Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0071

 

 

 

 

 

 

 

 

   2020        01          20                                         71

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

хохирогч: С.Чимэг ,

шүүгдэгч: Д.Насан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Насанд холбогдох эрүүгийн 1905 0434 60003 дугаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын материалын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Насан.

 

Шүүгдэгч Д.Насан нь 2019 оны 10  дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэнплаза” их дэлгүүрийн орчимд автомашин дотор хамтран амьдарч байсан С.Чимэг тэй маргалдаж, түүнийг цохисоны улмаас уруулын шарх, эрүүн дор, зүүн эрээн булчинд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Насан мэдүүлэхдээ:

Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчоос уучлалт гуйсан. Харин мөнгөгүй байсан тул хохирлын мөнгийг төлж чадаагүй. Түүний нэхэмжилж байгаа 318 000 төгрөгийг өнөөдрөөс хойш нэг сарын хугацаанд төлнө. С.Чимэг  бид хоёр хамтран амьдардаг байсан бөгөөд хааяа нэг нэгэндээ тусладаг байсан. Хэрэг болдог өдөр түүнээс тусламж гуйхаар дуудсан юм. Хойшид  хэрэг хийхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-С.Чимэг  мэдүүлэхдээ:

Насан бид хоёр хамт амьдарч байсан болохоор би түүнийг гэртээ эргээд ирэх байх гэж удаан хүлээсэн. Тэр үед Д.Насан намайг дуудахад нь би түүнтэй удаан уулзаагүй юм чинь гэж бодоод очсон. Тэгээд Д.Насантай уулзаад машинд нь сууж байтал Насангийн таньдаг ах над руу залгасан. Гэтэл Насан “энэ яахаараа чам руу залгадаг юм” гээд намайг зодоод, намайг цустай нь хольчихоод машинаас буу гээд буулгачихаад, яваад өгсөн. Д.Насан над руу “бие чинь зүгээр үү” гэж нэг удаа ч асуугаагүй. Би түүнд зодуулснаас болоод 4 өдөр ажилдаа явж чадаагүй. Шүүхэд гомдол гаргаснаас хойш 7 хоногийн дараа над руу залгаад би хөдөөнөөс ирлээ гэж ярьсан. Цалин маань амьдралд хүрэлцдэггүй тул эмчилгээ хийлгэх ямар ч боломж байгаагүй. Эмнэлэгт очиж хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар бичүүлж авсан. Одоо 318 000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Д.Насанг өөр хүнтэй амьдарч байгаа талаар хүмүүсээс сонсож байсан. Эмчилгээний төлбөрөө авбал гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13073 тоот дүгнэлтэд:

1. С.Чимэг ийн биед дээд уруулд шарх, эрүүн дор, зүүн эрээн булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1531 тоот нэмэлт шинжилгээний дүгнэлтэд:

1. С.Чимэг ийн биед дээд үүдэн, зүүн, баруун нэгдүгээр шүд хагас булгарсан гэсэн нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. 

2. Шүдний гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 11, 21 гэсэн нь дээд үүдэн зүүн баруун нэгдүгээр үүдэн шүд юм. Дээд уруулд шарх үүсэхэд дээрх хоёр шүд гэмтэж болно.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтооход шүд бүрэн унах болсон буюу дөрвөн тийш ганхалт үүсэхэд унасан гэж гэмтлийн зэрэг тогтоодог гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Насан ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 63 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Насан нь 2019 оны 10  дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэнплаза” их дэлгүүрийн орчимд автомашин дотор хамтран амьдарч байсан хохирогч С.Чимэг тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, эрүүн дор, зүүн эрээн булчинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Чимэг ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13073, 1531 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13073 тоот дүгнэлтэд С.Чимэг ийн биед дээд уруулд шарх, эрүүн дор, зүүн эрээн булчинд цус хуралт,

1531 тоот нэмэлт шинжилгээний дүгнэлтэд С.Чимэг ийн биед дээд үүдэн, зүүн, баруун нэгдүгээр шүд хагас булгарсан гэсэн тус тусдаа дүгнэлтүүд гарчээ.

13073 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар байх бөгөөд харин 1531 тоот нэмэлт шинжилгээний дүгнэлтэд заасан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсанчлан шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтооход шүд бүрэн унах болсон буюу дөрвөн тийш ганхалт үүсэх үед гэмтлийн зэрэг тогтоодог гэснээс үзэхэд гэмтлийн зэрэгт хамаарахааргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Д.Насанг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 318 000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулна гэж мэдүүлснийг шүүгдэгч төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 318 000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Чимэг т олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Өөлд овогт Дамбын Насанг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Насанг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Насан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Насангаас 318 000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Чимэг т олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Насан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Насанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН