Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1432

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01381/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг ****** сум ****** дугаар баг *** тоотод оршин  суух Г*** ы Э*** /РД:*** /-т холбогдох,

"Зээлийн хүү 180,000 төгрөг, алданги 2,370,000 төгрөг, нийт 2,550,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С** , хариуцагч О.Э*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Э*** нь 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Хюьндай соната 6 маркын **** ДАР улсын дугаартай автомашиныг манай байгууллагаас 3.000.000 төгрөгийн өртгөөр бодож 6 сарын хугацаатай 1 сарын хүү 180.000 төгрөг байхаар ямар ч урьдчилгаа төлбөргүй, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулан авсан. Автомашин авснаас хойш үндсэн зээл, хүү, алданги төлөөгүй. Мэдэгдэх хуудас өгөх гээд гэрт нь удаа дараа очсон боловч гэртээ байдаггүй байсан. Иймээс манай байгууллагын зүгээс 2016 оны 7 дугаар сарын 26-нд бид машинаа авсан. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдрийг  хүртэл 1 сарын хүү 180.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх хоног тутам тооцож, алданги 2.370.000 төгрөг, нийт 2.550.000 төгрөг нэхэмжилж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг талуудын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээг үндэслэн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.  

  Хариуцагч О.Э*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 3 дугаар сарын 3-нд автомашин зээлээр худалдан авсан. Зээлээр машин авахдаа би тэр өдөртөө машинаа авч чадаагүй. Учир нь зогсоолын төлбөр өгөөгүй байна. Зогсоолийн мөнгө гэж 2 сарын төлбөр төлж байж машинаа ав гэж ******* цо-гийн граашийн эзэн хэлсэн. Тэгээд би машины зогсоолын төлбөрийг төлөөд машинаа 2 хоногийн дараа авсан. Зогсоолын төлбөрт нийт 56.000 төгрөг төлсөн. Машин тухайн үед гэрчилгээгүй байсан болохоор цагдаа нар явуулахгүй торгож байсан. Би машиныг 3-4 хоног л унасан. Тэгээд ажлаар 4 дүгээр сарын 8-ны үед ******* хот руу явсан. Баянчандмань дээр явж байгаад цагдаа машиныг зогсоож торгосон. Би түүнээс хойш машинаа барихгүй грашид байрлуулсан. *** ХХК-ний эдийн засагч надтай 3 удаа зээлээ төл гэж хэлдэг байсан. Би тэгээд машинаа очоод авчих гэж хэлсэн. Тухайн үед *** ХХК-ийн эдийн засагч Тулга гэдэг ажилтан очиж машинаа авна гэж хэлсэн боловч тухайн үед машинаа ирж аваагүй юм. 2016 оны 6 дугаар сарын дундуур *** ХХК-ийн ажилтан машинаа ирж авна гэж ирээд авалгүй, хэд хоногийн дараа авъя гээд явсан боловч ирээгүй. Түүнээс хойш машин грашид байсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 25-нд тус байгууллагаас машинаа ирж авсан. Надад машины бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй, мөн эвдрэл ихтэй машин байснаас машин буцаагдсан бөгөөд энэ нь *** ХХК-ийн буруу юм. Түүнээс би энэ байгууллагаас хүүтэй мөнгө төгрөг зээлж аваагүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би машиныг авснаас 1 сарын дараа *** ХХК-ийн аижлтанд машинаа аваарай гэж хэлсэн гэтэл өөрсдөө ирж аваагүй. Гэхдээ машин над дээр байсан энэ 1 сарын хүүг төлөхийг зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*** ” ХХК нь хариуцагч О.Э*** аас 2,550,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийн өртөгтэй *** ДАХ улсын дугаартай, ******* 6 маркийн автомашиныг урьчилгаа төлбөргүй худалдан авч унадаг нөхцөлтэйгөөр 6 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн боловч хариуцагч зээлийн төлбөрөө төлөөгүй тул нэг сарын хүү 180,000 төгрөг, хугацаандаа зээлийн төлбөрөө төлөөгүй тул 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хоног тутам тооцож алданги 2,370,000 төгрөг, нийт 2,550,000 төгрөг болж байгаа гэж тайлбарлажээ.

 Хариуцагч О.Э*** нь “2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *** ХХК-иас автомашин зээлээр худалдан авсан нь үнэн бөгөөд анх машиныг өгөхдөө машины гэрчилгээ, бичиг баримтыг  надад өгөөгүйгээс цагдаа зогсоож торгуулаад машиныг ашиглах боломжгүй болсон тул буцаан өгсөн. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин машиныг авснаасаа хойш 1 сарын дараа буцааж авах талаар мэдэгдсэн учир 1 сарын хүү 180,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч болно” гэж маргадаг болно.

 Хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн дугаар бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ тус тус авагджээ.

Тус зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг *** ХХК-ийн *** авто ломбард нь О.Э*** т 6 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр, бизнесийн зориулалтаар олгохоор, зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөх графикийн хуваарьт өдөр төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар бодож алданги нэмж төлөхөөр тохирсон байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү, алдангийг энэхүү зээлийн гэрээнд заасны дагуу нэхэмжилж байна гэж тайлбарладаг боловч тус зээлийн гэрээнд заасан 3,000,000 төгрөгийг хариуцагч О.Э*** т шилжүүлэн өгөөгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “О.Э*** т 3,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан...буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээг байгуулсанд тооцохоор тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг *** ХХК нь хариуцагч О.Э*** ын өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдохоор хуульд заасан байхад нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнд заасан 3,000,000 төгрөгийг О.Э*** т хүлээлгэн өгөөгүй байгаа нь дээрх гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна.

Иймд *** ХХК нь тус зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй байна.

Мөн хэрэгт авагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр дээрх 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* 6 маркийн *** ДАХ улсын дугаартай суудлын автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байна.

Дээрх гэрээний зүйл болсон автомашин нь гэрээ байгуулах үед “*** ” ХХК-ийн өөрийнх нь өмчлөлийн автомашин байсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С** ийн шүүх хуралдаанд гаргасан “тус машин нь манай компанийн өмчлөлд байсан...” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Нэхэмжлэгч “*** ” ХХК өөрийн өмчлөлийн автомашинаа О.Э*** ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлдөө шилжүүлэх агуулгаар гэрээ байгуулсан нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.

Нөгөө талаас үндсэн үүрэг болох 3,000,000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй байхад үүсээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ойлголт байх боломжгүй юм.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд хариуцагч О.Э*** нь нэхэмжлэгч *** ХХК-иас автомашин зээлээр худалдаж авч, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл *** ХХК-иас О.Э*** нь *** ДАХ улсын дугаартай, ******* 6 маркийн автомашиныг шилжүүлэн авч, үнэ болох 3,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх, 1 сарын хүүг 6 хувиар тооцож тохирсон болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийхээр, 263.2-т гэрээнд заавал тусгах нөхцлүүдийг тус тус хуульчилжээ.

Талуудын хооронд энэхүү гэрээ бичгээр байгуулагдаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан зээлийн гэрээг талуудын хүсэл зоригийн бодит илэрхийлэл болох автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний агуулгаар тайлбарлаж, түүний нөхцлийг бичгээр хийсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний агуулга нь автомашин зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн агуулгаас өөрөөр тусгагдсан, гэрээний зүйл болох автомашины талаар зээлийн гэрээнд заагаагүй байна.

Мөн энэ талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С** “*** ХХК-ийн Дархан дахь *** ломбард нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд автомашин барьцаалж, зээл олгодог. Энэ үйл ажиллагаандаа нийцүүлж эдгээр гэрээнүүдийг хийсэн...” гэж тайлбарладаг болно.

 Иймд талуудын хооронд байгуулагдсан бодит хүсэл зоригийн илэрхийлэл болох автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь дээрх хуульд заасан гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг зөрчсөн байна гэж үзнэ.  

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т: “энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-т зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ” гэж заажээ.

Хариуцагч О.Э*** нь нэхэмжлэгч *** ХХК-иас тухайн автомашиныг шилжүүлэн авсан болох нь түүний шүүх хуралдаан дээр гаргасан “2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан, 2 хоногийн дараа би автомашиныг өөрөө гражийн мөнгийг төлж авсан...” гэсэн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд дээрх хуульд заасны дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулагдсан байна гэж үзэхээр байгаа хэдий ч нэхэмжлэгч “*** ” ХХК нь хүү шаардах эрхгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч О.Э*** нь хугацаандаа төлбөрөө төлөөгүйн улмаас зээлийн гэрээнд зааснаар алданги 2,370,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч алданги шаардах үндэслэл болсон зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэсэн тул энэхүү гэрээний дагуу алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

Талуудын тайлбараар тухайн зээлээр авсан автомашины үнийг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр, гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар тохирсон байх бөгөөд төлбөрийг төлөх хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч “*** ” ХХК нь автомашинаа буцаан авч, Б.Б*** гэх хүнд 3,000,000 төгрөгөөр зээлээр худалдсан, одоо автомашин түүний өмчлөлд шилжсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С** машинаа буцаан аваад өөр хүнд зарсан тул үндсэн төлбөр болох 3,000,000 төгрөгийг хариуцагч О.Э*** аас нэхэмжлээгүй, харин манай машиныг худалдан аваад тодорхой хэмжээгээр ашигласан тул хүү 180,000 төгрөг, автомашиныг буцаан авах хүртэлх хугацааны алданги тооцож нэхэмжилж байна гэж тайлбарладаг болно.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

  Нэхэмжлэгч “*** ” ХХК нь хариуцагч О.Э*** ыг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр худалдсан автомашинаа буцаан авсан байгаа нь энэхүү хуульд зааснаар гэрээнээс татгалзсан байна гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох автомашинаа буцаан авсан байх тул нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн О.Э*** аас нэхэмжилсэн хүү, алданги нийт 2,550,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч О.Э*** нь шүүх хуралдааны явцад 1 сарын хүү болох 180,000 төгрөгийг төлж болно гэж зөвшөөрсөн тайлбар өгсөн хэдий ч талууд энэ асуудлаар эвлэрэх санал гаргаагүй, гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү төлөхгүй байхаар хуульчилсан байхад түүнийг зөвшөөрсөн гэж үзэж дээрх 180,000 төгрөгийг хариуцагч О.Э*** аас гаргуулах боломжгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “*** ” ХХК-ийн О.Э*** аас нэхэмжилсэн 2,550,000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан “*** ” ХХК-ийн хариуцагч О.Э*** аас нийт 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “*** ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ОЮУНЦЭЦЭГ