Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0069

 

 

 

 

 

 

 

 

   2020        01          20                                        69

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Зулаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Ө.Сүрэн  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Өлзиймаагийн Сүрэн д холбогдох эрүүгийн 1905048811396 дугаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 10-15 насны 2 хүүхдийн хамт оршин суух,

2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сүрэн .

Шүүгдэгч Ө.Сүрэн  нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Коко” караоке дотор иргэн М.Энхийн монетон гинжийг хулгайлж, 1 408 000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Ө.Сүрэн  мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Коко” караокед бид 0.75 литрийн 6-7 шил архи уусан тул би согтсон байсан. Тэгээд нэг мэдэхэд М.Энх “миний гинж байхгүй байна” гэсэн. Тэгээд цагдаа дуудсан байх, тэр өдрийн орой нь би эрүүлжүүлэхэд ороод, маргааш нь тэндээс гарч, М.Энхийн гинжийг нуусан газраа санаж, цагдаа нарт хэлээд, гинжийг нь олж өгсөн. Би бусдын эд зүйлийг хулгайлсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин согтуу байсан тул  зүүлтийг яаж хүзүүнээс нь авснаа мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Энх мэдүүлэхдээ:

“...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүкийн +30 группийн шинэ жилийн арга хэмжээний талаар ярилцах болсон тул 21 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо "Коко" караокед 7 хүн уулзацгаасан юм. Тэгээд уг газрын 1 тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэж байгаад Доогий гэх группын гишүүн эмэгтэйн хамт текэн дээр очиж архи захиалсан. Тухайн үед тэр эмэгтэй намайг хүзүүгээр тэврээд яваад байсан. Бид 2 цугтаа 00-н өрөө ороод гарч ирсэн. Тэгээд 1 тоот өрөөнд ороод хүзүүний гинжээ хартал байхгүй болчихсон байсан. Би Доогий гэх эмэгтэйг “миний гинжийг авчихсан байна, гаргаад өгчих цагдаа дуудахаас өмнө” гэж хэлэхэд “би тийм зүйл хийгээгүй” гээд гүрийгээд байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гинж нь 10,8 грамм, кулон 8,8 грамм монетон гинж байсан. Кулон нь унжсан 3 ширхэг гинжтэй болон их бие хэсэг нь үс хавчдаг бантик хэлбэртэй, 2018 онд “Диамонд ука” нэртэй лангуунаас 1 740 000 төгрөгөөр худалдан авч байсан. Кароакены хяналтын камерыг шүүж үзэхэд яг авч байгаа бичлэг нь харагдахгүй байсан. Гэхдээ 00-ийн өрөө рүү Доогий намайг хүзүүгээр тэврээд орж байхад гинжтэй орсон мөртлөө би 00-с гарч ирэхдээ гинж байхгүй гарч ирсэн. Тэгэхээр Доогий 00-ийн өрөөнд миний гинжийг авсан гэж бодож байна гэжээ. (хэргийн 26-27 дугаар хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

"Монетон кулон, монетон гинжийг 1 408 000 төгрөгөөр үнэлэв гэжээ. (хэргийн 13-14 дүгээр хуудас)

 

Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Коко" караокены камерын бичлэгт 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд:

1. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Коко караокены үүдний тек хэсгийн ерөнхий байдлыг харуулав.

2. 00:11 секундэд Сүрэн  нь Энхийг хүзүүгээр нь тэврээд явж байгаа байдлыг гэрэл зургаар харуулав.

3. 02:09 секундэд Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Коко караокены коридорын хэсгийн ерөнхий байдлыг харуулав.

4. 03:31 секундэд Сүрэн  нь Энхийг хүзүүгээр нь тэврээд явж байгаа байдлыг харуулав.

5. 05:42 секундэд Сүрэн  нь Энхийг хүзүүгээр нь тэврээд 00-ийн өрөө орж байгаа байдлыг харуулав.

6. 08:15 секундэд 00-ийн өрөөнөөс Сүрэн , Энх нар нь гарч ирж байх бөгөөд Энхийн хүзүүнд байсан гинж нь алга болсон байгаа байдлыг харуулав гэжээ. (хэргийн 30-33 дугаар хуудас)

 

2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд:

Иргэн Өлзиймаа овогтой Сүрэн гээс /РД: / шаргал өнгийн металл гинж хураан авав гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04:57 цагт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Коко нэртэй караоке дотор иргэн М.Энх нь хүзүүний гинжээ алдсан гэх хэргийн 10.8 граммын гинж, 8,8 граммын кулоныг 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 47 минутанд иргэн М.Энхэд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ө.Сүрэн  нь  2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан гэжээ.

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Ө.Сүрэн  нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Коко” караоке дотор хохирогч М.Энхийн 1 408 000 төгрөгийн үнэ бүхий монетон гинж, кулоныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн “2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Коко” караокед бид 0.75 литрийн 6-7 шил архи уусан тул би согтсон байсан. Тэгээд нэг мэдэхэд М.Энх “миний гинж байхгүй байна” гэсэн. Тэгээд цагдаа дуудсан байх, тэр өдрийн орой нь би эрүүлжүүлэхэд ороод, маргааш нь тэндээс гарч, М.Энхийн гинжийг нуусан газраа санаж, цагдаа нарт хэлээд, гинжийг нь олж өгсөн. Би бусдын эд зүйлийг хулгайлсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин согтуу байсан тул  зүүлтийг яаж хүзүүнээс нь авснаа мэдэхгүй байна” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогчийн “...Тухайн үед тэр эмэгтэй намайг хүзүүгээр тэврээд яваад байсан. Бид 2 цугтаа 00-н өрөө ороод гарч ирсэн. Тэгээд 1 тоот өрөөнд ороод хүзүүний гинжээ хартал байхгүй болчихсон байсан. Би Доогий гэх эмэгтэйг “миний гинжийг авчихсан байна, гаргаад өгчих цагдаа дуудахаас өмнө” гэж хэлэхэд “би тийм зүйл хийгээгүй” гээд гүрийгээд байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Кароакены хяналтын камерыг шүүж үзэхэд яг авч байгаа бичлэг нь харагдахгүй байсан. Гэхдээ 00-ийн өрөө рүү Доогий намайг хүзүүгээр тэврээд орж байхад гинжтэй орсон мөртлөө би 00-с гарч ирэхдээ гинж байхгүй гарч ирсэн. Тэгэхээр Доогий 00-ийн өрөөнд миний гинжийг авсан гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

 

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05:42 секундэд Ө.Сүрэн  нь Энхийг хүзүүгээр нь тэврээд 00-ийн өрөө орж байгаа байдлыг харуулав, 08:15 секундэд 00-ийн өрөөнөөс Сүрэн , Энх нар нь гарч ирж байх бөгөөд Энхийн хүзүүнд байсан гинж нь алга болсон байгаа байдлыг харуулав гэх камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

10.8 граммын гинж, 8,8 граммын кулоныг 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 47 минутанд иргэн М.Энхэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ө.Сүрэн д  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил жил хорих ял оногдуулж, уг ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүй болсон байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хулгай хийсэн монетон гинжийг хохирогчид биет байдлаар нь буцаан өгч хохиролгүй болгосон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Өөлд овогт Өлзиймаагийн Сүрэн г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Сүрэн г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ө.Сүрэн  500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ө.Сүрэн  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Сүрэн д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН