Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 661

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Долгормаа, Д.Нямдаваа, Ч.Мөнхбаатар, Б.Батчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

С.Д, Д.Н, Ч.М, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Ням-Эрдэнэ,

Ялтан С.Д, Д.Н, Ч.М, Б.Б нарын өмгөөлөгч Р.Батцогт,

Хохирогч И.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан нарын өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлоор С.Д нарт холбогдох эрүүгийн 20131263 дугаартай хэргийг 2017 оны 8  дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт С.Д, 1963 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Нийслэлийн газрын албанд Баянзүрх дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч, инженерээр ажиллаж байсан, ам бүл 2, охины хамт ... тоотод оршин суух хаягтай, “Алтангадас” одонгоор шагнагдаж байсан, газрын албаны тэргүүний ажилтан, ял шийтгэлгүй /РД:.../,

2. А овогт Д.Н, 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Нийслэлийн газрын албаны кадастрын хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, газрын албаны тэргүүний ажилтан, улсаас “хөдөлмөрийн хүндэт медалиар” шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, /РД:.../,

3. З овогт Б.Б, 1978 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн газрын албанд төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт, ...тоотод оршин суух хаягтай, газрын албаны тэргүүний ажилтан, ял шийтгэлгүй, /РД:.../,

4. Ш овогт Ч.М, 1980 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суудаг, газрын албаны тэргүүний ажилтан, ял шийтгэлгүй, /РД:.../,

С.Д нар нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлалтай, 385 м.кв газрыг иргэн Н.О эзэмшүүлэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамж, 210 м.кв газрыг “Алтан Сэтэр” ХХК-д эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар захирамж гарч, газар эзэмших гэрээ байгуулсан боловч Ч.М, Б.Б, С.Д, Д.Н нар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт “хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг Нийслэл дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасна” 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт “эзэмшил, ашиглалтанд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “кадастр” гэж газар болон үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг, “3.1.13 дахь хэсэгт “газрын кадастрын судалгаа” гэж газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх, зорилго бүхий үйл ажиллагаг ойлгохоор”, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг Нийслэл дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ”, 10.2.6 дахь хэсэгт “аж ахуйн нэгж байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр хөтөл үүргийг Нийслэлийн дүүргийн газрын алба хэрэгжүүлэхээр”, 16 дугаар зүйлийн 16.10 дахь хэсэгт “нэгж талбар заагтай байна”, 16.11 дэх хэсэгт “газрын кадастрын зурагт ерөнхий болон оноосон хил заагийг хамруулна” гэж заасныг зөрчин, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, иргэн Н.О удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулах, эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй болгох, бүртгэлд оруулахгүй байх, “Алтан сэтэр” ХХК-ний эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахдаа дур мэдэн даххцалыг арилгаж алдаатай оруулах, Н.О гомдол, “Алтан сэтэр” ХХК-ний эзэмшил газар нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ биеэр хээрийн судалгаа хийж солбилцол хэмжилтийг тогтоох, бусдын эзэмшил газарт байгаа эсэхийг шалгах ажиллагааг хийхгүй орхигдуулах зэргээр албан үүрэгтээ хайнга хандсанаас иргэн аж ахйуйн нэгжүүдийн хооронд маргаан үүсгэн, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг удаан хугацаагаар алдагдуулж, Н.О 145 884 200 төгрөгийн, “Алтан сэтэр” ХХК-д 314 800 000 төгрөгийн үнэлгээ бүхий газрын эзэмших эрхийг зөрчин хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Д, Д.Н, Б.Б, Ч.М нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэргийг хүнд хор уршиг учруулан үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас С.Д, Д.Н, Б.Б, Ч.М нарыг тус тус чөлөөлж шийдвэрлэжээ.

                Ялтан нарын өмгөөлөгч Р.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Миний үйлчлүүлэгч С.Д, Д.Н, Б.Б, Ч.М нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2-т “албан тушаалдаа хайнга хандах гэмт хэргийн хүнд хор уршиг учруулан үйлдсэн” гэм буруутай болохыг тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь дээрх нэр бүхий этгээдүүдийн үйлдсэн гэх гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл хохирол бодитойгоор учирсан тохиолдолд гэмт хэрэг гэж үзэх хуулийн заалттай. Анхан шатны шүүх үзэхдээ “Албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс хүнд хор уршиг учирсан буюу “Алтан сэтэр” ХХК-д 314 800 000 төгрөгийн, Н.О 145 884 200 төгрөгийн хохирол учруулсан” гэж үзсэн нь хуульд нийцэхгүй, хууль зөрчсөн гэж үзнэ. Хохирогч нарт дээрх хохирол учраагүй бөгөөд дээрх хохирол гэж үзсэн мөнгө нь тухайн хохирогч нарын эзэмшил газрын зах зээлийн үнэлгээ юм.

            2. Улсын Дээд шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Эрүүгийн хуулийн “хор уршиг”, “гэм хор” гэсэн заалтыг зөв хэрэглэх тухай заалтын 25-д “Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн “албан тушаалын үүрэгтээ хайнга хандах”, 272.1 дэх хэсгийн “хүнд хор уршиг” гэсэн заалтад бусдын бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл учирсан, амь нас хохирсон, үлэмж буюу их, онц их хэмжээний хохирол учирсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасалдсан, зогссон зэргийг” ойлгохоор зааснаас үзвэл хохирогч “Алтан сэтэр” ХХК нь өөрийн үндсэн үйл ажиллагаа буюу авто сэлбэгийн худалдаа, дугуй засварын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан, мөн энэхүү компанийн үйл ажиллагаа доголдоогүй, тасалдаагүй өөрөөр хэлбэл хохирол учраагүй байна.

            3. Шүүгдэгч С.Д нь 2009 оны 2 дугаар сарын 15-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхад С.Д Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 217 дугаар захирамжаар “Алтан сэтэр” ХХК-ийн 201 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 510 м.кв газар эзэмшүүлсэн нь хохирогч Н.О орц гарцыг хааж, маргаан гарах үндэс болсноор хохирогч “Алтан сэтэр” ХХК-ийн 314 800 000 төгрөгийн болон Н.О 145 884 200 төгрөгийн үнэлгээ бүхий газрыг эзэмших эрхийг зөрчин, хүнд хор урчшиг учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь “Алтан сэтэр” ХХК нь 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр эзэмшил газрынхаа хугацааг сунгуулъя, мөн газрынхаа хэмжээг 510 м.кв болгон нэмэгдүүлье гэсэн хүсэлт гаргахад нь газар эзэмших эрхийг сунгаад, харин газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй талаар хариу өгсөөр атал С.Д албан тушаалдаа хайнга хандаж, бусдад хүнд хор уршиг учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

            4. Д.Н тухайн үед мэдээллийн сангийн мэргжилтнээр ажиллаж байсан бөгөөд газар зохион байгуулагчийн өгсөн үүргийг биелүүлэх үүрэгтэйгээс бус хээрийн судалгаа хийх буюу газар дээр нь очиж тэмдэгжүүлэх, түүнийг хүлээлгэж өгөх үүрэг ажил үүргийн хуваариар хүлээгээгүй. Тэгээд ч Техникийн зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн асуудлыг өөрөөр хэлбэл газрын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр нэгэнт гараад засаг даргын шийдвэр гарчихсаны дараа мэргэжилтэн түүнийг өөрчлөх эрх байхгүй юм. Мөн тухайн үед “Алтан сэтэр” ХХК-ийн газрын хэмжээг нэмэгдүүлэх үед шийдвэрийг мэргэжлийн хүн гаргаагүй, ТV5 телевизийн сэтгүүлч Дагиймаа гэдэг хүн газрын албаны дарга Ц.Сандуйтай телевизийн шоу маягаар ажлаа нэг өдөр сольж хийсэн тэр үедтэй давхцаж сэтгүүлч Дагиймаа гарын үсэг зурж, газрын хэмжээг нэмэгдүүлсэн гэдэг нь анхан шатны шүүхийн шатанд тогтоогдсон гэж үзэж байна.

5. Б.Б хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар ТБТЭ ХХК болон Н.О 902 м.кв газрыг хувааж Н.О 325 м.кв газрыг эзэмшүүлсэн. ТБТЭ ХХК хуулийн дагуу кадастрын зургаа хийлгэн, материалаа бүрдүүлж ирснээр Б.Б нь 2008 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр цохолт хийж Нийслэлийн Газрын албанд явуулснаар ТБТЭ ХХК-ийн кадастрын зураг мэдээллийн санд орсон. Харин Н.О нь зургаа хийлгэж ирээгүй, хүсэлтээ гаргаагүй учраас түүний эзэмшил газрын зураг мэдээллийн санд ороогүй болно. Мөн хохирогч Н.О нь анхан шатны шүүхэд надад хохирол учраагүй, учирсан хохирол байхгүй гэж мэдүүлсэн.

6. Ч.М хувьд тухайн үед Н.О кадастрын зургийг оруулах эрх түүнд байгаагүй, харин мэдээллийн санд Нийслэлийн газрын албанаас кадастрын зургийг оруулдаг байсан. Мөн хохирогч Н.О нь анхан шатны шүүхэд надад хохирол учраагүй, учирсан хохирол байхгүй гэж мэдүүлсэн.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 330 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч С.Д, Д.Н, Б.Б, Ч.М нарыг гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэв.

Хохирогч Н.О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Б болон миний бие нь Д.Н болон Ч.М нар нь тухайн кадастрын зураг өөрчлөх үед болон гомдол хүсэлт гаргаж байх үед тухайн ажлыг хариуцах эрх мэдэл байгаагүй гэм буруугүй гэж хэлсэн байтал гэм буруутай үйлдлийг нь тус бүр хэлэлцэлгүй нийтээр нь буруушаасан шийдвэр гаргасан байна.

Ч.М нь тухайн үед Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагч байсан бөгөөд тухайн маргаан үүсэх, шийдвэрлэх нь тухайн үед тухайн газартай давхацсан газрууд нь нийслэлийн захирамжтай тул дүүрэг дээр шийдвэрлэх боломжгүй. Учир нь Нийслэлийн газрын албаны шийдвэрийг дүүрэг шийдвэрлэх, шийдэх эрх мэдэл үндэслэл байхгүй тул буруугүй гэж үзэж байна.Д.Н нь тухайн үед Нийслэлийн газрын албанд мэдээллийн сангийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд бүх дүүргийн газар зохион байгуулагчийн цохолт хийсэн кадастрын зургийг бүртгэдэг байсан бөгөөд тухайн кадастрын зургийг давхацсан, боломжгүй гэж буцааж байснаас харахад албан үүрэгтээ хайнга хандсан гэж үзэх боломжгүй юм.Харин эрх бүхий албан тушаалтан цохолт хийсэн албан бичиг өгч тухайн буруу кадастрын зургийг бүртгэлд оруулах үүрэг өгсөн бөгөөд зөвхөн албан тушаалтны шийдвэрийг хэрэгжүүлсэн байтал гэм буруутай гэж үзэж байгаад харамсаж байна.Энэ тухай шүүх хуралдаан дээр удаа дараа хэлж тайлбарласан боловч шүүгч анхаарч сонсолгүй нийтээр нь гэм буруутай хэмээн хоморголсон шийдвэр гаргасанд харамсалтай байна.

Иймд тухайн үеийн нөхцөл байдал болон эрхэлж байсан албан тушаал эрх мэдэл, ажил үүргийнх нь хувиарыг харгалзан үзэж гэм бурутуай, гэм буруугүйгээр нь ялгавартай тогтоож шийдвэрлэхийг хүсч байна” гэжээ.

Хохирогч И.Б өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч талын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ялтан нарын өмгөөлөгч газрын хэмжээг нэмэгдүүлснээр газрын давхцал үүсээд маргаан эхэлсэн гэх бодит үнэнд нийцэхгүй худал зүйл ярьж байна. Өөрөөр хэлбэл хохирогч “Алтан сэтэр” ХХК-ийн газрыг тухайн хүмүүс нь эрх мэдлээ урвуулан ашиглаж 2008 онд хашаагаа 4 м.кв урагшлуулснаас болж маргаан эхэлсэн. Тэрнээс биш газрын хэмжээ 210 м.кв байхад нь 510 м.кв болж газар нь ихсэхэд газрын хэмжээ нь давхцаад маргаан үүссэн гэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр эдгээр нь тогтоогдоно. Тэгэхээр ялтан нарын өмгөөлөгч бодит байдалд нийцэхгүй зүйл ярьж байна. Анх “Алтан сэтэр” ХХК нь 210 м.кв газрыг 2005-2006 оны үед аваад 2008 онд 510 м.кв болж томруулсан. Тэгэхээр өнөөдрийг хүртэл 10 жил тэр газраа 1 ширхэг тоосго өрж чадаагүй. Тэгэхээр үүнийг хохирол биш гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар “Алтан сэтэр” ХХК нь архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулаад, ажлын болон эскиз зургаа батлуулаад техникээ авсан байсан. Тухайн үед 3-5 давхар үйлдвэрлэлийн зориулалтын байшинг бариад өнөөдөр тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулаад бүтээгдэхүүн гаргах боломж байсан. Гэтэл газрын албаны хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод өнөөдрийг хүртэл газар дээрээ 1 ч тоосго өрж чадаагүй хохирч байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсанаар хохирлын хэмжээ үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч И.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ газар дээр анх 1996 онд суурьшсан. Өмгөөлөгч Р.Батцогт нь надад бохирын шугам дээр таныг барилга бариулах гэж байна гэж хэлсэн. Гэтэл С.Долгормааг хамгаалахын тулд 2009 онд С.Д ажлаасаа гарсан байхад гээд яриад байна. Гэтэл 2008 онд С.Д үгэнд Д.Н нь ороод кадастрын зургийг урагшлуулаад бүгд албан тушаалаа ашиглан захирамжгүйгээр барилга барих кадастрын эскиз зураг батлагдсан, бүх зүйл нь болсон байхад урагшлуулчихаад араар нь давхцал үүссэн гээд 2013 онд тэр талаар хэлэлгүйгээр дахин хойшлуулсан. Намайг газрын албанд хандахаар шүүхээр маргаж байгаа асуудал нь нэг ч баримтыг хэнд ч хийж өгөх ёсгүй гэсэн. Шинжээчийн дүгнэлтээр Н.О ямар нэгэн гэрээгүй, кадастрын зураггүй байхад мэдээллийн санд зураг байсан юм шиг худал яриад байдаг. Хуурамчаар хийсэн баримтыг нь аваад 2010 онд цагдаагийн байгууллагад хандахад баримттай зүйлийг жил бүр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд сунжруулж хохироогоод газрын албаны ажилтнууд нь хэрэгт холбогдолтой гэдэг нь тогтоогдоод байхад мөрдөн байцаагч, прокурорт дандаа хамгаалалттай байдлаар явсаар байгаад өнөөдрийг хүртэл чирэгдүүлж байна. Бүх баримтууд хавтаст хэрэгт байсаар байхад үгүйсгэдэг. Хүндэвтэр гэмт хэргээр ялласан хүмүүстээ прокурор нь танилцуулахгүй, ял авснаа өөрсдөө мэдээгүй, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаа мэдээгүй талаар хавтаст хэрэгт байгаа. Өмгөөлөгч Р.Батцогт Захиргааны хэргийн шүүхэд намайг өмгөөлж байсан байж өнөөдөр миний эсрэг зүйл яриад, намайг буруутгаад байна. Ялтан нар нь албан тушаалаа ашиглан бусдад хохирол учруулсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг. Баримт нь байхад хөөн хэлэлцэх хугацаанаас өмнө хэргийг шийдвэрлэх боломж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна” гэв.

Прокурор Х.Ням-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Д, Д.Н, Б.Б, Ч.М нар нь албан үүрэгтээ хайнга хандаж, Н.О удаа дараагийн хүсэлтийг хойшлуулах, эзэмших газрын кадастрыг мэдээллийн санд оруулаагүйгээс дээрх иргэд хоорондын маргаан гарсан. Энэ асуудлаас болж, дээрх хүмүүс хохирч байгаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, С.Д,                                                                                                                                                                                                                                                                                         Д.Н, Ч.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.

Прокуророос С.Д, Д.Н, Ч.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс С.Д, Д.Н, Ч.М, Б.Б нарыг албан үүрэгтээ хайнга хандаж, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас С.Д, Д.Н, Б.Б, Ч.М нарыг тус тус чөлөөлж шийдвэрлэжээ.

 С.Д, Д.Н, Б.Б, Ч.М нарын хэн нь ямар ажил үүрэгтээ, хэрхэн яаж хайнга хандсан, хэн нь ямар хууль дүрэм зөрчсөн талаар нэг бүрчлэн дүгнэж, прокурор яллах дүгнэлт үйлдээгүй, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар ойлгомжгүй байхад анхан шатны  шүүх хэргийг хэлэлцсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд Н.О болон “Алтан сэтэр” ХХК-ийн хохирлыг газрын үнэлгээгээр тогтоосон байх бөгөөд “хүнд хор уршиг” гэж ямар хор уршиг, хэрхэн яаж учирсан талаар бодит үнэлгээг хийж , хор уршиг учирсан эсэхийг шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй байна.

   Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,   хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            С.Д, Д.Н,Ч.М, Б.Б нарт өмнө бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тус таслан сэргийлэх арга хэмжээ хасагдсан тул анхан шатны шүүхэд  хэрэг очмогц ялтан нарт шинээр таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Д, Д.Н, Ч.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ