аваад өөрийн данс руугаа шууд хийсэн. Тухайн үед хэдэн төгрөг хийсэн гэдгээ би огт анзаараагүй бөгөөд валют арилжааны газрын ажилтан нь мөнгөө үнэн зөв өгсөн байх гэж бодоод явсан. Ингээд мөнгөө солиулж авснаас хойш нэг хоногийн дараа тус газрын ажилтан нь над руу утсаар залгасан эсэхийг одоогоор санахгүй байна...Тухайн үеийн ханшаар 1.490.000 төгрөг орчим төгрөг авна гэж тооцож байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхжаргал нь “...би 1.000.000 төгрөгийг буцааж авсан бөгөөд манай байгууллагын хохирол барагдсан болно...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ж.Ч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ж.Чыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ж.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Норманд овогт Жакироландын Ж.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ж.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ