Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 0029

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           01           07                                       2020/ШЦТ/29

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  О.Бямбасүрэн,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Н.Б- түүний өмгөөлөгч С.Даваасүрэн,

шүүгдэгч П.П- өмгөөлөгч Э.Уянга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баттулга түүний өмгөөлөгч Н.Анхбаяр,

хохирогч Ц.М-ын өмгөөлөгч Б.Хандмаа,

шинжээч И.Базаррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Нанзаддоржийн Б-, Олхонууд овогт Пүрвээгийн П- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1822000500149 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ...  дугаар сарын ...-ний өдөр .......... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...... ” ХХК-“д жолооч ажилтай, ам бүл ... , эхнэр хүүхдийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай. Боржигин овгийн Нанзаддоржийн Б-.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын .... -ны өдөр  ......... аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эхнэр, ... хүүхдийн хамт ........ дүүрэг ... дүгээр хороо ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олхонууд овогт Пүрвээгийн П-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэдээ дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Б- нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай замд 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн үед  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7 дугаар заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” мөн дүрмийн 15.2-д заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в”, 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчин Fuso маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн .........улсын дугаартай чиргүүлийг замын зорчих хэсгээс чөлөөлж тавиагүйгээс П.П- жолоочтой Istana маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, уг автомашинд зорчин явсан зорчигч А.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Банзрагчийн амь нас хохирсон, Istana маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.863.000 төгрөгийн хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

Шүүгдэгч П.П- нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай замд 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн үед Istana маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийг онцлог байдал, тээж яваа  ачаа,  замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Н.Б- жолоочтой Fuso маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн .........улсын дугаартай чиргүүлийг мөргөж, зорчигч А.Ч-, П.Б-ын нарын эрүүл мэндэд хөнгөн, Ц.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Банзрагчийн амь нас хохирсон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б- мэдүүлэхдээ: “Тухайн зам тээврийн осол нь шалгагдаад хоёр жил болж байна. Тэр өдөр агаарын саатал маш их, цастай өдөр байсан. Би хотоос хөдлөөд Дундговь руу явж байсан чинь чиргүүлээс утаа гараад чиргүүл эвдрээд зайлшгүй зогсолт хийсэн. Гараад үзсэн чинь чиргүүлний шарик унаад ямар ч явах боломжгүй байдал үүссэн. Би чиргүүлээ салгаад Дундговиос сэлбэг хайгаад олоогүй. Тэгээд хот руу чиргүүлээ захиад сэлбэгээ ахиж янзалж засаад явъя гэж бодоод сэлбэгээ хот руу захисан. Тэгээд цасан шуургатай хүнд нөхцөлтэй өдөр байсан тул сэлбэг маш орой шөнийн гурван цагт ирсэн. Шөнө маш харанхуй хүйтэн байсан болохоор үүр цайлгаад машинаа янзлаад явъя гэсэн бодолтой байсан чинь 4 цагийн үед осол болсон. Машинаа байрлуулчихаад юмнуудаа салгаж тавих гэсэн чинь цасан шуургатай, ус бороо янз бүрийн юм болчихсон байсан болохоор залгавар ажиллахгүй байсан учир орой ирэнгүүтээ ослын зогсолтын тэмдгээ замын хөдөлгөөний дүрэмд 30 метрт тавина гэж заасан байдаг учир өөрийнхөө багцаагаар 30 алхаад ослын тэмдгээ байрлуулсан байдаг. Тухайн үед тэр тэмдгийг хараад автомашинууд их зөрж явж байсан. Шөнө 12 цагийн алдад би автомашинаа байрлуулсан. Тэрнээс хойш 4 цагийн осол болох хооронд маш олон автомашин зөрж гарч тэмдгээ харж байсан. Тэгээд 4 цагийн үед тэр осол болсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.П- мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотоос 6 хүн аваад Өмнөговь аймгийн Цагаан хад руу гарсан. Тэгээд Төв аймгийн пост нь дээр очсон чинь онцгой байдал зарлачихсан, автомашинуудыг явуулахгүй байсан. 23 цагийн үед онцгой байдал нээгээд автомашинуудыг явуулсан. Тэгээд 01 цагийн алдад Төв аймгийн “Согоотын” гуанз дээр зогсоод хүмүүсээ хоол идүүлчихээд 02 цагийн үед цаашаа хөдөлсөн. Араас Prius маркийн автомашин дагаж явж байсан. Ар тал урд талын автомашины гэрэл гялбаад баруун гар тийшээ эргэсэн. Өөдөөс туссан автомашины гэрэл маш хурц байсан. Би гэрлээ шилжүүлэхэд нөгөө автомашин шилжүүлээгүй. Тэгээд тэр автомашиныг зөрж гараад цаад талаас чиргүүл гараад ирсэн. Тэгээд би тоормоз гишгээд зөв тал руугаа дарсан. Тэгээд осол болсон. Чиргүүл 20 цагийн байрлалтай тавьсан байсан. Араас жижиг автомашины гэрэл толин дээр тусчихсан, урд талаас автомашины гэрэлтэй. Надад ослын тэмдэг ерөөсөө харагдаагүй. Цаг агаарын байдал салхитай, тас харанхуй шөнө байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баттулга мэдүүлэхдээ: “Би П.П-г тэр ослын тэмдгүүдийг харах боломжтой байсан хараад зогсож болоогүй юм уу, хэрвээ боломжгүй байсан бол ээлжийн жолоочдоо жолоогоо шилжүүлж өгч болоогүй юм уу. Хэрвээ зогссон бол тийм хэрэг гарахгүй байж болох байсан. П.П- надад оршуулгийн зардал гэж хэдэн төгрөг өгсөн. Би П.П-гээс хохирлоо барагдуулж авмаар байна. П.П- надад туслаад эхлээд 1.500.000 төгрөг өгсөн. Бусдыг нь сайн мэдэхгүй байна” гэв.

 

Шүүгдэгч П.П- нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай замд 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн үед Istana маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийг онцлог байдал, тээж яваа  ачаа,  замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, 15.1а “замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын болон ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч үе үе гэрлээ шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Н.Б- жолоочтой Fuso маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн .........улсын дугаартай чиргүүлийг мөргөж улмаар зорчигч А.Ч-, П.Б-ын нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, Ц.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б.Банзрагчийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 11 дугаартай:

1. Istana маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Цээсэнсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас, 244 дүгээр хуудас/

 

Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 378 дугаартай:

“... 2. Istana маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.1а “замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын болон ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч үе үе гэрлээ шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна”

... 4. 5984 УНУ улсын дугаартай 7979 ТЧ улсын дугаартай чиргүүлтэй ачааны автомашины жолооч Н.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас, 249 дүгээр хуудас/

 

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 824 дугаартай:

“ ... 2. Istana маркийн 3062 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.П- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 2 дугаар хавтас, 5-7 дугаар хуудас/

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчдийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дугаартай:

“ ... ......... улсын дугаартай Istana маркийн автомашины жолооч П.П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийг онцлог байдал, тээж яваа  ачаа,  замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 2 дугаар хавтас, 250 дугаар хуудас/

 

2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн “ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр байв. Анх осол болсон 2  цэгээс засмал замын баруун ирмэг хүртэл 1.40, зүүн ирмэг хүртэл 7.70м байв, “2” цэгээс хойшоо 13.40 метр урт машины шарвалтын мөр, уг шарвалтын тэнхлэг хоорондын зай 1.70 метр, .........дугаартай чиргүүлийн зуүн хойд талын арын дугуйн тэнхлэгээс замын зүүн ирмэг хүртэл 6.80 м, зүүн үрд талын дугуйн тэнхлэгнээс зүүн ирмэг хүртэл 7.80 метр байлаа. “2” цэгээс засмал замын баруун ирмэг хүртэл 1.40, зүүн ирмэг хүртэл 5.70 м байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 9-16 дугаар хуудас/

 

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “ А цэгийг анх осол болсон гэх цэгийг чиргүүлийн зүүн гар талын хойд өнцөг порховноос авч хэмжилтийг хийв. Үл хөдлөх Б цэгээр чиргүүл байсан гэх газраас ертөнцийн зүгээр хойшоо замын доор байрлах хоолойг авч хэмжилтийг хийв. ...тухайн замын өргөн 7.10 м, чиргүүлийн зүүн гар талын хойд өнцөг А цэгээс зүүн гар тийш замын ирмэг хүртэл 5.8 м, А цэгээс баруун гар тийш замын ирмэг хүртэл 1,3 м, замын ирмэгээс баруун гар тийш шороон хөвөө хүртэл 1 метр...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ./хэргийн 1 дүгээр хавтас 17-21 дүгээр хуудас/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...уг чиргүүлийн урт 4.75 метр, өргөн 2.38 метр байлаа, зүүн урд талын дугуйн стүцер дугуйны хамт салсан, чиргүүлийн зүүн хойд талын шаврын хаалт урагш мурийсан, тэвшний зүүн хойд булан хэсэгт будаг халцарсан, хонхойсон, зүүн хойд талын гэрлийн хамгаалалт төмөр мурийсан байлаа. Чиргүүлийн арын дугуйны тэнхлэг хоорондын зай 1.80 метр, чиргүүлийн арын ногоон өнгийн цацруулагч зүүн гар талын ирмэгээс 72 см, цацруулагчнаас доош 45.5 см, цацруулагчийн урт 90 см байлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 24-26 дугаар хуудас/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “тээврийн хэрэгсэл нь саарал өнгийн дөрвөн дугуй бүрэн бүтэн хийцтэй, баруун урд талын толь байхгүй, баруун урд талын хаалга бариул байхгүй, цөмөрсөн, хаалганы багана хойш дотогш мурийсан /цөмөрсөн/, заалны хаалга байхгүй, машины хойд хэсэг урагдаж хэмхэрсэн, хойд гупер эвдэрсэн, арын хаалга эвдэрсэн, заалны хаалганы хойд талын шил, арын хаалганы шил хагархай байв ” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 27-28 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.М-ын “Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу ......... улсын дугаартай Istana маркийн автомашинтай гарсан. Тэгээд Дундговь аймгаас ертөнцийн зүгээр зүүн хойш 16 км зайд 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагийн үед миний сууж явсан автомашин том тэрэгний чиргүүл мөргөөд орчихсон гэсэн. /тухайн үед унтаж явсан юм/ Тэгээд би Дундговь аймгийн эмнэлэг дээр ухаан орж түргэний тэргээр Улаанбаатар хот руу Гэмтэл судлалын үндэсний төв дээр ирсэн. Istana маркийн жолоочийн зүгээс намайг хагалгаанд ороход 750.000 төгрөг өгсөн, хагалгаанд орсноос хойш эмчилгээ их хийлгэсэн, одоо шавар болон физик эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, мөнгө төгрөггүй учраас хийлгэж чадахгүй байна, нийт 1.519.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 73-74 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч П.Б-ын “2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн газар дээр мөрдөгч Даваадоржид гэрчээр мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй өгсөн. Ийм учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Урьд ярьсан хэлсэн бүгд үнэн болно. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 86 дугаар хуудас/

 

П.Б-ын гэрчээр өгсөн “... гэнэт буугаарай гэхээр нь сэрээд машинаас буугаад харсан чинь баруун талын гарнаас цус гарч байсан. Тэгээд нэг залуу бинт авчирч гар боож өгсөн. Жолооч эм авчирч өгсөн. Тэрнийг уугаад байж байхад “хүн алчихсан байна” гээд машиныг бариад яваад байсан залуу орилсон. Тэгээд очоод харахад миний баруун гар талд явсан залуугийн толгой цонхоор гарсан байдалтай нас барсан байсан. Би ойртож хараагүй. Миний сууж явсан машины гүйдэг хаалга нь байхгүй, хаалганы хойд талд байх цонх хагарсан, дээд талын ачаа нь ачаатайгаа байхгүй байгаа харагдсан. Ослын улмаас миний баруун талын гарын гадна талд нь ярагдсан, оёдол тавиулсан өөр гэмтэл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 145-146 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч А.Ч-ийн “... Шүүх хуралд суухгүй. Надад ямарч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг / хэргийн 1 дүгээр хавтас 90 дүгээр хуудас/

 

А.Ч-ийн гэрчээр өгсөн “... тэгсэн гэнэт чанга чимээ гарах шиг болсон чинь хажууд явсан эмэгтэй буугаарай гээд намайг түлхэхээр нь машинаас буусан чинь жолооч газар унасан байсан хүнийг татаж үзээд тэгээд тэр жолооч дахиад хүн байх ёстой гээд машиныхаа хагарсан цонхоор талийгаач хүүг хараад өнгөрсөн байна ш дээ гээд орилсон. Намайг машинаас гарахад зорчигч орж гардаг хаалга нь байхгүй, хаалганы хойд талын шил байхгүй хагарсан байхаар нь юм мөргөсөн байна гэж бодоод би зам дээр тарсан байсан ачааг хараад хойшоогоо алхаад явж байхад машины ачаа газар унасан тэрний цаад талд ачааны бүхээгтэй цаад талд нь байх чиргүүлэнд миний сууж явсан машины хаалга өлгөөтэй газар байхаар нь очоод хаалгыг тогшоод онгойлгосон чинь дотор нь нэг залуу байхаар нь “та нар тэмдэг тавихгүй яасан юм бэ, машинаа замаас гаргаж байрлуулахгүй яасан юм бэ, хүн алаад хаячихлаа гэж хэлсэн чинь тэр залуу “машинаа замаас гаргаж тавьсан ш дээ” гэхээр нь “чиргүүлээ гаргахгүй яасан юм бэ” гэсэн чинь “чиргүүл эвдэрсэн сэлбэгээ захичихаад байж байна тэмдэг машины ард байгаа” гэж хэлээд “дахиад тэмдэг байгаа тэрнийгээ тавья” гэж хэлж байсан. Миний баруун талын нүдэнд шил орсон байсныг эмчээр авахуулсан нүд л өвдөж байна. Өөр өвдөж байгаа юм байхгүй. 59-84 УНУ улсын дугаартай машин засмал замын баруун талруу шахсан зүүн талын хоёр дугуй нь засмал зам дээр, уг машины арын чиргүүл нь машины баруун хойд тал руу нь өнцөгдсөн байдалтай, чиргүүлний зүүн хойд талд машины шил хагарсан, хаалганы чиргүүлний зүүн хойд талаас өлгөөтэй зарим хэсэг нь газар байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 128-129 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Саранцэцэгийн “... Дундговь аймгийн төв нилээд дөхөж байсан байх Istana автомашин миний өмнө явж байсан ба миний машины гэрлийн үзүүрт зам дээр том автомашины чиргүүлийн арын зүүн булан харагдсан. Istana машин замаар явсаар чиргүүлийн булан мөргөөд цаашаагаа дайвалзаад нилээд яваад зогсох шиг болсон. ... Дундговь аймгийн нутаг руу орж ирэхэд цаг агаарын байдал харьцангуй гайгүй болчихсон, үзэгдэх орчин хангалттай, замын цас гайгүй болчихсон байсан. ... Би Istana маркийн машинаас 100 орчим метрийн зайтай явж байсан. Istana машин чиргүүлийг мөргөөд зогсонгуут би замын баруун гар тал руу гарч зогссон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 180 дугаар хуудас/

 

Гэрч С.Баярбаатарын “... тэгээд би замдаа унтсан. Гэнэт ээж хашгираад сэрээхээр нь машинаас буугаад хартал Istana маркийн цагаан өнгийн машины ард талын хаалга нь байхгүй, ард талын суудал дээр хаалганы хойд талын цонхоор эрэгтэй хүний толгой гарсан, толгой нь хагарсан цус гарсан байдалтай уг машинаас хүмүүс гарсан. Тэр Istana маркийн машинаас хойш ачааны машин чиргүүл чирсэн чиргүүл нь машиныхаа араас наалдсан, чиргүүлний зүүн хойд талын өнцөг улаан хүрэн зүйлээр бохирлогдсон Istana маркийн машины хаалга чиргүүлийн хажууд байсан. Би машинаа бариад осолд орсон 2 хүнийг эмнэлэгт хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг. / хэргийн 1 дүгээр хавтас 134, 136 дугаар хуудас/

 

Гэрч О.Бат-Өлзийгийн “... гэнэт манай нөхөр “босоорой” гээд сэрээхээр нь сэрсэн юм. Машинд байсан хүмүүс бужигналдаад гарсан. Гадаа байхад автомашины жолооч “хүн алчихлаа” гээд уйлаад байсан юм. Миний сууж явсан машины гүйдэг хаалга нь байхгүй хойд талын цонх хагарсан байдалтай, тэгээд машинаас цаашаа явахад автомашин дээр байсан ачаа нь салаад газар унасан зам дээрээ бараа тарсан байдалтай байсан ба тэрнээс хойшоо байх бүхээгтэй ачааны машин дээр очиход уг машинд ороод сууж дулаацсан тэр ачааны машинд сууж байсан залууд хандаж “тэмдэг тавьсангүй та нараас болж бид нар осолд орлоо” гэж манай машинд сууж явсан махлаг хүүхэн хэлсэн чинь тэр залуу “машины юм эвдэрээд зогсож байна” гэж хэлж байсан. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй” гэсэн мэдүүлэг. / хэргийн 1 дүгээр хавтас 142-143 дугаар хуудас/

 

Гэрч Л.Цолмонбаатарын “... Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө Өмнөговь аймгийн Ханбогд сум орох гээд засмал замаар явсан. Тэгээд 14 цагийн үед байх Дундговь аймгийн төвөөс зүүн хойшоо 15-16 км зайд л байх чиргүүлийн зүүн урд талын дугуй эвдэрснээс болоод зогссон. Дугуйг үзэхэд шарик байхгүй голон дээрээ холхиноод голны боолт нь тайлагдаагүй явах боломжгүй болсон байсан болохоор чиргүүлээ боломжоор нь зам чөлөөлж машинаас салгаж чиргүүлийн зүүн урд талын дугуйг домкратаж орхиод Б- ах Дундговь аймгийн төв орж чиргүүлийн дугуйнд сэлбэг хайхаар явсан.  Б- ах буцаж ирээд “сэлбэг аймгийн төвөөс олдохгүй байна гэж хэлээд хотруу захисан гэж” хэлж байсан. ... Машинаа Б- ах чиргүүлийн урд талд байрлуулаад ослын тэмдэг байрлуулана гээд аваад гарсан.

... 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 цаг болж байхад Улаанбаатар хотоос захисан дугуйны 2 шарик ирсэн. Тэгээд үүр цайхаар шарикаа сольё гэж ярилцаад хэвтсэнээс хойш 30-40 минутын дараа байх юм цохих шиг чимээ гарахаар нь босоод хартал машины зүүн талаар машин гараад нилээд зайтай очоод зогссон юм. Тэгээд байж байхад урд зогссон Istanaа маркийн автомашинаас хүмүүс бууж ирээд миний байсан автомашин дээр ирээд “хүн алчихлаа ш дээ” гээд бйасан. Тэр машинаас буусан хүмүүс манай машинд ээлж ээлжээр дулаацаад байж байхад түргэн тусламжийн машин ирж хүмүүсийг авч явсан. Би машинаас бууж үзэхэд чиргүүл машины баруун хойд талын будан тулсан чиргүүлийн зүүн хойд талын аравны буланд Istana маркийн автомашины төмөр өлгөгдсөн, чиргүүлийн ажуу тал бас цус шиг зүйл болсон байсныг алсаас харсан. ... Б- ах чиргүүлийн ард ослын тэмдэг тавина гээд аваад гарсан мөн ослын дараа ослын тэмдэг байхгүй бутарсан байна гээд дахиад тэмдэг авч гараад тавьсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 152 дугаар хуудас/

 

Шинжээч Н.Батчулууны “Би бол техникийн дүгнэлт  гаргаснаа санаж байна. Тэр 7979 ТЧ улсын дугаартай чиргүүлийн зүүн гар талын урд дугуйны стуцерийн үзүүрийн болон угын шарик нь нурж унасан байдалтай байсан нь тухайн хэргийн газраас хөдөлгөх боломжгүй. Учир нь үзүүрийн нурсан шарикны дотор талын объёмууд нь дугуйны стуцертэй халалтанд орсоны улмаас дугуй салахгүй, салахааргүй болсон. ... Тэр чиргүүлийг тухайн газраас хөдөлгөх ямар ч боломж байхгүй. Дугуйг хүчээр салгаж, шарикийг нь  салгаж байж л хөдөлгөх боломжтой өөрөөр ямар ч боломжгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 201-202 дугаар хуудас/

                              

Дундговь аймгийн авто тээврийн төвийн техникийн шинжээчийн “ ... Чиргүүлийн зүүн гар талын урд дугуйны стуцерын хос шарик тосолгоо муутайгаас нурж унасан. Шарик нурснаас хойш тодорхой хугацаанд явснаас үүдэж яндан труба, стуцер халж хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон нь ослоос өмнө үүссэн гэмтэл. Хөдөлгөөнд оролцох боломжгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас, 241 дүгээр хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай “ ... тухайн чиргүүлийн ар хэсэгт байгаа таних тэмдэг, улсын дугаар, цацруулагч зэргийг харанхуйд машины гэрэл хамгийн багаар бодож 150-200 метрт тусгаж үзэхэд тухайн тэмдэг, гэрэлтүүлэг хангалттай сайн тод харагдаж байсан болно” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас, 18 дугаар хуудас/ 

 

Тээврийн хэрэгслийн чиргүүлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 176-178 дугаар хуудас/

 

Дунговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 180100011 дугаартай:

“... Н.Банзрагчийн цогцост онош хэсэгт бичигдсэн гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Н.Банзрагч нь О /I/ бүлгийн цустай байна.

Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан байна.

Н.Банзрагчийн цусанд 3.0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь хүчтэй зэргийн согтолт болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн  1 дүгээр хавтас 207-212 дугаар хуудас/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2533 дугаартай:

“1. Ц.М-ын биед цээжний хэнхэрцгийн няцрал, баруун талд 2,3,4,5,6,7-р хавирганы суганы дунд болон арын шугамаарх хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндий баруун талд бага хэмжээний шингэн хуралдалт, элэгний 8-р сегмент дэх няцрал, баруун атгаал ясны дунд хэсгийн зөрүүтэй далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, баруун шуунд шарх, баруун, зүүн сарвуунд зулгаралт, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 215 дугаар хуудас/

 

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 170200077 дугаартай:

“А.Ч-ийн биед баруун нүдний эвэрлэгт цус хурсан гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 219 дүгээр хуудас/

 

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 180200078 дугаартай:

“П.Б-ын биед баруун гарын сарвуунд шарх тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 217 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд жолооч П.П- нь Istana маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад урдаа тохиолдсон саадыг буюу автомашины чиргүүлийг мөргөж улмаар бусдын амь нас хохирч, бусдад хүнд гэмтэл учирчээ.

Istana маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.П-, Fuso маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б- нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг хоёулаа зөрчсөн байна.

Харин гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал нь жолооч П.П-гийн анхааралгүй, болгоомжгүй үйлдлээс болж гарсан гэж үзэх үндэслэлтэй.

Жолооч П.П- нь Istana маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөнд аюул, саад учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг мэдэх боломжтой байсан нь:

гэрч Д.Саранцэцэгийн “... Дундговь аймгийн төв нилээд дөхөж байсан байх Istana машин миний өмнө явж байсан ба миний автомашины гэрлийн үзүүрт зам дээр том автомашины чиргүүлийн арын зүүн булан харагдсан. ... Дундговь аймгийн нутаг руу орж ирэхэд цаг агаарын байдал харьцангуй гайгүй болчихсон үзэгдэх орчин хангалттай, замын цас гайгүй болчихсон байсан. ...” гэсэн мэдүүлэг,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай “ ... тухайн чиргүүлийн ар хэсэгт байгаа таних тэмдэг, улсын дугаар, цацруулагч зэргийг харанхуйд машины гэрэл хамгийн багаар бодож 150-200 метрт тусгаж үзэхэд тухайн тэмдэг, гэрэлтүүлэг хангалттай сайн тод харагдаж байсан болно” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд, /хэргийн 1 дүгээр хавтас, 18 дугаар хуудас/ 

Осол болсон газраас наана “ ... огцом эргэлтийг заасан замын тэмдэгт”-ийг үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зураг /хэргийн 1 дүгээр хавтас, 20 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заажээ.

Гэвч жолооч П.П- нь анхаарал, болгоомжгүй явсаны улмаас зам тээврийн осол гарч болзошгүй аюултай нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл жолооч П.П- нь урдаа тохиолдсон саадыг мөргөөгүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байжээ.

Жолооч П.П-гийн зам тээврийн осол гаргасан үйлдэл нь бусдын амь нас хохирсон, бусдад хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч П.П-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.П- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Харин Fuso маркийн 59-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Бат-Эрдэнийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.7 дугаар зүйлд заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ зам тухайн хэсгээр аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино”, 15.2 дугаар зүйлд заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэсэгт тээврийн хэрэгсэлийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в”, 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарчээ.

Хэрэгт цуглуулж, бэжхүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Гэрч Л.Цолмонбаатарын “ ... Машинаа Б- ах чиргүүлийн урд талд байрлуулаад ослын тэмдэг байрлуулна гээд аваад гарсан.

... Б- ах чиргүүлийн ард ослын тэмдэг тавина гээд аваад гарсан. Мөн ослын дараа ослын тэмдэг байхгүй бутарсан байна гээд дахиад тэмдэг авч гараад тавьсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 152 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... орой ирэнгүүтээ ослын зогсолтын тэмдгээ замын хөдөлгөөний дүрэмд 30 метрт тавина гэж заасан байдаг учир өөрийнхөө багцаагаар 30 алхаад ослын тэмдгээ байрлуулсан байдаг. Тухайн үед тэр тэмдгийг хараад машинууд их зөрж явж байсан. Шөнө 12 цагийн алдад би машинаа байрлуулсан тэрнээс хойш 4 цагт осол болох хооронд маш олон машин зөрж гарч тэмдгээ харж байсан” гэсэн мэдүүлэг.

Дундговь аймгийн авто тээврийн төвийн техникийн шинжээч Н.Батчулууны гаргасан “ ... Чиргүүлийн зүүн гар талын урд дугуйны стуцерын хос шарик тосолгоо муутайгаас нурж унасан. Шарик нурснаас хойш тодорхой хугацаанд явснаас үүдэж яндан труба, стуцер халж хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон нь ослоос өмнө үүссэн гэмтэл. Хөдөлгөөнд оролцох боломжгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас, 241 дүгээр хуудас/

Шинжээч Н.Батчулууны “Би бол техникийн дүгнэлт  гаргаснаа санаж байна. Тэр 7979 ТЧ улсын дугаартай чиргүүлийн зүүн гар талын урд дугуйны стуцерийн үзүүрийн болон угын шарик нь нурж унасан байдалтай байсан нь тухайн хэргийн газраас хөдөлгөх боломжгүй. Учир нь үзүүрийн нурсан шарикны дотор талын объёмууд  нь дугуйны стуцертэй халалтанд орсоны улмаас дугуй салахгүй, салахааргүй болсон. ... Тэр чиргүүлийг тухайн газраас хөдөлгөх ямар ч боломж байхгүй. Дугуйг хүчээр салгаж, шарикийг нь  салгаж байж л хөдөлгөх боломжтой өөрөөр ямар ч боломжгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 201-202 дугаар хуудас/

   Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай “ ... тухайн чиргүүлийн ар хэсэгт байгаа таних тэмдэг, улсын дугаар, цацруулагч зэргийг харанхуйд машины гэрэл хамгийн багаар бодож 150-200 метрт тусгаж үзэхэд тухайн тэмдэг, гэрэлтүүлэг хангалттай сайн тод харагдаж байсан болно” гэсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас, 18 дугаар хуудас/  зэрэг баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шалтгаан болоогүй байна гэж шүүх үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч И.Базаррагчаа мэдүүлэхдээ “ ... Жолооч болж байгаа бүх хүн замын хөдөлгөөний дүрмийг заалгадаг. Тэгэхдээ бид нарын мэргэжлийн хэмжээнд тайлбарлахад төвөгтэй. Яагаад гэхээр хөдөлгөөний аюулгүй байдал талаас нь биш дүрэм талаас нь тайлбарлаж чадна. Бид нар нэг талын мэдлэгтэн замын цагдаагийн хүмүүсийн гаргаж байгаа дүгнэлт бол хууль талаасаа гаргаж байгаа. Бид нар бол техник аюулгүй байдал талаасаа гаргадаг” гэв.

Энэ мэдүүлгээс дүгнэж үзэхэд Н.Бат-Эрдэнийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил нь зам тээврийн осол гарч болзошгүй нөхцөл байдал болохоос гэмт хэрэг зайлшгүй гарахад шууд нөлөөлсөн шалтгаан нөхцөл биш байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Н.Б-д холбогдох Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баттулгад учирсан хохирол, хор уршгийн талаар түүний өмгөөлөгч Б.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ “... Хохирол төлбөрийн хувьд нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.М-ын өмгөөлөгч Б.Хандмаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч П.П- нь 750.000 төгрөг шилжүүлсэн. Мөн эм, даавуу зэргийг авч өгсөн мөнгөтэй нийлээд 848.000 төгрөгийн нотлох баримт шинжлэн судлуулсан. М- өөрөө П- намайг эмнэлэгт хэвтэхэд миний нийгмийн даатгалыг төлж өгсөн. Мөн гутал хувцас ойр зуурын юмнуудыг авч өгсөн гэж хэлдэг. Иймд гомдол саналгүй байна” гэжээ.

Иймд шүүгдэгч П.П-гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нэмж гаргуулах төлбөргүй байна.

 

Харин хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаад түүний орон нутгаас шүүх хуралдаанд ирсэн зардал болох 74.300 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж шүүгдэгч П.П-гээс гаргуулж тус өмгөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.

          Шүүх, шүүгдэгч П.П-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос мөнгөн дүнгээр төлбөр төлсөн байдлыг харгалзан холбогдсон зүйл, хэсэгт заасан 2 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч П.П-гийн жолоочийн үнэмлэхийг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Нанзаддоржийн Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Олхонууд овогт Пүрвээгийн П-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.П-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  П.П-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Н.Б-, П.П- нар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Бат-Эрдэнийн BCD ангилалын 149204 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Н.Б-д буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар П.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр заалтад зааснаар шүүгдэгч П.П-гээс 74.300 төгрөг гаргуулж өмгөөлөгч Б.Хандмаад олгож, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ